вторник, 13 ноября 2012 г.

Лукашенко Английн хэвлэлд ярилцлага өглөө: "Та нар аймхайчууд. Танай Кэмерон бол “пацаан”..."


Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко Их Британийн The Independent сонинд ярилцлага өгч өөрийнхөө бага хүү Колягийн тухай ярьжээ. Мөн тухайн үедээ америкчууд болон талийгаач Саддам Хусейн нарын хооронд зуучлах гэж байснаа хөөрөлдсөн байна Бас хэдэн жил эрх барих бодолтой байгаагаа ч дурдсан гэнэ. Энэ тухай зарим мэдээллийн агентлагууд юу гэснийг сонирхуулъя.
Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко өөрийнхөө бага хүү Николайг дараагийн ерөнхийлөгч болгохоор бэлтгэж байгаа гэсэн яриаг тэнэг зүйл хэмээн нэрлэв. Энэ тухай The Independent сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан хэмээн ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.


Лукашенко “Энэ тухай ёстой бодож ч байгаагүйгээ тангараглая. Энэ бол шал тэнэг яриа. Манайд хамгийн багадаа 35 настай хүн ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй. Гэтэл бага хүү ердөө л найман настай. Тэгэхээр та намайг засгийн эрхээ хүүдээ өгөхийн тулд дахиад 30 жил ерөнхийлөгчийн суудалд сууна гэж хэлэх гээд байна уу?” хэмээн асуусан байна. Мөн “Энэ бол хүмүүсийг айлгах гэсэн манай “хөлдүү толгойтнуудын” зохиосон ээлжит цуу яриа. Тэднийг өөрөөр нэрлэх аргагүй. Тэд одоо ингээд засаглалыг үе дамжуулан үлдээх нь гэцгээдэг. Би та нарт дахиад хэлье. Манай хүүхдүүд миний ерөнхийлөгчийн албанаас залхаж гүйцсэн” хэмээн хэлснийг БЕЛТА агентлаг иш татжээ.
Мөн Лукашенко Белорус, Орос хоёрын Холбооны улсын ерөнхийлөгч болох гэсэн амбиц ч байгаагүй мэдэгджээ. “Намайг дандаа ингэж шүүмжилдэг, тэр ч бүү хэл намайг Кремль рүү гүйж очоод хааны титэм углахыг санаархаж байсан гэж буруутгадаг. Надад ийм бодол ч байхгүй” хэмээн хэлсэн байна.
Тэрбээр нэг хэсэг АНУ, Иракийн тэргүүн агсан Саддам Хусейн хоёрын хооронд бараг л зуучлагчийн үүрэг гүйцэтгэх үе тохиосныг ч ярьсан байна.
“Би Ирак дахь мөргөлдөөн, Ливи дэх нөхцөл байдалд зарим талаар холбогдоод байсан. Учир нь би энэ орнуудын төрийн тэргүүн нарыг сайн таньдагийн дээр, тэнд юу болоод байгааг дотор нь орсон юм шиг мэдэж байлаа. Одоо би Америкийн бие төлөөлөгч нар Ирак дахь хямралын өмнө над дээр ирж Иракт цөмийн зэвсэг байдаг гэж надаар хэлүүлэхийг хүсч байсныг ярьмааргүй байна. Би тэгэхэд тэдэнд үгүй гэж хэлсэн. Тэд бүр Белоруст бүх юм сайхан байх болно. Хөрөнгө оруулалт, дэмжлэг үзүүлнэ гэцгээж байсан шүү” гэж хэлснийг “Интерфакс” агентлаг иш татлаа. Тэдгээр Америкийн элч нарт Лукашенко би ийм зүйл хийхийг хүсэхгүй. Учир нь тэнд ямар ч цөмийн зэвсэг байхгүй гэдгийг мэдэж байна гэж хариулжээ. Мөн “Би Хусейнтэй ярьсан. Хусейн та нартай тохиролцоход бэлэн байгаа. Та нар газрын тос хүсч байна уу? Газрын тосны асуудалаар ч тэр та нартай тохиролцоно. Гагцхүү энэ орныг бүү бөмбөгдөөрэй. Тэгж энэ улсыг сүйтгэх хэрэггүй. Тэр та нарт тэр бүх цэгүүдийг харуулсан шүү дээ. Цаашид үзүүлэх ч болно. /америкчуудын цөмийн зэвсэг бий хэмээн таамаглаж байсан цэгүүд. Орч/” гэж тэдэнд хэлсэн хэмээн үргэлжлүүлэн ярьжээ.
