вторник, 23 октября 2012 г.

В.Путин засгийн газрыг Кремлиэс удирдаж эхэллээ


В.Путин засгийн газрыг Кремлиэс удирдаж эхэллээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн тавдугаар сард бүрдсэн сайд нарын танхимын хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөв. Тэрбээр эхний ээлжинд Москва хотын Кострома мужийн дэд захирагч Игор Слюняев болон бүс нутгийн хөгжлийн сайд Олег Говорун нарыг тус тус ажлаас нь халлаа. В.Путин өөрийнх нь өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, эдийн засгийн хүнд үед хариуцаж буй бүс газартаа нөлөө үзүүлж чадаагүй, үр ашиггүй ажиллаж байна гэх үндэслэлээр ийн энэ шийдвэр гаргасан юм.

Ажиглагчдын үзэж буйгаар дээрх шийдвэрийг урьдаас төлөвлөсөн байх магадлалтай гэнэ. Өөрөөр хэлбэл, В.Путин Засгийн газрын бодлогыг Д.Медведевгүйгээр шууд Кремлиэс явуулах санаа байгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд онцолсоор байна. Эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд түүний саналыг заавал тусгасан байх ёстойг дахин, дахин анхааруулсаар байгаа билээ. Мөн өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан шинэ Засгийн газрыг тааруу ажиллаж байгаа талаар ч Д.Медведевт анхааруулсаар ирсэн.

Тэр ч бүү хэл, ОХУ-ын зарим томоохон агентлагуудаар Ерөнхий сайдыг огцруулж магадгүй гэсэн мэдээлэл газар авсан. Үүгээрээ урьдаас алхмаа иргэдийн тархинд суулгах зорилгоор албаар “мессеж” нисгэж байна гэх ойлголтыг олонд төрүүлж буй. Ерөнхий сайдыг огцрох нөхцөлийг ч эртнээс бэлдэж байгаа мэт гэв гэнэт Гүржтэй (Грузия) хийсэн дайнтай холбоотойгоор Ерөнхийлөгч Ерөнхий сайд нарын хооронд зөрчил гарч эхэлсэн. Улстөрчдийн үзэж буйгаар тэдний хооронд анх удаа үзэл бодлын зөрчилдөөн гарч буй нь энэ аж. Мөн Д.Медведев ээлжийн амралтаа авахдаа орлон гүйцэтгэх албан тушаалтнаа үлдээлгүйгээр, санаатай мэт хариуцлага алдсан явдал нь олны анхаарлыг татав. Энэ талаар асуудал хөндсөн нэгэн нийтлэлийг “Утро В Москве” сэтгүүлд “Жинхэнэ золиос бол ард түмэн” гарчигтайгаар нийтэлсэн. “Интерфакс” мэдээллийн агентлаг “Левада” төвийн санал асуулгын дүнгээр хоёр улстөрчийн рейтинг энэ тэнцүү явж байгаа талаар мэдээлсэн нь тун хачирхал төрүүлсэн байна. Учир нь тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болох үед Д.Медведевийн рейтинг тун доогуур байсан аж.

Энэ жилдээ багтааж ОХУ-ын төрийн албан хаагчид “Лада” маркийн шинэ автомашинаар хангагдахгүй бол холбогдох сайдад арга хэмжээ авах талаар Ерөнхийлөгч нь сануулсан гэх мэдээлэл ч бий. Учир нь өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр В.Путин “Бүх төрийн албан хаагч нарыг Лада фирмийн автомашинаар хангах” талаар үүрэгдсэн. Тухайн үед тэрбээр “Холбооны төсвөөс санхүүжиж байгаа төрийн бүх байгууллага, мужийн засаг захиргааны албан хаагчид зөвхөн эдийн засгийн нэгдмэл орнууд болох Беларусь, Казахстан болон ОХУ-д үйлдвэрлэсэн автомашин худалдан авах ёстой. Үүнийг энэ жилдээ багтааж хэрэгжүүлэх ёстой” хэмээсэн юм. Гэвч өдгөө нэг ч засаг захиргаанд Ерөнхийлөгчийн шийдвэрийг хэрэгжүүлсэн тохиолдол байхгүй аж. Тиймээс ажиглагчид саяхан халагдсан сайд нарын танхимын гишүүдийн араас хэн нэгэн халагдаж магадгүй гэдгийг холбогдох албаныханд сэрэмжлүүлсэн байна.

