суббота, 6 октября 2012 г.

Баабарын геополитик ба Солонгос ах


 Баабарын геополитик ба Солонгос ах Баабар нэрээр танигдсан улс төрч Б.Батбаяр монголчуудын ирээдүйг зөгнөсөн ийм нэг өгүүлэл 2003 онд нийтлүүлжээ. Түүний бичсэнээр ойрын 20-25 жилд Монгол Улс “өөдлөх, хямралаас гарах ямар ч найдваргүй” ажээ. Энэ нь америкчуудын хийсэн судалгааны үр дүн бөгөөд энэхүү бараан зураглалаас шалтгаалан тэд Монголтой хамтарч ажиллах ирээдүйдээ эргэлзэж, “хог новштой нь зөнд нь орхиж” магадгүй болжээ.

Батбаярын хувьд Монголд чиглэсэн “Оросын геополитик ашиг сонирхол нэгэнт дуусгавар болсон” ажгуу.
Хятадын төрийн зүгээс ч “Монголруу хандсан тодорхой бодлого” үгүй. Уг нь хятад, монгол хүмүүст худалдаа арилжааны тал дээр боломжийн сонирхол буй боловч хятадын эсрэг золигийн үзэл нь хятад хүмүүст Монголд суурьших боломж олгохгүй байгаа ажээ. Японы хувьд бүр ч яриагүй. Монголд өгсөн тусламж нь тэр бүр оновчгүй, үр дүн муутайгаас үүдэн Япон “гутах, арга нь барагдах, итгэл алдрах талруугаа” нэгэнт оржээ. Товчоор хэлбэл, Монгол Улс нь АНУ, Орос, Хятад, Японоос олигтой зүйл хүлээлтгүй болжээ. Гэвч Батбаярын хувьд, Монгол Улсад зовлонгоо нимгэлэх нэг арга зам бий. Энэ нь “Солонгос ахтай болох” юм.

Батбаяр дээрх өгүүллийг бичсэнээс хойш бараг 10-аад жил өнгөрчээ. Энэ хооронд АНУ, Япон Монголд үзүүлэх тусламжаа бууруулсангүй, харин улам нэмэгдүүлэв. Японы тусламж ч үр дүнгээ харамгүй өгчээ. Ганц жишээ. Японы тусламжаар хэдэн зуун монгол залуус дэлхийд нэр хүндтэй их сургуулиудад сурч боловсрол эзэмшив. Тэдний түүчээ Японы техник, технологиос суралцаад эх орондоо хэдийнээ буцаж иржээ. Тэд Монголд урьд өмнө байгаагүй нано-технологийн лаборатори байгуулж, үүндээ монгол залуусыг сурган бэлдэх зэргээр шинжлэх ухаан, боловсролын салбарт хувь нэмэрээ оруулж эхэлсэн байна. Хятадын хувьд, Монголруу чиглэсэн өөрийн сонирхолыг нууж хаахаа болив. Хятадын Монголд чиглэсэн бодлого ил тод, илүү санаачлагатай болжээ. Орос ч Монгол дахь хуучин Зөвлөлтийн нөлөөг бага ч болов эргүүлэн авахад анхаарч эхлэв. Монголтой харьцуулашгүй их байгалийн баялагтай Орост улс төрийн сонирхол л буй.

Харин, ахаа болгох гээд байгаа солонгосчуудтай харилцах харилцаанд манай дарга нар хариуцлагагүй хандсан байдаг. Саяхан, онцгүй ч юм шиг, инээдтэй ч юм шиг нэг мэдээлэл түгжээ. Хойд Солонгосын Элчин сайдын яам Монголын эрх баригч намын дарга нарыг хүлээн авч, цайллага хийсэн юм байх. Цайллага сайхан болж, төлөөлөгч нар ч халамцаж халуун яриа өрнүүлжээ. Гэтэл таагүй үйл явдал болсон гэнэ. Хойд Солонгосын халамцсан төлөөлөгч хэрвээ та нар АНУ, Өмнөд Солонгосыг дагаж гүйгээд байвал пуужингаа танайхруу чиглүүлнэ шүү гэж агсарчээ. Дараа нь уучлалт гуйсан гэнэ билээ. Гэхдээ үүнийг монголчуудад өгч буй тэдний сануулга гэхээс өөрөөр юу гэж ойлгох билээ дээ. Монгол дарга нар өөрийнх нь хэрэгт хошуу дүрэхээр оролдож байгаад дургүй нь хүрсэн бололтой. Хоёр жилийн өмнө Хойд, Өмнөд Солонгос Ёнпёондо гэдэг хилийн маргаантай аралд их буугаар харилцан буудах үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд нь Өмнөдийн талыг дэмжиж сүржин мэдэгдэл хийж байсан юм.

