пятница, 28 сентября 2012 г.

Онцгой үүрэгтэй найз бүсгүй


Өнгөрөгч долоо хоногт Австрийн “Der Standard” сонин Юлия Тимошенкогийн охин Евгениятай хийсэн ярилцлагыг нийтэлсэн билээ. Украины Ерөнхий сайд асан ээж нь улс төрийн хэлмэгдлийн золиос болсон талаарх уламжлалт мэдэгдлүүдийн хажуугаар Евгения ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг ээжид нь тусалж чадах “энэ хорвоогийн цөөн хүний нэг” хэмээв. Ийн саймшран ярьсныг нь ойлгож болох юм. Учир нь энэ олон жилийн туршид Путин, Тимошенко хоёр ОХУ, Украины хоорондох харилцаан дахь хүндрэлүүдийг үл харгалзан найз биш юм гэхэд сайн холбоотнууд байсан нь яриангүй үнэн. Тухайн үед хоёр эрхмийн харилцааг тойрон янз бүрийн таамаглал дэвшүүлдэг байлаа.

“Der Standard” сонинд өгсөн ярилцлагадаа Евгения Тимошенко ноён Путинтэй уулзах нь түүний хувьд нэр төрийн хэрэг хэмээгээд ээжтэй нь холбоотой олон мэдээллийг түүнд хэлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Энэ зуур сануулахад, Тимошенкогийн нөхөр Александр эхнэрээ суллуулахад туслахыг Путинээс гуйж байсан удаатай. Евгениягийн хэлснээр, ээжид нь долоон жилийн ял өгөх үндэслэл болсон байгалийн хийн гэрээнүүд тухайн үед Украиныг эрчим хүчний хямралд оруулахаас сэргийлсэн, байгалийн хийн үнэд нөлөөлдөг улс төрийн шалтгааныг нь арилгаж чадсан алхам болсон ажээ. “Үүнийг нь олон хүн ойлгосон. Ялангуяа Путин хэнээс ч илүү сайн ойлгож байсан. Путин ээжийг маань илт дэмжсэн учраас одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг болон улс төрийн хоригдлуудыг суллах асуудлыг шийдэж чадах цөөн хүний нэг нь Путин болов уу. Түүнийг бидэнд тусална гэдэгт найдаж байна” хэмээн Евгения мэдэгдсэн байв.

Владимир Путин 2005 оны гуравдугаар сарын 19-нд Киевт албан ёсны айлчлал хийх үеэрээ анх Юлия Тимошенкотой танилцаж байсан юм. Тухайн үед Украины Ерөнхийлөгч Виктор Ющенко тэргүүтэй тус улсын удирдлагын баримталж байсан гадаад бодлогын улмаас хоёр орны хоорондын харилцаанд үл ойлголцох асуудлууд бий болоод байсан үе. Ерөнхий сайдын суудалд дөнгөж залраад байсан Тимошенко ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан эдийн засгийн салбарт тус улсаас гаргасан санаачилгуудыг дэмжихэд бэлэн буйгаа илэрхийлж байв.

Тимошенког Путинд ингэтэл саймширсныг ОХУ-ын Цэргийн Ерөнхий прокурорын газарт түүний эсрэг үүсгээд байгаа эрүүгийн хэргийг хаалгуулах хүсэлтэй холбоотой гэсэн таамаглалууд яригдах болсон. Тимошенког 1990-ээд онд “Украины эрчим хүчний нэгдсэн систем” компанийг удирдаж байсан үетэй нь холбож эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. Ингэхдээ түүнийг ОХУ-ын Батлан хамгаалах яамны офицерүүдэд авлига өгсөн хэрэгт буруутгаж улмаар Интерпол Москвагийн хүсэлтээр Тимошенког эрэн сурвалжлахад хүрч байв. Харин Тимошенког Украины Ерөнхий сайд болмогц нь ОХУ-ын Ерөнхий прокурор Владимир Устинов түүнийг Орост ирдэг л юм бол шууд баривчилна гэж мэдэгдэж байлаа.

