воскресенье, 9 октября 2011 г.

Кремлийн улстөрийн технологич ВЛАДИСЛАВ СУРКОВ

ТОВЧХОН
  • Төрийн дотоод бодлого хийгээд улс төрийн тайзны арын найруулагчаар 10 гаруй жил идэвхтэй ажиллаж ирсэн
  • Төрийн тэргүүний бодлогыг “дайсан” үндэстнийх нь төлөөлөгч “засч” байдаг гэх олон түмний хэл амнаас болгоомжлох үүднээс гарал үүслээ тэр болгон тоочоод байдаггүй биз.
  • 1999 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны орлогч даргаар огцом дэвшснээр түүний улс төрийн карьерын гараа эхэлжээ.
ОХУ-ын төрийн 1-р зэрэглэлийн зөвлөгч хэмээн өргөмжлөгдөж, Б.Ельцинээс аваад В.Путин, Д.Медведев нарын засаг захиргааны тэргүүнээр ажиллаж байгаа зайтай эр бол Владислав Юрьевич Сурков. Төрийн дотоод бодлого хийгээд улс төрийн тайзны арын найруулагчаар 10 гаруй жил идэвхтэй ажиллаж ирсэн тэрээр сүүлийн хэдэн жил дараалан шилдэг улс төрийн технологичоор шалгарч байгаа нь санамсаргүй хэрэг биш ээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр чечень гаралтай, ижил хүйст гаж донтон гэж адлагдахын зэрэгцээ “Кремлийн гол үзэл сурталч”, “кремлийг их багш”, “Оросын хашир хамба” зэргээр өргөмжлөгдөж, сайн муу нэрээрээ улс орондоо төдийгүй дэлхий дахинаа танигдсан В.Сурковын талаар уншигч та бүхэнд дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Товч намтар
В.Сурков 1964 онд төрсөн. Төрсөн газраа олон нийтээс нуудаг ч хэн бүхэнд кавказ гаралтай нь тодорхой харагддаг. Чечень гаралтайгаа ч тэр бүр зарлаад байдаггүй. Төрийн тэргүүний бодлогыг “дайсан” үндэстнийх нь төлөөлөгч “засч” байдаг гэх олон түмний хэл амнаас болгоомжлох үүднээс гарал үүслээ тэр болгон тоочоод байдаггүй биз. Ядахад эцгийнх нь нэр хүртэл чечений алдарт алан хядагч, салан тусгаарлагч агсан Дудаевтай амьдай гэж байгаа. Сурковыг багад нь Дудаев Асламбек Андарбекович гэж нэрлэдэг байсан гэх бөгөөд сургуульд ороход нь нэр усыг нь сольсон гэдэг. Ер нь Сурковын намтар тэр чигтээ учир битүүлэг, ээдрээтэй зүйлээр дүүрэн ажээ.

1982-1984 оны хооронд Москвагийн ган хайлшийн дээд сургууль, соёлын дээд сургуульд суралцсан хэдий ч төгсөөгүй байна. Харин албан ёсны намтартаа энэ хугацаанд зөвлөлтийн армид цэргийн алба хаасан гэж дурьдсан байдаг.

