среда, 30 марта 2011 г.

"Дэлхийн III дайн эхлээд өрнөж байгааг харцгааж байгаа биз дээ"

Оросын Либераль ардчилсан намын тэргүүн, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга энэ дайн юунд хүргэж болох талаар "Комсомольская правда" сонинд өгсөн ярилцлагыг нийтэлж байна.

-Николя Саркози, Ангела Меркель, Хиллари Клинтон нар энэ байлдааны ажиллагаа бол "Ливийн хямралт байдлыг зохицуулахад болон энгийн номхон ард иргэдийг хамгаалахад чиглэгдэж байна" гэж нотолцгоож байна. Тэгэхлээр Парист болсон шуурхай чуулга уулзалт зөвхөн улс төрийн шалтгаантай гэж ноён Жириновский та үзэж байна уу?

-Энэ бол яах аргагүй том дайн. Бүх үйл явдал 1991 оны нэгдүгээр сард 33 орны бүрэлдэхүүнтэй эвсэл яг үүнтэй адил хэлэлцэн тохирч Иракт дайран довтолсноор эхэлсэн түүхтэй. Ирак Кувейтээс цэргээ эргүүлэн татсаны дараа дахин түрэмгийлэн эзэлсэн билээ. 2001 онд Афганистанд цөмрөн орсон. Өөрөөр хэлбэл, хоёр соёл иргэншлийн лалын болон христийн загалмайтан буюу үндсэндээ Өрнөдийн загалмайтан Лалынхны хоорондын тэмцэл мөргөлдөөн болж байна. Үүний гол шалтгаан нь юуны өмнө газрын тос,
байгалийн хий болон түүнийг дэлхийн өнцөг булан бүрт хүргэж тээвэрлэх явдалтай холбоотой гэдэг нь ойлгомжтой асуудал. Хартал Лалын шашинт орнууд үүнийг эсэргүүцэж байгаа нь тодорхой харагдаж байна. Тэд үүнийгээ АНУ болон бусад орны эсрэг террорист үйл ажиллагаа явуулан илэрхийлж, асуудлыг шийдвэрлэх оролдлого хийж байгаа юм. Ингээд Ливийг булаан эзлэх ээлжит үйл ажиллагаа эхэллээ. Тэгэхээр цаашид хэдэн улс орныг түрэмгийлэн эзлэх вэ гэсэн асуулт үүнээс урган гарна. Хоёрыг нь түрэмгийлэн эзэлж, бүрэн хяналтаа орууллаа. Одоо Ливид цэрэг оруулж, цэргийн баазаа байгуулах явдлыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд шинэ тоглоомын засгийн газрыг байгуулах зорилт агуулж байна. Тэр нь америкчуудад цэргийн бааз байгуулан, Газар дундын тэнгист харуулын үйл ажиллагаа явуулж буй зургадугаар флотыг Ливийн эрэгт байрлуулахад оршиж байгаа юм. Ингэхээр Лалын шашинт орнууд хоорондоо дайсагнах болно. Катар мэтийн бусдад үзүүлэн болохоор жижиг орнууд энэ түрэмгийллийг дэмжлээ. Бусад нь дэмжихгүй нь ойлгомжтой болохоор байдал үргэлж түгшүүртэй байх болно. Өөрөөр хэлбэл, бүхнийг "Сомальчлах"-д оршиж байна. Тэдний эргэн тойрныг ямар ч удирдлагагүй хөл толгойгүй байлгаж, хар тамхи мансууралт, алан хядлагыг байнгад оршин тогтнуулж, үүгээр далимдуулан түрэмгийлэн орох байнгын шалтаг шалтгаантай байх нь ашигтай. Энэ бүс нутгийн хаа сайгүй өнцөг булан бүрт газрын тос, байгалийн хий, уран гээд хэрэгтэй чухал шаардлагатай эрдэс баялгийн асар их нөөц хөглөрч байдаг бөгөөд энэ нь Европ, АНУ-ын эдийн засагт маш чухал ач холбогдолтой учраас энэ түрэмгийллийн дүнд тэр бүхнийг сохор зоосны үнэгүйгээр зөөж болно. Өөрөөр хэлбэл, шинэ колончлолын бодлого юм. Тэдний дараагийн гол бай бол Иран бөгөөд түүнийг дэлбэлэх зорилго өвөртөлж байгаад оршиж байна. Үүний нэг тод жишээ бол Бахрейн бөгөөд тэнд суннит-шийтүүдийн хооронд мөргөлдөөн, нөгөө талд