понедельник, 16 января 2012 г.

С.Сүрэнжав: Монголын төрд аав шиг олон жил зүтгэсэн хүн байх гүй болов уу

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу Бадаргуулт төрийн XX оны хөхөгчин хонин жил буюу 1895 оны зургаадугаар 27-ны өдөр Түшээт хан аймгийн Говь түшээ гүнгийн хошууны туслагч тайж Чимэддаваагийн хамтлагийн ард Лодонгийн Жамсрангийнд, мөн аймгийн Зоригт ван Цэрэнбавайн хошууны нутаг Гурван хүрийн дэнж хэмээх газар мэндэлжээ. Тэр нь одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг. Ж.Самбуу гуай Монголын төрд олон жил зүтгэжээ. Монгол төрийн мэргэн өвөөгийн бага хүү, Малчдын хөгжлийг дэмжих “Ж.Самбуу” сангийн тэргүүн, хуульч С.Сүрэнжав аавынхаа тухай сонирхолтой дурсамж дэлгэлээ.
-1895 онд төрсөн гэхээр аав тань Манжийн үед төрсөн хүн болж таараад байна?
-Манжийн дарлалын үед бага нас нь өнгөрсөн. Малчин ардын хүүхэд 10 настайдаа бие дааж бичиг үсэг сурсан. Тэр үед бичиг үсэгтэй хүн ховор. Багш нь аавыг бичиг мэддэг гэж зааж өгч, хошууны тамгын жасаанд сурах бичээчээр ажиллаж эхэлсэн байдаг. Аав дөрвөн төрийн нүүр үзсэн хүн. Манжийн үеийнх, Богд хааных, тэгээд автономит, дараа нь тусгаар тогтносон Монгол Улстай золгосон.

-Самбуу гуайнх хэдэн хүүхэдтэй байв?
-Аав, ээж хоёр 26 хүүхэд өсгөсөн. Аав Өмнөговь аймагт Засаг дарга байхдаа Сономын Удвал гуайг олж авч, хүн болгосон байдаг. Удвал гуай тэжээсэн хүүхдүүдийнх нь хамгийн том нь. Аав, ээж хоёр хүүхдийг хүний хүн гэж боддоггүй байсан. Тэр олон хүүхдийг өсгөж, хүмүүжүүлж боловсрол эзэмшүүлсэн. Тэднээс дөрвөн хүүхдийг өөрийнхөө нэрэнд оруулж, гэр бүлийн хүмүүжлээр өсгөсөн. Тэдний бага нь би. Манай том ах Сүрэнжав нас барсан. “Өнгийн цэцэг цонхон дээр, Өндөр Сүрэнжав лонхон дээр” гэдэг үг гарсан.
Ах надыг бодвол өндөр, архи уудаг учир ийм хочтой болчихсон л доо. Сүрэнжав ахыг хүмүүс надтай андуураад байдаг юм. Аавыг Хойд Солонгост Элчин сайд байхад ах цуг явсан, Ким Чен Иртэй чацуу хүн. Тэд ахыг сайн мэддэг байсан гэдэг. Удаах Батсүх ах маань 20 нас гараад 1960-аад оны эхээр нас барсан. Жолооч хүн байсан. Сурмаажав бид хоёр ихэр юм. Ихэр маань одоо орос, англи хэлний орчуулагч хийж байна.
-Аав тань төрийн өндөр албан тушаалд ажиллаж байхдаа хотын даргад “Нэг өрөө байр олгоно уу. Ард Ж.Самбуу” гэж өргөдөл бичсэн гэж дуулсан?
-Энэ тухай тухай би Алтангэрэл даргаас асуусан юм. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улаанбаатар хотын намын хорооны дарга байсан хүн л дээ. Аавын мэндэлсний 100 жилийн ойгоор бид хүмүүсийг гэртээ уриад багахан хэмжээний цайллага хийсэн юм. Тэр үед Алтангэрэл гуай хэлж байсан. “Самбуу гуай нэг өдөр ороод ирлээ. Та яагаад ороод ирэв ээ, надыг шалгахаар ирэв үү?” гэлээ, би. Тэгэхэд “Үгүй ээ, үгүй, би цаг аваад ном журмын дагуу явж байна аа. Би өндөр настай боллоо.
Олон хүүхэдтэй. Ийм учир нэг өрөө байр өгөөч ээ. Би өргөдлөө бичсэн. Та үүнийг авахгүй юу” гэсэн гэдэг. Тэр үеийн байдлыг харахад манайхан гэртээ нээрэн ч олуулаа байж. Хоёр том ах маань гэр бүл болж байв. Хотын захиргаанаас 120 мянгатад байр өгсөн. Манай том ах Сүрэнжавыг айл болоход нь тэр байрыг өгсөн. Одоо тэр байр нь бий. Тухайн үед хотын захиргаанаас 3-4 өрөө байр өгье гэж ярьсан юм билээ л дээ. Аав “Нэг өрөө байхад болно оо” гэсэн гэдэг.
