среда, 7 декабря 2011 г.

Олег Глазуновын “Хятадын тагнуулын алба”

Үргэлжлэл...

ХОЁРДУГААР БҮЛЭГ.
БНХАУ-ЫН ТУСГАЙ АЛБАДЫН СТРАТЕГИ  БОДЛОГО БОЛОН АРГА ТАКТИК
    Дотоодын тагнуул гэж бий, сөрөг тагнуул ч гэж байдаг, үхлийн бас амьдралын  тагнуул ч гэж бий. Тэр бүхнийг зөвхөн эрхэм дээдэс удирдана.
    Эртний Хятадын дайны онолч Сунь Цзы

Хятадын тагнуулын алба нь тагнан турших дайныг явуулах нэн орчин үеийн аргуудыг маш идэвхтэй, бас эрчимтэй өөрийн болгон эзэмшиж байгаа нь дэлхийн тагнуулын эзэнт гүрнүүдийн клубт асар богино хугацаанд элсэн орж байна. Бусад хүчирхэг гүрнүүдийн нэгэн адил БНХАУ нь дэлхий даяар тусгай ажиллагаа явуулж, нөлөө бүхий бүсийг эзлэхийн төлөө хатуу тэмцэл явуулж байна. 21-р зууны эхэн гэхэд Хятадын тагнуулын алба нь дэлхийн бөмбөрцгийн тэн хагасыг хэдийнэ эзэлсэн гэж хэлж болох бөгөөд эдүгээ Тэнгэрийн орны нууц албаны армийн нийт бүрэлдэхүүнийг тоолж чадах хүн бараг ховор биз. Тагнуулын үйл ажиллагааны түүхэнд энэ нь тун ч гайхамшигтай хөтөлбөр байсан агаад дөнгөж арав, арван таван жилийн турш ямар хурдацтай хөгжсөн түүхийг нь харвал гайхаад барахгүй зүйл болох биз ээ. АНУ, ЗХУ гэсэн агуу том хоёр гүрний тагнан турших албадтай бараг зэрэгцэн байгуулагдсан  БНХАУ-ын тагнуулын алба нь Оросын тагнуулын албыг цөлийн ширхэг элс болтол нь, АНУ-ын тагнуулчдыг цус сүнсгүй сүнс болтол нь унагаж дээр нь гарч чаджээ. Чухам яг одоо л тэнгэрийн энэ орон маргаан байхгүй тэргүүлэгчийн байр сууринд гарч ирэх боломж нээгджээ.
   
Хятадын тагнуулын түүх тун ч ер бусын агаад чухам эндээс л бид яагаад тус орны тагнан турших алба нь улам бүр хүчирхэг болж, бусад орны хувьд аюул заналхийлсэн зүйл болоод байгаа тайлбарыг олж харах болно.

* * *

Хятад орныг судлаачид Хятадын тагнуулын үйл ажиллагааны үндсийг коммунист үзэл суртал төдийгүй эрт дээр үеэс уламжилж ирсэн ёс заншилтай холбож үздэг. БНХАУ-ын гадаад, дотоод бодлого нь аливаа нэгэн зорилтыг биелүүлэхдээ юуны өмнө дэс дараалсан үе шаттай, зорилгодоо чиглэсэн байдаг нь өнгөрсөн туршлага, сургамжаас байнга суралцдагийн шинж.
   
Хятадын хувьд тагнан турших үйл ажиллагаа гэдэг нь цоо шинэ зүйл биш гэдгийг энд онцлон дурдах хэрэгтэй. Хятадын тагнуулын түүхийн ул мөрийг мөшгөвөөс мянган жилийн тэртээ аваачих биз. Манай эриний өмнөх дөрвөн зуун оны үед л Дорнодод тагнуулын урлаг нь Египт, Эртний Вавилоныхоос хэд дахин илүү хөгжилтэй байлаа. Эртний Хятадын урлагийн мастеруудын олон туршлагыг өдгөө ч гэсэн хэрэглэдэг. Судлаачид Хятад улсыг тагнуулын анхны онолын эх орон гэж үздэг нь тохиолдлын хэрэг биш юм.
   
