суббота, 3 декабря 2011 г.

Гандигийн гэр бүлийн гинжин хэлхээ

Неру-Гандигийн гэр бүлийн дөрөв дэх удирдагч

Энэтхэгийн төрийг хагас зуун жил барьсан Неру-Гандигийн гэр бүлээс дараагийн нэг удирдагч төрөхөд ойрхон байна. Тэр бол гэр бүлийнхээ тав дахь үеийн төлөөлөл болсон Рахул Ганди юм. Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавхарлал Неругийн гуч, Индира Гандигийн ач хүү Энэтхэгийн улс төрд хөл тавиад аль хэдийнэ найман жил өнгөрсөн ч олон нийтийн хүсэн хүлээж буй нөлөө бүхий албан тушаалд очихоос татгалзсаар өдий хүрсэн юм.

Харин хэд хоногийн өмнөөс түүнийг Конгресс намын дарга болж, ээжийнхээ халааг авна гэсэн яриа улстөрчид дунд тархаж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Неру-Гандигийн гэр бүлийн залгамж халаа болсон Рахулыг тодорхой байр суурь, албан тушаалд даруйхан суулгах ёстой гэсэн дэмжигчдийнх нь дуу хоолой ч хүчтэй сонсогдох болжээ. Рахул Гандигийн ээж, Сониа эдад "эх үеэр Рахул түүнийг орлон, намынхаа гол ажлыг нугалж байсан юм. Гэхдээ Рахул Гандиг намын дарга болгох гэсэн нь Сониа Гандигийн эрүүл мэндээс ч шалтгаалсан юм биш. Ер нь Гандигийн гэр бүлээс дөрөв дэх удирдагчийг бэлтгэн гаргах цаг нь болсон гэж Конгресс намынхан үзэж буй юм. Үүн дээр тус намын нэр хүнд сүүлийн үед олон нийтийн дунд унаж байгаа нь ч нөлөөлсөн бололтой.

Эрх баригч Конгресс намын нөлөө бүхий улстөрчид авлига, албан тушаалын хэрэгт ээлж дараалан холбогдсоноос үүдэн намын нэр хүнд ихээр унаж байгаа билээ. Энэ нь ирэх сонгуулиар ялагдалд ч хүргэж болзошгүй. Тиймээс тус намд олны итгэл найдвар хүлээсэн, хүчирхэг удирдагч хэрэгтэй байгаа юм. Яг энэ шалтгаанаар Рахул Гандиг удтал татгалзаж, хойш суусаар ирсэн улс төрийн халуун фронт руу нь илгээх шийдвэрийг Конгресс намын удирдлагууд гаргаад байгаа аж.

Конгресс намын нөлөө бүхий гишүүд энэ тухай Энэтхэгийн дотоодын хэвлэлүүдэд ам алдсан бөгөөд Рахул Ганди нэг бол ээжийнхээ суудалд очиж, намын удирдлагыг гартаа авах, эсвэл Засгийн газарт орж, аль нэг яамыг тэргүүлэх сонголтын өмнө ирээд байгаа гэнэ. Энэтхэгийн төрд хамгийн анхны, хамгийн залуу, бас цорын ганц эмэгтэй гэсэн тодотголтой гурван Ерөнхий сайд төрүүлсэн Неру-Гандигийн гэр бүлээс төрөх дөрөв дэх удирдагч нь Рахул Ганди байх ёстой гэсэн. хүлээлт, шаардлага ч түүнийг сонголтоо даруй хийхийг шавдуулах болжээ.