-Тэгэхэд аав тань ямар албан тушаалтай байсан бэ?
-Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга байсан. Аав гадна дотнын хүмүүсийн өгсөн бэлэг, дурсгалын зүйлийг өөрөө хэрэглэнэ гэж байхгүй. Хүүхдийн байгууллага, Хөгжим бүжгийн дунд сургууль, Пионерийн ордон зэрэг байгууллагад тараадаг байсан. Шуналгүй хүн байсан юм.
-Самбуу гуай “Улс түмний энх тайвныг бэхжүүлэхийн төлөө” олон улсын шагналынхаа 25.000 ам.долларыг хүүхдийн байгууллагад бэлэглэсэн гэдэг. Энэ тухай та мэддэг үү, хэдэн онд шагнуулсан хэрэг вэ?
-1966 оны тавдугаар сард болсон явдал. ЗХУ-аас энхтайван, эв нэгдлийн төлөө шударга тэмцсэн, үр бүтээлтэй ажилласан хүмүүст Лениний нэрэмжит шагнал өгдөг байлаа. Энэ шагналыг 25.000 ам.доллар дагалддаг. Шагналыг тавдугаар сарын 1-нд өгдөг байсан. Тэр жил Азиас, АНУ-аас, Африкаас, ОХУ-аас, Монголоос нийт таван хүн шагнуулсны нэг нь аав байсан. Тэр тухай аав сонсоод нэг их сэтгэл нь хөдөлсөн шинжгүй “Шагнуулах сайхан, дараа нь юм хийх нь хэцүү шүү дээ” гэж ээжтэй цай уугаад сууж байхдаа ярьж байсан. Майн баяраар төв талбай дээр жагсаал болоод тардаг, амралтын өдөр байсан. Би сайн санаж байна. Тэр өдөр гадаа дулаахан, нар жаргаж байх үед аав, ээж хоёр тагтан дээр цайгаа уугаад суухдаа ярьж байна аа.
Манай тагт их том л доо. “Их тэнгэр” цогцолборт шүү дээ. “Улс орны байдал хэцүү боллоо. Батлан хамгаалах салбарт мөнгөө өгдөг юм уу” гэж аав хэлэв. Тэгсэн ээж “Батлан хамгаалах ч яах вэ, төсөв мөнгийг нь улсаас гаргачихдаг биз дээ. Тэгснээс төсвөөс мөнгө гаргадаггүй хэрэгтэй газарт нь өгвөл яасан юм бэ” гэв. Тийн ярьж сууснаа гэнэт “Ер нь Монголд хүүхэд олон болж байна. Олон хүн амтай болохыг ерөөгөөд хүүхдийн байгууллагад хандивлая. Мөнгийг нь Эрүүл мэндийн яаманд өгье. Яам яаж зарцуулахаа өөрөө мэднэ биз” гэж байна аа. Улсын баярын өмнө Шагналын комиссын дарга Смирнов гэж хүн өөрөө ирж гардуулсан. Аав “Би энэ мөнгийг хүүхдийн байгууллагад хандивлана” гэдгээ хэлсэн. Сарын дараа мөнгө банкиар дамжиж ирлээ гэж хэлсэн.
-Тухайн үед асар их мөнгө биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Би доллар гэж мэдэхгүй. Гадаадад явсан дипломатуудын хүүхдүүдтэй тоглодог байлаа. Манай найзууд “Танай аав чинь 25.000 доллараар юу хийх болоо”, “Чи баяжжээ” ч гэцгээнэ. Тэр мөнгөөр машинаар баримжаалахад хамгийн сайн 5-6 машин авч болох юм байна гэх мэтээр ярьж байж билээ. Аав тэр мөнгийг хараа ч үгүй. Сангийн яам руу хэлж, “Эрүүл мэндийн яаманд валютын данс нээгээд хийчихгүй юу даа” гэж байсан. Удалгүй Сангийн яамнаас “Таны мөнгийг тусгай дансанд байршууллаа” гэж хэл өгсөн. Жилд тус бүр таван цэцэрлэг, ясли шагнасан шиг санаж байна. Аав, ээж хоёр их л ажилтай юм шиг ясли, цэцэрлэгээр явдаг болов. Түүнээс хойш манайд хүүхдийн зурсан зураг, “Самбуу гуай, танд баярлалаа” гэж талархсан мэндчилгээ тасрахаа больсон. Тэр нь аавыг нас барснаас хойш 1989 он хүртэл үргэлжилсэн юм шүү.
