понедельник, 8 октября 2012 г.

Хятадууд дэлхийг ноёрхох уу? Боолын хөдөлмөртөө бэлд дээ


Бид Хятадын мөнгийг манай асуудлыг шийдэх хариу гэж боддог ч энэ улс цөхрөлтгүй хөдөлмөрийнхөө үр дүнд энэ бүхэнд хүрсэн бөгөөд яг ингэхийг л биднээс хүлээж байна.
Гучин жилийн өмнө намайг 17 настай байхад “Хятад” гэдэг үг бол ямар нэгэн тахианы махтай идэх юм буюу илэрхий арьсны үзэл санаа илэрхийлсэн “чинки” гэдэг санааг  илэрхийлдэг байлаа. Эдийн засгийн ч, улстөрийн ч хувьд яг л хоолных нь тухай юм шиг л ойлголттой байсан. Өөрөөр хэлбэл Хятад ямар ч үүрэг рольгүй байсан хэрэг.


Гэтэл өнөөдөр БНХАУ өөрийнхөө ДНБ /Дотоодын нийт бүтээгдэхүүн/-нээрээ дэлхийд нэгт бичигдэж байна. Энэ бол урьд хожид үзэгдээгүй агуу өөрчлөлт юм. Та өөрөө гучхан жилийн дотор багтсан аж үйлдвэрлэлийн агуу том хувьсгал гэж төсөөлөөд үз л дээ.
Одоо Хятадын бүтээгдэхүүнүүдийг дэлхийн аль ч улсаас олж харж болно. Хятадын компаниуд дэлхий даяар хөрөнгө оруулалт хийж байна. Харин би эрдэмтнийхээ хувьд Хятадын оюутнууд өөрийнхөө үеийнхнийг гайхуулан дэлхийн аль шилдэг гэсэн их сургуулиудад суралцацгааж байгааг харж байна. Би өөрийнхөө хүүд яг түүний үеийн хятад залуус өөрсдийгөө төрөхөөсөө авахуулаад орлоготой амьдрах эрхтэй гэж үздэг гэдгийг хэлэх дуртай. Өөрөөр хэлбэл хятад залуус ажилдаа миний хүүгийн зарцуулдагаас дор хаяж хоёр дахин их цагийг өдөрт зарцуулдаг.
Энэ өөрчлөлт бид бүгдэд нөлөөлж байна. Одоо европчууд Бээжингээс өөрсдийнхөө эмгэг туссан эдийн засгийг аврахыг гуйж, өрнөдийн бүх засгийн газрууд Хятадын хөрөнгө оруулалтын төлөө уралцацгааж байгаа энэ үед бид Азийн шинэ эздийн өмнө боол мэт бөхөлзөхөд хүрлээ. Энэ бол Европоос таван зуун жилийн хойно хоцоррогдсон байсан Хятадын гайхамшигт эргэлт юм.
Эдүгээ XXI зууны хамгийн чухал асуудлууд бүгд Хятадтай холбогдсон. Энэхүү Хятад ноёлсон дэлхийд амьдрах ямархуу байх бол? Эсвэл энэ улаан луу өнгөрсөн үед Хятадыг сүйрүүлсэн шиг ардаа эмх замбараагүй байдал үлдээгээд одох болов уу? Юутай ч ойрын ирээдүйн хэдэн жилд энэ асуудал бид бүгдийн амьдралын гол утга болох бололтой.
Өнөөгийн хятадуудын амьдарч буй систем бол юутай ч коммунист гүрэн болохын дээр нь энэ нь олон зууны өв уламжлал, хүнд суртал болон захиргаадалтын засаглал холилдон сүлэлдсэн систем юм. Өөрөөр байх аргагүй юу? Хятадын удирдагчдын хэлдэгчилэн намын засаглал эмх замбараагүй байдал руу ард түмнийг эргэн орохоос сэргийлдэг гэж батлах нь шударга уу? Эсвэл Мао Зэдуны соёлын хувьсгалын үед, их үсрэлтийн сүйрлийн он жилүүдэд утга учиргүй, төгсгөлгүй гэмээр эмх замбараагүй байдал үүсгэсэн энэ байгууллагаас /Хятадын коммунист нам/ ийм үг гарах нь үнэхээр инээд хүрэм биш гэж үү?