Мөн тухайн үед КГБ-ээс ч нөлөө бүхий ГРУ (монголоор Тагнуулын төв удирдлага)-д хугацаат алба хашсан гэх хувилбар ч бий. Хоёр удаа гэрлэсэн Сурков анхны болон 2 дахь эхнэр Наталия Дубовицкаягаас нийт 4 хүүхэдтэй. Гэр бүлийнх нь орлого 2009 оны байдлаар 62.3 сая рубль болсноос эхнэрийнх нь орлого 56.4 сая рубль болсон байдаг. Тэрээр төрийн том зүтгэлтэн төдийгүй утга зохиол, урлагийн шаггүй авъяастай нэгэн. Вадим Самойловтай хамтран рок хөгжмийн CD гаргаж байлаа. Тэрчлэн 2009 онд Натан Дубовицкий гэх нууц нэрээр хэвлэгдсэн “Околоноля” романы жинхэнэ зохиогч нь Сурков байсныг өөрөө ч хүлээн зөвшөөрсөн гэдэг. Улс төрийн хүрээнд түүнийг “Zотов” гэх нэрээр адал явдалт зохиол бичдэг гэх цуурхал бий. Мөн урлагийн талаар нэг бус шүүмжлэл өгүүлэл бичсэн гэдэг.
Албан тушаалын шатаар
1987 онд М.Ходорковскийн толгойлж байсан “Салбар дундын шинжлэх ухаан-техникийн хөтөлбөрийн төв”-д сурталчилгааны хэлтсийг удирдах болсноор түүний карьер тасралтгүй өсөж эхэлжээ. Тэрээр богино хугацаанд дэвшин, “Метапресс” зах зээлийн харилцааны агентлагийн захирал, “Оросын реклам сурталчилгааны холбоо”-ны ерөнхийлөгч, Санхүү-зээлийн бизнесийн нэгдэл (энэ хугацаанд мөн л Ходорковский тэргүүлж байжээ), “Менатеп” банканд тус тус удирдах алба хашсан байна.1996 оноос “Роспром” төрийн өмчит компани, Оросын олон нийтийн телевизийн PR-ын газар албадыг толгойлж байгаад 1999 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны орлогч даргаар огцом дэвшснээр түүний улс төрийн карьерын гараа эхэлжээ.Тэр зөвхөн улс төрийн талбарт бат бэх байр суурьтай төдийгүй оросын томоохон олигархиуд болох М.Ходорковский, М.Фридман нартай түншилж явсан зайтай эр.

putin_koro2008 оноос одоогийн ерөнхийлөгч Д.Медведевийн засаг захиргаанд нэгдүгээр орлогч даргаар томилогдон ажиллах болсон. В.Сурков ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны нэгдүгээр орлогч даргаас гадна бодлого боловсруулж, төрийн шийдвэрт нөлөө үзүүлдэг цөөнгүй тооны албан тушаалыг давхар хашдаг байна.
Үүнд:
  • Ерөнхийлөгчийн дэргэдэх эдийн засгийн технологийн хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч дарга;
  • Судалгаа, түүний үр дүнг боловсруулах, борлуулах үйл явцын хөгжилд зориулсан нутаг дэвсгэрийн цогцолбор байгуулах (Кластер байгуулах) төсөл боловсруулах ажлын хэсгийн удирдагч;
  • Ерөнхийлөгчийн дэргэдэх мэдээллийн нийгмийн хөгжлийн зөвлөлийн гишүүн
  • Засгийн газрын харъяа оросын кино хөгжлийн зөвлөлийн гишүүн;- Иргэний нийгмийн асуудлаарх америк-оросын засгийн газар хоорондын комиссийн зохицуулагч;
Улс төрийн технологич Сурков
Түүний албан ёсны ажил үүрэг нь ерөнхийлөгчийн зүгээс парламент, сонгуулийн ерөнхий хороо болон улс төрийн намууд, үйлдвэрчний эвлэл, олон нийтийн ба шашны байгууллагууд, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх явдал юм. Өөр үгээр хэлбэл, эрх баригчдын PR хийх, тэдгээрийн улс төрийн тоглолтын арга хэлбэрийг дэглэх ажлыг явуулдаг. Сурковын хэрэгжүүлсэн улс төрийн томоохон төслүүд дотор улс төрийн нам байгуулах, бэхжүүлэх ажиллагаа нь багагүй амжилтад хүрсэн юм.