Ээж үүнд их баярладаг байсан. Тэргүүний ясли, цэцэрлэгүүдийг шагнадаг. Эхэндээ жилд 5-6 цэцэрлэг шагнадаг байсан, дараа нь 1-2 болсон л доо. Тэгсэн ч цэцэрлэгийн хүүхдүүдийн “Баярлалаа, Нямаа гуай” гэсэн сэтгэлийн үгтэй цаас ээжид дэм болж байлаа. “Хүн зөв явах, гэгээлэг байх ийм сайхан. Аавын чинь хүүхдийн төлөө хийсэн үйлс одоо хүртэл үргэлжилсээр байна шүү дээ” гэж ээж бидэнд хэлж байсан. -Хүүхдийн байгууллагуудыг олон жил тэжээсэн байна шүү? -1992 онд Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа “Ж.Самбуу гуайн данс байдаг юм байна. Энэ дансны мөнгө дуусаж байна. Одоо цаг үе өөр боллоо. Дансыг яахаа та нар өөрсдөө шийдээч ээ” гэж надад хэлсэн. Тэр мөнгө 20 гаруй жилийн хугацаанд тогтвортой байсны учир хүү нь бодогдож, үржээд байсан юм билээ. Нямдаваа сайдыг энэ тухай хэлэхэд нь би их баярласан. Төрийн ажилтан хүний ноён нуруу байна даа гэж бодсон шүү. Үүнийг одоо танай сониноор дамжуулаад хэлчихье.
-Аав тань Элчин сайдаар гадаадад олон жил ажилласан байх аа?
-Аав 1932 онд Өмнөговь аймгийг байгуулаад, анхны даргаар нь ажилласан. Тэндээ нэр төртэй ажилласан. Зүүнтний, баруунтны нугалаа зэргийг аль болох түвшитгэхийг хичээсэн. Тэр үед Өмнөговиос олон хүн хил гарч явсан, орж ирсэн байдаг юм билээ л дээ. Түүнтэй холбоотой тэр үеийн төр засгийнханд нэг матаас очиж л дээ. “Самбуу хувьсгалын эсэргүү ажлыг удирдаж байна. Модон байшинд хүмүүсийг цуглуулаад хурал хийсэн” гэж буруутгасан байгаа юм. Тэгээд шалгахаар очиход хоёр хүн ч багтахааргүй модон пин байж л дээ. Тэрнээс үндэслээд Маршал Чойбалсангийн үеэс шударга, зарчимч, гүндүүгүй гэж төр засгийн удирдлага ойлголт авсан шиг байгаа юм.
Аав Өмнөговьдоо ажиллахын хажуугаар мал аж ахуйн анхны номыг 1935 онд анх гаргасан. Тэр бүхнийг нь авч үзээд Амар сайд анх Орост Элчингээр явуулах санал тавьсан гэдэг. Тэгээд 1937 онд явсан. Явахад нь Маршал Чойбалсан тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн төлөө ажиллаарай гэсэн гэдэг. Тусгаар тогтносон улс болох тухай Оросын удирдлагуудтай өдөр болгон ярьдаг хүн нь аав байсан юм билээ. Аавыг явахад гурван даалгавар өгсний нэг нь энэ. Хоёрдугаарт, урагшаа хойшоо төмөр зам бариулаарай.
Гуравдугаарт, монгол цэргийн хүч чадлыг бэхжүүлэх талаар залуусыг сургах, боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч ажиллаарай гэсэн байдаг. Элчингээр ажиллаж байхдаа албан ажлаар 2-3 удаа ирсэн. Нэг нь 1945 онд Монгол Хятадын хил тогтоох ажлаар. Тэгэхэд Цэдэн-Иш генералтай хилээр явсан. Энэ тухай аавын дурсамжинд ч бий. Оросын Элчингээс буухад нь “Та Монгол, Оросын харилцааг бэхжүүлэхэд сайн ажиллалаа” гээд Лениний одонгоор шагнаж, машин бэлэглэсэн байгаа юм. Тэр машины анхны зорчигч нь Сурмаажав бид хоёр болсон түүхтэй.
-Ямар машин байв?
-“Победа” гэж 1945 оны дайны дараа анх Зөвлөлтийн үйлдвэрлэлд нэвтэрсэн, албан болон хувийн хэрэгцээнд зориулсан суудлын тэрэг. Их гоё машин байсан. Тэр машиныг унаж байгаад улсад өгсөн.
