воскресенье, 1 января 2012 г.

Киргиз алим — хүнс үү эсвэл цацраг идэвхт хор уу?


Киргиз алим — хүнс үү эсвэл цацраг идэвхт хор уу?
Сүүлийн үед ”Киргиз алим зарна” гэсэн зар залхтал явж байна. Гэтэл үнэндээ   санал болгоод байгаа Киргиз алим нь хүнс мөн үү гэдэг асуудал бас эргэлзээтэй ажээ.
Ямартаа ч энэ талаар зарим нэг судалгаа хийснээ та бүхэнд танилцуулья.
Киргизстаны цацраг идэвхт хаягдал тархах аюултай
Хуучин Зөвлөлт Холбоот Улс гэж байхад л Киргизэд уран болон газрын ховор металл олборлож байжээ. Бүр 1940-өөд оноос эхэлсэн энэ олборлолт нь 20 гаруй жилийн туршид үргэлжилсэн ба Киргиз улс нь ЗХУ-ын уран олборлох үйлдвэрлэлийн гол төвд тооцогддог байв. Чухам Киргизийн Майлуу-Суу голын хөндийд олборлосон уранаар Зөвлөлт улс анхныхаа цөмийн зэвсгийг бүтээсэн аж. Харин хамаг уранаа ухуулсан Киргиз улс асар их үйлдвэрлэлийн хог хаягдал,  түүн дундaa цацраг идэвхт ураны хаягдалтай хоцорчээ.

2008 онд Давост болсон Гамшиг бa Эрсдлийн асуудлаарх олон улсын бага хуралд зориулан  Киргизийн засгийн газар, Онцгой Байдлын Яам болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хамтран бэлтгэсэн тайлангаас үзвэл тус улсын 6,500 га газар цацраг идэвхт бодисонд бохирдсон аж. Нийтдээ Киргиз улсын нутаг дэвсгэр дээрx 92 хогийн цэгт 475 сая тонн цөмийн хаягдал агуулагддаг байна. Xаягдлын дийлэнх нь ашиглахаа больсон ураны  уурхай, ураны хүдрийг нь нунтаглан ялгаxaд гарсан цацраг идэвхт элс шороо, хог чулуу байдаг аж. Жишээ нь, Майлуу-Суу голын сав нутгаас уран олборлож байх үед 10 мянган тонн шар нунтаг гаргаж авсан баримт байна. Хүдэр дэх ураны агууламжаас шалтгаалан заримдаа  1 тонн хүдрээс дөнгөж 1 грамм уран ялгах тохиолдол ч байдаг гэхээр 10 тонн уран ялгахaд хэдий хэмжээний хаягдал гарсан нь тодорхой. Харин өнөөдөр үлдсэн хорт хог хаягдлыг цэвэрлэхэд Киргизчүүдэд дор хаяж 40 сая ам. долларын хөрөнгө шаардлагатай ажээ.
Davos 2008 report (pdf) энд дарж уншина уу.
Киргиз улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог, уулархаг нутагтай учир уулын үер, хөрсний гулгалт, нуралт байнга тохиолддог. Tүүнчлэн цацраг идэвхт хог хаягдлыг урт хугацааны туршид  харж хянах боломжгүй, агуулах зэргийг засч сэлбэх боломж муутай байдаг юм байна.Цацраг идэвхт ураны хогийн цэгүүд нь дийлэнхдээ гол мөрнүүдийн сав нутагт оршдог тул цацрагийн бохирдол Төв Ази даяар тархаж, Киргизстан, Казахстан, Тажикистан, Узбекистан улсуудад нийт 5 сая хүнийг хордуулах аюултай ажээ.   
Ураны хаягдлын цэг Майлуу-Суу голын эргээс ердөө хэдхэн метрийн зайд оршиж байна
Давост болсон хурлын дараагаар Киргизчүүд ямар ч хараа хяналтгүйгээр гуу жалганд булсан, заримдаа ил хаясан байсан хог хаягдлaa  нэг дор  шилжүүлэн байршуулж, мөн хөрсний гулгалт, үеp уснаас хамгаалсан ганц нэг хамгаалалтын байгууламж байгуулжээ. Харин оршин суугчдын хувьд ураны хуучин уурхайнуудыг хөндсөнөөр цацраг идэвхт тоосонцор агаарт дэгдсэн хэмээн буруушаах аж. Төр засгаас хүн амьтан амьдардаггүй нутагт шилжүүлэн суурьшуулахын оронд ийнхүү амиа аргацаасан төдий арга хэмжээ авсан нь тэдэнд таалагдаагүй байна. Төрөөс энэ талаар ямар нэг тайлбар мэдээ өгөөгүй, үнэнийг нууж байсан хэмээн  оршин суугчид баталж байна.