Шинэ Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард бүрдэж байхад В.Путин “Хатуу бодлого явуулна” гэдгийг урьдаас мэдэгдэж байв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах үед тус улсын Сайд нарын танхимын дөрөвний гурав нь шинэчлэгдэх ёстойг хэлж байсан. Мөн тэрбээр “Ажиллаж чадаж байгаа нь цаашид ажилласаар байх болно” хэмээн сайд нарын танхимын хурал дээр хэлсэн. Үүний дараа хэвлэлийн бага хурал болж нэгэн сэтгүүлч түүнээс “Та ОХУ-ыг өөрийн намын адил Нэгдмэл ОХУ болгох төлөвлөгөө боловсруулсан гэсэн. Энэ үнэн үү” хэмээн асуухад “Бид нэгдмэл байж чадах юм бол ОХУ цаашид хүчирхэг гүрэн хэвээр байх болно. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна” хэмээн хариулжээ. Эрүүл мэнд, нийгмийн харилцааны яамыг хоёр хувааж, Эрүүл мэндийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгож өөрчилсөн. Гэвч сүүлийн хоёр сард тус яамны үйл ажиллагаатай холбогдолтой маргаанууд Ерөнхийлөгчийн чихийг “халууцуулах” болсон. Шинэ Засгийн газрыг 20 яам, 34 удирдах газар, 25 агентлагтай болгож хүрээгээ тэлсэн. Энэ үед Кремлийн улс төр шинжээч Я.Кузьмин “Үнэндээ Д.Медведевийн бус В.Путины Засгийн газар болох нь анхнаасаа л тодорхой байсан юм. Тэрбээр Засгийн газарт өнгөц өөрчлөлт хийсэн. Тэр тоглолтыг гартаа авсаар байна” хэмээсэн удаатай.

В.Путиныг эсэргүүцэгчид түүнийг “Шинэ Засгийн газрыг байгуулна гэсэн хаана байна” хэмээн шүүмжлэх болсон. Учир нь түүний шинэ Засгийн газарт өмнө нь ажиллаж байсан ихэнх сайдууд талаас дээш хувийг эзэлж байгаа юм. Харин одоо шинэчилсэн Засгийн газрын “шинэ” сайдуудыг нэг нэгээр нь халах бодлого явуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж буйг зарим ажиглагчид онцолсоор байна. Хамгийн наад захын жишээ бол Ерөнхий сайдын зургаан орлогчийн дөрөв нь В.Путиний ойрын шадар туслахууд байжээ. Тодруулбал, Дмитрий Козак, Владислав Сурков, Александр Хлопонин, Дмитрий Рогозин нар бүгд Ерөнхийлөгчийн бодлогын нэг хэсэг болсоор байгаа аж.

В.Путины “зүүн гар” гэгдээд буй Москва хотын захиргаанд ажиллаж байсан, В.Путины нийгмийн бодлогыг хариуцан ажиллаж буй хатагтай Ольга Голодец олны анхааралд төдийлөн ордоггүй нэгэн. Зарим улстөрчид түүнийг “В.Путины нууц зэвсэг” гэх нь бий. Тэрбээр Москвагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ажил эрхлэлтийн хүрээлэнд ажиллаж байсан нэгэн. Улмаар “Реформуголь” сангийн нийгмийн төслүүд дээр ажиллаж байгаад  “Норильский никель” компанид найман жилийн турш боловсон хүчний асуудал хариуцаж ирсэн “хатуу самар”. Тэр Ерөнхийлөгчийн нийгмийн бодлого, эдийн засгийн сөрөг үр дагавруудыг тооцоологч нэгэн. Их Британийн “Guardian” сонинд түүний талаар “Сайд нарын танхимын гишүүдээс хэнийг нь халах, хэнийг нь дэмжих ёстойг Ольга Голодец Ерөнхийлөгчид зөвлөж байх магадлалтай” гэсэн байдаг.

Мөн саяхан ОХУ-д шатахууны үнэ бага зэрэг нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулж салбарын сайдтай нь В.Путин өнгөрсөн баасан гарагт уулзсан. Тухайн үед шатахууны үнэ нэмэгдэх шаардлага байгааг Ерөнхийлөгчид тайлбарласан. Энэ сарын 8-наас 14-ний хооронд ОХУ-ын шатахууны үнэ 0.6 хувиар өссөн талаар Холбооны статистикийн газраас мэдэгдсэн. Харин өнгөрөгч долоо хоногт шатахууны үнэ 0.8- 0.7 хувиар тухайн бүс нутгаасаа хамаарч нэмэгдсэн гэсэн тоо гарчээ. Шатахууны үнэ нэмэх болсон шалтгаан нь В.Путины бодлогоор “явж” буй Засгийн газар “төсвийн орлого нэмэх бодлогод анхаарч байж болзошгүй” гэдгийг зарим эдийн засагчид тайлбарлаж байна.

П.Путины оролцоо хаа сайгүй үргэлжилж байгаа талаар “Новости России” мэдээллэв. Саяхан ОХУ-д мужийн амбан захирагчийн сонгууль болж өнгөрсөн. Тухайн үед Ерөнхийлөгчийн Нэгдсэн Орос намаас нэр дэвшсэн, өмнө нь амбан захирагч хийж байсан хүмүүсийн ихэнх нь дахин сонгогдсон юм. Үүнийг хэвлэлээр “В.Путины оролцоо мужийн амбан захирагчийн сонгуульд хүртэл илрэх болов” гэсэн утгатай мэдээлэл тархсан. Жишээ нь, Белгород, Амур, Новгород, Рязан, Брянск зэрэг мужийн амбан захирагчид дахин сонгогдсон аж. Ихэнх нэр дэвшигчид 75-аас дээш санал хурааж, өрсөлдөгчдөөсөө илт давуу байдлаар амбан захирагчийн суудалд суухаар болсон байна.

Б.Баатар

Комментариев нет:

Отправить комментарий