-Орост Элчингээр олон жил ажилласан байх аа?
-1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед боловсон хүчин хомсдсон. Аавыг Элчин байсан 1937-1946 оны хооронд Орост мэргэжил эзэмшсэн хүмүүсийн гуравны хоёр нь Самбуу гэдэг хүнтэй тодорхой хэмжээнд харилцаж байгаад төгссөн байдаг юм билээ. Ардын зураач Ядамсүрэн гуай байна. Дайны үед Монголын Элчин сайдын яам Куйбьшев хот руу нүүж, оюутнуудыг тийш нь татаж л дээ. Ядамсүрэн гуай Элчин сайдын яам байсан өрөөнд ороход буйдан дээр нэг хүн унтаж байж. Ядамсүрэн гуай найзтайгаа хажуугаар нь газраар унтаж л дээ. Тэр хоёр “Маргааш Самбуу гэдэг Элчин сайдаас нэлээд их мөнгө авч байж л сална шүү. Тэгэхгүй бол дайн болоогүй урд нутгуудад суухад хэцүү байх” гэж ярьж л дээ.
Маргааш өглөө нь аав “Надаас мөнгө авна гэж байсан хоёр хүн хаа байна аа” гэсэн гэж аавын 70 насны ойгоор манайд ирээд тэд ярьж байсан. Тэр үеийн урлаг, уран сайхны сор болсон хүмүүс аавтай харилцаж байсан гэдэг. Төгссөн хойноо ч “Элчингийнд очно оо” гээд манайд ирдэг байсан. Аавыг Элчин байхад Дашлэгцэг гэж Боловсролын яаманд насаараа ажилласан, хэвлэлийн редакцын хүн ном хэвлүүлэхээр очиж л дээ. Тэр хүний дурсамж байдаг юм. 1945 оны тавдугаар сарын 9-нд дэлхийн II дайн дууссан. Тэгэхэд Дашлэгцэг гуай аавын өрөөнд ороод “Дайн дууслаа, одоо яах вэ” гэхэд аав харж байснаа, “Монгол Улсынхаа тугийг Элчин сайдын яамныхаа байшин дээр хатга” гэжээ. Самбуу гуайн даалгавраар тэр үеийн сэхээтнүүдтэй улсынхаа далбааг мандуулах сайхан байсан шүү гэсэн байдаг.
-Хойд Солонгост Элчин сайдаар ажилласан нь хэдэн он байв?
-1950 онд очоод нэг жил л ажилласан. Аав Оросоос 1946 онд ирээд, Гадаад харилцааны яамны орлогч сайдаар ажилласан. 1948 онд Монгол Улс Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоож, хоёр жилийн дараа Элчин сайдын яамаа байгуулахад нь анхны Элчин сайдаар томилогдсон. Аавыг очиж байх үед дайн болоогүй, буцах үед нь дайн эхэлсэн.
-Дайн болж бөмбөг дэлбэрч байхад Самбуу гуай шатар нүүгээд сууж байсан гэсэн яриа байдаг?
-Тэрийг олон хүн ярьдаг л даа. Аав шатрыг сэтгэл зүрхээрээ тоглодог. Бөмбөг дэлбэрч байхад “Бөмбөг яахав ээ, шатраа тоглоё” гэж байсан гэдэг. Хоргодох байр руу хүмүүс хүүхэд шуухдаа аваад бужигналдаж байхад, аав шатраа аваад орж байсан гэдэг. Энэ тухай Элчин сайдын яамны жолооч Агваанрэнцэн гуай ярьсан.
-Аав тань хүүхдүүддээ шатар заасан биз дээ.
-Заагаагүй ээ. Аавын хүмүүстэй тоглохдоо яаж нүүж байгааг Сурмаажав бид хоёр хардаг. Тэгээд хоорондоо тоглоно. Эхлээд жижүүр, комиссаруудаа хождог боллоо. Манай гэр бүл, жолооч, жижүүр комиссарууд бүгдээрээ шатарчин. Намайг шатар сурсныг аав анзаараагүй юм. Нэг удаа Намын төв хорооны нарийн бичгийн дарга Цэнд гуайтай тоглож байхад нь таарсан шиг санагдана. Би аавд “Та бэрсээ нүүхгүй юм уу” гэтэл над руу эргэж харснаа юу ч дуугараагүй. Тэгэхэд би тавдугаар ангид байсан. Орой нь аав “За миний хүү, шатраа аваад ир” гэлээ. Тэгснээ жижүүрийн комиссар Цэвээнхүү ахтай тогло гэв. Бид хоёр нүүлээ, би хожлоо. Аав “Овоо болж байна аа” гэж байна. Түүнээс хойш би янз бүрийн хүмүүстэй шатар нүүдэг болсон. Ингэж байгаад аавынхаа буянд шатрыг гайгүй сайн сурсан гэж боддог.
