пятница, 1 февраля 2013 г.

“ШОРОНГИЙН ХАДААС” БОЛГОХ ЯЛ ТҮҮНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА

16 жилийн өмнө болсон хүн амины хэргийг Украины Ерөнхий прокурорын газар мөрдөн шалгаж дуусаад уг гэмт хэргийн захиалагч нь тус улсын Ерөнхий сайд байсан хоёр хүн болохыг хүлээн зөвшөөрөхөд хүрээд байна. Тэдний нэг нь Юлия Тимошенко, нөгөөх нь түүний дарга байсан, АНУын шоронд хоригдож байгаад саяхан гарч ирсэн Павел Лазаренко юм. Тэгэхдээ энэ талаар албан ёсоор хэн нэгэн хандаагүй байна гэж Тимошенкогийн өмгөөлөгчид мэдэгдэж буй. Яриад байгаа аллага 1996 оны арваннэгдүгээр сарын 3-нд болжээ.
Тэр өдөр Донецкийн нисэх онгоцны буудал дээр Дээд Радын депутат, бизнесмэн, тухайн үедээ бүс нутагтаа хамгийн нөлөө бүхий хүн гэгдэж байсан Евгений Щербанийг буудаж орхисон байна. Түүнтэй хамт эхнэрийг нь, онгоцны механик, бортинженерийг хороожээ. Алуурчдаас Оросын иргэн, “Москвагийн хүн” хочтой Вадим Болотских баригдаж, бүх насаараа хоригдох ял авсан байна.