Мөнөөх Батбаяр саяхан бас нэг өгүүлэл нийтлүүлжээ. Энэ нь Монгол-Солонгосын стратеги түншлэлийн асуудлаархи уулзалтад оролцохдоо уншсан “Аюулгүй байдлын талаархи Монгол БНСУ-ын хамтын ажиллагааны бололцоо” гэх сэдэвт түүний илтгэл ажээ. Түүний бичсэнээр, дэлхийн хамгийн тогтворгүй бүс нутгийн нэг Зүүн хойд Азид АНУ, Японы нөлөө буурч байгаа ба монголчууд бий болсон хүчний шинэ орон зайд солонгосчуудтай хамтран байр сууриа эзэлж авах, чингэхдээ Хойд Солонгосын дэглэмийг халахад өөрийн орны шилжилтийн туршлагыг ашиглах хэрэгтэй ажээ. Түүний бичсэнийг ухаж ойлговол ямар үндэстэнтэй хувь заяагаа холбохыг монголчуудад зааж өгч буй нөгөөх санаа явж байна. Өөрөөр хэлбэл, Зүүн хойд Азийн бүс нутагт том гүрнүүдийн хүчний харьцаа өөрчлөгдөж, шинэ тоглогчид хүч түрэн орж ирж байгаа үед Солонгос ахтай Монгол тоглолтын шинэ орон зайд хавчуулагдаад авах хэрэгтэй.

Батбаяр монголчуудыг оруулж тоглуулах гээд байгаа Зүүн хойд Ази нь улс төрийн хувьд чухам ямар бүс нутаг вэ гэдгийг сонирхвол үнэндээ дотор эвгүйцмээр дүр зураг харагддаг. Энэ бүс нутагт эдийн засгийн гайхамшигт ололтынхоо үлэмж хэсгийг цэрэг зэвсгийн хүч болгон хувиргаж буй Хятад, хоорондоо дайтахад бэлэн Хойд, Өмнөд Солонгос, хамгийн олон цөмийн пуужинтай хоёр гүрний нэг Орос, даруухан боловч хэрэг дээрээ сансар, цөмийн технологийг дээд зэргээр эзэмшсэн Япон оршино. Тэд учирч болох нэг үйл явдалд бэлдэж байна. Энэ нь Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хямрал юм. Хэрэв дэлхий дээрх цэрэг зэвсгийн хүч хамгийн их төвлөрсөн энэ бүсэд энх тайван эвдэгдвэл төсөөлж чадамгүй гай гамшиг тарих ажээ. 

Харьцангуй налгар тайван монголчуудад энэ бүс нутгийн хар бараан тал нь тэр бүр анзаарагддаггүй бололтой. Манайхны дунд хүйтэн дайны үеийнх шиг ийм нэг хэвшмэл сэтгэлгээ түгээмэл ажээ. Зүүн Ази дахь зөрчил, ялангуяа Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хямрал нь АНУ-Хятадын өрсөлдөөн, АНУ ба Хятад-Оросын хоорондын эрх ашгийн зөрчил, эсвэл АНУ-ын дангаар эзэрхэх бодлогоос үүдэлтэй гэнэ. Бид хямралын бурууг аль нэг том гүрэн, эсвэл тэдгээр гүрнүүдэд тохож, хүчний харьцааны талаар хоорондоо маргах ба зовж буй хөөрхий солонгосчуудыг өрөвдөнө.