Хэдийгээр тагнуулын арга тактикийн талаар бүтээлүүд Хятадын бүхий л түүхэн үйл явцын туршид бүтээгдэж байсан ч өнгөрөгч зууны олон үнэт бүтээл нь олон дайн байлдааны явцад устан үгүй болсон билээ. Гэсэн ч Сунь Цзыгийн “Тай Гуны зургаан нууц сургаал”, “Байлдааны урлаг”  зэрэг эртний түүхэн эх сурвалжууд нь тагнуулын үйл ажиллагааг явуулах талаар олон мэдээллийг агуулж байдаг.
   
Байлдааны урлагийн талаарх олон бүтээлүүдийн дийлэнх нь өнөө үед бидэнд уламжлагдан хадгалагдан ирж чадаагүй ч гарцаагүй Эртний Хятадад буюу “Тэмцэлдэж буй хаант улсууд”-ын эхэн үед бичигдсэн байдаг. Хятадын бүхий л түүхэн үйл явцад тэнгэрийн орны удирдагчид тэрхүү зарчмыг л баримталж ирсэн байх юм.
   
Хятадын байлдааны сонгодог урлагийн ач холбогдол, үнэтэй хувь нэмрийг бүрэн ойлгохын тулд хэд хэдэн түүхэн баримтыг энд дурдах нь зүй болов уу. Нэгдүгээрт, байлдааны талаарх бичвэрүүдийг хувь хүнд хадгалахыг хориглодог байсан агаад нууцаар хадгалдаг байв. Тухайлбал, Тай Гуны “Зургаан нууц сургааль”-ийг өөр дээрээ авах аваас цаазаар авахуулах аюултай байв.
   
Хоёрдугаарт, бараг бүх сургаалиуд үеийн үед уламжлагдахдаа дээд зэргийн нууцлалтайгаар, гол төлөв амаас амд дамжин өвлөгдөж байв. Тэгж байгаад эцэст нь хулсан хавтанцар дээр бичигдсэн байна. Онцгой тохиолдолд л ил гаргадаг байв.
   
Улсын бичээч, түшмэлүүд нь хулсан хавтанцарыг хурааж аван эзэнт гүрний номын санд хадгалдаг байв. Архивт нэгэнт орсон бол зөвхөн Хятадын хаан болон цөөн тооны түшмэдүүд л орж үзэх эрхтэй байлаа. Тэр байтугай хааны гэр бүлийн гишүүд ч дайны урлагийн тухай зохиол бичигт хүрч болохгүй байв. Эртний байлдааны сургаалийг эзэмшсэн хүн хэнд ч ялагдашгүй гэж үздэг байв. Тухайлбал, Чин улсыг түлхэн унагааж, Хан улсыг байгуулагдахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэх хурандаа Чжан Лян нь “Хуан Шигуны гурван аргачлал”-ын цор ганц хувилбарыг эзэмшиж байсан бөгөөд өөртэй нь хамт булшлан оршуулахыг тушаасан гэдэг.
   
Орчин үед Европт нэрд гарсан долоон ном байдаг нь “Сунь Цзыгийн “Байлдааны урлаг”, “Сымагийн арга”,  Тай цзун болон Ли Вэй Гун нарын асуулт, хариулт, “Вэй Ляо Цзы”, “Хуан Ши-гуны гурван арга”, “Тай Гуны зургаан нууц сургаал” зэрэг юм.
   
Хэдийгээр Тай Гун нь хэдэн зуун жилийн өмнө амьдарч байсан ч Сунь Цзыгийн “Дайны урлаг” нь Хятадын байлдааны урлагийн хувьд хамгийн эртний хийгээд өндөр ололт амжилтад хүрсэн бүтээлд тооцогддог. “Сымын арга” бүтээлд толилуулсан материал нь Эртний Чжоугийн үед хамааралтай бол “Гурван аргыг” Тай Гунтай холбож үздэг билээ.

* * *

Нууц дайн явуулах талаарх анхны бүтээл бол эртний Хятадын нууц албаны томоохон онолч хийгээд алдартай цэргийн жанжин Сунь Цзыгийн “Байлдааны урлаг” юм. Дайны урлагийн талаарх түүний номлол нь эдүгээ ч тодорхой үнэ цэнээ хадгалсаар ирсэн билээ. Сунь Цзы нэрийн  цаад эзэн нь алдарт  хурандаа Сунь У байсан хэмээн судлаачид үздэг. Амьд ахуй цагтаа Сунь У Янцзы мөрний доод хэсэгт оршиж байсан өмнөд зүгийн У хаант улсын ялагдашгүй хурандаа хэмээн алдаршиж байжээ.
   
