Хятадын улс төр шинэ үеийнхний мэдэлд орох цаг хаяанд ирлээ. Тус улсын Коммунист намын XVIII их хурал ирэх намар болно. Тэр үед Ху Жинтао, Вэнь Зябао нарын залгамжлагчдыг албан ёсоор зарлах юм. Харин албан бусаар бол залгамжлагчдын нэрс хэдийнэ тодорчихоод байгаа. Тэд бол 2007 онд болсон Коммунист намын XVII их хурлаар Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн болон сонгогдсон Си Зинпин, Лө Көциан нар юм. Тэднийг дарга болгохын тулд таван жилийн өмнөөс бэлдэж эхэлжээ. Си Зинпин Ху Жинтаогийн оронд БНХАУ-ын дарга болж, харин Лө Көциан Вэнь Зябаогийн оронд Ерөнхий сайдын албан тушаалд очно. Гэхдээ энд нэг асуулт гарч ирж байна. Өдгөө 59 настай Си Зинпиний ард Хятадын дарга асан Зян Земиний дэмжлэгийг авсан Шанхайн бүлэг байгаа. Шанхайн бүлэг гэдэг нь “Хунтайж нарын бүлэглэл” буюу дарга нарын хүүхдүүдээс бүрдсэн сэхээтэн маягийн давхрагынхныг хэлдэг. Харин 57 настай Лө Көцианы хувьд Коммунист залуучуудын эвлэлийн гишүүн байсан. Ху Жинтаогийн талархлыг хүлээсэн хүн. Ху Жинтао өөрөө ч бас Коммунист залуучуудын эвлэлээр замнаж ирсэн нэгэн учраас ингэх нь аргагүй. Ингэхээр шинэхэн удирдагчид хоорондоо ялгаатай ашиг сонирхлыг төлөөлж байгаа гэсэн үг. Хэдийгээр Хятад улс нэг намын тогтолцоотой боловч улс төр дэх эрх мэдлийг Шанхайн бүлэг, Коммунист залуучуудын эвлэл хоёр хуваан эзэмшдэг, хоорондоо өрсөлддөг. Харин энэ онд болох Коммунист намын XVIII их хурлаас Улс төрийн товчооны байнгын есөн гишүүний долоо нь тэтгэвртээ гарч, зайгаа тавьж өгнө. Си Зинпин, Лө Көциан нараас бусад нь гэсэн үг. Харин тэдний аль, аль нь өөрийн талын хүнээр багаа бүрдүүлэх сонирхолтой байгаа. Үүнээс үүдээд ирээдүйн дарга нар өөрсдийн хүмүүсээ гаргаж ирэхийн тулд хоорондоо өрсөлдөж байна. Харин хэн нь дийлэх бол.
Хятадууд Бээжингийн олимпийн наадмыг сүр дуулиантай зохион байгуулсны дараа тус улсад үйлдвэрлэсэн меламинтэй сүү, сүүн бүтээгдэхүүнээс болж олон хүний амь нас сүйдсэн. Энэ хэрэгт Шанхайд төвтэй хэд хэдэн компанийн төлөөлөгчид ороогдож, “Санлу” группын захирлыг цаазаар авсан юм. Меламинтэй сүүтэй холбоотой дуулианыг анх Гуандон мужийн сонинд мэдээлж байв. Гуандон мужийн амбан захирагч Ван Ян бол Ху Жинтаогийн дэмжлэгтэй Коммунист залуучуудын эвлэлийн хүн. Тиймээс меламинтай сүүний хэргийг Шанхайн бүлэглэлийг нэр хүндийг унагах гэж зориуд дэвэргэн гаргаж ирсэн гэх таамаг бий. Үнэхээр бүх үйл явдал болж өнгөрсний дараа Вэнь Зябао ард түмэндээ хандан уучлалт гуйсан билээ. Тэгэхээр коммунистуудын үйлдэл байгаа оносон ч байж болох.
Харин энэ удаад Гуандон мужид олон хоног үргэлжилсэн, өргөн далайцтай жагсаал болж байгааг онцлох хэрэгтэй. Өнгөрсөн онд Хятадад хэд хэдэн жагсаал болсон. Тухай бүрт нь Хятадын эрх баригчид өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, цагдаа цэргийнхнээ дайчилж байгаад нам дарж болоод л байлаа. Гэтэл оны эцсээр Гуандонд болсон малчин, тариачны жагсаал улам бүр өргөжиж, сүүлдээ бүр тэмцэгчдэд нутгийн эрх баригчид нь бууж өгөх хандлагатай болоод явчихав. Коммунист Хятадад анх удаа жагсагчид ялалт байгуулж байгаа нь энэ. Үүнээс болж Гуандон мужийн амбан захирагч Ван Яны нэр хүнд унаж эхэлсэн тухай “Вашингтон Пост”-д мэдээлжээ. Ван Ян бол Улс төрийн товчооны байнгын хорооны есөн гишүүний нэг болох магадлалтай хүн. Лө Көцианы талынх. Тэгэхээр үүгээр далимдуулж Коммунист залуучуудын эвлэлийн нэр хүндийг унагах оролдлогыг өрсөлдөгчид нь гаргаж байгааг үгүйсгэхгүй.