2005 оны гуравдугаар сарын тэр өдөр Путин, Тимошенко хоёр ямар тохиролцоонд хүрснийг нарийн мэдэх хүн байхгүй. Юутай ч, дөрөвдүгээр сард нь Тимошенког Москвад айлчлах гэтэл Виктор Ющенко айлчлалыг нь хойшлуулж байв. Үүний дараа Тимошенко шатахууны үнийг төрөөс хянах механизмийг нэвтрүүлэх зорилгоор Оросын газрын тосны компаниудтай үзэлцэж эхэлсэн. Ингэснээр Украинд “шатахууны хямрал” гэх үзэгдэл бий болж Москва, Киевийн харилцаанд бүр том асуудлыг үүсгэж орхисон. Энэ бүхнээс үүдэн дүгнэхэд, Кремлийн зүгээс Тимошенкод найр тавих зүйл байхгүй мэт. Тэгэхээр 2005 оны гуравдугаар сарын тэр өдөр Путин, Тимошенко хоёр албан хүрээнээс хальсан уулзалтыг хийсэн бололтой. Тэгээгүй бол Тимошенко аймшиггүйгээр Москвад ирснийг юу гэж ойлгох вэ. 2005 оны есдүгээр сард Ющенко түүнийг Ерөнхий сайдын суудлаас нь авч хаясан. Гэтэл Тимошенко дараахан нь хувийн шугамаар Москвад ирээд бүр Прокурорын газарт байцаагдаж мэдүүлэг өгсөн. Харин ердөө маргааш нь түүний эсрэг үүсгээд байсан эрүүгийн хэргийг хаасан байдаг юм.

Украины хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл 2005 онд Путин Тимошенког дэгээндээ оруулсан гэж таамагладаг. Олны дунд тархсан ярианд итгэвэл, 1995 оны долоодугаар сард Юлия Тимошенког нөхөр Александрын хамтаар ОХУ-аас их хэмжээний (100 000 доллар) мөнгийг хууль бусаар авч гарах гэж байсанд сэжиглэн Москвагийн “Внуково” нисэх буудлаас баривчилсан бололтой юм билээ. Энэ л үеэс Тимошенко Холбооны Аюулаас хамгаалах албаны хараанд орсон ажээ. Тэрхүү 100 000 долларыг нь хураан авч, протокол үйлдсэний дараа хосуудыг тавьж явуулсан ч анхаарлаасаа огт салгаж байгаагүй гэх. Улс төрийн аль нэг бүлэглэлийг дэмждэггүй “DailyUA” сайтад бичсэнээр, 2004 оны аравдугаар сард Холбооны Аюулаас хамгаалах албаныхан Тимошенкогийн тухай мэдээллийг Путинд тусгайлан бэлтгэж өгсөн хувилбараар нь олж авсан ажээ. Уг мэдээлэлд Украины ирээдүйн Ерөнхий сайд Тимошенког Оросын хүчний байгууллагуудын байнгын анхааралд байдаг талаар дурдсан байжээ.

За үүнийг ч яахав, Тимошенкогийн дайснуудаас гаргасан ээлжит худал мэдээлэл байсан гэж бодъё. Гэвч энэ олон жилийн туршид Юлия Владимировна нэг бол Кремльд их өртэй ч юм шиг, нэг бол ямар нэгэн зүйлээс айгаад байгаа ч юм шиг эсвэл Путинтэй үнэхээр маш дотно найрсаг харилцаатай хүн юмуу гэмээр сэтгэгдэл хүмүүст байнга төрж байсан нь үнэн билээ.

Тимошенко 2005 оны сүүлчээс 2007 оны сүүлч хүртэлх хугацаанд Виктор Ющенко болон Юрий Ехануров, Виктор Янукович нарын Засгийн газрын сөрөг хүчин болж ажиллаж байсан. Энэ үед тэрбээр ОХУ-ын зүгээс үүсгээд байсан эрүүгийн хэргийг нь хаасан тухай мэдээллийг няцааж байлаа. Ер нь тухайн үед түүний ярьж хэлж байсан үгнээс нь Тимошенко Украины хамгийн эх оронч үзэлтэй улстөрч болсон гэдэг нь мэдрэгддэг байсан юм. Бас л эх оронч үзэлтэй Ющенкогийн байр суурийг ганхуулахын тулд Тимошенко маш их хүч зарцуулсан. Ющенкод Украиныг барууны орнуудын зүг хөтлөхөд Бүс нутгийн намын гишүүд бус чухамхүү ОХУ-ын ашиг сонирхолд бүтэн хоёр жил зүтгэсэн Тимошенко л саад учруулж байв.

Тэр бүү хэл, 2007 оны арванхоёрдугаар сард Тимошенко эргээд Ерөнхий сайдын суудалдаа залармагц Ющенкотой хамсан улс орноо Европын холбооны зүг хөтлөхийн оронд тэртээ тэргүй нэр хүндээ алдаад байсан түүнтэй эрс сөргөлдөж эхэлсэн юм. Тэр үед магадгүй Тимошенко 2010 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байсан биз ээ. Гэвч Янукович болон түүний хамсаатнуудтай эн зэрэгцэн өрсөлдөхийн тулд Тимошенкод санхүүгийн багагүй дэмжлэг шаардлагатай байлаа. Харин энэ дэмжлэгийг ОХУ ямар нэгэн зүйлийн хариуд өгөхөд хэзээд бэлэн гэдгийг ойлгож байсан нь лавтай. Ер нь Оросын мөнгөөр төрийн эрхэнд гарахыг эрмэлзсэн Украины аль ч улстөрч туйлын болгоомжтой хөдөлж өөрийгөө жинхэнэ эх оронч гэдгээ хаа сайгүй зарлаж явахгүй бол сонгогч түмэн ойлгохгүй, хүлээн авахгүй. Харин эх оронч бус юм байна гэдгийг ойлгож чадсан сонгогчийг Бүс нутгийн намынхан хэдийнэ “өөд нь татсан” байдаг байлаа.