Нэг өдөр аав “За, чамайг хэр сайн шатар нүүдэг болсныг харъя, миний хүү” гээд манайд шатар тоглож байсан хүмүүстэй намайг танилцуулсан. “Миний хүү хэр шатар тоглож сурч вэ. Та нар нэг хар” гэлээ. Ингээд Готов гуайтай тоглох болов. Миний гар, хөл салгалаад, хэцүү байна аа. Готов гуай ч мундаг байна. Тэгсэн аав, “Шатар гэдэг идээд хождоггүй юм. Давуу байдалтай нь хождог юм ш дээ” гэж хэлэв. Тэгэхэд нь харсан чинь миний нэг тал тэр чигээрээ уначихсан, Готов гуайн талын ноён сул, хэдэн нүүдлийн дараа маданд орох боломж харагдав. Тэгээд нүүлээ, алдаад л байлаа. Ноёныг нь мадаллаа. Готов гуай хожигдлоо л доо. Тэгээд намайг “Ер нь гайгүй болсон байна” гэж билээ. Аав ч их додигор харагдаж байна. Дараа нь “Спортын мастер Пүрэвжавтай тогло” гэв. 30 минут ч бололгүй би хожигдлоо. Аав “Хамгийн гол нь чи шуналтай байна. Юм болгоныг авах, идэх гэдэг. Шатар авах, идэхдээ байдаггүй юм. Өрсөлдөгчийнхөө давуу байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж хожихыг хэлдэг юм” гэж билээ.
-Та аавтайгаа тоглож үзсэн үү?
-Аав надтай их хурдан нүүгээд дуусгадаг байсан. Бусад хүнтэй бол их удаан тоглодог. Би боддог юм, намайг хайрладагтаа байсан юм болов уу. Түүнээс хүүгээ хожих чадал байсан л байх. Ихэнхдээ тэнцдэг байсан. Юм сургая гэж боддог байсан юм болов уу даа. Би аавыг гайгүй сайн шатарчин байсан гэж хэлнэ. Тоглодог хүмүүс нь Монголын шатрын спортын мастерууд. Тэдэнтэй өгөө, аваатай л үзнэ.
-Аав тань хүүхдүүддээ юу гэж хэлдэг байв?
-Нэг их сургаж айлдаад байхгүй. Тоглоом шоглоомоор л ойлгуулдаг байсан. “За манай хүү Сүрэнжав ч орос хэлэнд гялалзаж байна аа” гэхэд цаана нь орос хэлний хичээл тасалчихсан л байдаг байхгүй юү.
-Том даргын хүүхдүүд тусгай хангамж, үйлчилгээтэй байсан уу?
-Бид хоёр аав ээжийнхээ буянд байгаагүй амьдралаар амьдарсан гэж боддог. Тэр үеийн бүх дарга нарын хүүхэд орос сургуульд сурч байхад бид хоёр монгол сургуульд орсон. Аав, ээж хоёр “Эхлээд монголоор зөв ярьдаг, бичдэг болчих. Дараа нь чи хаана ч орж болно шүү дээ” гэсэн. Сурмаажав бид хоёр монгол сургуульд наймдугаар анги төгслөө. Тэр намар Политехникийн дээд сургуулийн нэг орос багш манайд ирэв. Бид хоёрт орос хэл заана гэнэ ээ. Орос хэлний хичээлийг өдөр болгон 16.00-18.00 цагт үзнэ. Багш хичээл заагаад, даалгавар шалгаад явна. Орос хэлийг нэг жил үзэхэд орос сургуулийнхны мэдлэгийн хэмжээнд хүрсэн байсан.
Багш маань “Чи яагаад орос хэлэнд ийм мундаг болчихов оо” гэдэг байв. аравдугаар ангид ороход зарим мэргэжлийн номыг орос хэлээр уншчихдаг болсон л доо. Арав төгсдөг жил нэг өдөр Готов гуай манайд ирэв. “Сүрэнжав, Сурмаажав хоёр нааш ир” гэлээ. “Самбуу дарга та хоёрт англи хэлний багш олж өг гэсэн. Бас биеэ авч явах талаар зөвлөгөө өгүүл гэсэн” гэж байна. Тэгээд удалгүй, гонзгойдуу царайтай, онигордуу нүдтэй хүн орж ирлээ. “Энэ хүнийг Лувсанжав багш гэдэг, англи хэл заана” гэсэн. Иймэрхүү байдлаар гэрээр хичээл заадаг шавийн сургалтыг аав, ээж хоёр бидэнд хангалттай өгсөн. Аравдугаар анги төгсөхөд орос хэлтэй, англи хэлний боломжийн мэдлэгтэй, биеэ авч явах талаар чамгүй юм мэддэг болсон байв.