Хятадад иймэрхүү тэмцэл хэзээнээсээ байсаар ирсэн. Бүхэл бүтэн 60 жилийн түүхтэй Хятадын Коммунист намын удирдлага тав дахь удаагаа шинэчлэгдэх гэж байгаа нь энэ. Өмнө нь Мао Зэдунгийн орыг залгаж Дэн Сяопин түүний залгамжлагчдыг түлхэн гарч ирж байв. Өнгөрсөн зууны 70-аад онд Хятадад цэргийн эргэлт хийх гэж байсан Линь Бяогийн санаархал илэрсний дараа тэрбээр зугтаж яваад осолдсон нь бий. Харин Дэн Сяопины хувьд тэтгэвэртээ гарахын өмнө урьдаас төлөвлөн бэлтгэж байсан хоёр залгамжлагчаасаа гэнэтхэн татгалзаж, Зян Зэминийг БНХАУ-ын даргын суудалд залсан юм. Тэгэхдээ дараагийн хүнээрээ Ху Жинтаог томилохыг даалгасан гэдэг. Зян Зэминий хувьд одоо улс төрийн ямар ч эрх мэдэлгүй, жирийн нэгэн өвгөн бий. Гэхдээ түүний Шанхайн бүлэглэлийн нэр хүнд асар их байгаа нь ард нь суугаа Зян Зэмин одоо ч хүч нөлөөтэй хэвээр байгаа гэдгийг нотолж байна.
Хятадын ирээдүйн дарга нарын тухай сэдэвтээ эргэн оръё. Ху Жинтаогийн оронд гарч ирэх Си Зинпин гэж хэн бэ. “Wikileaks” сайтад гарсан АНУ-ын димпломатчын захидал дунд Си Зинпингийн тухай дурьдсан байдаг. Тууштай парагматик үзэлтэй, Коммунист улаан өнгийг улам гүн улаан болгохын тулд Маркист онолыг шамдан суралцсан хүн гэж түүний дотны найз профессор нь америкчуудад ам алдсан байж. Тэр ч бүү хэл “Эмэгтэйчүүдийн хувьд бол тэр уйтгартайд тооцогдоно” хэмээн дүгнэсэн байна. Си Зинпин Хятадаас Их Британид сууж байсан Элчин сайд Кэ Сяомингийн охинтой гэр бүл болсон ч эцэст нь салж, нэртэй дуучин бүсгүй Пин Лияунтай гэрлэжээ. Хятадын ирээдүйн удирдагчийн том эгч нь Канадад амьдардаг бол бага дүү нь Их Британийн соёл хэдийнэ нутагшсан Хонконгод амьдардаг. Тэгэхээр барууны нөлөө орж мэдэх хүн гэсэн үг.
Түүний ард хүч нэмж байгаа Шанхайн бүлэглэлийнхнээс хамгийн нэр хүндтэй хүмүүсийн Бо Силаи. Мөнөөх Гуандон мужийн амбан захирагчийг хүнд байдалд оруулчихаад инээж суугаа хүн гэж хэлж болно. Түүнээс гадна Хятадын Суртал ухуулгын яамны сайд Жоу Ёнканг, Соёлын хувьсгалын үед амь насаа алдсан, Мао Зэдуны гол өрсөлдөгч байсан Лиу Шаокийн хүү Лиу Юан нарыг нэрлэж болно. Түүний хувьд Хятадын армийн комиссар. Өөрөөр хэлбэл, Си Зинпин Улс төрийн товчооны байнгын гишүүдийн бүрэлдэхүүнд эдгээр хүнийг батгаах сонирхолтой байж болох юм.
Си Зинпин Хятадын хувьсгалт баатрын хүү. Түүний аав Си Жунсүн нь Хятадад өрнөсөн соёлын хувьсгалын үеэр хэлмэгдэж байжээ. Дэн Сяопины үед шинэчлэлийн талыг баримтлагчдыг дэмжиж байсан учраас Си Жунсүн Ерөнхий сайдын орлогч байснаа тушаал буурч, улс төрийн эрх мэдэл нь хумигдаж байсан түүхтэй. Харин мөнөөх шинэчлэгчидийн үзэл суртлыг Ху Жинтао тэргүүтэй Коммунист залуучуудын эвлэл их дэмждэг. Тиймээс энэ нь Хятадын улс төр дэх хоёр бүлэглэлийн тэмцлийн хүчийг сулруулж байна гэж дүгнэж болохоор. Ямартай ч Си Зинпиний хувьд Мао Зэдуны төрсөн нутгаар зочилж, улс орон даяараа хөндлөн гулд аялж, ард иргэддээ өөрийгөө таниулсаар байгаа юм. Хятадын ирээдүйн удирдагчийг эдийн засгийн шинэчлэл хийж, Европын хямралын нөлөөнд автахгүй байх арга замыг эрэлхийлэх зэрэг олон хүнд сорилт хүлээж байна.
Т.Элиса
Комментариев нет:
Отправить комментарий