Энэхүү коммунист-хөрөнгөтний загвар ажиллах чадвартайгаа үлдэх болов уу? Эсвэл хүн амын орлого нэмэгдэхийн хэрээр асар их болсон дундаж давхаргынханаас нэг намын системийг хадгалан үлдэх оролдлого нь шинэ цохилтын жор болж чадах уу? Үнэхээр хятадууд дэлхийг удирдахыг үнэхээр хүсч тэгээд түүний эхлэл болгон өөрсдийгөө удирдахыг хичээх нь зөв үү?
Өнөөдөр бидний ирээдүй болон Хятадын ирээдүй арван жилийн өмнө төсөөлж ч байгаагүйгээр харилцан уялдаа холбоотой болжээ. Энэ бол Хятадын хямдхан импортын бүтээгдэхүүний тухай яриа биш юм шүү. Харин одоо бидэнд Хятад руу хийх экспортоо өсгөх зайлшгүй шаардлага тулгарлаа.
2020 онд Хятадын хэрэглээ дэлхийн нийт хэрэглээний 22%-ийг эзлэх болно. Барууны Starbucks, Nike болон Procter & Gamble компаниуд аль хэдийнэ хятадын хэрэглэгчдийг урхидахын төлөө тэмцээд эхэлчихсэн шүү дээ. Хятадын шинэ баячуудад зориулсан сүүлчийн люкс брэндүүд Louis Vuitton ба Gucci гэх мэтийнхэн ч тэнд оччихсон л байна. Манай улстөрчид Хятадын бие даасан хөрөнгө оруулалтын санг Британийн дэд бүтэцийг сайжруулахад мөнгө оруулааасай гэж хүсдэг. Бидэнд Хятад хэрэгтэй. Гэвч энэ хэрэгцээний эцсийн үр дагавар тйим ч таатай биш байх болно.
Хятадын залуу үндэсэрхэг үзэлтнүүд манай копьютерүүдийг эвдэн хакераж эхлэх цагт бидэнд тэдний эсрэг зогсох хүч байгаа юу? Хэрэв хятадууд хөгжиж буй зах зээл дээр өөрсдийнхөө бага цалин, хүнд хөдөлмөрийг уялдуулж чаддаг тогтолцоогоо бидэнд зориулан гаргаж ирэхэд их хугацаа орно гэж үү? Хэзээ нэгэн цагт бидэнд гайхалтай санаа оноо байж хятадууд эд анги л цуглуулдаг байлаа. Одоо бид энэ үүргээ удахгүй солих уу? Хэрэв Хятад бидний хамгийн их итгэл үнэмшилээрээ ханддаг үг хэлэх эрх чөлөөнд халдаж өөрөөр сэтгэгчдийг шоронд суулгаад эхэлвэл бидэний хүсэн хүлээж байгаа хөрөнгө оруулалтынх нь төлөө хэлээ хазаад л өнгөрөх үү?
Биднийг доорх нөхцөлүүдийн аль нь илүү түгшээх ёстой вэ? Дэлхийг бүхэлд ноёрхож, хяналтаа тавьсан Хятад. Эсвэл задран унаж, үүнийхээ араас дэлхийг хөлдөө чирэх Хятад нь уу?
Дөчин жилийн өмнө 1972 онд Хятадыг Барууныханд таниулсан ерөнхийлөгч Ричард Никсонд ирээдүйн тухай зөн харагдсан юм. Тэрээр “Хэрэв эх газрын Хятадад зөв хүчирхэг засаглал тогтоно гээд бодоод үз...” хэмээгээд цааш нь уулга алдан байж “Бурхан минь...дэлхий дээр нэг ч гүрэн тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Юу гэсэн үг вэ гэхээр энэ 800 сая хятадууд тохирсон нөхцөлд ажиллаад эхэлвэл... тэд дэлхийн тэргүүлэгчид болно” гэсэн байдаг. Түүний энэ лүдэн өнөөдөр биелэлээ олж байна. Мөн өнөөдөр хятадууд 1,3 тэрбумд хүрчээ.