Хезболла, ХАМАС бүлгийнхэн зөрчилдөн тэмцэцгээж байна. Энэ бүхний эцсийн зорилго нь Ираны дэглэмийг устгах явдал юм. Тэд Ираныг эрхшээлдээ оруулсны дараа Кавказын хил хязгаарт ойртон ирнэ. Яагаад гэвэл Кавказын өмнөд хэсэг рүү дүрвэгсэд үерийн ус мэт цутгах бөгөөд үүний дүнд байдал тэнд тогтворгүй болно. Тэд цаашлаад Кабулд Талибаныг эргүүлэн тавьж, цэргийн баазуудаа мэдэлдээ байлган Пакистаны асуудлыг шийдвэрлэх бодлого руугаа орно. Талибууд харин Дундат Азид үйл ажиллагаагаа явуулан тэнд тэсрэлт үүсгэнэ. Тэд Назарбаев, Рахмонов, Керимов мэтийн дарангуйлагч нарыг сэнтийнээс нь мултлах болно. Энэ бүхэн цаашлаад Урал, Сибирийн өмнөд хэсэг рүү халдварлан орно. Тэд баруун талаас Хятадыг хааж боон, тэндхийн лалын шашинт бүс нутаг дахь Уйгар, Кашгар, Дунган нарын дунд гал асаана. Үүний цаад зорилго Оросыг сулруулахад оршиж байгаа нь ойлгомжтой байна. Кавказын зүгээс сая сая дүрвэгчид Орос руу нөмрөн орж ирнэ. Дараа нь алхам алхмаар Туркийг сулруулах зорилго агуулж байгаа бөгөөд найруулж төлөвлөсөн эдгээр явуулгыг дэлхийн гуравдугаар дайн эхэлсний илэрхийлэл гэж болно. Яагаад дэлхийн дайн гээд нэрлээд байгааг нэрлэе. Учир нь Европ, Америк гээд бүх тивийн орнууд энэ дайнд хамрагдлаа. Америк, Канад энэ дайнд орсон явдал бол Америк тив хамрагдсаны тод илрэл юм. Европ бараг тэр чигээрээ НАТО бүхэлдээ хамрагдаж Ливийг бөмбөгдөж байна. Мөн НАТО-гийнхан одоо хэр нь Афганистанд, зарим хэсэг нь Иракт байрласаар байгаа бөгөөд энэ бүхэн дэлхийн гуравдугаар дайны нэг үе шат гэдэг нь нүдэнд илэрхий харагдаж байна. Энэ бүхний дүнд тэд Лалын шашинт орнуудыг бут ниргэж, АНУ, Европын орнуудын мэдэлд газрын тос, байгалийн хийн эх үүсвэрийг бүрэн хяналтад
оруулан Хятад, Оросыг сулруулна. Оросын тухайд лалын шашинтан ихтэй тайван бус, Урал, Сибирь болон Оросын төв хэсэгт түгшүүртэй байгаа бол Хятадын тухайд лалын шашинтнууд голчлон оршин суудаг баруун хэсгээс нь дэлбэлэх гэж байна. Үүний гол зорилго нь өөрийн өрсөлдөгч Хятад гэдэг их гүрнийг жагсаалаас гаргаж, Лалын ертөнцийн зүгээс ирэх заналхийллийг сэрэмжлэн зайлуулж хөл дээрээ босох гэсэн Орост боломж олгохгүй байхад оршиж байна. Ихэс дээдсийн зоог барих үеэр гарч ирсэн яс хаяхтай адил тэд Израйлийг бут ниргэх бололцоо лалынханд олгоно...
Дэлхийн гуравдугаар дайн Өрнөдийн орнуудын өдөөлтөөр өрнөж байна. Тэд ямар их ой гутам, бузар булай жигшүүртэй түүхтэй билээ дээ? Эдгээр улс орон Их Британи, Франц, Италийн колони байсан бөгөөд тэр нь үргэлжилсээр байна. Гэхдээ тэд үүнийгээ орчин үед моод болгож хэрэглэх болсон эрх чөлөө гэсэн үгээр халхавчилж байгаа юм. Өнөөдөр Лалын шашинт орнуудыг эрх чөлөөний ашиг тусын тулд устгаж байгаагийн дээр Оросыг ч эрх чөлөө гэдэг үгээр далдлан зовоон тарчилгаж байна. Тэдний гол зорилго бол "Алтан тэрбум" юм. АНУ, Канад, Европын орнуудын материаллаг байдлыг ямар ч хямрал муутгаж болохгүй бөгөөд тэд сайн сайхан жаргал цэнгэлтэй амьдрах ёстой гэнэ. Энэ бүх харгис хэрцгий явуулга нь бидний нүдний өмнө явагдаж байгаа нь үнэхээр зэвүүцэлтэй.