Тэрээр тухайн үеийн Кремлийн эрх баригчдыг дэмжих үүднээс 1999 онд “Единство” (Нэгдэл) сонгуулийн эвслийг байгуулж, улс төрд шинээр гарч ирсэн Путины байр суурийг бэхжүүлэх зорилгоор 2000 оноос "Идущие вместе" (Хамтдаа явцгаая), "Наши" (Манайхан) нэртэй залуучуудын хөдөлгөөн санаачилсан бол 2003 онд “Родина” (Эх орон) сонгуулийн эвсэл, өнөөгийн эрх баригч нам “Единая Россия" (Нэгдсэн орос) болон 3 том намыг нэгтгэсэн “Шударга орос” (Справедливая Россия) намыг эмхлэн байгуулах ажлын гол “автор” байсан юм.Ерөөс 2000 оноос хойшхи эрх баригчдын ялалт амжилт бүрийн ард тэр зогсож байлаа.

Тэр үзэл суртлын олон чиг хандлагыг нэгтгэсэн нам байгуулахын зэрэгцээ зүүний болон барууны нам хүчин байгуулахад гар бие оролцож иржээ. Жишээ нь хамгийн сүүлд буюу 2008 онд “Правое дело” (Барууны үйл хэрэг) гэх шинэ намын цаад зохицуулагч нь мөн л В.Сурков болохыг намын лидерүүдийн нэг болох Борис Надеждин хүлээн зөвшөөрсөн байдаг. Бас л улс төрийн технологийн зорилгоор буюу парламент дахь барууны чиг хандлагатай намуудын байр суурийг бүдгэрүүлэх санаа агуулан байгуулсан гэдэг.Дэлхий дахиныг хамарсан санхүү-эдийн засгийн хямралыг даван туулах, улс орноо удирдах ажиллагаанд Сурков ханцуй шамлан оролцов. Улс төрийн технологчийн хувьд ч, төрийн бодлого гардан боловсруулагчийн хувьд ч тэр. 2009 онд Сурков “Единая Россия” намын удирдлагад хямралтай тэмцэх чиглэлээрх засгийн газрын шийдвэрийг дэмжсэн гудамжны жагсаал цуглаан зохион байгуулахыг санал болгожээ. Улмаар түүний санаачлагаар оросын олон бүс нутагт уг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Энэ нь чухамдаа 2008 онд засгийн газраас гаргасан “Стратеги - 2020” төлөвлөгөө зорилгодоо хүрэх эсэх талаар өөрийн байр суурийг олон нийтэд хүргэх, хямралын нөхцөлд “дунд ангийг хадгалах” зорилтыг төрөөс баримтлах талаар өөрийн санаачлагыг олон түмнээр дэмжүүлэх гэсэн давхар давхар зорилтыг агуулж байсан хэрэг юм.Үзэл сурталч Сурков2006 онд Сурков “бүрэн эрхэт ардчилал” гэх ойлголтыг улс төрийн хэллэгт нэвтрүүлсэн байна. Чухам энэхүү ойлголт нь түүний үзэл суртлын гол концепци болсон төдийгүй улс төрийн PR, технологчоос “Кремлийн албан ёсны үзэл сурталч” болон “өргөмжлөгдөхөд” хүргэсэн гэж шинжээчид дүгнэдэг. Уг нэр томъёог хуурамч ардчиллын нэг хэлбэр болох “зохицуулалттай ардчилал” гэх үзэл санаатай сөргүүлэн гаргаж ирсэн байна.“...Эрх чөлөөт иргэд бүхий улс орны хөгжүүлэхийн тулд юун түрүүнд бүрэн эрхэт үндэстэн улс байх учиртай. Гэтэл бүхий улс орнууд жинхэнэ бүрэн эрхэт байдлыг хүсч эрмэлздэггүй. Зүгээр л бусдын эрхшээл дор тавтай амьдарч байдаг.

medewЭнэ зам мөр Орос оронд огтоос тохирохгүй. Оросын ардчилал нь өөрийн улс төрийн соёлд суурилсан үндэсний өвөрмөц хувилбарыг хөгжүүлвэл зохино. Бүрэн эрхэт ардчиллын үзэл санаа ч тэрхүү онцлогтой нь бүрэн зохицон нийцнэ.Бүрэн эрхэт ардчилал бол ард түмэн түүнийг бүрдүүлэгч бүхий л нийгмийн бүлгүүд, иргэдийн шударга, эрх чөлөөтэй, элбэг хангалуун амьдралд хүрэхийн төлөөх оросын ард түмний нэгдмэл, бүрэн бүтэн байдалд чиглэсэн, тэдгээрийн өөрсдийн сонгож авч, байгуулахыг зорьж буй нийгмийн улс төрийн амьдралын хэв маяг юм.