Сунь Цзы урьд өмнө нь Европт ч маш их алдаршиж байсан нь сонирхол татаж байгаа юм. Бүр 1772 онд түүний бичсэн сургаалийг франц хэлнээ орчуулсан байх юм. Тус номыг Наполеон тун анхааралтай судалсан гэдэг. Тэгээд Сунь Цзы нь Мао Зэдуны ширээний ном байсан бөгөөд тэрбээр коммунист намын зүтгэлтнүүдэд уншиж судлахыг тушаасан байсан нь гайхмаар хэрэг биш билээ.  Эртний Хятадын тагнуулын мастеруудын бүтээлүүдийг Тагнуулын төв газрыг үүсгэн байгуулагч Аллен Даллес ч судалсан байна. 
   
Тус сургаалийн 13-р бүлэг буюу “Нууц төлөөлөгчдийг ашиглах нь” гэсэн сэдэв бидний хувьд онцгой анхаарал татаж байгаа юм. Энд Сунь Цзы тагнан турших үйл ажиллагааны үндсийг дэлгэж, тагнуулчдыг дараах байдлаар ангилжээ. Тухайлбал: орон нутгийн тагнуулчид буюу тус газар орон нутагт оршин суудаг хүмүүс, дотоодын тагнуулчид буюу өрсөлдөгчдөд хөлслөгдсөн дотоодын албан тушаалтнууд, үхлийн тагнуулчид буюу онцгой тохиолдолд амь насаа ч алдаж болох онцгой даалгавар авсан тагнуулчид, амьдралын тагнуулчид буюу дайсны талд өндөр албан тушаал бүхий олон найз нөхөдтэй, өөр хүний дүрд  тоглох чадвартай, ухаалаг тагнуулчид, эцэст нь урвасан тагнуул буюу ахин хөлслөгдсөн хоёр талд ажиллагч тагнуулууд хэмээн ангилсан байна. Энд урвасан тагнуулч нь зохиогчийн хувьд онцгой үнэ цэнэтэйд тооцогдож байв. Олж авсан мэдээлэлдээ тулгуурлаж урьдчилсан тооцоог гаргадаг. Тооцоог мэдээлэгчээс авсан мэдээлэлд тулгуурлан хийнэ. “Тагнуул  гэдэг нь дайны үед хамгийн голлох байр суурийг эзэлдэг, энэ бол бүхэл бүтэн арми үйл ажиллагаагаа хэрхэн явуулах нь шалтгаалж байдаг үндэс суурь билээ” хэмээн тэр бичсэн байна. Дайн чухам өөрт нь ямар хэрэгтэйг ойлгохгүйгээр хэзээ ч дайныг эхлүүлж болохгүй хэмээн Сунь Цзы олонтаа онцлон тэмдэглэсэн байна. Тиймээс тагнуулын сүлжээ өргөн байх тусам өрсөлдөгчийн давуу болон сул талын талаарх илүү үнэн зөв мэдээлэл авах боломжтой.  Сунь Цзыгийн үзэж байгаагаар дайсны удирдагчийн ордонд, ордны гадаа, тэр байтугай армийн даргын асарт гээд тагнуул хаа сайгүй хэрэгтэй. Ямарваа нэгэн мэдээлэл авах, түүнчлэн урьд авсан мэдээллийг шалгаж үзэх өчүүхэн төдий боломжийг ч бүү алд.  Тагнуулч гэдэг нь дайны маш олон ажлыг дээд зэргээр хөнгөвчилж өгч байдаг зүйл гэсэн байна.
   
