Гэхдээ Оросын шинжээчид улам хурдаа авч
байгаа энэ үйл явцыг зүгээр л нэг хяналтаас гарсан дипломат хэрүүл бус
илүү ноцтой асуудал гэдгийг анхаарууллаа. Тэд Оросын ерөнхийлөгч
Владимир Путин Кремльд гурав дахь удаагаа эргэн ирэхдээ гадаад бодлогын
үзэл баримтлалаа эрс өөрчлөх зорилготой ирсэн гэж үзэж байна. Энэхүү
өөрчлөлт гэдэг нь түүний хувьд Оросыг басамжлан доромжилсон, бусдаас
хамааралтай байдалд оруулж, “жижиг түнш”-ийн дүрд тоглоход хүргэсэн гэж
үзсэн олон улсын гэрээ хэлцлүүдээс бүрэн ангижирах явдал гэжээ.
“1990-ээд онуудад байгуулагдаж байсан гэрээ хэлцлүүд өнөөгийн нөхцөл
байдалд огтхон ч зохицохгүй болсон учир тэд хүчингүй болох ёстой гэсэн
шийдвэрийг Кремль гаргасан” гэж гадаад улс төрийн асуудлаар бичдэг
“Даяарчлагдсан улс төр дэх Орос” сэтгүүлийн ерөнхий редактор Федор
Лукьянов үзэж байна.
Тэрбээр ““Хүчтэй, баян Америк, ядуу,
буурай Орос” гэсэн ойлголт дээр суурилсан бүх зөвшилцлүүд байхгүй болох
ёстой. Путин засгийн эрхэнд эргэн ирсэн тэр мөчөөс чухамхүү энэ асуудал
анхаарлын төвд орсон. Гол үзэл санаа бол хэрвээ бид цаашид АНУ-тай
харилцаа холбоотой байвал тэр нь харилцан тэгш эрхтэй байх ёстой. Орос
орон өөрчлөгдсөн, түүнд хойшид ямар нэгэн ивээн тэтгэгч хэрэггүй гэдэгт
байна” хэмээн ярьжээ.
2002 онд үзэглэж байсан хар тамхины
эсрэг зөвшилцлөөс ОХУ гарсан тухай мэдээ лхагва гаригт Оросын засгийн
газрын сайтад тавигдсан богинохон мэдэгдлээс тодорхой боллоо. Тэрхүү
мэдэгдэлд энэхүү зөвшилцлийн хүрээнд АНУ-аас санхүүжүүлдэг хамтарсан
ажиллагаа “өнөөгийн шаардлага хангахгүй больж, чадамжаа бүрэн алдсан”
гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Барак Обама өмнөх
засаглалынхаа үед хоёр улсын харилцааг сайжруулах зорилгоор санаачилсан
иргэний нийгмийн асуудлаарх засгийн газар хоорондын комиссоос АНУ
гарч байгаагаа мэдэгдсэнээс хойш ердөө хэдхэн хоногийн дараа ийнхүү ОХУ
хар тамхины эсрэг зөвшилцлөөс гарлаа. АНУ-ын хувьд дээрх алхам нь энэ
салбар дахь хамтын ажиллагааг утгагүй болгож байгаа иргэний
нийгмийнхнийг дарж байх Кремлийн хатуу бодлогод үзүүлж буй хариу үйлдэл
хэмээн Төрийн департаментийн бие төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэж
байна. “Бид өөрийн хүчин чармайлтыг өөр арга замд төвлөрүүлж, цаашид
бидэнтэй хамтран ажиллахыг хүсч байгаа иргэний нийгмийн
байгууллагуудад шууд тусламж дэмжлэгээ хүргэх нь илүү зохистой” гэж
Нуланд ярьжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард Америкийн
олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн агентлагт Орост явуулж буй үйл
ажиллагаагаа зогсоохыг Оросын эрх баригчид тушаажээ. Сарын дараа 20
жилийн турш мөрдөгдсөн Нанна-Лугарагийн хөтөлбөрөөс гарсан. Энэхүү
хөтөлбөрийн хүрээнд хуучин ЗХУ-ын цөмийн болон химийн зэвсгийг
аюулгүйгээр устгах ажиллагааг АНУ санхүүжүүлдэг байжээ. Оросууд дээрх
хоёр алхмыг хийхдээ урьдчилан сануулаагүй, ямар нэг тайлбар хийгээгүй,
зан аашаа огцом өөрчилсөн хэмээн АНУ-ын албан тушаалтнууд гомдоллож
байна.
Өнгөрсөн арван хоёрдугаар сард Путин
Америкийн иргэдийн ОХУ-т явуулж болзошгүй үйл ажиллагаанд
хязгаарлалт тавьсан, тэр дундаа Оросын өнчин хүүхдүүдийг өргөж авахыг
хориглосон “Дима Яковлевын хууль”-ийг үзэглэсэн.