Үнэндээ, Зүүн хойд Ази гэж нэрлээд буй бүс нутгийн нөхцөл байдлыг судлаачдын нүдээр харвал биднийхээс ихээхэн өөр дүр зураг харагддаг. Судлаачдын үзэж буйгаар асуудал том гүрнүүдийн хүчний харьцаагаар шийдэгдэх хялбар зүйл бус, харин тус бүс нутагт өөрт нь байгаа ажээ. Энэ бүс нутгийн үндэстнүүд түүхээсээ эв түнжин муутай явж ирсэн байна. Ард түмнүүдийнх нь хооронд үл итгэлцэл, үзэн ядалт өнөөг хүртэл давамгайлна. Ялангуяа, сүүлийн үед гаарах болсон тэдний үндсэрхэг үзэл гал дээр тос нэмдэг. Тэдний хооронд газар нутгийн маргааны айхтар хүнд асуудал бий. Хятад Японтой, Япон нь Өмнөд Солонгос, Оростой газар нутгийн маргаантай. Тэд газар нутгийнхаа асуудалд буулт хийх сонирхолгүй, харин зэр зэвсгээ бие биедээ харуулна.

Дээрх бүгдээс ид тулгамдаад байгаа бүс нутгийн асуудал нь Хойд Солонгосын цөмийн зэвсэг юм. Энэ бэрхшээл ЗХУ бутарч, Европт коммунизм нурж унасны дараа гарч иржээ. 1990 онд хоёр Герман нэгдсэний дараа дэлхий нийт Хойд, Өмнөд Солонгосыг харж байлаа. Гэвч хоёр Солонгосын хувь заяа огт өөр замаар эргэсэн юм. Хойд Солонгосын удирдлага цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрөөр бамбай хийн барьж өөрийн дэглэмийг хамгаалж үлджээ. Судлаач Е.Корнеллийн бичсэнээр Хойд Солонгосын удирдагчдын бодлого, ааш авир энэ үндэстний түүх, соёлын онцлогоос шалтгаалж байгаа ажээ. Хойд Солонгосын удирдагчдын улс орноо удирдаж буй арга зам, гадаад ертөнцөөс тусгаарлагдмал ард түмнийх нь сэтгэл зүй солонгос үндэстэнд нэвт шингэсэн эртний хятадын Күнзийн суртлын нөлөө ба гажуудсан Марксист, Леннист үзэл өвөрмөгцөөр хоорондоо хольцолдсоны үр дагавар ажээ.

Коммунист удирдагчдаа Күнзийн суртлын дагуу бурханчлан шүтдэг өвөрмөгц энэ улсын асуудал хөрш орнуудынх нь хувьд, тэрбүү хэл цорын ганц дэмжигч Хятадын хувьд амаргүй зүйл болж хувирчээ. Судлаачид Хойд Солонгос ойролцоогоор найман цөмийн бөмбөг хийсэн гэж таамаглаж байна. Хятад Хойд Солонгос цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгаад тун таагүй ханддаг. Хэрэв өөрийнх нь бөөрөнд буй энэ жижиг улс ингэж цөмийн зэвсгээр хөөцөлдөөд байвал бусад хөрш Япон, Өмнөд Солонгос ч цөмийн зэвсэгтэй болох вий гэхээс Хятад их болгоожилж байна. Зарим судлаачид Хойд Солонгосын өнөөгийн дэглэмийг дэмжих, хэвээр хадгалах сонирхол Хятадад үнэхээр бий эсэхэд асуулт тавьж байгаа ажээ. Хойд Солонгосын удирдлагууд ч цаг нь тулахаар Хятад тэдэнд туслах эсэхэд эргэлздэг. Иймдээ ч тэд цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоох Хятадын ятгалгыг эс хайхран эцсийн эцэст цөмийн зэвсэгтээ л найдахаас аргагүй ажээ. Иймд, судлаачдын хувьд Зүүн хойд Азийн улс төрийн нөхцөл байдал парадокс бөгөөд ирээдүй нь тодорхой бус юм. “Тодорхой бус” гэдэг нь хямрал энхийн замаар, эсвэл маш муугаар ч төгсөж болохыг илэрхийлж байгаа хэрэг.