-Аав тань өнөөгийнхөөр бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашсан хүн шиг ойлгогдоод байх юм?
-Аав намын ажил хийж байгаагүй хүн шүү дээ. 1954 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга болсон. Тэр үед нэг хэсэг нь шинэчлэхийг хүссэн, нэг хэсэг нь хүсээгүй. Тийм хүнд үед нь аав Их хурлын тэргүүлэгчдийн дарга болж, жингийн туухайг тэнцүүлж байсан юм билээ. Тэр их хэцүү цаг байсан гэж тухайн үеийн хүмүүс ярьдаг байсан. Нэг хэсэг нь Маршал нас барлаа, бид Оростой нэгдэнэ гэдэг. Ийм үед Самбуу гэдэг хүнийг төрийн тэргүүнээр тавьсан байна л даа. Тэр санааг Ерөнхийлөгч Н.Багабанди гуай аавын тухай дурсамжиндаа тодорхой бичсэн байдаг.
Аав хүмүүсийг одон медалиар шагнаад, гадаадын Элчин сайд хүлээж аваад, томилдог байсныг бодоход Ерөнхийлөгч шиг юм уу даа. Аав анх Алдарт эхийн одонг санаачлан бий болгож, 1957 онд зарлиг гаргаж нэг, хоёрдугаар одон авах 600-гаад ээжийг биечлэн шагнасан байдаг. Хүн амаа өсгөх бодлогыг ингэж хэрэгжүүлсэн гэж боддог. Их хурлын 11 тэргүүлэгч хууль боловсруулдаг. Түүнийгээ 480 депутатаараа жилд нэг удаа хэлэлцүүлж, батлуулдаг байж. Хөдөө орон нутгаар их явна. Өршөөл үзүүлэх тухай зарлигийг аав боловсруулж, өөрөө батламжилсан. Тэгээд 1958 онд Монголд нэг удаа шоронг нэг ч хоригдолгүй болгосон байдаг.
-Аав тань ийм их ажилтай, гэртээ байх цаг нь их бага байсан уу?
-Хэдий их ажилтай ч ар гэртээ цаг гаргадаг байсан. Хагас, бүтэн сайнд амарна. Амрахдаа загасанд явна. Бид нараар царцаа түүлгэж, загас барих арга барилд сургана. Ямар цүлхэнд загас байдгийг бидэнд зааж өгнө. Тэгээд сурсан хойно загас барих ажлыг бидэнд даалгачихаад, өөрөө шатар тоглоно. Бид загасаа өөрсдөө шарж иднэ. Ой руу биднийг дагуулж очоод мод, жимс ногоо танилцуулна. Хад бол хаданд л ургадаг жимс. Үхрийн нүд бол хаднаас арай өндөрлөг газарт ургадаг гэх мэтээр хэлж өгнө. Тэгээд дараа нь бид ээжтэй жимсээ түүнэ. Аав шатраа л тоглох жишээтэй.
-Малчдад зориулсан гарын авлага, зөвлөгөө олныг гаргасан байдаг. Эндээс мал аж ахуйн маш өндөр мэдлэгтэй хүн байсан нь харагддаг…
-Малчин удмын хүн шүү дээ. Найман наснаасаа мал малласан. Зун манайх гэр бүлээрээ нутаг руугаа явна. Аав дарга гэж ихэрхэхгүй, нутгийн хөгшчүүлтэй энгийн яриа өрнүүлнэ. Гэртээ адсага дэвсээд л хэвтээд өгнө. Бид хурга, тугал хөөцөлдөж, айраг, тараг ууж байгаад ирдэгсэн. Гэхдээ 1960 оны дундаас тийм боломж гараагүй л дээ. Аав настай болсон, хамгаалалт ч ихтэй болсон. Цэдэнбал даргыг осолд орсон 1961 оноос хойш төрийн өндөрлөг гэх тэр хоёр хүнийг сүрхий хамгаалдаг болсон юм. Түүнээс өмнө манайд тогооч ч байгаагүй. Комиссар гэж нэг хүн өглөө аавтай гараад, орой хүргэж өгдөг байв.
-Цэдэнбал дарга ямар нэг шийдвэр гаргахдаа Самбуу гуайн амыг хардаг байсан гэдэг?