-Парист болсон шуурхай чуулга уулзалт дээр Николя Саркози "Франц улс Араб, Европ, Америк түншүүдтэйгээ хамтран өөрийн түүхэн үүргийг хэрэгжүулэн биелүүлэхэд бэлэн байна гээд Ливийн эсрэг явуулах үйл ажиллагаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мандатад нийцэж байна" гэж мэдэгдсэн.Тэгэхлээр Франц улс энэ асуудлыг бие даан шийдвэрлэсэн үү. Эсвэл үүнд Вашингтоны даралт шахалт илэрхий орсон уу?

-Зарчмын хувьд хүний гараар могой бариулах явдал ашигтай байдаг. Ирэх жил болох сонгуульд дэмжлэг хүлээх явдал Саркозид ашигтай нь мэдээжийн бөгөөд түүнгүйгээр тэр ялагдал хүлээх нь тодорхой. Кэмероны хувьд тэр саяхан сэнтийдээ суусан учир ерөнхий сайдын суудалдаа бэхжих нь чухал. Америкчуудын хувьд бол бүр их ашигтай бөгөөд тэд ерөнхий удирдаачийн үүрэг гүйцэтгэн, тэднийг түлхэж байна. АНУ бол ерөнхий удирдаач бөгөөд бусад нь Ростропович, Ойстрах, Коган "ЗХУ-ын үед дэлхий дахинд алдар нэрээ түгээсэн морин хийлч, төгөлдөр хуурч, хийлч мэтийн тус тусдаа хөгжимчид бөгөөд өөр өөрсдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. Харин энэ бүхний дунд Франц
улс ханцуй шамлан орсон. Яагаад гэвэл Францад жилийн дараа сонгууль болох бөгөөд Саркозийн тухайд түүнийг янз бүрийн юманд орооцолдож, хутгалдсан тухай олон баримт байгаа юм. Ийм учраас Саркозид ялалт л хэрэгтэй. Тэдэнд ер нь энэ бүхэн маш их ашигтай. Хятад улс, Лалын ертөнц хожигдол хүлээнэ. Оросын газрын тосны үнэ өндөр байгаа нь эдийн засгийн талаар одоогоор ашигтай харагдаж байгаа боловч нэг л нартай өдөр үнэ нь эрс унана."

-Смоленскийн талынхан одоохондоо ямар нэгэн тайлбар өгөхгүй байна. Москва энэ нөхцөл байдалд албан ёсоор хэрхэн яаж хавдвал зохих вэ. Урьдын адил бас Төвийг сахих байр суурь баримтлах уу?