Дайны ажиллагааг амжилттай явуулахын тулд зүгээр л нэг дайсны цэргийн дарга нарын нэрийн жагсаалтыг авах нь хангалттай биш, тэдний нэр, тэр байтугай хоч, хувийн зан чанар, хүүхэд, хамаатан садан, зарц нарынх нь тоог хүртэл мэдэж байх хэрэгтэй.  Дайсны талын дээд албан тушаалтны сэтгэл зүйн шинж байдал зэрэг нь түүнийг хахуульдан худалдан авахын тулд хэрхэх тухай олон зүйлийг хэлж өгөх түлхүүр юм. Түүнээс гадна  дайсан ч гэсэн танай руу өөрийн тагнуулыг явуулах боломжтой юм гэдгийг хэрхэвч мартаж болохгүй гэж Сунь Цзы бичсэн байна. Хэрэв дайсны тагнуулыг илчилж, барьж авсан бол шууд цаазлахаас илүүтэйгээр түүнийг ахин өөртөө элсүүлж улмаар дайсанд хуурамч мэдүүлэг өгүүлэх боломжийг хайх хэрэгтэй. Тагнуулын албыг хэрхэн зохион байгуулах талаар ийн зөвлөгөөг бичиж уламжлуулсан Сунь Цзыгийн хувь нэмрийг үнэлж баршгүй.
   
3-р зууны эхээр алдарт хурандаа , байлдааны урлагт нэвтэрхий Цао Цао /155-220/ гэгч Сунь Цзыгийн номын талаар хамгийн эхний тайлбар шүүмжийг бичиж засвар оруулсан байна.
   
Эцэст нь Тан улсын эрин үеэс /7-9-р зуун/ Сунь Цзыгийн бүтээлийг судлах, тайлбар хийх ажил зогсолтгүйгээр эхэлсэн юм. Тэр үед амьдарч байсан  яруу найрагч, цэргийн ухааны түүхч Ду Му нь Сунь Цзыгийн сургаалийг “хүнлэг шударга байдлын дүрийг эсгэ, гэхдээ заль мэхийг чадлаараа хэрэглэ” хэмээн тайлбарласан байдаг. Тэрбээр тагнуулын урлагийг өөрийнхөөрөө нэгтгэж, шинэ арга хэрэгслүүдийг нэмж бичсэн байна. Тухайлбал, дайсны талын өндөр албан тушаалтныг хэрхэн урвуулах талаар бичихдээ: “Дайсны талын албан тушаалтнуудын дунд маш ухаантай хүмүүс байдаг. Гэхдээ тэдний дунд ямар нэг байдлаар шийтгүүлсэн хийгээд албан тушаалаасаа хагацсан хүн олон бий. Мөн доогуур албан тушаалтай нэр төрд дурлагсад, өөрт өгсөн даалгаврыг гүйцэтгэх чадваргүй залхуучууд, албан тушаалдаа сэтгэл хангалуун бус илүү өндөр албан тушаал мөрөөдөгчид бий бөгөөд тэд бууны нохой болохоос буцдаггүй. Бас аливаа заль шуналдаа автсан, зарчимгүй, хүнлэг бус нэгэн ч бий. Энэ бүх хүмүүстэй л харилцаа тогтоож, тэдний гарыг цайлган өөрийн талд урвуулан татах ёстой бөгөөд улс орных нь байдлын талаар мэдээлэл авч, дайсны төлөвлөгөө, зорилтыг тагнаж, тэдний тусламжтайгаар л удирдагч хүрээнийхний дунд яс хаян бутаргах хэрэгтэй” гэсэн байдаг. 
   
Түүнээс гадна илчлэгдсэн дайсны тагнуулыг ахин өөрийн талд хэрхэн элсүүлэх талаар бичихдээ “Дайсны талаас хэнбугайг ч бай мөнгө, бэлэгний тусламжтайгаар өөрийн болгож чадна, тэр хүн миний өөрийн даалгаврыг гүйцэтгэх ёстой. Үүнээс гадна дайсны тагнуулчийн ажиллагааг анзаараагүй мэт дүр эсгэж, улмаар түүнд хуурамч мэдээ өгөн, оргон зугтах бололцоо олгох арга бас бий. Энэ тохиолдолд дайсны тагнуул өөрийн мэдэлгүй миний үүргийг гүйцэтгэж байна гэсэн үг билээ” гэсэн байв. Чухам ийм төөрөгдөлд орсон дайсны тагнуулыг Сунь Цзы онцлон тэмдэглэсэн бөгөөд түүний ачаар дайсны талын тагнуулын сүлжээг будлиантуулж болох юм гэсэн байлаа.
   
