Билгийн улирлын тооллын XV жарны цагаан луу жил 1880 онд Их шавийн Чандмань отог, өдгөөгийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт ард Дамбынд нэгэн хөвгүүн эцэг, зхийн насан залууд мэндэлжээ. Эл хөвгүүн бол хожим Их хүрээнийхэнд «Цэцэг Чагдар гэлэн», Хөвсгөл нутгийнханд «Сайд лам» хэмээн алдаршсан Монгол Ардын Түр Засгийн газрын анхны дарга Чагдаржав байлаа. Дамбынх нэлээд чинээлэг айл байсан аж. Тэрээр хүүгийнхээ цовоо сэргэлэн байдлыг ажиж мэдээд, номын мөр хөөлгөхөөр шийдсэн байна.
Нэгэн удаа Богдын хүрээнд худалдаа, наймааны ажил эрхлэхээр явахдаа таван, зургаан настай хүүгээ төрөл садныхаа нэг ламд шавь оруулжээ. Чагдаржав хүү төвд үсэг нүдлэн, ойр зуурын уншлагатай болж ах ламдаа тоогдох болжээ. Хэдэн жил Хүрээнд сууж, ном үзсэн боловч бурхан номын хэрэгт төдий л идээшсэнгүй. Чингээд Чагдаржав хорин нас шүүрмэгц, Их Хүрээний лам хүний ахуйгаас аажим аажмаар хөндийрч, эгэл борог амьдрал руу тэмүүлэх болжээ. 1911 оны үндэсний хувьсгалын өрнөлтийг нүдээр үзэж, амьдралын эрээн барааныг ухаарах тусам худалдаа арилжааны хэрэгт хүчээ сорихыг илүүд үзэх болсон байна. Ингэж тэрбээр угийн хөл хөдөлгөөн, овсгоо сүйхээтэй эцгийн шийрийг хатааж, Хүрээ, Хиагтын хооронд худалдаа наймаа эрхлэх болж, зэгсэн хөлжих төлөвийг олжээ. Ийм маягийн шинэ амьдралд хөл тавимагц хятад, оросын худалдаачид гэнэн цайлган монголчуудыг хэрхэн хуурч, Монголын түүхий эд баялгийг яаж цөлмөж байгааг биеэр үзэж, нүдээр харж, үндэсний бие даасан үйлдвэрлэл, худалдааг хөгжүүлэхгүйгээр улс орон урагшлах аргагүйг яс махандаа тултал мэдэрч ухаарсан байна.
Д.Чагдаржав Хиагтад ажиллаж байсан Орос болон өрнөдийн орнуудын худалдаачдын үйл ажиллагаатай танилцан, заримтай нь уулзаж ярилцах явцдаа Орос Европын орнуудад очиж, юм үзэж нүд тайлахыг мөрөөдөх болсон байна. Тэрээр дотнын нөхөр Лувсангомбын хамт Их Хүрээнээс анх тээж гарсан 20 тэмээн хөсөгтэй бараа түүхий эдээ Оросын Хиагтад зарж борлуулаад түүгээрээ бэл хийж Орос, Англи. Итали орноор гурван жил гаруй хэрэн хэсч элдвийг оролдон амьдарчээ. Энэ хугацаанд Чагдаржав өрнөдийн орнуудын хөгжил, соёл ахуй, худалдаа наймааны хэрэг явдалтай сайтар танилцаж, бас хүний нутагт хавчигдан гадуурхагдах, дутагдаж, гуцагдахын зовлонг бас амсан зүдэж явав. Чагдаржавын хилийн чандад гарсныг Богд хааны даалгавраар явсан гэх ч яриа бий. Ямар ч байсан энэ үе бол түүний хувьд амьдралын ухаарал, сэхээрлийг хөглөсөн жилүүд байлаа. Идэр залуу Чагдаржав хэд хэдэн гадаад хэлний зах зух гадарлаж, хол ойрын олон хүнтэй нүүр учирч, Европын соёл хөгжлөөс ихийг тусган, улс Монголоон ийм болгох юмсан хэмээх бодолд хөтлөгдөн, санаашран зовниж байлаа.
Д.Чагдаржав 1917 оны зун эх нутгийнхаа зүг хүлгийн жолоог залжээ. Тэр замдаа Санкт-Петербург мэт олон хот, тосгон, Сибирийн үл дуусах мэт үргэлжлэх тайга, Оросын уудам нутгийг дамжин өнгөрөхдөө Орост болж буй үймээн, бужигнааныг нүдээр үзэж, нийгмийн цаад учир шалтгааныг ухааран ойлгохыг хичээж явлаа. Чагдаржав 1917 оны намар нутгийнхаа хилийн дээсийг алхав. Тэрээр эх орныхоо номин хөх тэнгэр, манан хөглөрөх сувраган цэнхэр уулс, нүд алдрам уужим амьсгалт тал нутгаа харж шүүрс алдан, эх орон гэдэг юугаар ч үл солих үнэт эрдэнэ гэдгийг улам бүр мэдэрч байлаа. Нийслэл Хүрээнд ирээд хэд хоногийн нүүр үзтэл хуучин танил Цэдэвсүрэн гүнтэн 1917 оны намар албан ба аминаас хувь мөнгө хуралдуулах худалдааны ердийн хэлтэс байгуулах санал гаргаж, Монгол улсын дээд, доод хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлжээ. Чингээд Цэдэвсүрэн, Чагдаржав нарын зэрэг 18 хүн анх санал нэгдэж, Монголын харилцан туслалцах хоршоог байгуулсан байна. Эл хоршооны даргаар Чагдаржавыг санал нэгтэй сонгосон байна.
