Энэ зун Монголд болсон парламентийн сонгуулийн дүн тус орны
байгалийн асар их баялгийн төлөөх өрсөлдөөнийг улам сонирхолтой
болголоо.
Учир нь сонгуулийн дүнгээр Монголын засгийн эрх сөрөг хүчинд шилжсэн.
АН парламентад 35.53 хувийн санал авч, гол өрсөлдөгч МАН-ын 26.15 хувийн
саналаас хол түрүүлж чадсан билээ.
Доод тал нь 1.3 их наяд долларын өртөгтэй гэх Монгол орны ашигт
малтмал, байгалийн баялаг гадаадын олон орны анхаарлыг ихэд татаж байна.
Ялангуяа эдийн засаг нь маш хурдан хөгжиж буй Хятад улс маш их сонирхож
байна. Хэдийгээр Монголын баялгийн багаахан хэсэг нь ил гарсан ч энд дэлхийн ураны хамгийн том нөөцөөс гадна (Дорнод аймаг болон Гурванбулагт 1.4 сая тонн) нефтийн орд газар нь ч олны сонирхлыг татаж байгаа. Тамсаг, Дорноговьд долоон тэрбум баррель нефть, Оросын хилийн ойролцоох Асгатад 8000 тонн мөнгөний нөөцтэй орд газар бий. Гэхдээ гадаадын компаниудын гол тэмцэл Монголын нүүрс, зэсийн төлөө явагдаж байна. Тавантолгойн нүүрсний орд газар зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэйгээс 40 хувь нь коксжсон нүүрс. Дараагийн нэг чухал орд нь 12.8 мянган тонн алт, 35.8 сая тонн зэсийн нөөцтэй Оюутолгой юм. Хэдийгээр Оюутолгойн гол хувьцаа эзэмшигч нь Австрали-Британийн “Рио Тинто” компани ч Монголын Засгийн газар сурсан зангаараа эцсийн хариугаа та нарт өгөөгүй байгаа шүү гэж анхааруулаад авсан. Тавантолгойн гэрээ хэлэлцээр ч адилхан зогсонги байдалд ороод байна.
Өнгөрсөн онд болсон Тавантолгойн тендерт Хятадын” Shenhua” групп 40
хувийг нь эзэмшихээр шалгарч, Орос-Монголын хамтарсан групп 36 хувь,
үлдсэн 24 хувь нь Америкийн “Peabody”-д оногдох ёстой байлаа. Гэвч
монголчууд энэ гэрээг өөрчлөхийг шаардаж эхэлсэн. Оюутолгойн төсөлд
монголчууд дөнгөж 48 хувийг эзэмших болсон нь Монголын эх орончдын
эгдүүцлийг хүргэв. Мөн гадаадын компаниуд Улаанбаатарын зөвшөөрөлгүйгээр
өөрсдийн хувиа зарж борлуулах эрхтэй болсон нь таалагдсангүй. Гэхдээ
энэ орд газрыг ашиглах гэрээ тасалдсан жинхэнэ шалтгаан нь Оюутолгойн
төслөөс орж ирэх асар их мөнгөний төлөө Монголын улс төрийн элитүүд
хоорондоо тэмцэлдэж эхэлсэн явдал байв. Монголын Засгийн газрын бүтэц
маш хэврэг тул ямар нэг улс төрийн хүчин өөрт нь таалагдаагүй зүйл
гарвал эсэргүүцсээр байдлыг өөрчилж, тэр байтугай өөртөө ашигтайгаар ч
эргүүлж чаддаг. Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулалттай том төслүүдийг
Парламент, Засгийн газар, Ерөнхийлөгчөөр тэргүүлүүлсэн Үндэсний аюулгүй
байдлын зөвлөл батлах ёстой. Дангаараа Засгийн газрыг бүрдүүлэхийн тулд
аль нэг нам УИХ-ын 76 суудлаас доод тал нь 37-г авах ёстой бөгөөд энэ нь
Монголын нөхцөлд бараг боломжгүй зүйл юм.