Дөчин жилийн өмнө Хятадын эдийн засаг Их Британыхаас бага байлаа. Тэгвэл өнөөдөр тав дахин том болжээ. Олон улсын валютын сан 2016 онд тэд Америкийг гүйцэж түрүүлээд дэлхийн тэргүүлэгч гүрэн болно хэмээн мэдээлж байна. Хятадууд хөрөнгөн хуримталалаараа АНУ-ыг аль хэдийнэ гүйцээд түрүүлчихсэн.
Энэ нь нийгмийн асар том үр дагавартай. Өнөөдөр 10-100 мянган долларын хөрөнгө хуримтлуулсан хүн Хятадын хүн амын гуравны нэгийг эзэлж байна. Харин Энэтхэгт энэ тоо тав дахин бага юм.
Хятадын татвараа өгөөд жилд цэвэр ордог 10 мянган долларын орлоготой өрхийн аж ахуй өнөөдөр 57 сая байгаа бол 2020 онд энэ нь дөрөв дахин өсч 222 саяд хүрэх учиртай юм.
Нэг талаас Хятад хүчирхэгжих нь бидэнд сай мэдээ. Барууны компаниуд энэ асар том худалдан авах чадварынх нь ядаж тал хагасыг нь ч гэсэн ашиглана. Мөн олон улсын нөөцдөө 3 их наяад доллартай, бие даасан хөрөнгө оруулалтын сантай, сайн актив нь 200 тэрбумд хүрсэн энэ улс барууны орнуудын эдийн засгийн хувьд үнэхээр хүчирхэг хөрөнгө оруулагч юм. Гэвч энэхүү эдийн засгийн гайхамшиг хэр удаан үргэлжлэх болоо?
Америкийн эдийн засгийн мөрөөдөл үл хөдлөх хөрөнгийн хөөс хагарангуут хэдэн хэсэг болон задарч эгээтэй л барууны санхүүгийн системийг сүйтгэчихээгүйг эргэн нэг сана даа. Та хятадууд үүнээс сургамж авсан байх гэж бодож байж магадгүй. Гэвч би өнгөрсөн жил Хятадад очоод хаашаа ч явсан хаана ч очсон энд тэндгүй асар том хэмжээний орон сууцны барилгын ажил явагдаж байхыг харсан. Хятадын барилгын оргил үед хоёр долоо хоног тутамд Ром хоттой хэмжээгээрээ дүйцэх хот босгож байна. Тэдний төв банк зах зээлийг хөргөөх гэж оролдоход мөнгөний урсгалын хөдөлгөөнийг үргэлжлүүлэн барьж байх гэсэн эргэлзээтэй зээлдүүлэгч гарч ирдэг. Одоо үл хөдлөх хөрөнгийн хөөс хурдан томорч, үл хөдлөх хөрөнгийн үнэ тэр хэрээр унаж байгаа юм.
Гэвч зөвхөн энэ л Хятадын эдийн засгийн гайхамшигт заналхийлж буй зүйл биш. Хүний нэг үеийн амьдралын хугацаанд дэлхийн нийгмийн тэгш байдлын тэргүүн байсан энэ орон эдүгээ Америкийг орлогын харилцан адилгүй байдлаараа гүйцэж түрүүлээд байна. Хэдэн зуун сая тосгоны ядуу иргэд барилга барихын тулд газар “дээрэмдэх” авилгад идэгдсэн төрийн албан хаагчид болон өршөөхийг үл мэдэх газрын наймаачдад газраа булаалгаж байна. Хотод хөдөөнөөс цагаачлан ирсэн 250 сая ажилчидийн дунд дургүйцэх үзэл газар авсаар байгаа юм.
Хотын хятадууд саятан болох завшаан байсан ч тэдний ихэнх нь амьдрахын тулд хүнд нөхцөлд маш бага цалинтай ажил хийхээс өөр аргагүйд хүрээд байгаа юм. Иймээс Хятад хүн амын орлогын дүнгээр дэлхийд 86-т жагсаж ядуу орны нэг хэвээр байсаар байна. Хүн амых нь арван хүн тутмын нэг буюу 150 сая хүн өдөрт хагас доллараар л амь зогоож байна шүү дээ.
