пятница, 21 декабря 2012 г.

Башар Асадын башир явдал



Оросын дипломатчдын хүрээнээс мэдээлэл авсан эх сурвалжаас иш татан “Коммерсанть” сонинд бичсэнээс үзвэл Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг ивээлдээ аваач гэж ОХУ-д АНУ уриалсан аж. Эх сурвалжийн мэдээгээр бол Асадыг ямар ч үнээр хамаагүй дэмжихийг Москва хичээхгүй бололтой. “Бид Асадыг хамгаалаад байгаа юм биш. Сирийн Ерөнхийлөгч цаг хугацааны боломжийг ашиглаж чадаагүй. Түүний тэсч үлдэх магадлал тун бага, арван хувь орчим л болов уу. Бид бас Сирийн сөрөг хүчний эсрэг биш. Харин Сирийн хэрэгт гаднаас зэвсгийн хүчээр оролцохыг л эсэргүүцнэ” гэж Оросын тал мэдэгдэж байгаа.
Бас Ерөнхийлөгч нь албан тушаалаа орхих тухайд сиричүүд өөрсдөө л ярьж тохирох ёстой. Йемений Төрийн тэргүүнд тохиолдсон шиг гэж Кремль үзэж буй. Тэгвэл ийм алхмыг Сирийн сөрөг хүчин зөвшөөрнө гэдэгт итгэхэд бэрх. Сөрөг хүчиндээ Сирийн Ерөнхийлөгч өөрөө тусалсан. Туркийн “Cumhuriyef” сонины сурвалжлагчтай ярилцахдаа тэрбээр хэрэв зөрчлийг зохицуулахад тус болж чадна гэдэг баталгаа байвал суудлаасаа салахад бэлэн гэж анх удаа мэдэгдлээ. Энэ тохиолдолд Башар Асадыг өөр оронд, тэр дундаа Орост аваачна гэдэг тийм ч байж боломгүй явдал биш байж болох юм. Асадыг Беларусьт ч аваачиж болно, шинжээчдийн үзэж буйгаар үүнд Лукашенко бэлэн байгаа аж.
Башар Асад гэгчхэн бэ?
Башар Хафез аль-Асад 1956 оны есдүгээр сарын 11-нд Дамаск хотод Сирийн Агаарын цэрэг, агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний командлагч, хожим нь Ерөнхийлөгч болсон бригадын генерал Хафез Асадынд төрсөн байна. Хүү араб-франц сургалттай дээдсийн лицейд бага дунд боловсролтой болов. 1982 онд лицейг бакалавр зэрэгтэй төгсөөд, 1988 онд Дамаскийн их сургуулийн анагаах ухааны салбарыг дүүргэж шүдний эмчийн мэргэжилтэй болжээ. Тэгээд Дамаскийн хаяа хот-Тишринд цэргийн эмнэлэгт ажиллав.

Башар Асад 1991 онд (зарим баримтаар 1992 онд) Лондон хотын гэгээн Мариягийн эмнэлэгт дадлага хийжээ. Асад Сирийн Ерөнхийлөгчийн хүү гэдгээ мэдэгдэхгүйн тулд хилийн чанадад хуурамч нэр ашигладаг байв. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, цагийг Сирийн сэхээтнүүдийн дунд өнгөрөөхийг илүүд үздэг байлаа.
Эцэг Асад болохоор ууган хүү Басилийг Төрийн тэргүүний суудлыг залгамжлах хүн гэж үздэг байтал тэр нь 1994 онд автомашины ослоор өөд болжээ. Ахыгаа нас барсны дараа Башар Сирид эргэн ирэв. Цэргийн академид сурч 1995 онд ахмад цолтойгоор танкийн батальон командлах болов. Дараа нь улсынхаа гвардыг удирдлаа. 1999 онд түүнд хурандаа цол олгов.
