пятница, 27 января 2012 г.

Бидний дунд Аватарууд байгаа юу


Тажикистаны сэтгүүлч Савзали Джобировын “Төв Ази. Бидний дунд Аватарууд байгаа юу?” нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Хөгжиж буй орнуудад АНУ ба түүний холбоотнууд болох НАТО-гийн орнууд хэрхэн ханддагийн тод томруун жишээ бол Жеймс Кэмероны алдарт “Аватар” кино. Та нар санаж байна уу? Энэ кинон дээр америкчууд Пандорагийн ард түмнийг эзлэн түрэмгийлэхийн тулд хорлон сүйтгэх тагнуулын баг байгуулж, харь гарагийн хөх арьстай, сүүлтэй оршин суугчид руу илгээдэг.
Өнөөгийн технологи хэдийгээр Д.Кэмероны киноны түвшинд хүрээгүй ч мөн ча­нар нь адилхан. Харийн үзэл санааг сурталчлагчид Тажикистан болон манай хөрш орнуудад /ЗХУ-ын дараа байгуулагдсан/ гарч ирлээ. Хов хоосон нүдтэй тэд яг л зомби шиг бөгөөд ховсдуулсан мэт цээжилсэн үгээ дахин дахин давтаж, харийн түрэмгийлэгчдэд ашигтай байдлаар юу хийх, яахыг ард түмнүүдэд зааж, ятгасаар байна.

Гэхдээ манай Төв Азийн ард түмэн өрнөдийнхний төсөөлж байгаа шиг тийм зэрлэг биш, бас сүүлгүй шүү дээ. Иймээс бид тусгаар тогтнолоо хадгалан үлдэж чадлаа. Мэдээж, зарим нутагт тухайлбал Жанаозен, Андижанд үймээн са­муун гарч байсан.
Гэхдээ амжилтад хүрээгүй. Одоо түрэмгийлэгчид үүнийг ойлгоод тактикаа өөрчиллөө. Тэд эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн Эмомали Рахмон зэрэг улст өрчдийг гартаа оруулжээ /Эмомали Рахмон бол Тажикистаны Ерөнхийлөгч бөгөөд 1994.11.16-наас хойш өнөөг хүртэл энэ албан тушаалыг хашиж байна, орч/.
Гэхдээ Рахмоныг яагаад Ливийн Каддафи шиг устгааг үй вэ? Яагаад гэвэл Рахмоноос ялгаатай нь Каддафи хэдийгээр өөрийн ард түмнээ дээрэмдэж байсан ч тэдэнд зориулж, элсэн цөлд диваажин байгуулсан. Тэгэхээр Рахмон тэдний ямар нэг чухал, өөр тоглоомонд хэрэгтэй гэсэн үг.
Одоо тэгвэл юу болох бол? Сайтар эргэцүүлбэл хариу нь тийм ч хэцүү биш. Дэлхийг дахин хувааж эхэлжээ. Ирак, Афганистаныг эзлэн авахын өмнөхөн дэгдсэн Арабын хувьсгалууд ийнхүү дэлхийн хүчний харьцааг өөрчиллөө.
Дараагийн бай бол Иран. Энэ улсыг яг л өнөөгийн Ирак шиг бут цохиж, дээрэмдэх нь тодорхой. Ингэхэд Барак Обама чинь Аватар юм биш үү? Тэр ца­гаан гэхэд цагаан биш, хар гэхэд хар биш. Бас лалынханд хайртай гээд байгаа. Тэр бүү хэл Израилийн асуудлаар исла­мистуудын та­лыг ба­римталдаг.
Та нар өөрсдөө бодоод үз дээ. Зарим хүн миний байр суурийг эсэргүүцэн, ОХУ хэзээ ч ийм байдалд хүргүүлэхгүй гэх байх. Орос хэдийгээр хүчирхэг гүрэн ч хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу цэргийн ма­шин болох НАТО-гийн эсрэг зогсохоор хангалттай хүчтэй биш.
Эндээс ямар гаргалгаа хийх вэ? Бүх зүйл маш энгийн. Урьд өмнө нь дэлхийг хувааж өмчилж байхад байсан шиг Орос гэнэн цайлганаар Төв Азийг өөрийн нөлөөний бүс гэж бодож байгаа. Ингэхэд Германы канцлер Ангела Меркель нэг удаа Орос улс хэтэрхий том, өчнөөн илүүдэл газар нутагтай талаар чалчсан.
Үнэндээ НАТО-гийн орнуудаас ганц Герман улс ингэж боддог юм биш. Гэхдээ Турк гэж улс бий. Энэ улс Төв Азид их гүрний зангараг үзүүлэхийг оролддог. Гэхдээ тэр хэнд хэрэгтэй юм бэ? Туркийг зүгээр л өмнөх шигээ “гол гарга­чихна”. Тэгээд зүгээр орхивол их юм болох биз.
Өө, бид Хятад улсыг мартчихлаа. Манай бүс нутаг дахь Бээжингийн ашиг сонирхлыг яах билээ? Та­жикистаны нийслэл Душанбе хотод хятадууд аль хэдийнэ эзэн суучихсан. Тэд үргэлж нэг юм барьж босгоод л, бас Уулын Бадахшаны хэсгийг / Энэ бол Тажикистаны бүрэлдэх үүнд багтдаг автономит эрхтэй муж, орч/ өөрийн болгосоор байгаа.
Нэмж өгүүлэхэд энэ бүхнийг эрхэм дээдэс Рахмоны зөвшөөрлөөр хийж байгаа шүү. Эндээс бидний хувьд аймаар дүгнэлт урган гарч ирж байна. Гадаадын орнуудын хүч цаашид ч манай бүс нутгийн байдлыг тогтворгүй болгосоор байх хандлагатай.
Энэ аюултай нөхцөл байдлаас гарах цорын ганц арга зам бол бүс нутгийн улс орнуудын нэгдэл. Гэхдээ засгийн эрхэнд Рахмон шиг хүмүүс байгаа цагт энэ боломжгүй. Тэгээд ч Аватаруудын дундаас бидний хамгаалагч олдоно гэж найдах нь тэнэг хэрэг. Кино, амьдрал хоёр бол огт өөр зүйл.
М.Цогзолмаа
Эх сурвалж: “Өглөөний сонин”

Комментариев нет:

Отправить комментарий