-Бид 2001 оноос АНУ-ын жолоо цулбуурт орсон. 2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдал болсны дараа биднийг Кремльд дуудаж авчран "Одоо яах вэ" гэж асуусан. Би төвийг сахиж, Лалын шашинт орнуудад хандан 'Та бүхэн айж чичирч догдлоод байх явдалгүй, тайван амгалан байцгаа. Хэн ч та нар руу довтлохгүй" гэсэн утгатай мэдэгдэл хийх хэрэгтэй гэсэн санал тавьсан. Гэтэл эсрэгээр Бушийн далбаан дор орох шийдвэр гаргаж, Афганистаныг түрэмгийлэн эзлэх замыг нээж өгсөн бөгөөд өнөөдөр манай нутаг дэвсгэр дээгүүр нисэх зөвшөөрөл өгснөөр энэ үйл явдалд бид бодитойгоор оролцож байна. Өөрөөр хэлбэл, энэ бол бидний гаргасан алдаа юм. Ирак руу цөмрөн ороход нүдээ аньцгаасан. Хэдийгээр бид эсрэг байсан боловч саад тотгор болох талаар юу ч хийж чадаагүй. Тэр үед НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол гаргах шаардлага байгаагүй гаргаа ч үгүй. Буш тэр үед дур зоргоороо авирлаж НҮБ-д ч хандаагүй. Харин энэ удаа Обама болон бусад нь НҮБ-д хандаж тогтоол гаргуулсан. Бид хориг тавих эрхээ эдлээгүй юм. Ливийн талаархи тогтоолыг бид дэмжилгүй түдгэлзсэнээр тэднийг бид зогсоож чадаагүй. Ийм ч учраас бид үнэн хэрэг дээрээ энэ балмад явдлын нэг оролцогч нь болж байна. Үүнээс бидэнд ямар ч хожил ашиг ирэхгүй. Өөрөөр хэлбэл, бид НАТО-гийн хөсгийн цуваанд орлоо. Хэдийгээр бид энэ хөсгөнд санамсаргүйгээр суусан зорчигч болсон боловч ямар ч ашиг олохгүй харин байдлаа муутгахад хүргэнэ. Учир нь бид Афганистан, Иракийн адил балмад явдалд хамтран оролцогч болсон бөгөөд одоо Ливийн хэрэг явдалд бас татагдлаа.

-Эвслийн хүчнийхэнд шахалт үзүүлэх өөр ямар нэгэн арга хэрэгсэл байна уу?

-Эсэргүүцлээ илэрхийлэн, ямар нэгэн дайн байлдааны ажиллагааг хэрхэвч явуулж болохгүй. Нисдэг онгоц хэрэглэн бөмбөгдөх эрх хэнд ч байхгүй гэсэн тогтоол гаргаж, Каддафи НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Европын холбооныхныг Ливи рүү урья. Зарим нэг орныг, тухайлбал, Германыг. Орос ч үүнд хамрагдан орохын зэрэгцээ бусад улс орныг үүнд хамруулах боломжтой. Гэтэл хэн ч, юу ч хийхийг хүсэхгүй байна. Орос энэ талаар ямар ч алхам хийсэнгүй. Ер нь ихэнх улс орнууд үүнд хамрагдан орлоо. Дани, Норвеги ч тэдний дотор харагдаж байна лээ. Өөрөөр хэлбэл, тэдэнд маш их ашигтай байгаа юм. Энэ нь маш сайн дасгал сургуулилт болж байна. Буудлагын талбайд очиж буудах нэг хэрэг, гэтэл энд жинхэнэ ёсоороо дайн болж байгаа тул дуртай хүссэн бүхнээ хийх эрхтэй тул маш их ашигтай. Өмнөд чиглэл бол их дулаахан, тэнд 25-30 хэм дулаан, далдуу мод, нанжин чавга гээд зүйл бүрийн юм байна. Мөн асар их мөнгө олж болно. Яагаад гэвэл Ливийн газрын тос бол хамгийн хямдхан, хөнгөн хэлбэрийнх юм. Бараг боловсруулалт шаардагдахгүй, чанартай учир хүн бүхэн түүнийг хэрэглэхийг хүсдэг. Ийм учраас Ливийн газрын тосыг эрхшээлдээ оруулна гэдэг бол эдийн засгийн хувьд асар их ашигтай бөгөөд бараг Төв хэсэгт оршиж байдаг нь онцдогтой. Ингэхлээр баруун, зүүн аль ч талд нь Арабын ертөнц оршиж байгаа учраас түүнийг эрхшээлдээ байлгаж болно.

-Энд маш сонин гайхалтай үйл явдал болж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол хүчин төгөлдөр үйлчилж эхлэхийн өмнөхөн Албан ёсны Триполи Ливийн нутаг дэвсгэрт аливаа байлдааны үйл ажиллагаагаа зогсоолоо гэж зарлаж мэдэгдсэн. Гэтэл үүний хажуугаар сөрөг хүчний хамгийн сүүлчийн түшиц газар болох Бенгази хот эзлэгдлээ гэсэн мэдээлэл тархсаны дараахан Парис Каддафийн дэглэмийн эсрэг агаарын дайралтыг эхлүүлэх тухай зарласан. Ноён Жириновский та энэ талаар ямар үзэл бодолтой байна?