70 жил Зөвлөлтийн дагуул байсан Монгол орон улс төр, эдийн засгийн
хувьд ЗХУ-аас хэт хамааралтай байсан тул энэ орныг Зөвлөлтийн нэгэн БНУ
гэж үздэг байлаа. Гэвч Михаил Горбачев Зөвлөлтийн нөлөөний бүсээс
татгалзсаны дараа Москва Монголыг захирч чадахаа байсан. Шинэ Монгол Улс
байгуулагдсан цагаас эхлэн америкчууд энэ орныг гартаа авч, нөлөөний
бүсээ тогтоох гэж зүтгэн, элитүүдийг нь өөртөө татаж байв. Ерөөд оны
сүүлээр Хятадын эдийн засаг өсч, түүхий эдийн шинэ эх үүсвэр хайж
эхэлсэн тэр үед Монголын талаар бүх дэлхий ярьж эхэлсэн юм. Металл,
эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өсөхийн хэрээр Монголыг улам их сонирхож
байлаа. 1999 онд Хятадын Төрийн тэргүүн Зян Зяминь Улаанбаатарт
айлчилсан нь тохиолдлын хэрэг биш байв. Орос ч гэсэн мартаж орхисон
Монголоо гэнэт дурсан санаж, 2000 онд В.Путин Монголд очиж, хуучин
ЗХУ-Монголын хооронд байгуулагдаж байсан төслүүдийг сэргээх гэж
оролдсон. Гэвч энэ үед америкчууд Монголын элитүүдийг аль хэдийн өөртөө
ашигтайгаар хүмүүжүүлчихсэн байв. 2000-2002 онд Америкт суралцсан
Ц.Элбэгдорж болон түүний АН Америкийн нөлөөг идэвхтэй дамжуулагч болсон
байлаа. Америкийн нөлөө Монголд хүчтэй болсны жишээг Монгол цэргээ Ирак,
Косовод явуулснаар харж болно. 2005 онд Америкийн төрийн тэргүүн
Монголд анх удаа айлчилсан нь хятадуудыг Монголд улам их анхаарал
тавихад хүргэсэн. Хятад үүндээ хуучин МАХН-д найдаж байв. Хятадын
удирдлагууд ээлж дараалан Монголд очиж байсан нь ч нөлөөлж, 2006 онд эрх
баригч Барууныг дэмжигч фракц задран унаж байлаа. Монголын төлөөх
гадаад орнуудын өрсөлдөөнөөс Монголын байгалийн баялгийн хувь заяа
шалтгаална. Монголчууд байгалийн баялгаа гадаад орнуудын дунд “хэрүүлийн
алим” болгож өгөөд, дундаас нь аль болох их ашиг олох хандлагатай болж
байна. Тиймээс хөрөнгө оруулахаар хичээж байгаа зарим гадаадын компанийн
хувьд Монголын баялаг зүүд зэрэглээ болоод л өнгөрдөг.
Монгол дахь Оросын нөлөө Америк, Хятадын дэргэд бол өчүүхэн бага.
Монголын элитүүд Хятадыг уурлуулах, сөргөлдөх үедээ л Оросыг ашигладаг
болоод байгаа. Ядаж байхад Орос орон авилга, хээл хахуулиас болоод санал
болгож байгаа төслүүд нь гадаадын бусад орныхоос хамаагүй үнэтэй болоод
байгаа тул тэдэнтэй өрсөлдөж чадахгүй байна. Монголд нөлөөгөө тогтоох
гэсэн Оросын хожимдсон оролдлого одоохондоо амжилт олоогүй л байна.
Орост 2001-2005 онд Монголын элчин сайдаар ажиллаж байсан, Москвад
холбоо сүлбээ ихтэй Санжийн Баяр засгийн эрхэнд гараад ч нэмэр болоогүй.
Оросууд Монголыг ер тоож байсангүй. Хуучин анд Орос, эртний өстөн
Хятадын хооронд хавчигдсан Монгол биднийг сонгохгүй хаачих вэ гэж
Москвад бодож байлаа. Тийм болохоор бараг л “Томоохон хэмжээний Тува”
гэж бодож байсан Монгол орон Оросын компаниудад өгөхөөр амалсан байсан
орд газруудаа өгөхгүй гэж хэлсэн нь Орост гэнэтийн явдал болсон юм.
Монголчууд гадаадын компаниудаас илүү ихийг авна гэдгээ ойлгож байлаа.