-Цэдэнбал дарга аав хоёр аав, хүү шиг л байсан. Ямар нэг асуудал болоход зөвлөхгүйгээр шийд гаргана гэж байхгүй. Шөнийн 2-3 цагт ч Цэдэнбал дарга манайд ирдэг байсан. Эхэн үедээ хатуу ширүүн зарчимтай байсан байх. 1970-аад оны үед аав, хүү шиг л болсон. Бидний багад манайхаар Цэдэнбал дарга их ирдэг сэн. Аав “Энэ хүнийг хэн гэдэг билээ” гэхэд нь би “Дэлдэнпад” гэдэг. Тэгээд бөөн инээдэм болдог байсан гэдэг. 1940-50-иад оны үед МАХНын Улс төрийн товчооны гишүүн, Маршал Чойбалсангийн хоёр орлогчийн нэг байсан Сүрэнжав гуай манайд ирээд “Би 1938 оны явдлыг санаж байна. Намайг оюутан болоод Рабфакийн шагнал аваад, Сочид амрах гэж байхад Элчин сайд Самбуу гуайн хажууд залуухан цагаан хүү зогсож байлаа. “Энэ хүн Эрхүүгээс ирсэн. Онцсайн төгссөн. Шагнуулаад бас Сочид амрах гэж байна. Та хоёр танилц” гэж танилцуулсан. “Цэдэнбал бид хоёр анх тэнд уулзаж байлаа” гэж ярьж билээ.
-Та хоёр хэр сурлагатай хүүхдүүд байв. Аав, ээжийнхээ чихийг халууцуулааг үй биз дээ?
-Би ангидаа хамгийн муу сурлагатай нь байсан. Тэгээд аав, ээж хоёр мэргэн ухаан олсон. Гуравдугаар ангид ороход аав “Миний хүү аавдаа ном уншаад өг. Аавынх нь нүд муудаад байна” гэнэ. Жюль Верний “Усан доогуур 20.000 бээр аялсан нь” зохиолыг уншуулна. Эхлээд үсэглэнэ, нойр хүрнэ. “Болоогүй ээ, уншаад бай” л гэдэг. Нэг цаг уншихад л үг тэгшрээд ирдэг. Тийм маягаар л биднийг хүмүүжүүлдэг байв. Аав “Миний хүүхдүүд хүн шиг хүн байгаарай” л гэж хэлдэг байсан. Түүнээс биш дарга, цэрэг бол гэж огт хэлж байгаагүй.
-Малчдын хөгжлийг дэмжих “Ж.Самбуу” сангаа хэзээ байгуулсан бэ?
-2004 онд. Яагаад энэ санг байгуулах болсон гэхээр нийслэлийн ИТХ-аас Самбуугийн гудамжийг 1972 онд, нас барсных нь дараа мөнхөлсөн. Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хананд “Ж.Самбуу энэ аймгийг байгууллаа” гэсэн хүндэт самбар гаргасан байв. Аавын нэрэмжит өсвөрийн хүүхдүүдийн шатрын тэмцээн таван жилд нэг удаа болдог байсан. Тэр бүхнийг 1990 онд зогсоосон. 1990 оны НИТХ-ын 124 дүгээр тогтоолоор Самбуугийн гудамжийг алга хийчихлээ. Тэр гудамжийг Хувьсгалчдын, Чингисийн, Их сургуулийн гудамж гээд салгачихлаа.Өмнөговь аймагт байсан хүндэт самбарыг нураачихлаа.
Засгийн газрын ордны ард байсан алтадсан хөшөөнийх нь толгойг аваад явчихлаа. Уламжлал болсон, бид нар өөрсдөө санхүүжүүлдэг арга хэмжээнүүдийг болиулчихлаа. Тийм байдлаар төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Самбуу, Цэдэнбал гэдэг хүнтэй холбоотой бүх зүйлийг үгүй хийсэн. Түүнээс хойш 14 жилийн дараа хуучны хүмүүсийн ажлыг ойлгож, ухаарал бий болох үед нь би “Ж.Самбуу” санг байгуулсан. Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Төв аймгийнхан их дэмжсэн. Өөртэй нь ажиллаж байсан хүмүүс бас их дэмжсэн. Тийм хүмүүсээ нэг орой урьж, бяцхан хүлээн авалт хийсэн нь яг манай аавын төрсөн өдөртэй таардаг юм. 2004 оны зургаадугаар сарын 27-ны өдөр. Одоо тэдний ихэнх нь бурхан болсон доо.