Хоёр дахь алуурчин, “араатан” хочит Геннадий Зан гелидийг мөрөөр нь хууль сахиулах байгууллагынхан ормогц өөрийнх нь хамсаатнууд устгаж орхисон аж. Донецкийн эрүүгийн ертөнцөд зард гарсан Евгений Кушнир хоригдож байхдаа алуулжээ. Дээрх хоёр алуурчин энэ этгээдийн бүлэгт багтдаг байж. Уг хэргийн захиалагч нууц хэвээр үлдсэн байна. Буудуулсан депутатын хүү Руслан Щербань эцгийнхээ амь үрэгдсэн хэрэгт Ерөнхий сайд асан хамааралтайг нотлох баримт бий хэмээн 2012 оны хавар мэдэгдсэний да раа Щер банийг устгасан хэ рэг, Тимошенкогийн үйл ажиллагаа хоёрын хоорондох холбоог тогтоох ажилд Украины прокурорын байгууллага орсон аж. Руслан Щербань амласан ёсоороо дараа нь нотлох баримтыг прокурорт өгчээ.
Оростой байгалийн хийн асуудлаар гэрээ байгуулахдаа албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсний учир Тимошенко долоон жилийн ял авсны дараа л хүү Щербань илэн далангүй ярьж эхэлсэн бөгөөд Украины эрх баригчид ч шүүмжлэлийн бай болж, тус орны дээд удирдлагын эсрэг асуудал үүсэхийг Өрнөд ч таамаглаж л байв. Тэгж байтал улс төрийн өнгө аяс байгаа эсэхийг нь ялгахад бэрх эрүүгийн хэргийн түүх бичигдэж эхлэх нь тэр. Ерөнхийлөгч Леонид Кучмагийн хамгаалагч байсан, хэл ам татлагч Николай Мель ниченко өнгөрсөн оны ёсдүгээр сард гал руу тос хийв. Тэрбээр Кучмагийн өрөөнд болсон ярианаас хийсэн бичлэгийг сонсоод Щербанийг алахыг Лазаренко захиалсан, харин алуурчин Петр Кириченко (Лазаренкогийн бизнесийн түнш, одоо АНУ-д аж төрж буй, алуурчдыг шүүх явцад гэмт хэргийн захиалагч байж мэдэхээр болсон)-той Тимошенко тооцоо хийсэн гэж дүгнэж болно гэж цахим хуудсандаа бичсэн аж.
Алуурчны “үйлчилгээний” хөлсийг Тимошенко, Лазаренко нар төлсөн гэдгийг Украины прокурорын байцаагчид нотлохыг хичээж байгаа нь одоо тодорхой боллоо. Хэрэв тэд энэ зорилгоо биелүүлж чадвал Тимошенко бүх насаараа хоригдох ял авч мэднэ. Тимошенког 2012 оны тавдугаар сард нурууны яс хоорондын жийргэвчийн ивэрхий гэсэн оноштойгоор Харьковын төмөр замын эмнэлэгт шилжүүлсэн тул түүнийг илааршсаны дараа л гэм бурууг нь тогтоож ялыг нь онооно гэж Украины Ерөнхий прокурорын газар эхлээд мэдэгдэж байв.
Гэтэл Тимошенко одоо болтол эмнэлэгт байгаа болохоор прокурорын газрынхны тэвчээр алдагдав уу гэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны дүнг ерөнхий прокурор Виктор Пшонка энэ сарын 18-нд олны сонорт хүргэлээ. “Ардын депутат Евгений Щербаний амийг хөнөөсөн талаарх эрүүгийн хэргийг шалгах ажиллагаа дууслаа.
Хавтаст хэрэгт цугларсан материалаас үзвэл хүн амины хэргийг Тимошенко, Лазаренко хоёр гарцаагүй захиалжээ” гэж тэр хэлсэн байна. Түүний хэлснээр бол Лазаренко, Тимошенко нар хүний амь хороосны хөлсөнд 2.8 сая доллар төлжээ. Эхний 500 мянган долларыг алуурчин даалгавраа биелүүлсний дараа Лазаренко өөрийн биеэр гардуулан өгч, үлдсэн хоёр сая, 300 мянган долларыг Тимошенко шилжүүлсэн гэж ерөнхий прокурор тодруулсан аж. Захиалга өгөх болсон шалтгааны тухайд Пшонка байгалийн хийтэй холбоотой таамаглал дэвшүүлжээ. Донбасс бол Щербанийг Ерөнхий сайд байхад Оросын “цэнхэр түлшний” урсгалыг Украины эрчим хүчний нэгдсэн систем хянадаггүй цорын ганц бүс нутаг байсан аж. Хийг энд Щербаний мэдэлд байсан “Донбассын аж үйлдвэрийн холбоо” гэдэг компани нийлүүлдэг байв. Ийм бөөн мөнгийг Украины эрчим хүчний нэгдсэн системийг удирдаж байсан Тимошенко, түүний өндөр дээд ивээгч (Лазаренко) хоёр хүсээгүй. Гэтэл зөрүүд депутат (Щербань) байр сууриа тавьж өгөхөөс татгалзаж. П шонка “Ийм аллага үйлдэх ямар шалтгаан байв” гэсэн асуулт тавиад “Бизнесийн хомхой ашиг сонирхол” гэж хариулсан байна. Тимошенког эмнэлэгт байлгаад байгаатай холбоотойгоор тасрахгүй байгаа хэл ам намжаагүй байхад Пшонка ийн ярьчихав.