Хаягдал төмөр тушаагчид ураны хогийн цэгийг ухжээ
Тухайлбал, Майлуу-Суу голын эрэг дээр оршин суугчид олон зууны туршид улаан лооль, алим, гүзээлзгэнэ тарьсаар иржээ. Харин одоо голын нөгөө эрэг дээр цацраг идэвхтэй гэсэн тэмдэглэгээ тавьсан нь тэднийг түгшээж байна. Хүмүүс тарьсан жимс нoгooгoo хүнсэнд хэрэглээд, толгой нь өвдөж, дотор нь муухайрч, нүд нь загтанаж, биен дээр нь юм туурдаг тухай ярьдаг аж. Майлуу-Суу орчмын оршин суугчдын дунд бамбай булчирхайн өвчлөл, цус багадалт, хорт хавдар их тохиолддог тул хүмүүс богино насалдаг. Зарим газар цацраг хэвийн хэмжээнээс 30 дахин өндөр байх аж. Майлуу-Суу хотын захирагч асан Бумайрам Мамасеитовагийн ярьж буйгаар тус хот хорт хавдaрын өвчлөлөөр Киргиздээ толгой цохьдог гэнэ.  Киргизийн Онц Байдлын Яамныхны голын усанд хийсэн шинжилгээгээр 49 дээжний 46-д нь  ихээхэн хэмжээний цацраг идэвхт бодит илэрсэн тул голын усыг унданд хэрэглэх нь бүү хэл хүнсний ногоогоо услах нь аюултай болсон байна.  Гэсэн ч оршин суугчид Майлуу-Суу голын усаар ногоогоо усалсаар.

Ураны хаягдлын дундуур тахиагаа тууж буй хүү
Майлуу-Cуу голын сав нутгаас гадна Мин-Күш суурин,  Туюк-Суу голын сав нутаг гээд бусад олон газруудад байдал ноцтой байгаа юм байна. Дийлэнх нутгууд дахь ураны хаягдлын цэгүүд нь хараа хяналтгүй, тэр бүү хэл  анхааруулсан тэмдэглэгээгүй учраас хүмүүс тэнд тахиа шувуу, малаа бэлчээж, хүүхдүүд тоглож байх нь ердийн үзэгдэл аж. Саймон Рийвс гэдэг Английн  сэтгүүлчийн Киргизэд ураны хаягдлын хогийн цэг руу нэвтэрсэн тухай видео бичлэгийг дороос үзнэ үү.
Киргизчүүд эрүүл хөрсөнд цэвэр усаар усалж ургуулсан алимаа хямд үнээр Монголчуудад зарсан гэдэгт би хувьдаа гүнээ эргэлзэж байна. Цөмийн хаягдлын хогийн цэгүүд нь улс орон даяар нь нэлэнхүйдээ тархаснаас гадна, дийлэнхдээ томоохон гол мөрнүүдийн сав нутагт байрласан гэдгийг дээрх газрын зургаас болгооно буй заа.
Киргизийн ураны уурхайн хаягдал бол цөмийн хаягдлын ангиллаар бол бага түвшний хөнөөлтэйд тооцогддог, өөрөөр хэлбэл нэн даруйдаа үхэтхийн унаxгүй ч аажимдаа хорддог. Тэгвэл Монгол улсын эрх баригчид ашигласан цөмийн түлшний хаягдал буюу хажууд нь хэдхэн хором зогсоод үхлүүт хорддог тийм хорыг эх нутагтаа авчирч булшлахаар харийнхантай нууцаар үгсэн хуйвалдаж байсан нь илчлэгдсэн цаг саяхан.
Өнөөдөр ерөнхийлөгч хориг тавьсан гэж ам таглавч үнэндээ цөмийн хаягдал хадгалах бохир төлөвлөгөөнөөсөө тэд огтхон ч татгалзаагүй хэвээр. Биднийг тайвширч, ажлаа хийж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байх хооронд тэд үхлийн хор найруулсаар, цацрагийн аюул та бидэнд алхам алхмаар ойртсоор.
Цөмийн Энергийн Газар Японоос оруулж ирж буй машинуудад дөнгөж 8 сараас  хэмжилт хийж эхэлсэн гэдэг бол эмгэнэлтэй ч гашуун үнэн. Цацрагт бохирдсон машинуудыг угааж зүлгээд “зүгээр боллоо” гэж эздэд нь эргүүлж өгч байсан нь ч бас үнэн.  Өнөөдөр 3 сараас хойш орж ирсэн цацрагтай машин жолоодсон хичнээн Монгол хүн зугуухнаар хордож, эд эсэнд нь гаж хөгжил явагдаж буйг хэн ч мэдэхгүй. Гэтэл дээрээс нь бас хортой алим өгч байдаг….
Эрх баригчдаа, цацрагтай алимаа өөрсдөө зооглогтун!
Амарлин
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкүүдээр орж үзэж болно:
http://www.nti.org/country-profiles/kyrgyzstan/
http://www.donors.kg/upload/docs/reports_and_studies/Uranium_Tailings_Buklet%20(Smal%20Size).pdf

http://www.eurasianet.org/departments/insightb/articles/eav052709a.shtml
http://russian.eurasianet.org/departments/insight/articles/eav052709ru.shtml
http://www.irinnews.org/report.aspx?reportid=81398
http://enews.fergananews.com/article.php?id=57
http://www.nhs.vic.edu.au/library/ni/issue382/toxic-time-bomb.htm
http://units.civil.uwa.edu.au/teaching/CIVL4121?f=283115

Комментариев нет:

Отправить комментарий