Тэгтэл 2009 оны эхээр нийтлэлийн гол баатруудын маань үнэн дүр төрх нь харагдсан гэж хэлж болно. Тухайн үед Путин, Тимошенко хоёр Ерөнхий сайд хэмээх ижил албан тушаалтай, хоёул өөрийн орныхоо Засгийн газрыг толгойлж байсан үе билээ.

Тимошенког улсад хэдэн тэрбум долларын хохирол учруулсан гэх зүйл ангиар ял авахад хүргэсэн байгалийн хийн тухай гэрээний асуудлаар боть ном бичих хэмжээний баримт цугласан байдаг. Бодит байдлыг авч үзвэл, ОХУ цэвэр өөрт ашигтай гэрээнүүдийг байгуулсан байдаг учир Украин улс өнөөг хүртэл байгалийн хийг европын үнээр худалдан авсаар байна. Гэтэл өмнө нь огт тэгж байгаагүй. Киевийг ийм гунигт байдалд хэн хүргэв (Ющенко ч бас Тимошенкогийн дайны хариуцлагыг үүрэх ёстой гэж олон хүн үздэг) гэсэн асуултыг хойш тавиад чухамхүү 2009 оны нэгдүгээр сард Путин-Тимошенко гэсэн холбоо бий болж энэ харилцаа Украины 2010 онд явагдсан Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх хугацаанд амжилттай өрнөснийг онцлон дурдах нь зүйтэй.

2009 оны арваннэгдүгээр сард Путин, Тимошенко хоёр Крымд уулзжээ. Тухайн үед хэлэлцээрийг найрсаг уур амьсгалд явагдсан гэж бүгд л мэдээлж байв. Уулзалтын үеэр Оросын Ерөнхий сайд Путин Михаил Саакашвили болон Ющенког дооглох бүрт Тимошенко хөхөрч байсан гэлцэж байв. Украины Ерөнхийлөгчийн тойрон хүрээлэгчид Тимошенког ийм “эх оронч бус” хандлага гаргасанд галзуурах шахаж билээ. Ющенко ч уг явдлыг өөрийг нь болон ард түмнийг нь доромжилсон хэрэг болсон гэж үзэж байлаа.

Тэгтэл 2010 онд Тимошенко Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдав. Үүний зэрэгцээ Ерөнхий сайдын суудлаа ч алдаж, улмаар эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдав. Энэ үед ОХУ Тимошенког дэмжих нь бүү хэл, өөрөөсөө түлхэж орхисон. Хожмоо Wikileaks сайтад нийтлэгдсэн Америкийн “Stratfor” хэмээх шинжилгээ судалгааны компанийн ажилтнуудын нууц захидалд Путин Януковийг үргэлж эсэргүүцдэг байсан, харин энэ эсэргүүцлийг нь хэрэгжүүлэх хүнээр Тимошенког сонгоод байсан талаар дурдсан байлаа. Хэрэг байдал тийн өрнөж буй нь тухайн үеийн Ерөнхийлөгч Дмитрий Медведевд огт таалагдаагүй ажээ. Тимошенко Медведевийг байнга шүүмжилж аливаа асуудлыг Путинтэй хэлэлцэхийг эрхэмлэдэг байсан тул Медведев Тимошенког тэвчиж чаддаггүй байсан гэнэ. Тийм болохоор Медведев Путинийг ятгаж Януковичийг дэмжихийг хүссэн ажээ. 2009 оны сүүлчээр Януковичийг хувиараа Москвад айлчилж ирэхэд нь ОХУ-ын зүгээс тавьж буй шаардлагуудыг хүлээн зөвшөөрвөл Кремль Тимошенкогийн дэмжлэгээс татгалзахад бэлэн байна гэсэн болзлыг тулгасан бололтой. “Янукович тэдгээр болзлыг нь бүрэн дүүрэн зөвшөөрсөн” хэмээн дээрх нууц захидалд дурдсан байв.