Ду Му түүнчлэн “амьдралын тагнуул” гэсэн нэр томъёог дурдсан байдаг. Ийм тагнуулчдад ямар ч хамаагүй үнэ цэнээр шаардлагатай мэдээг олж аваад зайлшгүй амьд эргэж ирэх үүрэг өгдөг. Иймэрхүү даалгаврыг зөвхөн маш өндөр мэдлэг чадвартай тагнуулчдад өгдөг байсан нь ойлгомжтой.  Ду Му тэдний тухай бичихдээ: “Амьдралын тагнуулчид тэнэг хүн шиг дүр эсгэж чаддаг онцгой ухаантай хүмүүсийг сонгох хэрэгтэй.  Ийм хүн хоёрдогч ач холбогдолтой юм шиг атлаа маш зоригтой, сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Цоо эрүүл, тэвчээртэй, зоригтой, ямар нэг мэргэжилтэй, урт удаан хугацааны явдал даах чадвартай хүнийг л сонгох нь зүй” гэж бичсэн байдаг.
   
Ду Мугийн үзэж байгаагаар тагнуулын сүлжээний дарга бүх талын мэдлэгтэй байх ёстой. “Учир нь тагнуулын ажилтныхаа зан чанар, үнэнч шударга, боловсролын түвшин зэргийг үнэлж чадах чадвартай байх ёстой агаад түүнийг нь тагнан турших ажиллагаандаа ашиглаж чаддаг нэгэн байх. Хоёрдугаарт, удирдагч хүн ажилтнууддаа хүнлэг, шударга хандах ёстой” гэж бичсэн байлаа. Сунь Цзыгийн нэгэн адил Ду Му дайн эхлэхээр шийдсэн хурандаад сануулга болгож: “Хэрэв түрүүлж дайрахыг хүсч байгаа бол дайсны талыг хэн толгойлж байгааг, ойрын хүрээллийн улсуудаас нь хэн нь ухаалаг, хүлээцтэй, хэн нь үгүй гэдгийг олж мэдэн чадварыг нь үнэлснээр удирдагчид нь нөлөөлж болно” гэсэн байна.
   
Сунь Цзы, Ду Му нараас гадна Хятадын олон сэтгэгч нар, тэр дундаа байлдааны үйл ажиллагааны удирдамж бичсэн Ту Ю /735-812/ тагнуулын ажиллагааны асуудлыг судалсан байдаг. “Дайсны удирдагчийн итгэлийг олж, тэндхийн нөхцөл байдлыг мэдэх чадвартай сэргэлэн, авъяаслаг хүмүүсийг бид хайж байна. Өрсөлдөгчийн төлөвлөгөө, нөхцөл байдлыг олж мэдээд тэд бидэн дээр эргэж ирэх бүхний талаар мэдээлэх болно” гэж тэрбээр бичжээ.
   
Манай эриний өмнөх 11-р зуунд Ци хаант улсад Тай Гун гэгч ухаалаг мэргэн амьдарч байсан агаад тэрбээр Хятадын “Зургаан нууц сургааль”-даа Хятадын байлдааны урлагийн талаар бичсэн байна. Нэн ялангуяа Тай Гуны нууцлаг дайныг явуулах талаарх зөвлөгөө нь онцгой анхаарал татдаг. Товчоор хэлэхэд жанжин хүн дайныг эхлэхээс өмнө “байлдааны бус” аргуудыг хэрэглэх ёстой. Байлдааны бус арга гэдэг нь дайсны удирдах аппаратыг дотор нь хагарган бутаргах арга юм. Үүнд арван хоёр аргыг дүрсэлсэн бөгөөд хүслийг нь биелүүлэх, өөрийн талд урвуулан татах, худалдан авах, эмэгтэй хүн болон мөнгөнд умбуулах, хуйвалдах, хагарган бутаргах үйл ажиллагаа явуулах, дарамтлах, хууран мэхлэх гэх мэт. Энэ бүхэн нь Тай Гуны үзэж байгаагаар эрх мэдлийг гартаа барьж байгаа хүмүүсийг хүч хэрэглэлгүйгээр сольж, улс орон тусгаар тогтнолоо алдахад хүргэнэ гэж Тай Гун үзэж байлаа. Гэхдээ нууцлаг дайны иймэрхүү аргууд нь олигтой үр дүнгээ өгөхгүй бол жинхэнэ байлдаанаа эхэлдэг байв. Гэхдээ энд ч мөн нууц ажиллагаагаа хэрэгжүүлж байх хэрэгтэй.
   
