понедельник, 28 ноября 2011 г.

Хятадын эсрэг Шинжааны тэсрэх бөмбөг



Өрөмч хот
ТОВЧХОН
  • Хятадын Засгийн газар тэдний эсэргүүцлийг хүч хэрэглэн дардаг” хэмээн мэдэгдлээ
  • Орон нутгийн ихэнх хүмүүст бослого гаргах ямар ч шалтаг, шалтгаан байхгүй
  • Уйгаруудын асуудал шашны гэхээсээ үндэстэн ястны асуудал юм
-Оросын тоймч С.Балмасовын нийтлэлээс-
Хятадын баруун хойд нутгуудад өнгөрсөн амралтын өдрүүдэд мөргөлдөөн гарч, албан мэдээнээс үзэхэд 15 хүн амь үрэгджээ. "Синьхуа" агентлаг тэднийг самуун дэгдээгчид хэмээн нэрлэж байгаа. Харин Уйгарын зарим байгууллагын мэдээлснээр одоо тус тойргийн Кашгар хот бүслэлтэд байна.

Сүүлийн үед Шинаан-Уйгарын өөртөө засах тойрогт үндэстэн хоорондын харилцаа эрс хурцдах болсон. Энд үндэсний цөөнх болсон лалын шашинтнууд Шинжааныг удирдаж буй хятадуудын эсрэг улам идэвхтэй тэмцэж эхэллээ. Тус тойргийн хүн амын тоо 20 сая бөгөөд ихэнх нь уйгарууд юм. Харин хүн амын 40 орчим хувийг лалынхан эзэлдэг юм байна.
china_1
Германд төвтэй Дэлхийн уйгаруудын холбооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Дильшат Рашит “Уйгарын газар нутаг руу хань үндэстнийг бөөн бөөнөөр шилжүүлэн суурьшуулж байгааг уйгарууд эсэргүүцэж байна. Харин Хятадын Засгийн газар тэдний эсэргүүцлийг хүч хэрэглэн дардаг” хэмээн мэдэгдлээ. Энэ оны долдугаар сард зөвхөн Хотан хотод л гэхэд цагдаагийн хэсэг рүү халдан довтлох үеэр 20 гаруй хүн амь үрэгдсэн юм.

Хоёр жилийн өмнө буюу 2009 онд үүнээс ч их цус асгарсан удаатай. Тэр үед уйгарууд мужийн төв Өрөмч хотод хятадууд руу дайрах үеэр 200 орчим хүн нас барж, 1700 хүн шархадсан.

Бээжин орон нутгийн “хэт даврагчид, террористууд”-ын эсрэг эрчимтэй тэмцэл явуулж байна. Тэр бүү хэл өрнөдийнхний эсэргүүцлийг үл тоон, хөрш Пакистаны нутаг дээр байрладаг “Дорнод Туркестан” хэмээх исламын хөдөлгөөнтэй холбоотой хүмүүсийг хайр найргүй цаазаар авсаар байгаа юм. Хятадын энэ бүс нутагт нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор судлаач Е.Хакимуллин эрх баригчдыг эсэргүүцэгчдэд ямар нэг найдвар байхгүй хэмээн цохон тэмдэглэв.

“Орон нутгийн иргэд Шинжаан-Уйгарын өөртөө засах тойргийг бие даан, тусгаар тогтноно гэж найдалтгүй. Бээжин маш мэргэн бодлого явуулж байгаа учраас ихэнх уйгарууд, лалынхан бие даахыг эрмэлздэггүй. Сүүлийн жилүүдэд энэ хоцрогдсон нутагт Хятадын Засгийн газар асар их хөрөнгө оруулж байгаа. 3 сая хүнтэй Өрөмч хот одоо Төв Азийн томоохон хотын нэг болон хувирчээ. Түүнийг 2,5 сая хүнтэй Ташкент зэрэг хоттой зүйрлэхийн аргагүй болсон.