Үүнээс гадна Хятад хүн ам зүйн томоохон асуудалтай байгаа. 1980 оноос эхлүүлсэн хүн амын өсөлтийг хязгаарлах “Нэг гэрбүл-нэг хүүхэд” бодлогын үр дүнд, ялангуяа эмэгтэй хүйсийн ургийг түүн аборт хийсний уршгаар бүхэл бүтэн нэг үеийн эмэгчүүд сох алга болжээ. Одоо 100 охинд 123 хөвгүүн ноогдож байгаа нь 50 жилийн өмнө энэ тоо 106 байснаас давсан тэнцвэргүй байдалд орчихоод байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл өнөөдөрийн шинэ төрсөн хятад хүүхэд насанд хүрэхэд гэрбүл болох сүйт бүсгүй дутагдалд орно гэсэн үг юм.
Түүнээс гадна Хятад хөгширч байна. 2050 он гэхэд 60 дээш насны хүн ам 230 саяд хүрнэ. Өнөөгийн хүн амын 12 хувийг эзэлж буй энэ тоо хүн амынх нь гуравны нэг болтлоо өснө. Хятадууд баяжихаасаа өмнө хөгширөх төлөвтэй байна.
Аж үйлдвэрлэлийн гайхамшиг ардаа экологийн хурц асуудлууд үлдээж байгаа юм. Агаар үхлийн аюултай хорт хийгээр дүүрч, гол, нуур хордон, зарим бүс нутагт хуурайшилт, хөрсний эвдрэл гарч байна. Хятад дэлхийн хүн амын 20 хувийг эзэлдэг ч тэдэнд хотын тэлэлт, орчин тойрныг сүйтгэсэн барилга, уурхай, үйлдвэрлэлийн улмаас жилээс жилд хорогдон байгаа тариалангийн талбайн 8% нь оногдож байгаа юм.
Эцэст нь Хятадын аж үйлдвэрт зайлшгүй шардлагатай хилээр хязгаарлагдсан байгалийн нөөц баялгийн үндсэн хүчин зүйл байгааг хэлэх хэрэгтэй. Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан мэдээгээр 2035 он гэхэд Хятад дэлхийн нийт эрчим хүчний тавны нэг хувийг хэрэглэх төлөвтэй байна. 2008 онд хэрэлэж байснаасаа 75% илүү хэрэглэж эхлэнэ гэсэн үг. Мөн Дэлхийн нүүрсний хорооноос гаргасан мэдээгээр 2009 онд дэлхийн хэрэглээний 46%ийг эзэлж байсан бөгөөд цаашид хөнгөн цагаан, зэс, никель зэргийн хэрэглээ нь улам бүр өсөх төлөвтэй байгаа. Үүнээс гадна Хятад усны асар их дутагдалд ороод байгаа юм.
Зарим хүмүүс гадагшаа хийх түрэмгийлэл Хятадын эдийн засгийн гайхамшгийг хадгалахад хэрэгтэй нөөц баялагийг олборлох цорын ганц арга хэмээн ярьцгааж байна. Хятадын түрэмгийллээ эхэлвэл Хятадын ноёрхсон дэлхий ямар харагдахыг хэлэх сонирхолтой бас түгшүүртэй ажиглалт байх болно.
Хэрэв та Хятадын түрэмгийлэл дор амьдрах ямар байхыг мэдэхийг хүсвэл Замбиг хар. Тэнд Луаншьед хямралын ид үед инээд хүрэм 50 сая доллараар Хятадын засгийн газар худалдан авсан зэсийн асар том орд бий.
Хятадын талаас болж үүссэн зэсийн үнийн огцом өсөлт энэ хөрөнгө оруулалт ямар их амжилттай байсныг харуулж байна. Түүнээс гадна энэ орд Хятадын үйлдвэрлэл эрхлэгчдийг соронзон мэт татах болсон.
Ноён Чэн болон түүний туслах Жэк Лю хоёр шинэ үеийн хятадын үйлдэрлэгч-түрэмгийлэгчдийн нүүр царай юм. Замбигийн зэсийн бүслүүр хүнд хөдөлмөрт бэлэн “боолтой” тохиололд өгөөмөр их орлого оруулна. Тэдний зэс хайлуулах үйлдвэрт 30-хан замби ажилчид хоногийн 24 цаг, долоо хоногийн долоон өдөр ажиллаж байж жилд хоёроос гурван мянган тонн зэс үйлдвэрлэж байна.