Харин Америкийн элч нар “Бид танд итгэж байнаа. Гэвч дайны машин аль хэдийнэ эргэлдээд эхэлчихсэн. Хүчээ аль хэдийнэ авчихсан тул зогсоох арга байхгүй” гэсэн. Би та нарт андгайлъя. Яг энэ өргөөнд энэ асуудлыг над дээр ирсэн хүн хэлэлцсэн юм шүү гэж Лукашенко цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн ерөнхийлөгч Лукашенко Ливийн асуудлыг хөндөн ярихдаа “Ливийг яагаад бөмбөгдөх болсон бэ? Яагаад Саркози ингэх болов? Магадгүй Каддафигийн хүүхдүүдээс авсныг нь ярихаа болъё гэхэд Каддафигаас өөрөөс нь 150 сая доллар авсандаа л тэр байх” гээд мөн Каддафитай өөртэй нь юу ярилцаж байсныг ч өгүүлсэн аж.
“Тэрээр /Каддафи/ надад “Би чамайг Европтой харилцаагаа зүгшрүүлэхэд чинь туслая. Надад тэнд бүх харилцаа байгаа. Би бүгдийг нь мэднэ” гэж хэлсэн хэмээн Лукашинко Каддафигийн үгийг иш татаад харин би түүнд “Муаммар, харин чи л Европтой учраа ололц” гэж хариулсан хэмээжээ.
 Мөн англичуудад хандан нэлээд ширүүн үгс унагажээ. Тэрбээр “Урьд нь та нарыг юу гэж нэрлэдэг байсан яг тэр хэвээрээ империалистууд чигээрээ л үдлдсэн. Та нар бол варвар, зэрлэгүүд. Та нар аймхайчууд. Учир нь Ливид, Хусейнд та нарт хүрэх зэвсэг байхгүйг мэдсээр байж асар өндөрөөс бөмбөг хаяж хүмүүсийг алж устгасан. Та нарын үйлдсэн бүхний ард юу үлдэв. Энэ бол айдас хүрэм там шиг зүйл л үлдсэн. Мөн Афганистанд юу хийж байна вэ? Бас л устгал уу? Харин Ливийг яах гэж байна?” хэмээн сэтгүүлчээс сөргүүлэн асуужээ.
Лукашенко өөрийгөө олон хүн мэддэг, санаж дурсдаг хуучны улстөрч хэмээгээд “Танай Кэмерон /Их Британийн Ерөнхий сайд/ бол улстөрд учраа олоогүй яваа “пацан”. Чалчихаас өөр юм мэдэхгүй. Тэр амьдралдаа юу ч үзээгүй амьтан байж таарна” хэмээн доош нь хийсэн байна. “Би ой ухаан сайтай. Би Хосни Мубарак, Хафез Асад зэрэг хөгшчүүдийг санаж байна. Харин Фидель Кастрог улс орноо удирдаж байхад нь сайн мэддэг байсан.Тэд бол сэтгэгчид. Харин та нар тэднийг чөтгөр шулам гэцгээдэг. Харин тэд хүнд бэрх нөхцөлд амьдарч байсан ухаантай хүмүүс” хэмээн нэмж хэлсэн байна.
Түүнчлэн Лукашенко өөрийгөө яагаад ч диктатор дарангуйлагч биш гэдгийг цохон тэмдэглэв. Учир нь түүнд байгалийн баялаг байхгүй гэнэ. Тэрбээр “Надад дарангуйлахад хэрэг болох байгалийн нөөц баялаг алга байна. Та нар ойлгож байна уу? Нөөц баялаг байхгүй. Надад байгалийн хий, газрын тос, цөмийн зэвсэг энэ тэр байхгүй” хэмээн онцлов.
Ерөнхийлөгч “Би та нарын энэ үгийн утга болон үйл хэргийг ойлгодгоос ч илүү ардчилсан үзэлтэй хүн” хэмээн Британийн сэтгүүлчдэд хэлсэн байна. Харин хэр удаан хугацаагаар ерөнхийлөгчөөр ажиллах бодолтой байгаа тухай асуултад “Би энэ суудалд Белорусын ард түмэн болон Эзэн /ертөнцийн/  бас миний эрүүл мэнд хэр хугацаа хайрлана төдий чинээ суух болно. Бас дээр нь миний хүсэл байх хэрэгтэй” гэжээ.
С.Майдар

Комментариев нет:

Отправить комментарий