Дайн байлдааны урлагийн талаарх илүү оновчтой, олон талт байдлыг тусгасан бас нэгэн бүтээл бол “Сымын арга” юм. Энэ нь МЭӨ 4-р зуунд хамаатай бөгөөд маш эрт дээр үеийн эх сурвалжуудад үндэслэсэн бололтой. “Сыма Фа” сургаалийг гол төлөв “Сымын арга” гэж орчуулбал илүү дөхөмтэй, мөн Хятадын “фа” гэх ханзыг “хууль”, бас арга, техник, урлаг гэж орчуулж ч бас болдог ажээ. Тус эх сурвалж бий болсон он цагийг авч үзвэл байлдааны урлагийн судлах уламжлалаараа алдар нэрд гарсан Ци хаант улсын үед бүтээгдсэн гэж үздэг. Тиймээс олон түүхчдийн үзэж байгаагаар  Тай Гуны санаа чухам байлдааны сургаалийн эх үндэс болсон ажээ.
   
“Сыма фа”-д удирдагч хүний бодлого, хууль, байлдааны зохион байгуулалт, дэг журам, үнэт зүйл, ерөнхий стратеги болон тактикийн алхмуудыг бичсэн байна.
   
Нууц дайны явуулах талаар судалсан бас нэг онолч бол Мэй Яочень /1002-1060/юм.  Тэрбээр Ду Мугийн нэгэн адил алдартай яруу найрагч байсан бөгөөд Их хааны академийн гишүүн байж. “Бурханы хүсэл зоригийг зөвхөн зурхайч, гэгээн лам нар мэднэ, газар тэнгэрийн хуулийг тооцоолон бодож гаргаж ирдэг, харин дайсны талаарх мэдээллийг авахын тулд чухам тагнуулч хэрэгтэй” гэсэн байдаг. Мөн “Тагнуулч үгүй арми бол чих, нүдгүй хүнтэй агаар нэгэн” Ла Чань хэлсэн байдаг. Дашрамд дурдахад иймэрхүү онолын судалгаа байсан ч гэсэн Хятад улсыг нүүдэлчин монголчуудын байлдан дагуулалтаас аварч чадаагүй бөгөөд олон жилийн туршид колонийн байдалтай байсан билээ.
   
Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд Эртний Хятадад хэдэн мянган жилийн өмнөөс л байлдааны урлаг болон улс төрийн бодлогод ашиглагддаг стратегийн бодлогыг системчилж ирсэн юм. Хятадын байлдааны урлагийн гол зарчим бол “Ямар ч хэрэгсэл, үнэ цэнээр хамаагүй зорилгодоо хүр” гэсэн байдаг.  Ёс суртахуун, хүнлэг чанарын асуудал хойш нь тавигдсан төгсгөлгүй олон жилийн дайны туршид дээрх үзэл тогтсон гэхэд болно. Тэр үед нэн тэргүүнд амь гарах л асуудал байлаа.  Амь гарахын тулд дотоодын нөөцийг чадлаараа хэмнэж, боломжийн хэрээр өсгөн үржүүлж,  ашигтай хэлцэл байгуулж, өөрөөсөө сул дорой нэгнийг эзэгнэж, хүчирхэг нэгэнтэй шөргөөцөлдөн дайтахаас зайлсхийх хэрэгтэй байлаа. Энэ бүхэн орчин үеийн Хятадын тагнуулын үндэс болсон юм.
 
* * *

Тагнан турших үйл ажиллагааны хүрээнд Хятад улс бүр эрт дээр үеийн уламжлалтай тул тус салбарт дэлхий дахинд хүрсэн хамгийн өндөр ололт амжилтуудыг өөрийн болгож чаджээ.  Дэлхий дахиндаа шилдэг байсан гээд байгаа нь ЗХУ-ын Улсын Аюулгүй байдлын Хороо, Израилийн “Моссад”  болон Тагнуулын Төв газрын тогтолцоо билээ. 50-иад оны сүүлээр хятад тагнуулчдыг Зөвлөлтийн багш нар сургаж байсан гэдгийг бид мэднэ. Тэд тагнуулын ажиллагааны талаар мэддэг бүх зүйлээ хятадуудад зааж өгсөн. Гэвч энэ үед Хятад улсын тусгай албадууд нь дэлхийн бусад тэргүүлэгч тагнуулын албадуутай ч нягт хамтран ажиллаж байлаа.
   