Төв Азийн эдийн засгийн нийслэл нь үнэндээ Өрөмч хот болжээ. Түүнийг ийм болгохын тулд хятадууд их ч ажилласан” хэмээн тэрбээр мэдэгдлээ. Е.Хакимуллин цааш нь өгүүлэхдээ “Орон нутгийн ихэнх хүмүүст бослого гаргах ямар ч шалтаг, шалтгаан байхгүй. Соёл болон материаллаг тал дээр тэдэнд ямар нэгэн дарамт шахалт үзүүлдэггүй. Харин гадаадын дэмжлэг авдаг хэсэг хэт даврагчид л Бээжингийн эсрэг тэмцдэг.
china_2
Хятад-Пакистаны харилцаа сайжирсантай холбоотойгоор тэд сүүлийн үед улам идэвхжиж байна. Бээжин өөрийн байр сууриа Пакистанд бэхжүүлэх нь заримд нь үнэхээр ашиггүй учраас л тэд энэ процессийг зогсоохын тулд бүхий л арга чаргаа хэрэглэж байгаа хэрэг” хэмээв.

Харин ОХУ-ын Исламын зөвлөлийн тэргүүн Г.Жемаль “Бээжин соёлын геноцид бодлогыг Шинжаанд явуулж байна. Хятад өмнө нь орон нутгийн сэхээтнүүдийг өөртөө татан, дорнод хэсэгт орших том хотууд руу суралцуулахаар илгээж байсан. Одоо энэ ажиллагаагаа бүр ч эрчимжүүллээ. Өнөөдөр хань үндэстнийг олноор нь ийшээ авч ирэн, харин хань бусчуудыг эндээс нүүлгэж байна. Түүнчлэн Шинжаанд 20 сая хүнтэй 5 хотыг байгуулахаар төлөвлөсөн” хэмээн өгүүлэв.

Гэхдээ уйгаруудын асуудал шашны гэхээсээ үндэстэн ястны асуудал юм. Яагаад гэвэл уйгарууд 14 саяулаа. Хэрэв туркменүүд, казахууд зэрэг бусад үндэстнийг нэмбэл бараг 20 саяд хүрнэ. Энэ нь Хятадын нийт хүн амын 1,5 хувь юм. Гэтэл Хятадын лалынхан 200 сая билээ. Тэгээд ч сүүлийн үед хань үндэсний улам олон хүн исламд шүтэх болсноор эгнээгээ байнга тэлж байгаа. Үүнд Хятад улс сүүлийн үед Ойрхи Дорнод, Умард Африкийн бизнесмэнүүдтэй ажил хэрэгч холбоо тогтоосон нь их нөлөөлжээ.

Тэдгээр нутагт байгаа Хятадын компаниудын ажилтнууд ч мөн ислам шүтэх нь ихэссэн байна. Хятад улс энэ бүхнийг тооцсон, маш нарийн бөгөөд давхар агуулгатай улстөрийн бодлого явуулдаг. Нэг талаас үүнийг “нээлттэй тэврэлт” гэж хэлж болох юм. Гаднаас нь харахад Хятад улс лалынхны тайван амгалан амьдрах бүх нөхцлийг мөрддөг. Буддын шашин, онгон шүтлэгтэй хэрнээ Күнзийн сургаалыг баримталдаг энэ улсын 5 одтой зочид буудал болгонд исламын мөргөлийн танхим бий.

Харин нөгөө талаас Хятад улс нь турк үндэсний хэт даврагчдыг хатуу чанд дарж, аливаа эсэргүүцлийн дор нь нухчин дардаг. Яагаад гэвэл Хятадын бөөрөнд турк үндэстнүүдтэй улс орнууд байдагт Бээжин ихэд түгшиж байдаг. Ирээдүйд тэдгээр улс болон Шинжаан дээр үндэслэн Агуу Туркестан улс байгуулагдахаас эмээж байгаа хэрэг.

Мөн Төв Азийн тусгаар тогтносон орнуудад өрнөж буй үйл явдлууд нь турк үндэстэн олноор амьдран суудаг Хятадын баруун нутагт мэдээж нөлөөлж байгаа. Иймээс Хятадын эрх баригчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг оролдож байгаа юм.

Гэхдээ уйгарын асуудлыг нүүлгэн шилжүүлэх замаар шийдэхийг оролдох нь эерэг үр дүн авч ирэхгүй байх. Иймэрхүү явдал харин ч тухайн ард түмнийг улам нэгтгэж нягтруулдагийг түүх нэг бус удаа баталсан билээ.
Орчуулсан Ашим

Комментариев нет:

Отправить комментарий