четверг, 20 октября 2011 г.

Б.Обамагийн шинэ бай нь “Бурхны эсэргүүцлийн арми” биш Өмнөд Суданы нефть

Б.Обамагийн шинэ бай нь “Бурхны эсэргүүцлийн арми” биш Өмнөд Суданы нефть
-“Багахан хэмжээний нефть олох төсөл” гэж нэрлэгдээд байгаа энэ удаагийн дайн Африкт өрнөнө-

АНУ хилийн чанадад бас нэгэн цэргийн ажиллагаа явуулахаар болжээ. Гэхдээ Пакистанд биш Африкт явуулах гэнэ.

Угандад түйвээн сүйтгэж байгаа “Бурхны эсэргүүцлийн арми” гэгч хэт даврагч бүлэглэлтэй тэмцэх зорилгоор цэргийн 100 албан хаагчийг явуулах болсноо өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн юм. Тэрбээр энэ саналаа өнгөрсөн долоо хоногт Сенатад оруулж зөвшөөрөл олж авчээ. Хэдийгээр ажиллагааг Угандад явуулна гэж байгаа ч Өмнөд Суданаас нефть зөөх замаа аюулгүй болгох гэж байгаа гэдэг нь бүгдэд тодорхой юм.

Нефть зөөх зам дөрвөн улсын нутаг дамжиж өнгөрдгийн дотор Уганда улс ордог ажээ. “Бурхны эсэргүүцлийн арми” гэгч нь бас Төв Африкийн бүгд найрамдах улс, Ардчилсан Конго, дэлхийн хамгийн залуу улс Өмнөд Суданы нутагт үйл ажиллагаа явуулдаг юм. Афганистанд явуулж байгаа ажиллагаанаас ялгаатай нь Угандаг зорьж буй цэргүүд бие дааж үйл ажиллагаа явуулахгүй, галт зэвсгийг зөвхөн бие хамгаалах зорилгоор хэрэглэх удирдамжтай явах аж. Бие бүрэлдэхүүний эхний хэсэг нь аль хэдийнэ Африкт очоод байгаа бөгөөд үлдсэн нь ирэх долоо хоногт явах гэнэ.

АНУ-ын цэргүүд зөвхөн зам хамгаална гээд байгаа нь ч учиртай юм. Бурхны эсэргүүцлийн арми нь Африкийн орнуудыг эрсдэлтэй байдалд оруулдаг болохоор л АНУ-д ашигтай байгаа юм. Хэрвээ тийм биш байсан бол Иракаас өмнө л Африк руу цэрэг илгээх байсан биз ээ.

Есдүгээр сарын 11-ний халдлагын дараахан буюу Ж.Буш алан хядлагатай тэмцэх болсноо зарласны дараа АНУ 2001 оны арванхоёрдугаар сард бурхны эсэргүүцлийн армийг террорист байгууллагын жагсаалтад оруулжээ. Гэвч үнэндээ өрнөдийнхөн саяхан хүртэл энэ бүхнийг анзаараагүй мэт байсан шалтгаан тун энгийн. Тэр үед Судан бүхэл улс байсан юм. Харин АНУ нефтийн арвин их нөөцтэй Өмнөд Суданыг Омар аль Башираас салгаж авсан учир ийнхүү цэрэг оруулах болжээ.

Бурхны эсэргүүцлийн арми нь О.аль Баширын дэглэмийг дэмждэг байсан юм. Б.Обама тус гэмт бүлэглэлийг устгах, Хойд Угандад хууль ёсыг тогтоох захирамжийг 2009 оны тавдугаар сард гаргаж, дараа жил нь Сенатаар батлуулсан ч дорвитой арга хэмжээ авч чадаагүй л байсан ажээ.

Орчин үеийн хамгийн харгис хөдөлгөөн болох “Бурхны эсэргүүцлийн арми”-ийг нэн даруй устгах шийдвэрийг өмнө нь НҮБ гаргаад байсан билээ. Тус байгууллагын удирдагчид нь хүн амыг бөөнөөр устгаж, бусдыг хүчээр элсүүлэн боолчилдог нь нотлогдсон юм. Тэднийг хүний мах иддэг талаар нэг бус баримт өмнө нь дэлгэгдэж байжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тус хөдөлгөөний үйлдлийг аймшигт араатны яргалал хэмээн тодорхойлсон. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Бурхны эсэргүүцлийн арми”- ийг /БЭА/ эрс шүүмжилж, Төв Африкийн орнуудыг тэдний эсрэг хамтран тэмцэхийг чуулган болгон дээр шахам уриалдаг. Харамсалтай нь энэ дайн 25 жил үргэлжилж байгаа юм. Бурхны эсэргүүцлийн армийнхны гарт хэдэн арван мянган хүн амь үрэгдэж хэдэн сая хүн эх нутгаасаа дүрвэхэд хүрчээ. Хүний махан хүнс хэрэглэдэг, хошууч Иди Аминий дэглэмийг нурааж, ноёрхлоо тогтоосон Йовери Мусевинигийн дэглэмийг мөн л хүн иддэг ачоли омгийнхон эсэргүүцэн боссоноор Бурхны эсэргүүцэх арми байгуулагдах үндэс болсон гэдэг.

Алан хядлага хийхийн зэрэгцээ үн идэх зуршлаа орхиогүй энэ армийн цэргүүд өөрсдийгөө христүүд гэж нэрлэн, аллага, хүчирхийллээ бурхны нэрийн өмнөөс хийж байна гэж зарладаг. Тэдний анхны толгойлогч нь Ариун сүнст хувилгаан хэргэмтэй Жозеф Кони гэгч байжээ.

Бурхны эсэргүүцлийн армийн хан нь Угандагийн хойд нутаг, Өмнөд Суданы өмнөд хэсэг, Конгогийн дорно хэсгийг эрхшээлдээ оруулжээ. НҮБ 2006 оны нэгдүгээр сард АНУ-ын удирдлаган дор тусгай ажиллагаа явуулжээ. Гэвч тэдний бэлдсэн Гватемалын тусгай хүчин бут цохиулсан юм. Уганда Ардчилсан Конго, Өмнөд Суданы арми тэдний эсрэг гурван жил тэмцэж байгаа ч амжилт олоогүй байгаа юм. Уг нь НҮБ дорвитой арга хэмжээ авч чадвал зарим үедээ 1000 хүрэхгүй гишүүнтэй болдог Бурхны эсэргүүцлийн армийг хялбархан дарж чадна. Гэвч энэ талаар санаа тавихгүй байна. Учир нь өнөөгийн нөхцөл байдал хөрөнгөтөн орнуудад ашигтай. Дайн дажин, зөрчилт үед бохир уснаас ашиг олох хүсэлтнүүд олон бий. Өрнөдийнхөн дайтагч талуудад зэр зэвсэг зарж, ашиг орлого олсоор байгаа. Тэд үүнийхээ оронд алмааз болон үнэт мод, алт, тантал зэрэг байгалийн баялгийг авдаг юм. АНУ ч гэсэн эдгээр сувдаг улсын тоонд багтдаг гэдэг нь Бурхны эсэргүүцлийн армийг устгах бус, зөвхөн нефть зөөх замаа хамгаалах зорилготой 100 гаруйхан цэрэг илгээж байгаагаас тод харагдаж байгаа биз ээ.

Х.Батсайхан

Комментариев нет:

Отправить комментарий