Ндолоос Китвед Чэн шиг зэсийн ноёд хурдан баяжиж байгаа юм. Энэ нь зөвхөн Замби ч биш. Бразилиас Кампучи хүртэл дэлхийн хаа сайгүй та гар хумхилгүй ажиллах хятадын менежер, инженер, бригадын дарга нартай таарах болно. Хятад хамгийн багаар бодоход дэлхий нийтийг хамарсан хөрөнгө оруулалтын үнэт цаасны багц босгож байна. Харин томоор хэлвэл тэд дэлхийн шинэ хэт гүрэн байгуулж байгаа юм.
Африкт ирж байгаа хятадууд зүгээр ч нэг ажиллах биш бүрмөсөн амьдрахаар ирж байгаа юм. Ноён Сун Замбигийн нийслэл Лусакигаас холгүй орших улсын буурцагны тариаланг удирддаг. Тэрбээр бусдын тэнгэр дор насаа элээхийн тулд бүгдийг тэгээс эхэлсэн хуучин маягийн хүн. Гэхдээ Сун эхнэр, охин хоёроо авч ирсэн юм.
2010 онд Замбид хийсэн Хятадын хөрөнгө оруулалт тэрбум доллар давж байсан бол 2011 онд хоёр дахин өссөн байдаг.
Албан ёсны эелдэг ярианд нь үнэний хувь байж магадгүй л юм. Тухайлбал Хятад Африкийг эдийн засгийн хувьд хөл дээр нь босоход зүгээр л туслахыг хүссэн гэнэ. Хэрэв эн тийм бол хятадуудын ноёрхсон дэлхий тийм ч муу биш байх нээ дээ. Гэвч эзэнт гүрэн болгон ингэж ярьдаг юм.
Замбийн Лусакед эмнэлгийн барилга барьж байгаа инженерЛю Чан Хунг аваад үзье. Тэр энд 20 сар ажиллаж байгаа ч ердөө гуравхан хоног амарсан. Орой 9 цагт ажил тарахад тэр ганцаараа л барилгын талбайд үлддэг. Хятад яагаад Барууныг гүйцэж түрүүлснийг мэдэхийг хүсвэл багахан ч гэсэн хариулт нь энэ л байна.
Намайг нэг удаа Замбид ажиллаж буй хятад менежерүүдээс орон нутгийн ажилчид ажилдаа ямар байна гэж асуувал тэд нэгэн дуугаар “африкчууд хятадууд шиг ажилсаг биш” гэсэн хариу өгсөн юм. Тэдний нэг “Энэ байгалиасаа заяасан зүйл бололтой. Бид өдөр шөнөгүй ажиллаж байхад тэд зөвхөн амарч, зугаалах дуртай юм билээ” гэж билээ.
Хятадууд дэлхийд ноёрхож аваад бүгдийг өөрсөд шиг нь уйгагүй ажиллана гэж бодож байгаа байх гэсэн хачин сэтгэгдэл салж өгдөггүй. Гэхдээ зөвхөн далайцынх нь тухай яриагүй. Мөн хөдөлмөрийнх нь нөхцөлийн тухайд юм шүү. Хятадууд 13 жилийн өмнө хаагдсан Чамбиш дэх зэсийн уурхайг худалдан авчээ. Тэр үед ажилтай хүн байхгүй байлаа. Харин одоо 1200 хүн энэ уурхайд ажиллаж байна. Тэгэхээр ажилчид үүнд нь талархах ёстой мэт бодогдож таарнаа даа. Тэгвэл ёстой үгүй шүү.
Сарын дундаж цалин ойролцоогоор 54 фунт. Энэ нь гэрбүлээ өдрийн хоол залгуулахад арай чүү хүрэх мөнгө. Хятадууд хятад цалин өгч, хятадын ажлын цагаар ажиллуулна. Энэ сэтгэл гутаасан түгшүүртэй бодит байдлыг харвал хэн Хятадын хөрөнгө оруулалтыг хүснэ гэж. Хэрэв та хятадууд таны эдийн засагт мөнгө оруулаасай гэж хүсээд байгаа бол самар түүсэн нь дээр дээ.
("The Sunday Times", Их Британи)
Найэлл Фергюсон (Niall Ferguson)
Орчуулсан С.Майдар

Комментариев нет:

Отправить комментарий