-Бодитойгоор харах юм бол Каддафид сөрөг хүчин гээч байдаг бол бүгдийг нь дуусгах боломжтой. Гэтэл үнэн хэрэг дээрээ ямар ч сөрөг хүчин байхгүй бөгөөд бүгд хөлсний этгээдүүд, Аль-Кайда"-гийн тагнуул туршуул, Африкийн орнуудаас зориуд хөлслөгдөн ирэгчид юм. Тэнд би олон удаа очиж байсан бөгөөд Ливи бол Арабын ертөнцийн хамгийн баян чинээлэг ард түмэнтэй орон. Зургаан сая хүн амтай энэ орны жилийн төсөв зургаан тэрбум доллар байдаг гээд та нар бод доо. Тэгэхээр тэдэнд хэчнээн их хөрөнгө мөнгө байгааг тааж мэдэшгүй юм. Ийм ч учраас Ливичүүд бүгд дээд боловсролтой болохын тулд үнэгүй суралцаж, амьдрал ажил үйлс нь онцгой сайхан байдаг. Ливийн ард түмэнд дэглэмийнхээ удирдлагын эсрэг босон тэмцэх ямар ч шалтаг шалтгаан байхгүй. Тус орон ардын эрхт засагтай. Өөрөөр хэлбэл, газaр бүр коммун-нэгдэл, ардын хороод үйл ажиллагаагаа явуулж байдаг. Эрх баригчид "мөнгө төгрөг чинь та бүхний мэдэлд байна, дураараа зарцуулцгаа" гэсэн байдалтай хандаж байдаг юм. Тэгэхээр Европын олон улс оронд хийгээгүйг Каддафи хийж гүйцэтгэж, хангалуун сайхан амьдралыг бий болгосон учраас түүний эсрэг босон тэмцэх хүсэл эрмэлзэл Ливи хүнд байгаагүй юм шүү. Одоо харин ямар аюул занал тулгарах вэ. Мэдээжийн хэрэг тэд Парис хүртэл нисч, Эйфелийн цамхаг ч юм уу, Елисейн ордныг мөргөн дэлбэлэх амиа золиослогч нисэгч нарыг бэлтгэсэн байж болох талтай. Тийм цохилтыг Лондонд өгч ч болох юм. Энэ бүхний өмнө Лондон, Парист алан хядах, эвдлэн сүйтгэх зорилго бүхий хүмүүсийг тэнд аль хэдийнэ байршуулсан байж ч мэднэ. Яагаад гэвэл Дани улс хэтэрхий жижигхэн орон учраас түүнийг дурьдах ч шаардлагагүй. АНУ, Канадын эсрэг иймэрхүү үйл ажиллагаа явуулж болзошгүй. Мөн эзлэн түрэмгийлэгч орнуудын эсрэг авах хариу арга хэмжээг химийн зэвсэг хэрэглэж болох юм. Учир нь хамгийн ашигтай хэлбэр бол химийн зэвсэг юм. Яагаад гэвэл түүнийг хэрэглэхэд нисэх онгоц гэх мэтийн зүйл шаардлагагүй. Каддафи бол буланд шахагдсан араатан амьтантай адил болсон. Ийм ч учраас тэр шийдсэн хүн тул үүнээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл түүнийг өөрсдийнхөн нь алахгүй бол америкчууд шүүхэд өгөх болно. Түүнийг Саддам Хусейн шиг шүүлээ гэхэд эцэст нь дүүжилж алах нь тодорхой. Тэгэхээр түүний зам шулуудсан учраас эцсийн аргаа хэрэглэж л таарна. Түүнд боломж ч их бий. Түүнийг Саддам Хусейн шиг урт удаан хугацаагаар бүслэн хаагаагүй болон дэлхий дахины хэмжээнд тэр хэлхээ холбоо ихтэй байдаг нь үүнд нөлөөлөх болно. Францад голчлон хариу цохилт өгөх янз бүрийн хувилбар Каддафид байгааг үгүйсгэхгүй. Үүнээс Франц улс маш их айж түгшиж байгаа юм.

-Владимир Вольфович ээ, сүүлчийн асуултаа тавья. Дараагийн ээлжинд хэн орох вэ?