Сүүлийн үед намын нөхөд, өмгөөлөгчид нь Тимошенко дээр нэг бус удаа очсон, тэр болгондоо Ерөн хий сайд асныг ямар хүнд хэцүү нөхцөлд эмчилж байгааг гайхан дуу алдсан. Депутат Александра Кужелийг эргэж очиход Тимошенко баруун хөлөөрөө гишгэж чадахгүй, гэрэлгүй өрөөнд байсан гэнэ. Тэгсэн хэрнээ бие засах өрөөнд нь хүртэл дуран авай зоочихсон, хоригдлын хөдөлг өөнийг компьютерээр “арван таван эр” хянаад сууж байсан аж. “Алах ялтай хүнд ч ингэж ханддаггүй байх. Бидний нулимс гарсан” гэж депутат ярьсан байна. Тимошенкогийн өмгөөлөгч, Парламентын гишүүн Сергей Власенко өнгөрсөн баасан гаригт хоригдлын өрөөнд ороход тэрбээр төмөр орон дээр хэвтээд, хөдөлж ча дахгүй байжээ. “Түүний нүүр, гар нь зэвхий өнгөтэй” байсан гэж Власенко ярьсан аж. Тэрбээр Тимо шенког амьсгал хурааж гэж бодоод уйлсан гэнэ. Гэтэл шоронгийнхон, эмчлэгч эмч нар хоригдлын бие тэгтлээ муудсан байдал анзаарагдахгүй байгаа, үлбэгэр сул байдалтай харагдаж буй нь өвчин намдаах, тайвшруулах эмний үйлчилгээтэй холбоотой гэж хэлсэн байна. Ямар ч байлаа гэсэн Украины эрчим хүчний нэгдсэн системийн үйл ажиллагааны асуудлаар энэ сарын 18-нд болсон шүүхийн хурлыг Ерөнхий сайд асан энэ удаа ч хайхарсангүй. Энэ асуудлыг шүүх хоёрдугаар сарын 12-нд эргэж ярилцана.
Щербанийн амийг хороосон хэргээр болох шүүх хуралд ч Тимошенко оролцохгүй нь одоо нэгэнт тодорхой болоод байна. Түр завсарлаад байгаа Дээд Радын ээлжит бус хуралдаан хийлгэж Тимошенкогийн биеийн байдлын талаарх мэдээл лийг сонсохыг шаар дахаар Парламент дахь сөрөг хүчин шийдээд байна. Тэгвэл Бүс нутгуудын нам сөрөг хүчний энэ байр суурийг дэмжих аж. “Тимошенкотой холбоотой олон асуудлын үнэнийг тогтоохыг бид сонирхож байгаа” гэж тус намаас сонгогдсон депутат Владимир Олийнык мэдэгдэв. Түүний хэлснээс үзвэл Тимошенкогийн биеийн байдал чухам ямар байгаа, шүүхийн хурал даанд оролцохгүйн тулд өвчин эмгэг гэж баашилж буй эсэхийг мэдэхийг эрх баригч намынхан ч хүсэж байгаа аж. Үүний зэрэгцээ Щербань болон Донецк мужийн бусад бизнесмэнүүдийн амийг хороосон нөхцөл байдлыг шалгаж тогтоох Дээд Радын комисс байгуулахыг Пар ламент дахь сөрөг хүчин шаардахаар төлөвлөж буй юм байна. Щербанийн амь насыг хөнөөсөн хэрэгт Ерөнхийлөгч Виктор Януковичийг ч гэрчээр татахыг Радын өмнөх чуулганы үед сөрөг хүчнийхэн шаардаж байсан гэсэн мэдээлэл байдаг. Үйлчлүүлэгч нь хүний амь хороосон хэрэгт буруутгагдаж байгаа тухай ямар нэг бичиг баримт Тимошенкогийн өмгөөлөгчид одоо хэр нь аваагүй байгаа нь хачирхалтай.
Дээр өгүүлсэн Пшонкагийн мэдэгдлээс анзаарахад эхний боломж гармагц л мөрдөн байцаагчид Тимошенког шүүхэд дуудах бололтой байна. “Сэжиглэж буй тухай Юлия Владимировнад хэлсэн, уг хэргийн материалыг Качановын колонид хүргүүлсэн гэж Пшонка үнэнийг хэлсэн, өмгөөлөгчид түүнтэй та нилцаж болох байлаа ч Ти мо шенко болон түүний өмгөөлөгчид үнэн хэрэгтээ хамгаалах эрхгүй болж буйг энэ бүхэн харуулж байна” гэж Ерөнхий сайд асан Александр Плахотнюкийн өмгөөлөгч Доиче Велле телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ. Тимошенкогийн охин Евгения нь өнгөрсөн бямба гаригт ээжтэйгээ утсаар ярих зөвшөөрөл хүссэн ч Качановын колонийн удирдлага татгалзсан хариу өгчээ. Ерөнхий прокурор Пшонкаг мэдэгдэл хийсний дараа ээж нь ямар нэг баримт бичигт гарын үсэг зурсан гэж Евгения мэдэгдсэн байна. Хожим тодорхой болсноор бол Ерөнхий прокурорын газрын ажилтнууд Щербанийн амийг хороосон хэрэгт сэжиглэж буйгаа бичгээр илэрхийлж түүнийгээ Тимошенкод өгчээ. Энэ хэргийг хэлэлцэхдээ Ерөнхий сайд асны хүсэлтээр тангарагтны шүүхийнхийг оролцуулж магадгүй аж.
Р.ЖАРГАЛАНТ

Комментариев нет:

Отправить комментарий