Эцэг Асад 2000 оны зуны эхээр зүрхний дутагдал өвчнөөр бурхан боллоо. Нүд аньсны маргааш нь Сирийн Дэд ерөнхийл өгч бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хаддам хүү Башарт нь дэслэгч генерал цол хүртээж, армийн дээд ерөнхий командлагчаар томилж орхив. Сирийн Парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүм үүсийн насны доод хязгаар 40 байсныг 34 болгов. Энэ нь мэдээж Ерөнхийлөгчийн суудалд Башар Асадыг залахын тулд хийсэн зориудын алхам байлаа.
Зургадугаар сарын 20-нд болсон эрх баригч Баас намын их хурал Башар Асадыг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож, Ерөнхийлөгчид ганцааранг нь нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг Парламент нь долоо хоногийн дараа сайшаан дэмжлээ. Төрийн тэргүүнээ сонгох талаар долдугаар сарын 10-нд ард нийтийн санал асуулга явуулж, түүний үр дүнгээр Башар Асад 97.29 хувийн санал авч Сирийн Ерөнхийлөгч болов. 2007 оны тавдугаар сарын 27-нд Асадыг Ерөнхийлөгчөөр улираан сонгох ээлжит санал асуулга болов. Санал хураах хуудсан дээр “2014 он хүртэл Башар Асадаар улс орноо удирдуулахыг та дэмжиж байна уу” гэсэн ганц асуулт бичсэн байжээ. Асад 97.62 хувийн санал авч дахин сонгогдов.
Эцэг Хафез Асадын үед Сирийн гадаад бодлого юуны урьд Араб, Израилийн зөрчилд өөн дээр тулгуурлаж байсны зэрэгцээ дотоод бодлогынхоо гадаад хүчин зүйлээс хамааралтай байдлыг аль болохоор багасгахад чиглэж байлаа. Тэгтэл 1967 онд зургаан өдрийн дайны явцад Израиль улс Сириэс Голаны өндөрлөгийг нь булаан авсныг эргүүлж авах гэсэн оролдлого 1973 онд үр дүнгүй төгсөв. Башар Асад эрх мэдлийн оргилд гараад Израилийн цэргийг эзэлж авсан нутаг дэвсгэрээс хөөж гаргах тухайд эцгийнхээ баримталж байсан бодлогоос ухарсангүй. Алан хядах байгууллага гэж нэлээд орон үздэг, Израилийн дайсан болсон Хезболла, Хамас, Лалын ариун дайн гэх мэт цэрэгжсэн бүлэглэл үүдэд материал-техникийн дэмжлэг үзүүлж байна гэж АНУ, Израиль болон Өрнөдийн орнууд Сирийг зэмлэх боллоо. Сири энэ зэмлэлийг үгүйсгэж байсан ч үнэн хэрэг дээрээ тэднийг дэмжиж байсан юм. Палестин, Ливан дахь лалын эсэрг үүцлийн хөдөлгөөнийг илт дэмжиж байсан ч Башар Асад Израильтай энхийн хэлэлцээр сэргээх боломжийг үгүйсгэхгүй байлаа. Тэгээд ийм алхам хийхэд Сири улс бэлэн байгааг 2003 оны арванхоёрдугаар сард албан ёсоор мэдэгдэв.
Сири, Америкийн харилцаа хэвийн биш болов. Америкийн засаг захиргаа Сирийг 2002 оны тавдугаар сарын 7-нд “хорон санааны тэнхлэг”-т орууллаа. 2003 онд Иракт болсон дайнаас өмнө Сири НҮБ-ын Аюулг үйн зөвлөлийн хоригийг үл хайхран Саддам Хуссейний дэглэмийг зэвсгээр хангахад оролцов. Америк болон түүний холбоотнууд Ирак руу дайрч орох үед Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл, Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфельд, Ерөнхийлөгч Жорж Буш нарын өндөр албаны хүмүүс Иракийн үй олноор хөнөөх зэвсгийг хадгаллаа, алан хядах ажиллагаанд хамсаатан боллоо, Иракийн удирдлагын зарим хүнийг орогнууллаа хэмээн Сирийг буруутгаж байлаа. Хожим нь Иракт алан хядагчдад дэмжлэг үзүүллээ хэмээн Асадыг ч АНУ зэмлэсэн юм.