Судлаач А.Ланков Хойд Солонгосын дэглэм тайван замаар унана гэдэгт эргэлзэж байна. Хойд Солонгост сурч амьдарч байсан энэ судлаачын үзэж буйгаар, хэрэв өөрийн дэглэм улс орны дотоод асуудлаа шийдэж чадахгүй нуран унахад хүрвэл Хойд Солонгосын удирдлага гадагш чиглэсэн үйл ажиллагаа заавал явуулах ажээ. Сүүлийн аргаа хэрэглэж байгаа нь тэр. Хэрэв Солонгосын хойгт оч үсэрвэл төсөөлөхөд хэцүү их уршиг араасаа дагуулах ба үүнээс хамгийн их хохирогч нь солонгосчууд өөрсдөө юм. А.Ланков хоёр Солонгос нэгдвэл дараа нь нөхцөл байдал ямар байхыг бас авч үзэж байна. Гэхдээ л багагүй бэрхшээл тохиолдох бололтой.

Ингээд бодохоор Монгол Зүүн хойд Азийн үйл явдалд хутгалдах гэж оролдох нь өөрт тун хортойгоор тусч мэдэх юм. Угаасаа ч цаад аваргууд хямралыг шийдвэрлэхэд Монголыг ойртуулах ч үгүй. Харин, аль нэг улсын зүгээс Монголыг алиалагч салбадай маягаар ашиглах сонирхол байхыг үгүйсгэхгүй юм. Нөгөө талаар, Монголд гэм хоргүй хийхгүй мөрөөрөө явж байхад нь өөрийнх нь дотоод асуудалд нь хошуу дүрж, танай дэглэмийг өөрчлөхөд тусламаар байна гээд гүйгээд байвал Хойд Солонгосын зүгээс монголын мунхаг дарга нарт сануулга өгч харин чадах юм. 

Гэхдээ, энэ бүхнээс нэг зүйл маш тодорхой юм. Солонгосын хойгт энх тайван эвдэгдсэн тохиолдолд гарах үр дагаварыг гэтэлгэх, хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрхэн явуулах асуудал санаа зовоож байна. Хятадын хувьд Хойд Солонгосын дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлсэн гэнэ. Харин Викиликс сайтад өгүүлснээр НҮБ-ын нэр бүхий албан тушаалтан Монгол Улс Хойд Солонгосын тодорхой тооны дүрвэгсдийг өөрийн нутаг дээр байрлуулж байгаа ба үүнд Өмнөд Солонгос санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэж мэдэгджээ.

Солонгосын хойгт асуудал энх тайвнаар шийдэгдлээ гэхэд мөн л том асуудал үүсэх ажээ. Хойд Солонгосын дэглэм тайван замаар солигдлоо гэхэд хоёр Солонгос нэгдэх эсэх нь маргаантай юм. Өмнөд Солонгосын иргэдийн 50 хүрэхгүй хувь нь хоёр улс нэгдэхийг дэмжиж байгаа гэнэ. Учир нь, Өмнөд Солонгос өлсгөлөн, ажилгүй 15 сая Хойд Солонгосын ард иргэдийг яах вэ гэдэг асуулттай тулгарч байна. Харин саяхнаас Монголд нэгэн маргаан дагуулсан мэдээлэл хөвөрлөө. Энэ нь Өмнөд Солонгос Монголын дорнод хязгаарт их хэмжээний тариалангийн газар түрээсээр, бас худалдаж авсан тухай. Судлаачдын тогтоосноор энэ газар нь Монголын хамгийн үржил шимт хөрстэй нутаг ажээ. Монгол дахь хөдөө аж ахуй хариуцсан Солонгос-Монголын Хөдөө Аж Ахуйн Бэлтгэл Санаачлага байгууллагын дарга Ким Хак Сүгийн мэдэгдсэнээр энэ газрыг Хойд Солонгосын ард түмнийг тэжээхэд ашиглах юм.      

Батбаяр “том” геополитик сурталчилж байх хооронд Монголд иймэрхүү л үйл явдал болж байгаа ажээ. Түүний бичиж буй зүйл танин мэдэхүйн талаас зугаатай байж болох ч Зүүн хойд Азийн бүс нутгийн улс төрийн нөхцөл байдлыг монголчуудад хэт буруу ойлгуулж байгаа нь тун хорлонтой ажээ.


Ү.Очсүрэн

Комментариев нет:

Отправить комментарий