Хятадууд хэзээнээсээ л тун чадварлаг даган дууриагчид байсан юм. Гэсэн ч тэд тагнуулын урлагт өөрийн гэсэн шинэлэг зүйлийг оруулж өгсөн бөгөөд үүнийг ТТГ болон Улсын Аюулгүй байдлын газарт ч өөрсдөдөө авч хэрэгжүүлсэн билээ. Түүнээс гадна Хятадад Коммунист нам төр барьдаг хэдий ч Хятадын тагнуулын алба нь улс төрийн үзэл суртал хийгээд угсаатны байдлын нөлөөнд автах нь улам бүр багасч байна.  Хятадын тагнуулын албаны шинэ үеийнхэн өмнөх туршлагатай тагнуулчдаасаа илүү дээр Барууны хийгээд хуучны Зөвлөлтийн тагнуулын албаны аргачлалын учрыг олж амьдрал дээр амжилттай хуулбарлан хэрэгжүүлж байгаа билээ. Хятадын тусгай албадууд өөрийн ажил хэрэгтээ баримталдаг гол стратеги бол хүн бүр тагнах ёстой гэсэн үзэл баримтлал юм. Энэ бол  олон нийтээрээ тагнах стратеги билээ.
   
БНХАУ-ын тагнуулын албаны үндсэн гол зорилт бол бусад улс орнуудын шинжлэх ухааны хийгээд дайн байлдааны нууцыг нээх төдийгүй улс төрийн хийгээд соёлын ажил хэрэгт нь нэвтрэх явдал юм. Хятадын тагнуулын үйл ажиллагааны хүрээнээс гадна юу ч үлдэж болохгүй гэж тэд үздэг. Үүний тулд Хятадын тусгай албад бүхий л арга тактикийг хэрэглэж буй бөгөөд тэдэн дунд мөнгөөр худалдан авах, дарамтлан шахах, хулгай хийх гэх мэт ёс суртахууны хүрээллээс хальсан нь ч буй. 
   
Иймэрхүү аргуудыг Хятад улс үйл ажиллагааны үндсэн чиглэл болсон Тайванийн талаарх мэдээлэл авахад өргөн дэлгэр хэрэглэдэг. Өөрт хэрэгтэй мэдээллийг олж авахын тулд Хятадын тусгай албад мөнгийг улам бүр хэрэглэх болжээ. Тухайлбал, Хятадад нууц мэдээлэл өгдөг байгаад Тайванийн тусгай албадад баривчлагдсан  Тайванийн Дотоод хэргийн яамны дэслэгч, код тайлагч  Лю Юэлун нь олон арван хүн бүхий тагнуулын сүлжээг бий болгосон төрсөн эцэгтээ хөлслөгдсөн байжээ. Хэргийн мөрдөлтийн явцад  хүүгийнхээ цуглуулсан мэдээллийг Хятад руу явуулах бүрийдээ түүний эцэг 600-хоёр мянган доллар авдаг байсан нь тодорхой болсон юм. Энэхүү дуулиант хэргийн бас нэгэн онцлог тал гэвэл Хятадад хэд хэдэн эрүүгийн гэмт хэрэг өдүүлсэн хэрэгт яллагдсаныхаа дараа Лю дэслэгчийн эцэг Чжэньго нь ахин Хятадын тагнуулын албанд хөлслөгдсөн байх юм. Гэвч хэрэв хамтран ажиллавал ялаас мултрах саналыг түүнд хэн нэгэн тавьсан ажээ. Энэ явдал нь  дарамтлах аргын хажуугаар их хэмжээний мөнгөн шагналыг санал болгох гэсэн хуучин ЗХУ-ын Улсын Аюулгүй байдлын хорооны туршлагыг санагдуулж байгаа юм. 
   
Энэ явдлын дараа Тайванийн Дотоод хэргийн яам нэн даруй нууц шифрийн кодоо солиход хүрчээ.

Үргэлжлэл бий

Маш нууц сониноос...

Комментариев нет:

Отправить комментарий