01raul2004 оноос парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж буй Рахул Ганди энэтхэгчүүдийн дунд өндөр нэр хүндтэй, итгэл хүлээсэн улстөрч. Тэрээр олны өмнө үг хэлэх, тэднийг уриалан дуудахдаа тийм гарамгай биш ч гэлээ энэтхэгчүүд хэзээд түүнийг дэмжин, дагадаг. Гэсэн ч тэрээр Засгийн газрын хэмжээнд тодорхой албан тушаал хаших, намын удирдах үйл хэрэгт оролцохоос зайлсхийж, зөвхөн намынхаа залуучуудын байгууллагыг удирдах үүрэг өөртөө хүлээсэн юм. 2008 онд Ерөнхий сайд Манмохан Синх түүнд Засгийн газартаа ажиллах санал тавьсан боловч тэр бас л татгалзсан гэдэг. Тухайн үед түүнийг яамны сайдаар зогсохгүй Ерөнхий сайд болно хэмээн олон нийт хүлээж байсан. Гэвч Рахул Ганди тэдний хүлээлтэй ямар нэг хариу тайлбар өгөлгүй, бүгдийг чимээгүйхэн өнгөрүүлсэн юм. Харин энэ удаа тэрээр намынхаа үүрэг даалгавраас хараахан зайлсхийж чадахгүй нь бололтой.
Гэр бүлийн гинжин хэлхээ
03raul
Мотилал Неру /1861-1931/
Бараг нэг жаран үргэлжилж буй Неру-Гандигийн улс төрийн замналын эхийг тэртээ 1928 онд Мотилал Неру тавьсан түүхтэй. Барууны соёл боловсролоор хүмүүжиж, хуульч мэргэжил эзэмшсэн анхны энэтхэгчүүдийн нэг Мотилал Неру Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан идэвхтнүүдийн нэг юм. Тэрээр Энэтхэгийн Конгресс намын тэргүүнээр богинохон хугацаанд ч гэсэн хоёр удаа сонгогдон ажиллаж байгаад 1929    онд хүү Жавхарлал Неруд намын даргын суудлаа шилжүүлжээ.
Жавхарлал Неру /1889-1964/
Жавхарлал Неру бол тусгаар тогтносон Энэтхэг улсын хамгийн анхны бас хамгийн олон жил албан хашсан /1947-1964/ Ерөнхий сайд байв. Эцгийнхээ зүтгэж явсан Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг үе залгамжлан тэргүүлж, 1929 онд Конгресс намын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрээр 1952 онд Энэтхэгийн анхны сонгуульд намаа удирдаж ороод ялалт байгуулснаар Ерөнхий сайд болох зам нь нээгдсэн юм. Тэрээр Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх олон арван жилийн тэмцлийн гол тоглогч байсан билээ. Тиймдээ ч оны Энэтхэг улс тусгаар тогтносноо дэлхий нийтэд тунхаглан зарлахад улсынхаа тугийг хүндэтгэлтэйгээр залах эрх ганцхан түүнд ногдсон билээ.
Инлира Ганди /1917-1984/
Жавхарлал Неругийн ганц охин Индира Ганди аавынхаа ятгалгаар залуугаараа улс төрд орсон юм. Швейцарьт өсч, Английн Оксфордын их сургуульд дээд боловсрол эзэмшсэн Индира багаасаа улс төрийн идэвхтэй нэгэн байжээ. Индира аавыгаа Ерөнхий сайд байх үед орон тооны бус туслахаар нь ажиллаж, Конгресс намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад, 1964 онд эцгээ нас барсны дараа Засгийн газарт орж ажилласан юм. Хоёр жил танхимын сайдаар ажилласан тэрээр 1966 онд Ерөнхий сайд болж, 1977 оны сонгуульд ялагдал хүлээх хүртлээ Засгийн газар тэргүүлсэн. Гурван бүрэн эрхийн хугацаанд Засгийн газар тэргүүлсэн тэрээр Энэтхэгийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд. 1984 онд тэрээр Сих нутгийн ариун газар Алтан сүм рүү арми оруулах шийдвэр гаргасан нь эцэстээ өөрийнх нь аминд хүрэх аюултай алхам болжээ. Түүний шийдвэрт уурссан сөрөг хүчний хатгалгаар хоёр бие хамгаалагч нь Индира Гандигийн аминд хүрсэн юм.
Ражив Ганди /1944-1991/
Индира Гандиг улс төрийн халдлагад амиа алдсаны дараа Конгресс намынхны ятгалгаар онгоцны нисгэгч хүү Ражив нь улс төрд орсон юм. Ражив гэр бүлийнхээ уламжлалын дагуу баруунд өсч хүмүүжжээ. Кэмбриж, Империал зэрэг нэр хүндтэй их сургууль коллежид суралцсан ч зэрэгтэй төгсч чадаагүй тэрээр ээжийгээ Ерөнхий сайд байх үед Энэтхэгийн агаарын тээврийн компанид мэргэжлийн нисгэгчээр ажиллаж байлаа. Хоёр хүүхэд нь төрж, Раживын амьдрал ид тогтож байсан ч тэрээр улс төрд ямар ч сонирхолгүй гэдгээ мэдэгдэж, харин түүний оронд дүү Санжай нь ээждээ түшиг тулгуур болж улс төрд оролцож эхлэв. Гэвч дүү нь онгоцны ослоор нас барсны дараа Раживыг улс төрд оруулах гэсэн элдэв ятгалга энд тэндээс ирэх болжээ. Улс төрд орохыг тэр өөрөө, эхнэр Сониа Ганди ч эрс эсэргүүцэж байсан гэдэг. Гэвч эхийнх нь үхэл түүнийг гарцаагүй улс төрд түлхэн оруулжээ. Удирдагч Индирагийн хоосон орон зайг нөхөж, намаа аваад явчих хүн тэр үед үнэндээ Конгресс намд байгаагүй юм. Тиймдээ ч энэ элит гэр бүлээс дахин хүн гаргаж ирэх хэрэгтэй байлаа. Ингээд Ражив 40 насандаа ээжийнхээ халааг авч, сонгуульд ороод үнэмлэхүй ялалт байгуулан, Энэтхэгийн ес дэх Ерөнхий сайдаар сонгогдов. 1989 оны сонгуулиар ялагдал хүлээх хүртлээ Засгийн газар тэргүүлсэн Ражив Энэтхэгийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд байв.