Ливан, Сири хоёрын хэлхээ холбоо түүхийн гүнзгий үндэстэй аж. Хафез Асад төрийн жолоо барьж байсан 1970-аад оны дундуур Сири улс Ливан дахь иргэний дайнд татагдаж оржээ. 1976 онд Сирийн цэрэг Ливанд нэвтрэн оров. Гэтэл 1982 онд Израилийн арми бас Ливан руу довтлон орсноос Сири, Израилийн цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн боллоо. Иргэний дайн дуусаж, Израилийн цэргүүд Ливанаас гарсан ч Сирийн тодорхой тооны дайчид Ливанд үлдэв. Түүгээр ч барахгүй цаг хугацаа өнгөрөх тусам Ливанд болж буй үйл явдлыг Сири хянаж эхэлсэн байна. 1998 онд генерал Эмиль Лахудыг Ливаны эрх мэдлийг гартаа авахад Башар Асад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.
2004 оны есдүгээр сарын 2-нд НҮБын Аюулгүйн зөвлөл 1559 тоот тогтоол гаргаж, “Ливанд байгаа гадаадын бүх хүчнийг тус орноос гарахыг” уриалав. 2009 оны хоёрдугаар сарын 13-нд Бейрутэд алан хядах ажиллагаа болж, Сирийн цэрэг өөрийн улсад нь байхыг эсэргүүцэж байсан Ливаны нөлөө бүхий улстөрчдийн нэг, Ерөнхий сайд Рафик Харирийн амийг хөнөөснөөс нөхцөл байдалд санамсарг үй өөрчлөлт гарлаа. Рафак Харирийн үхэл Сирийн эсрэг тэмцэл Ливанд байн байн гарах шалтгаан болж, тэмцэгчид Засгийн газраа огцрохыг, Сирийн цэргийг улс орноосоо гарахыг шаардав. Олон улсын зүгээс ч Сирид дарамт шахалт үзүүлэв. Энэ бүхний дүнд Сирид тааламжтай ханддаг Омар Караменийн тэргүүлсэн Ливаны Засгийн газар огцорлоо. Гуравдугаар сарын эхээр Башар Асад Сирийн Ардын зөвлөлд үг хэлэхдээ “Сирийн цэргийг Ливанаас гаргах нь харин ч улсын эрх ашигт нийцнэ. Тэгэхдээ энэ нь бидний нийтлэг түүхэнд тохиолдож буй хүнд үед Ливаны ах дүү нарынхаа хувьд Сири хариуцлагыг өөрөөсөө зайлуулж байгаа хэрэг юм. Бид Ливаныг цаашид дэмжих болно” гэсэн байна. Дөр өвдүгээр сарын 26-нд Сирийн сүүлчийн цэрэг Ливаныг орхисноор 29 жил Ливанд байсан Сирийн цэргийн оролцоо төгсгөл болов.
Тэр үед Рафик Харирийн үхлийн шалтгааныг тодруулах бие даасан комиссыг НҮБ-ын ивээл дор байгуулсан бөгөөд энэ үхэлд Сири, Ливаны өндөр дээд албаныхан хамааралтай байж болох тухай өгүүлсэн илтгэлийг уг комисс аравдугаар сард олны хүртээл болгов. Сири энэ таамаглалыг эрс няцаалаа. Башар Асад нэг удаа хэлсэн үгэндээ Палестин, Ливаны хэд хэдэн бүлэглэлийг дэмжсэн гэдэг шалтгаанаар, бас Ирак дахь дайныг эсэргүүцсэн байр сууриасаа болж Сири олон улсын зүгээс дарамт шахалтад өртсөнийг дурдаад, Ливан улс Сирийн эсрэг хуйвалдааны түшиц газар болж байна хэмээн Ливаны удирдлагыг буруутгав. Тэгтэл Сирийн Ерөнхийлөгч болон албаны бусад хүмүүсийн зүгээс Харирийг алагдахаас өмнө түүнд заналхийлж байсныг Сирийн дэд ерөнхийлөгч байсан Х.Абдель Хаддам мэдэгдлээ.
Түүгээр ч барахгүй Рафикийг алах шийдвэрийг чухамхүү Башар Асад гаргасан гэж 2006 оны нэгдүгээр сарын 11-нд мөнөөх Хаддам зарлав.