Медведев Путинийг ятгаж дийлсэн гэдгээс бусад нь үнэн байх магадлалтай. Учир нь үүний дараахан Харьковын хэлэлцээр гээч зүйл байгуулагдсан бөгөөд үүнд Януковичид тулгаж байсан олон болзлын нэг болох Хар тэнгис дэх ОХУ-ын усан цэргийн баазын түрээсийг сунгах асуудал багтсан байв. Тимошенког тухайн цаг минутад тулгамдаад байгаа асуудлаасаа болж байр сууриасаа байнга няцдагийг сайн мэдэхийн хувьд Путин ийм дуулгаваргүй, тэгсэн атлаа тийм уян налархай, зальтай улстөрчийг Украины толгойд байгаасай гэж хүсээгүй бололтой. Тухайн үед Украины зарим шинжээч ОХУ-ыг тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Тимошенког дэмжсэн гэж баталдаг ч үүнийг гэрчлэх ямар нэгэн баримт алга. Тэр дундаа Украины улс төрд ОХУ ямар нэгэн байдлаар оролцсон гэдэг нь мэдэгдвэл Кремлиэс дэмжлэг авч буй улстөрчид энэ нь гай л болно. 2004 онд Украины Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ Януковичийг дэмжихэд юу болсныг санах хэрэгтэй.

Ингээд 2011 оны аравдугаар сард Тимошенкод ял тулгахад Путин “ийм хатуу шийтгэл” оноосонд гайхаж буйгаа илэрхийлсэн юм. “Түүнийг юунд бурутгаж долоон жилийн ял тулгасныг би үнэхээр ойлгохгүй байна” гэж Путин хэлээд Тимошенко түүний хувьд “найз нь ч биш, төрөл нь ч биш” гэдгийг онцлохоо мартсангүй. Үүний зэрэгцээ Путин (сүүлд бас ОХУ-ын Гадаад хэргийн яам) Украинд хандаж тэрхүү яригдаад байгаа байгалийн хийн тухай гэрээнүүдийг “ОХУ-ын болон Украины хуулийн дагуу, цаашлаад олон улсын дүрэм журамд нийцүүлэн байгуулсан” гэж мэдэгдсэн.

Харин энэ онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон Владимир Путин хэрэв Украины удирдлага ийм зөвшөөрлийг өгвөл Тимошенког ОХУ-д эмчлэх боломжтойг мэдэгдсэн юм. Тухайн үед Тимошенко нурууны өвчний улмаас хорих газраас эмнэлэгт шилжээд байсан үе. Тэгж байтал украинчууд Тимошенкогийн хэргийг эргэж харвал Кремль байгалийн хийн асуудлаарх гэрээгээ эргэж харах болзол тавьсан тухай мэдээлэл сүүлд гарсан юм. Энүүхэн хооронд өрнөсөн эдгээр үйл явдлаас Путин Ерөнхийлөгч болмогцоо эргээд Тимошенког сонирхож эхэлжээ гэх сэтгэгдэл төрөх байх. Магадгүй л юм. Гэхдээ Тимошенкод “хайртайдаа” ингэж байгаа хэрэг огт биш бололтой. Тимошенко Кремльд хэрэгтэй байлаа гэхэд зөвхөн Януковичийг тогтоон барих ажилд л хэрэгтэй байх. Нөгөө талаар, шүүхээр хоёр удаа шийтгүүлж байсан болхи Януковичийг бодвол ажил хэрэгч, алсын тооцоотой, хөдөлгөөнтэй Тимошенко л Путинд арай дотно санагдаж байгаа гэдгийг үгүйсгэх арга алга.

Тэгвэл Путин, Тимошенко хоёрыг найз нөхдийн дотно харилцаатай гэх үлгэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд л бий болгосон гэж Украины улс төр судлаач Дмитрий Выдрин үзэж байна. “Хувь хүний харилцаа бус тэдний албан тушаал л тэднийг ойртуулсан. Тиймээс хэн нэгэн нь албан тушаалаа алдмагц тэр үерхэл алга болдог. Учир нь өндөрлөгт яваа нь шал өөр, хүчтэй энергитэй амьдралаар амьдарч байгаа тул хамгийн энгийн сэтгэл хөдлөл, хүн ёсны харилцаанд цаг гаргах завгүй болдог” гэж Дмитрий Выдрин ярьлаа. Гэхдээ Путин Тимошенкогийн дэмжлэгийг хүртэх нь “стратегийн цорын ганц зөв арга” гэдэгтэй Дмитрий санал нийлж байна. Яагаад гэвэл, ОХУ өөрт ашигтай гэрээнүүдээ хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө эцсээ хүртэл тэмцэх нь ойлгомжтой. Хүний эрх гэх зэрэг дэмий зүйлээс илүүтэй мөнгө хэмээх хүчтэй зэвсэг хамгийн гол үндэслэл нь болж байгаа нь дамжиггүй. Юутай ч, өнөөгийн Орос-Украины харилцаанд мөнгөний тухай асуудал л зонхилж байгаа нь үнэн билээ.

Эх сурвалж: http://uynaa.wordpress.com/

Комментариев нет:

Отправить комментарий