-“Ж.Самбуу” сан ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Нэрэмжит гудамжийг нь сэргээчихлээ. Хөшөөг нь босгочихлоо. Өмнөговь аймагт бүтээсэн ажлыг сэргээлээ. Малчдад зориулж 1932-1966 онд гаргасан бүх номыг эмхтгэж, 3-4 боть болгож гаргав. Малчдад гарын авлага тараасан. Одоо улирал тутам “Малчин түмэн” нэртэй сэтгүүл гаргаж байгаа. Сэтгүүлээ үнэ төлбөргүй, заримыг нь захиалгаар холбогдох байгууллагад тараадаг. 5000 хувь гаргадаг. Сэтгүүл дээрээ жаахан реклам хийнэ. Түүгээрээ зардлаа нөхнө. Сангаас гурван аймагт малын индексжүүсэн даатгалын талаар сургалт зохион байгууллаа.
Одоо энэ хоёр намын амлаад байгаа сая төгрөгийн үнэт цаасыг яаж авах тухай малчдад сурталчилгаа хийх гэж байна. Брокерийн 2-3 пүүстэй гэрээ хийсэн. Ирэх хавраас эхлэх энэ сургалтыг манай хүү С.Үлэмж гардан зохион байгуулж байгаа. Хүү минь сэтгүүлийнхээ эрхлэгчийг хийдэг. “Өвөөгийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэнэ ээ” гэж үүрэг, амлалт аваад гүйж яваа. Би хүүгээ дэмжээд явж байна.
-Аав тань хэдэн онд нас барсан бэ?
-1972 онд нас барсан. Тэр үед би 22-той байсан.
-Самбуу гуай тэтгэвэртээ суугаагүй хэрэг үү?
-Анх 1962 онд 67 настайдаа тэтгэвэртээ сууя, нас өндөр боллоо гэж өргөдөл өгсөн байдаг. Тэрийг нь хүлээж аваагүй юм билээ. 1966 онд албан ёсоор өргөдөл өгсөн. Түүнтэй нь холбоотой Улс төрийн товчооноос тусгай шийдвэр гарсан байдаг юм. Юу гэвэл, “Нас нь өндөр болж байгаа боловч төрийн тэргүүний албаа үргэлжлүүлэн хийх шаардлагатай. Харин ажлын цагийг нь багасгаж, эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээнд сайн хамруулах шаардлагатай. Таны хүсэлтийг хүлээж авах боломжгүй” гэсэн байдаг. 1972 онд нас барахыхаа өмнөх гурван сард ажилдаа явж чадаагүй л дээ. -Тэгэхээр Монголын төрд хэдэн жил ажилласан болж таарч байна вэ? -Төрийн тэргүүнээр 19 жил ажилласан. Улсад ажилласныг нь тооцвол 10 наснаасаа л зүтгэсэн хүн дээ. Монголд ийм хүн ховор байх аа.
-Та аавыгаа өөд болоход хажууд нь байсан уу?
-Үнэндээ аав ээж хоёр өвдсөнөө бидэнд харуулахыг хүсдэггүй байсан. Нэг удаа ээж хатгаа аваад эмнэлэгт хоёр хоног хэвтсэн. Ээжийг хаачсаныг асуухад аав “Гадуур явж байгаа” гэж билээ. Аавын өвдсөнийг нь бид хожим мэдсэн. Анд яваад, цээжинд нь цус хурчихсан ирсэн юм билээ. Комиссар нь аав чинь бэртсэн, хажууд нь хамаагүй ширүүн битгий хөдлөөрэй, чимээ шуугиан гаргаж болохгүй шүү гэж хэлсэн. Ороод “Ааваа яасан бэ?” гэтэл “Зүгээрээ, аав нь жаахан ханиад хүрээд хэвтэж байна” гэсэн. Бид дэндүү эрх дураараа байсан. Манай том ах хайрыг нь даагаагүй л дээ.
Аавын бие муу байхад Сурмаажав бид хоёр Орост сурч байв. Цэдэнбал дарга “Хоёр хүүхдийг нь авчир” гэсэн байдаг. Бүтэн сайн өдөр онгоц нисдэггүй тул тусгай онгоц гаргуулаад бид хоёрыг авчирсан. Аав биднийг онгоцноос буусныг сонсоод эрүүл байгаа юм шиг харагдахын тулд “Намайг босго” гэсэн юм билээ. Ирэхэд орон дээрээ сууж байсан. Тэгээд “Аав нь гайгүй, яагаад хүрээд ирэв. Сургууль руугаа буц” гэж байсан. Аав яв гэдэг, хажуудах хүмүүс нь байж бай гээд байдаг. Аав, ээжтэйгээ хоёр сар болоод явсан. Явснаас хойш долоо хоногийн дараа аав минь нас барсан даа.
-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөн Танд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай.
-Баярлалаа.
Э.Энхмаа

Комментариев нет:

Отправить комментарий