Монголын ерөнхий сайд С.Баяртай хувийн шугамаар тохиролцсон байсан ч
монголчууд тоосонгүй. Тэгэхээр одоо бид хуучин Зөвлөлтийн үе эргэлт
буцалтгүй улиран одсоныг ойлгож, Монголтой шинээр харилцаж сурах
хэрэгтэй байна. Гэтэл манайд байдал ямар байна? Монголтой ажил хэргийн
харилцаа, гэрээ байгуулах болоход монгол хэлний орчуулагч ч олддоггүйг
харахад л ойлгомжтой. Саяхан л монголчууд бараг бүгд оросоор ярьдаг
байсан болохоор манайд монгол хэлний орчуулагч бэлтгэх хэрэггүй гэж
бодож байж. Өөр нэг асуудал бол зам тээвэр. Монголд олборлосон түүхий
эдийг ямар замаар далайн боомтонд хүргэх вэ гэдэг асуудал. Эдийн засгийн
хувьд Хятадын нутгаар тээвэрлэсэн нь ашигтай. Өвөрмонголд байгаа замаар
Тяньжиний боомтонд хүргэх нь Оросын боомтонд хүргэхээс хоёр дахин
богино байна. Тэгэхээр Хятадын компани тендерт ялагдлаа ч ихэнх түүхий
эд Хятадын үйлдвэрт очих нь тодорхой. Хятадууд Монголын түүхий эдийн зах
зээлд орохын тулд юу ч хийхэд бэлэн. Орос болон Барууны өрсөлдөгчдөөсөө
ялгаатай нь Монголын зах зээлд орохын тулд тэд маш их буулт хийж,
хамгийн бага ашиг авсан ч хамаагүй байна.
Америкийн талд байгаа Mongolian Investment Initiative эвсэлийн ашиг
сонирхлыг Америкт Venn Strategies концерн хамгаалж байгаа. Концерний
тэргүүн Пенни Ли Невадагийн сенатор Гарри Рейд-ын анд, Америкийн АН-д
нөлөөтэй. Тэрбээр Америкийн АН-ын орон нутгийн сонгуулийн ажлыг сүүлийн
10 жил удирдаж яваа хүн. Сүүлийн үед Монголд Америк зөвлөгч нар их
ажиллах болсон. Америкийн ашиг сонирхлыг хамгаалдаг концернууд болох
Gage International, Armitage International Монголын улстөрийн бүлгүүдтэй
идэвхтэй хамтран ажиллаж байна. Mongolian Investment Initiative-ийн
удирдлагад барууны орны иргэд болон Америктай холбоотой монголчууд бий.
Вашингтон алс холын Монголд анхаарал тавиад байгаа бас нэг шалтгаан нь
Азид Хятадын нөлөө ихэсч байгаад санаа зовсных. Гэхдээ Америкийн лобби
Монголд хэчнээн хүчтэй болсон ч бүгдийг шийдэж чадахгүй. Хэдийгээр
сонгуульд АН ялсан ч дангаараа засгийн газар бүрдүүлж чадахгүй, эвслийн
засгийн газартай болсон. Тийм болохоор ямар нэг шийдвэр гаргахдаа АН
бусад улстөрийн хүчинтэй тохиролцох, ярилцах шаардлага гарна. Сонгуулийн
дараахь Монголын улс төрийн байдлыг харахад түүхий эдийн төлөөх
өрсөлдөөн улам хүчтэй болох шинжтэй. Монголын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
хэлснээр энэ өрсөлдөөн энэ оны сүүлээр дуусах ч Монголын талын
шийдвэрүүд дахиад л өөрчлөгдөх магадлалтай.
Гэхдээ америкчууд Монголын тендерт хэн ч ялсан бай, түүхий эдийн гол
хэрэглэгч болох хятадууд хохирохгүй гэдгийг сайн ойлгож байгаа.
Монголчууд Хятадаас айж эмээдэг ч эдийн засгийн үзүүлэлтийг харахад
Бээжин Монголыг бараг эзэлчихсэн нь харагдана. Монгол Хятадын худалдааны
хэмжээ Орос, Америктай хийж байгаа худалдааны хэмжээг нийлүүлснээс ч
гурав дахин их байгаа. Ийм байдалд Америкийн хувьд Монголын байгалийн
баялгийг Хятадад ашиглуулахгүйн тулд Монголын улс төрийн байдлыг
тогтворгүй байлгахаас өөр арга байхгүй. Тендерийн дүнг байн байн
өөрчлөөд байх нь юуны өмнө Америкт л ашигтай. Монголд улс төрийн байдал
тогтворгүй байх нь байгалийн баялгийг ашиглахад саад учруулна. Ингэснээр
Хятадыг улам хүчирхэгжихээс сэргийлж чадаж байгаа гэсэн үг. Гэхдээ
цаашдын ирээдүйг бодоод үзэхэд Монгол Хятадад залгигдах нь гарцаагүй.
Эрт орой хэзээ ч байсан Монгол Хятадыг сонгох цаг ирнэ. Хятад улсын хөрш
орнуудаа эдийн засгийн хамааралд оруулан, бага багаар барьцаа
чангаруулдаг урт удаан хугацааны стратеги нь амжилттай болно. Барууныхан
хэт хол байгаа учир Хятадад саад болж чадахгүй.
«Аргументы.ру», Сергей Балмасов
орчуулсан М.СУГАР-ЭРДЭНЭ
Комментариев нет:
Отправить комментарий