четверг, 24 января 2013 г.

Шинэ “Афганистан” буюу Малигийн маргааш


Афганистанаас хэдэн мянган бээрийн алсад орших баруун африкын нэгэн улс тэдний хувь заяаг давтах тунчиг өндөр магадлалтай болоод байна. Шашин болоод үзэл сурталын зөрчилтэй байгаа энэ улсад бас нэгэн асуудал бий. Мали улсын хойд хэсэгт Аль Кайдагийн салбар байгууллага сүүлийн хэдэн сарын турш цэргийн хүчийг хойд хил дээр нь төвлөрүүлээд байна. Гол учир нь тус улсын хойд хэсэг тусгаар тогтнохын тулд ийнхүү цэргийн хүчийг нэмэгдүүлж, ардын чөлөөлөх арми гэгчийг байгуулжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Францын талаас цэргийн хүчийг Мали улсын хойд хэсэгт төвлөрүүлээ байгаа юм.

Бүр нөгөө тал нь...

Мали улсын хойд хэсэг Алжиртай хил залгадаг. Алжирт лалын хэт даврагсад орогнодог гэдгийг олон улсын чанартай судалгаанаас бэлхнээ харж болно. Бүр Аль Кайдагийн салбар хороо ч Малигийн хойд хэсэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тус улсын хойд хэсэгт амьдрах олон арван өсвөр насныхан энэ байгууллагын үзэл сурталаар хүмүүжиж байна. Дээрээс газар нутгийн төлөө тэмцэгчид нэмэгдэхээр хойд хэсгийн хүмүүс хэрхэн тархиа угаалгаж байгаа нь ойлгомжтой.

Бүх юм өнгөрсөн оны дунд үеээс эхэлсэн. Азавадын үндэсний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн хойд хэсэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон. Энэ хөдөлгөөний лалын хэт даврах бүлэглэлүүд болоо Аль Кайда санхүүжүүлж зэвсэг болон цэргийн хүчээр хангадаг аж. Сахарын цөлийн ойролцоо орших Азавад хэмээх дундаж хотын цэргийн эрх мэдэлтнүүд энэ хөдөлгөөнийг өрнүүлж өөрсдийгөө шинэ үндэстэн хэмээн нэрлээд байна. Тэд тусгаар тогтнолоо зарлах гэж байгаа гол шалтгааныг эдийн засгийн байдалтай холбон тайлбарладаг. Мөн гадны тусламж, зээлийг Малигийн ерөнхийлөгч хий дэмий үрдэг гэж үздэгтэй ч холбоотой. Гол санаа нь зөв. НҮБ-аас ч Мали улсад оруулж байгаа санхүүжилт зэргийг шалгуулах хүсэлтээ хэд, хэдэн удаа гаргаж байсан. Мөн баруун африкын холбоо ч хөрөнгө оруулсан мөнгөнийхөө талыг энэ оны сүүлээр авахаа мэдэгдээд байгаа билээ. Санаа нь зөв ч цаад санаархал нь тэс өөр байж болох талтай. Учир нь хойд хэсэгт нь каучук болоод хөвөнгийн арвин нөөцтэй. Чихрийн нишингэ ч мөн их хэмжээгээр бий. Хамгийн гол нь африк болоод бусад улсыг  үзэл сурталдаа тааруулан хөдөлгөхөд хамгийн ойр газар нь Малигийн хойд хэсэг. Тиймээс лалын хэт даврах үзэлтэй хэд, хэдэн байгууллага түүний дотор Аль Кайда хойд хэсгийн газар нутгийг өөрсдийн мэдэлд авах Азавадын хөдөлгөөнийг дэмжиж байж болох.

Франц тэссэнгүй

Газар нутгийн маргаан нь сүүлдээ иргэний дайны байдалд хүрэхэд тун ойрхон байгаа Мали улсад Францын гадаад хэргийн яам болон батлан хамгаалах яамны шийдвэрээр 2500 цэргийн хүчийг илгээв. Түүхэн уламжлалаараа харсан ч Франц үүнийг зүгээр хараад суухгүй нь тодорхой байсан. Учир нь 1890-1960 оны хооронд Францын колоничлол дор Мали тэргүүтэй 11 газар нутаг аж төрж байсан билээ. 1960 оноос хойш Мали, Сенегал тэргүүтэй улсууд тусгаар тогтнолоо олсон. Гэсэн хэдий ч Мали улс одоог хүртэл Францаас хамааралтай хэвээр л байна.  Мали болон бусад улсын эдийн засгийн гол түшиц нь Франц. Мали улсын хувьд л гэхэд  дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнхийг Францын хөрөнгө оруулалтаас бүрдүүлдэг. Гол экспортлогч нь ч Франц улс. Цагаачлал хүсдэг топ хоёр улсынх нь нэг бол Франц.