Ихэнх ажиглагчид хүүхэд өргөж авахад
тавьсан хориг нь АНУ-д арванхоёрдугаар сард батлагдсан “Магнитскийн акт”
гэгч хуульд ОХУ-ын зүгээс үзүүлж буй хариу үйлдэл гэж үзэж байна. Барак
Обамагийн баталсан энэхүү хууль хүний эрхийн ноцтой зөрчилд сэжиглэгдэж
буй Оросын албан тушаалтнуудад санхүүгийн болон визийн хориг тавих
журмыг баталгаажуулсан.
Гурван жилийн өмнө Москвагийн нэгэн
шоронд сэжигтэйгээр амиа алдсан хуульч Юрий Магнитскийн хэрэг барууныхны
итгэл алдрах хамгийн гол шалтгаан болж, Орос-Америкийн харилцаанд ан
цав суулгаж эхэлсэн гэж зарим шинжээчид үздэг.
Гэхдээ Оросын иргэд тэр дундаа хуучин
ерөнхийлөгч, одоогийн ерөнхий сайд Дмитрий Медведев орос хүүхдүүдийг
өргөж авахад тавьсан хориг “Магнитскийн акт”-ын хариу биш гадаадын ямар
нэг хамаарлаас Оросыг салгах гэсэн Кремлийн өргөн цар хүрээтэй бодлогын
нэг хэсэг гэж үзэж байна.
“Дима Яковлевын хууль” нь “Магнисткийн
акт”-тай ямар ч холбоогүй гэдгийг Медведев CNN-д өгсөн ярилцлагадаа
мэдэгдсэн. “Энэхүү хууль нь манай парламентчдын орос хүүхдүүдийн
хувь заяанд санаа зовох болсны л илэрхийлэл. Тэнд юу ч ярьж байсан
хамаагүй, хараа хяналт, хайр энэрэл, эмнэлгийн тусламж шаардлагатай
эцэг эхгүй хүүхдийг хамгаалах нь төрийн шууд үүрэг” гэж Медведев ярьсан
юм. Путины хараахан баталгаажуулаагүй байгаа Оросын гадаад бодлогын
шинэ үзэл баримтлал нь сүүлийн хорин жилийн хугацаанд сул дорой, бусдаас
хамааралтай байдлаас болж алдагдаад байсан Оросын “тусгаар байдлыг”
сэргээхийн тулд хэрэгжүүлж байгаа алхмуудад логик үндэслэлийг өгөх болно
гэж шинжээчид үзэж байна.
“Зарим нэгэнд нь Путин сав суулганы
лангуун дээрх заан шиг аашилж байгаа мэт санагдаж байгаа байх. Гэхдээ
бусад нь түүнийг гурав дахиа эргэн ирэхдээ баруун ялангуяа АНУ-тай
харилцах харилцаагаа өөрчилсөн гэж үзэж байгаа” хэмээн Москьагийн өдөр
тутмын бизнес сэтгүүл “Коммерсантъ”-ийн олон улсын тоймч Сергей Строкань
өгүүлжээ. Мөн тэрбээр “Барууныхан өөрийг нь ерөнхийлөгчийн суудалд
эргэн ирэх мэдэгдлийг хэрэн хүлээж авсныг Путин уучилж чадахгүй гэсэн
санаа бодол байдаг. Энэ бол үнэн. Путин бол хүсээд байх хүн биш,
Медведев илүү дээргэсэн мессеж барууныхнаас их ирж байсан. Үүнд нь Путин
их гомдсон байх” гэж үзэж байна. “Ийм учраас Путины гадаад бодлогод
Баруунтай харилцаа холбоогоо аль болох багасгах чиг хандлага ноёлох
байх” гэсэн таамгийг Строкань дэвшүүлжээ.
Бэлтгэсэн Б.МИШЭЭЛ
Сайн байна уу? Би ОХУ-ын Алс Дорнод дахь бодлогын талаар судалгааны ажил хийх гэсэн юм л даа. Та надад материал олж өгч туслаач. Khatantumur.B@gmail.com
ОтветитьУдалитьМонгол улсын түүхийн боть номнуудаас л уншихад Түшээт хан аймгийн хойд талаас Чахундорж ханы үед оросууд шахаж орж ирсэн байдаг,Галдан бошигтод туслахгүй гэсэн амлалт өгч хариуд нь Манж чин улстай анхны гэрээгээ байгуулж алс дорнодод эзэн суусан,гэх мэтээр монголын түүхтэй их л холбогдоно доо, Нэг хүн ярьж байсан бид хажууд байгаа газраа алс дорнод гээд байдаг,тэгсэн хаа хол палестинийг ойрхи дорнод гэдэг гэж,
ОтветитьУдалить