Товчоор хэлбэл, “эрх чөлөөт хүмүүсийн засаглал”-ыг хэлнэ. Нөгөө талаас олон улсын харилцаанд ч либерал чөлөөт байдал, монополь бус эдийн засгийг төлөвшүүлэх явдал багтана. Түүний үзэл баримтлал нь улс төрийн онол ч биш, PR ч бус, харин Үндсэн хуулинд тусгагдсан зүйлсийн талаар санамж” ажээ.Гэвч эрх баригчдын зүгээс бүрэн эрхэт ардчиллын үзэл санааг ирээдүй муутай гэж үзэн, хэрэглэхээс зайлсхийх болж, 3 жилийн дараа гэхэд Кремлийн улс төрийн хэллэгт ашиглагдахаа бүрэн больсон байлаа.

Сурков улс төрийн нэг улс төрийн технологч төдийгүй сайн илтгэгч, шинийг санаачлагч.2008-2009 оны эдийн засгийн хямралын үед инновацийн эдийн засгийг бий болгох, посткоммунист тогтолцооны дараах нийгэмд шинэ үзэл суртлын тогтолцоог бэхжүүлэх, ялангуяа залуучуудын талаар явуулах бодлогыг шинэчлэх чиглэлээр өөрийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулсан байна. Амжилтгүй болсон “бүрэн эрхэт ардчилал”-ын дараагаар “инновацийн эдийн засгийн хөгжил”-ийн талаар үзэл баримтлалаа дэвшүүлэн гаргах нь тэр.“...Эдийн засгийн модернизаци нь улс төрийн реформоос түрүүлж хэрэгжих ёстой. Болхи энгийн эдийн засагтай нөхцөлд мөн л болхи маруухан улс төрийн тогтолцоо оршино. Ардчилал гэдэг нь баян хангалуун нийгмийн тогтолцоо, ядуу нийгэмд хэзээ ч ардчилал бүрэн утгаараа бүрэлдэн бий болохгүйг... тэрээр өөрийн илтгэл яриандаа нэг бус илэрхийлж байлаа.

Түүний үзэж буйгаар төр засгийг бэхжүүлэх нь Орост модернизаци хийх цорын ганц боломжит арга хэрэгсэл ажээ. Үүний тулд инновацийн эдийн засгийн шинэчлэлийг явуулахаас эхлэнэ. Нэн тэргүүнд бүхий л томоохон компаниуд өөрийн чиглэлийн дагуу кластер төвүүдийг байгуулж, инновацийн бүтээгдэхүүн, түүнийг арилжаалах харилцааг хөгжүүлвэл зохино гэж тэр үзжээ.Олон намын тогтолцоо төлөвших үйл явцыг нухчин дарсан гэж сөрөг хүчний шүүмжлэлд тэрээр “харин ч олон намаас үүдсэн тогтворгүй байдал нь оросын улс төрийн тогтолцооны гол сул тал... Тэгээд ч хэдэн нам хэрэгтэйг кремль биш ард түмэн өөрсдөө шийдвэрлэх ёстой” хэмээн хариу барьсан байдаг. Цаашлаад намуудыг баруун, зүүний гэх хуваах, ангич шинжээр нь (тухайлбал хөрөнгтний, бизнес эрхлэгчдийн гэх мэтээр) нам байгуулах гэж оролдох нь чухамдаа аж үйлдвэрийн өмнөх эрин үе рүү ухарсан сөргүү хандлага юм. Орчин цагийн намууд ялангуяа орост нийгмийн янз бүрийн давхрагын сонгогчдод тулгуурласан, прагматик хандлагыг эрхэмлэсэн байх учиртай гэж тэрээр үзсэн байна. Цаад утгаараа улс орны эрх ашигт нийцсэн, ард түмний эв нэгдлийг дээдлэсэн гэх “Нэгдсэн орос” намын нэр хүндийг өргөсөн санааг агуулжээ.Түүний хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, санаачилсан бодлого шийдвэр нь тэр бүр ил байх шаардлагагүй ч олон нийтийн анхаарлын төвд байнга орж иржээ.