Өнгөрсөн долоо хоногийн дундуур болсон хүчтэй мөргөлдөөний улмаас 20 гаруй хүн амь насаа алдсан хэрэг гарсан. Үүний дараахан Франц улсын гадаад хэргийн яамнаас цэргийн ажиллагаа явуулах гэж байгаагаа албан ёсоор зарласан билээ. Францын засгийн газрын зүгээс ойрын хоногуудад байдал дээрдэхгүй бол цэргийнхээ тоог дахин нэмэхээ ч мэдэгдээд байгаа. Мөн АНУ ч үүнийг зүгээр хараад суухыг хүсээгүй. Малигийн ерөнхийлөгч болоод батлан хамгаалахын салбарт нь хэрэгтэй туслалцааг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн.

Афганы “дахилт”

1990 онд Афганистан улс баруун, зүүн гэж хоёр хуваагдах дээрээ тулан шашин хоорондын мөргөлдөөн гаарч байлаа. АНУ-ын санхүүжүүлсэн Аль Кайда ч эргээд тэдний цаашлаад дэлхийн эсрэг босох эхлэл энэ үеэс тавигдсан гэхэд хилсдэхгүй. Афганы баруун талын хэсэгт Аль Кайдагийн үзэл суртал хүчээ авч, төлөөллийн газар нь ч энэ хэсэгт байрлах болов. Өдөр бүр хүмүүсийг бэлтгэж, тэсрэх бөмбөгийн сургуулилтыг ч давхар үйлдэх болсон байна. “1990-ээд оны Афганыг 2013 онд Мали харуулж байна. Афганистаны одоог хүртэл үргэлжилж байгаа хямрал ингэж л эхэлсэн юм. Байдал хурцдах гээд ирмэгц нь АНУ хөндлөнгөөс оролцдог байлаа” гэж Жоржтауны их сургуулийн профессор, үндэсний аюулгүй байдалын хороо болон терроризмтай тэмцэх хорооны мэргэжилтэн Даниэл Байман ярьжээ.

2012 оны гуравдугаар сард Азавадын хөдөлгөөн ид хүчээ авч байх үед Малигийн засгийн газар АНУ-д цэргийн хамтарсан сургуулилт хийх хүсэлт тавьж үүний үр дүнд Малигийн батлан хамгаалахын бие бүрэлдэхүүний төлөөлөл 21 турш хамтарсан сургуулилт хийсэн юм. Мөн Францын засгийн газраас батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах хүсэлтийг ч тавиад амжсан билээ. Хэдийгээр 2012 онд томоохон зэвсэгт мөргөлдөөн гараагүй ч байдал цаагуураа хурцдаж байсан нь шинэ он гармагц тодорхой болох ёстой байж.

Яг одоогийн байдлаар Францын талаас Азавадын хөдөлгөөний удирдагчдыг хайх ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд Малигийн ерөнхийлөгчийн ордныг хяналтандаа аваад байна. НҮБ-аас Мали улсыг онц аюултай бүс нутгийн нэгээр зарлаж, аюулгүй байдлыг олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар сахиулах шаардлагатай гэж мэдэгдээд байгаа юм. НҮБ-ын мэдэгдлээс харвал ойрын хугацаанд цэнхэр дуулгатнуу Малид ирэх магадлал өндөр байна.

Баруун африкад шинэ цагийн “Афганистан” үүсээд байна. Франц, АНУ тэргүүтэй улсууд Малиг хамгаалахын тулд цэргээ илгээсэн. Гэхдээ ашиг сонирхол юунд байна вэ гэдэг нь хамгийн том асуулт.

Б.БОЛОРСҮХ

Комментариев нет:

Отправить комментарий