-Ливийн дараа Саудын Араб гэсэн хатуу самар орох болов уу. Тэнд газрын тосны асар их нөөц бий. Өөрөөр хэлбэл, хаана газрын тос их байна. Тэр газар тэдэнд ашигтай. Тунис юу юм бэ. Тэнд зөвхөн аялал жуулчлал байна уу гэхээс өөр авчихаар юу ч байхгүй. Египет, Йордан хов хоосон, Сирийг ч бас бараг нүцгэн гэж үзэж болно. Харин тэдний дээр Кувейт байж байна. Ер нь олонхи орнууд газрын тостой энэ орнуудын эрхшээлд байгаа юм. Хамгийн сүүлчийн амтат самар бол Саудын Араб бөгөөд тэнд хуучны хаант засаг оршин тогтнож байгаа бөгөөд хамгийн их газрын тосны нөөцтэй, түүнд нөлөөгөө үзүүлнэ гэдэг бол үнэхээр бэрхшээлтэй амаргүй ажил. Үүний дараа тэд Ирантай дараа нь Пакистан, Турктэй ноцолдож эхэлнэ. Энэ бүхэн 2030 он хүртэл өрнөх болно. Энэ бүх төлөвлөгөөгөө дуусгасны дараа Хятад руу орж эцсийн тулалдаанаа хийнэ. Энэ үед Хятад их гүрний хэмжээнд хүрсэн байх бөгөөд түүнд цохилт өгөх зайлшгүй шаардлага гарах нь тодорхой. Энэ үед Хятад дахь тавдугаар цуваа болох 20-30 сая хүн амтай тус улсын Лалын шашинт баруун хэсгийг бүс нутгийг босгоход бэлэн болсон байна. Тэднийг. нууцаар зэвсэглэх бөгөөд босон тэмцэх ямар нэгэн ая шалтгаан гаргах болно. Ингээд Хятадыг сүйрүүлж, хагалан бутаргахын тулд өөрчлөн байгуулалт нэрийн дор Горбачев маягийн хэн нэгнийг гаргаж ирнэ. Одоогийн гол зорилго бол Лалын ертөнцөд эмх замбаараагүй байдал үүсгэн түүний дүнд Ираныг устгах явдал бөгөөд эхлээд Саудын Араб руу ороод дараа нь Ираныг онилоод байна. Тэнд газрын тосны нөөцийн 80 хувь байдаг бол манай Орост 10-15 хувь байгаа болохоор Лалын улс орнууд ач холбогдолтой гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Дээр нь Иран мэтийн онцгой ихээр дайсагнан ханддаг орнууд нь орно. Хоолой дээр тээглэсэн цорын ганц яс болсон Израйлийг устгах явдлыг зөвшөөрч тэднийг тайвшруулж болох юм. Ингэж л амтат бялуу, ташуурыг зэрэгцүүлэн өгнө. 2030 онд Хятадтай мөргөлдөхийн өмнө түүнийг Япон, Солонгос, Тайвань, Энэтхэгийн лалын шашинтан оршин суудаг бүс нутгийнхантай сөргөлдүүлэх болно. Үүний өмнө Пакистанаар дамжуулан Энэтхэгийн уур уцаарыг хүргэх бөгөөд энэ бүх найруулгыг 2050 он хүртэл хийхээр төлөвлөөд байна. Оросын тухайд бол ямар ч ач холбогдолгүй жижиг улсад оруулаад байгаа бөгөөд дүрвэгсэд маш ихээр олширвол тэднийг авч суурьшуулах л үүрэг хүлээнэ. Энэ бүхэн АНУ тэргүүтэй орнуудын шинэ колончлолын бодлого юм. АНУ болон түүний цэргийн хэлтэс болсон НАТО дэлхий дахиныг 20-30 жил удирдан залах гэж санаархаж байна. Ямарваа эдийн засгийн хямрал тохиолдох юм бол тэд гуравдагч ертөнцийг золиослон түүнээс гарах болно. Үүнд Лалын ертөнц, ОХУ, Африк, Латин Америк, Хятад орж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдний өмнө эдийн засгийн хямралт асуудал цаг үргэлж тохиолдох бөгөөд Канад, АНУ, Европын алтан тэрбумыг сайн сайхан байлгахын тулд 5-6 тэрбум хүний амьдралыг муутгаж золиослох юм.

Комментариев нет:

Отправить комментарий