...2011 оны эхээр Арабын ертөнцөд дэгдсэн тэмцлийн давалгаан эрх баригчдынхаа эсрэг чиглэсэн байсан бөгөөд Сирийг ч дайрсан юм. Дамаскт гуравдугаар сарын 15-нд өөрчлөлт хийхийг шаардсан жагсаал эхлэв. Засгийн газрыг эсэргүүцсэн уриаг байшингийн ханан дээр бичиж байсан өсвөр насны хэсэг хүүхдийг Дераа хотод цагдаа нар баривчилсан нь тэмцлийг бүр хурцлав. Гуравдугаар сарын 18-нд Дераад жагсагчдыг тараах гэж оролдохдоо эрх баригчид хүч хэрэглэснээс хүний амь ч үрэгдэв. Гуравдугаар сарын 30-нд Башар Асад Парламент, ард түмэндээ хандаж хэлэхдээ, эмх замбараагүй байдлыг хилийн чанадаас өдөөн турхирч буй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Улс орондоо улс төр, эдийн засгийн өөрчлөлт хийхээ ч амлав. 1963 оноос тогтоосон онцгой байдлыг ч цуцлав. Гэлээ ч тэмцэл улам эрч хүчээ авсаар, тэлсээр байлаа. Дераа хотод дөр өвдүгээр сарын 25-нд цэргийн зэвсэг техник оруулав. Чухамхүү энэ үеэс Сирийн эрх баригчид ард түмнийхээ эсрэг армийн хүчийг ашиглаж эхэлсэн. Ингэхийн хэрээр дэлхийн улс орнууд цус урсгахаа больж, огцрох шаардлагыг Сирийн удирдлагад тавих болов.
Цаг хугацаа өнгөрөх тусам Сири дэх байдал нарийн түвэгтэй болсоор байлаа. Хурандаа Риад аль-Асад сөрөг хүчний талд орж Сирийн чөлөөт арми байгуулснаа долдугаар сарын 29-нд зарлав. Сирийн сөрөг хүчин Асадын дэглэмийг унагахад үйл ажиллагаагаа чиглүүлэх Үндэсний зөвлөлийг Туркийн Истанбул хотод байгуулав.
Хэсэг хугацааны дараа Башар Асад “Сири бол бүс нутгийнхаа төв нь. Сирийн байдлыг хурцатгавал бүс нутгийг бүхэлд нь хуйхлах болно. Та бүхэн газар хөдөлгөх гээд байгаа юм уу. Бас нэг, эсвэл хэдэн арван Афганистантай болох гээ юү” хэмээн Өрнөдөд заналхийлэв.
Башар Асадыг үхсэн хийгээд амьдаар нь авчирч өгсөн хүнд 25 сая доллар өгнө гэж Сирийн чөлөөт арми зарлалаа. Сирид жинхэнэ иргэний дайн болж байна гэж Башар Асад 2012 оны зургадугаар сарын 26-нд хэлэв. НҮБ-ын төлөөлөгчид ч үүнийг зургадугаар сарын дундуур хүлээн зөвш өөрлөө. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол Сирийн эрх баригчид ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэхээр зэхэж байгаа нь тодорхой болоод байна.
Башар Асад бол Хафез Асад, түүний гэргий Анис хоёрын дундаас гарсан гурав дахь хүүхэд нь юм. Хафез Асадынх ер нь гурван хүүтэй аж. Асадын ахыг Басиль, дүү нарыг нь Махер, Мажид гэнэ. Эд бас эгчтэй. Түүнийг Бушра гэдэг.
Башар Асад Сирийн Хомс хотын нэрд гарсан суннит удмын айлаас гаралтай, хүүхэд байхаас нь мэдэх Асма аль-Ахрастай 2001 оны нэгдүгээр сарын 1-нд гэрлэжээ. Энэ айлд 2001 онд хүү Хафез, 2003 онд охин Зейн, 2004 онд хүү Кари нь төрсөн байна. Башар Асад англи, франц хэлтэй.
Р.ЖАРГАЛАНТ

Комментариев нет:

Отправить комментарий