Тухайлбал, 2005 онд германы “Der Spiegel” сэтгүүлээс шалгаруулсан орост нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад В.Сурков 2-рт жагссан бол оросын “Независимая газета” сонины 2009, 2009 оны онд улс төрчдийн рейтинг тодорхойлох шалгаруулалтад 3, 4-р байр тус тус эзэлж байжээ.Шүүмжлэлийн бай СурковВ.Сурков олж авсан нэр алдартайгаа цуг хурц шүүмжлэлд байнга өртөж байлаа. Сөрөг хүчнийхэн болон хууль сахиулагчдын зүгээс түүний улс төрд гүйцэтгэж буй үүргийг сөргөөр үнэлж, огцрох ёстойг олонтаа сануулж байв.

Учир нь Сурков сонгуулийн дүнг луйвардах хууль бус ажиллагаа явуулах замаар улс төрийн шударга өрсөлдөөнийг үгүй хийж, “Манайхан” гэх залуучуудын дайрагч отряд байгуулан төрийн бус олон нийтийн байгууллагуудын эсрэг кампанит ажил өрнүүлэх ажлыг гардан удирдаж ирсэн хэмээн шүүмжлүүлж байлаа. Тэдний үзэж буйгаар Сурков “үзэл сурталч” огтоос биш, учир нь Орос оронд тохирсон үзэл суртлын загварыг тэр санаачлаагүй. Тэрхүү санаа оноо нь чухамдаа Ельциний үед томоохон бизнес эрхлэгчдийн томъёолсон зүйлс байсан ажээ.Барууны хэвлэл мэдээллээр Сурковыг Орост Путины гол суртал ухуулагч агаад Путины дарангуйлалт тогтолцоог бий болгоход тусалсан этгээд гэж үнэлж дүгнэсэн нь цөөнгүй.

2009 онд АНУ-ын конгрессийн 60 гаруй гишүүд ерөнхийлөгч Б.Обамад хандсан захидал илгээж, “ардчилсан бус чиг хандлагыг тогтооход гар бие оролцсон” хэмээн Сурковын удирддаг “Иргэний нийгмийн асуудлаарх америк-оросын засгийн газар хоорондын комисс”-ийн үйл ажиллагаанаас Цагаан ордон татгалзахыг шаардсан байдаг.2012 онд болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар В.Сурков чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Гэвч саяхнаас түүнийг Ерөнхийлөгчийн засаг захиргааны нэгдүгээр орлогч даргын албанаасаа огцрох магадлалтай талаар судлаач шинжээчид таамаглал дэвшүүлээд эхлэв. Учир нь улс төрийн элитүүдийн дунд түүний нэр нөлөө буурч байгаа төдийгүй Путин, Медведев нарын хувьд Сурков одоо хэрэггүй болсон хэмээн үзэж байгаа аж.

Ямартай ч оросын улс төрд 10 гаруй жил тайзны арын найруулагчаар ажилласан тэрээр ажил албанаасаа огцорсон байлаа ч ил далдуур эрх баригчдад мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн хэвээр байх нь дамжиггүй. Нэгэнтээ урлагийн нэрт зүтгэлтэн, нэг хэсэг Кремльд улс төрийн зөвлөхөөр ажиллаж байсан Марат Гельман “Оросын улс төр дэх Кремль нь Сурков юм. Оросын улс төрийн бүхий л хүчнүүд Кремльтэй л тулж ажилладаг шүү дээ” гэж хэлсэн байдаг нь санамсаргүй хэрэг биш бөлгөө.
Эх сурвалж
www.ulsturj.com

Комментариев нет:

Отправить комментарий