1991 оны хавар Ражив намынхаа кампанит ажлаар олон нийттэй уулзан, талбайд үг хэлж байхад нь Тамил Тзйгер бүлгийн амиа золиослогч бөмбөг дэлбэлэн түүний аминд хүрсэн юм.
Сониа Ганди /1946/
Сониа Ганди Италид төрж өссөн ч гайхалтай энэтхэгжсэн хүн. Тэрээр 1964 онд Кэмбрижийн нэгэн зоогийн газар зөөгчөөр ажиллаж байгаад Раживтай учирчээ. Сониа Ганди Раживтай адил улс төрөөс хол байхыг эрхэмлэдэг байсан ч нөхрийнх нь үхэл түүнийг улс төр рүү түлхэн оруулсан юм. Раживын дараа Ерөнхий сайд болсон Нарасимагийн удирдсан Конгресс нам сонгуульд ялагдсаны дараа Сониа улс төрийн тавцанд гол тоглогчийн дүрээр гарч ирсэн. Тэрээр Конгресс намыг хүчтэй сөрөг хүчин болгож, дараа-гийн сонгуульд ялахад үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Тэрээр 2004 оны сонгуульд намаасаа Ерөнхий сайд болно гэж далд итгэлтэйгээр нэр дэвшиж, амжилтад ч хүрсэн. Гэвч түүнийг энэтхэг үндэстэн биш , харь хүн гэсэн хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулгарч, намаа ялалтад хүргэсэн ч Ерөнхий сайдын суудлаас татгалзахад хүрчээ. Тэрээр одоогийн Ерөнхий сайд Манмохан Синхэд боломж олгож, өөрөө Конгресс намын даргаар үлдсэн юм.
Рахул Ганди /1970/
Рахул эмээгээ нас барахад 14-тэй байсан бол, аавыгаа алдахад 21 хүрч, улс төрийн амьдрал ойлгож мэдрэхтэй болсон байлаа. Гэвч тэр 2000 оны эхэн үе хүртэл улс төрийн хүрээнээс ангид амьдарч байв. Эмээ, аав хоёр нь улс төрийн аллагад амь үрэгдсэн учир аюулгүй байдлын үүднээс түүнд гэрээр хичээл заадаг байжээ. АНУ-ын Роллинс коллежид сурахдаа ч Рахул Винчи гэдэг нууц нэрээр төгссөн байдаг. Рахул 2002 онд Энэтхэгт буцаж ирэх хүртлээ Лондонд стратегийн зөвлөгөө өгөх фирмд ажиллаж байсан байна. Түүнийг эх орондоо ирэхэд улс төрд орох нь гэсэн сэжиг таамаг хэвлэлээр нэг шуугиан тарьсан ч Рахул 2004 оны сонгуулийн өмнө л парламентад нэр дэвших болсноо зарласан юм. Тэрээр өөрийн нэр дэвшсэн тойрогт үнэмлэхүй ялалт байгуулаад зогсохгүй, намаа өндөр санал авахад ч багагүй нөлөөлжээ.
Б.Сэмжидмаа

Комментариев нет:

Отправить комментарий