Чагдаржавыг энэ албан тушаалд тохоосон нь санамсаргүй хэрэг биш байлаа. Учир нь тэрбээр худалдаа наймааны хэрэгт боловсорсон, хөгшин Европ руу хөл тавьж, дэлхий дахины худалдааны хөгжлийн хандлагыг гадарлах болсонтой юуны өмнө холбоотой байв. 1917 оны XI сарын 1-нд Монголын харилцан туслалцах хоршооны дарга лам Чагдаржав нараас Монгол Улсын Сангийн яаманд өргөсөн бичигтээ: "бидний 18 хүн нар ... ховдог худалдаачин ба тэдний хоршоо нарын ашгийг хэмжээтэй болгох хийгээд өөрийн язгуур үндэснээ хэдэн мөнгөний ашигтайг ... хэлэлцээд ... худалдааны хэргийг эрхлэн санаачлах ба ядсанаан туслах саналыг үндэс болгож, харилцан туслалцах хоршоо"-г байгууллаа (2.17). Иймээс "Манай харилцан туслалцах хоршоог танин томилж" дэмжиж өгөхийг хүссэн байна. Гэвч улс орны эдийн засгийн чадавхи сул, Оросын зүгээс шахаж хавчиж байсны улмаас энэ байгууллага төрийн зүгээс олигтой дэмжлэг авч чадаагүй юм. Гэсэн ч Чагдаржав бол улс Монголынхоо эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө үнэнхүү санаа зовниж, шинийг үүсгэн тэрлэгч байсныг түүх мартах учиргүй.
1919 оны сүүлчээр Хятадын генерал Сюй-Шүчжэн их цэргийн хүчээр Нийслэл хүрээг эзэлж, Монголын автономитыг устган, Монгол оронд хятадын цэргийн харгис дэглэм тогтоосон байна. Ийм нөхцөлд Чагдаржав мэтийн юмны наад цаадыг гадарлах болсон хүмүүс нэгэнт сэргэн идэвхжсэн олон түмний ухамсарыг улам бадрааж, эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцлийг зохион байгуулах замд эргэлтгүй оржээ. Тэрээр 1918 оны сүүлчээр сэтгүүлч, лам Д. Бодоо нартай санаа нэгдэж, Консулын бүлгийг үүсгэн тэрлэсэн байна. Дилав хутагтын дурдатгалд: "...Бодоогийн Нөхөр Цэцэг Чагдар гэлэн хэмээх хүн лам, хар танил олонтой..., энэ тэр лугаа хэлэлцэн гүйсээр их л олон хүнийг удирдан нийлүүлжээ" (3.25) хэмээн тэмдэглэснээс үзэхэд тэрээр Консулын бүлгийг байгуулахад шийдвэрлэх үүрэгтэй оролцсон нь тодорхой байна. Чойбалсан, Лосол, Дэмид нарын бичсэн «Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх»-нд бичсэнээр Чагдаржав консулын дэнжийнхний нэг л удаагийн зөвлөлгөөнд сууж бүлгийг Сүхбаатар, Данзан тэргүүтэй
Хүрээний бүлгийнхэнтэй нэгтгэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд оролцсон байдаг. Мөн хувьсгалчдын үйл ажиллагааны он цагийг харьцуулан хийсэн доктор Отгоны Пүрэвийн судалгаанаас үзэхэд, Хүрээний хувьсгалт нууц бүлгэм болон Консулын дэнжийн нууц бүлгийн гишүүд 1920 оны I сарын 5-нд Нийслэл Хүрээний баруун өргөөний Улаан сахиусны өмнө тангараг өргөж, Консулын бүлгийг Хүрээний бүлгэмд нэгтгэснээс хойш 1921 оны I сар хүртэлх хугацаанд Чагдаржав, хувьсгалт бүлгэм болон Монгол Ардын Намын гишүүд, Зөвлөлт Орос Улсад одсон төлөөлөгчдийн 30 шахам удаагийн хурал зөвлөлгөөнд сууж, зэр зэвсэг хуримтлуулах, Зөвлөлт Орос Улс, Коминтернтэй холбоо тогтоох, нууц ухуулах хуудас гаргах, хувьсгалт нууц бүлгэмийн зохион байгуулалтыг өргөтгөж, Монгол Ардын Намыг байгуулж, намын хүмүүсийн дагаж явах тангарагийн бичиг, хувьсгалчдын хоорондын харилцааны "түлхүүр бичиг" батлах, Монгол Ардын Намын эгнээг өргөтгөх, олон түмний дунд аман ухуулга, таниулгын ажил явуулах, ардын намын журамт цэрэг элсүүлэх зэрэг чухал чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд тогтмол оролцож байжээ.
«Монгол Ардын Нам» хэмээх хувьсгалт байгууллага Д.Чагдаржавыг Зөвлөлт Орос Улсад тусламж эрэх долоон нөхдийн бүрэлдэхүүнд оруулж, их хэргийг бүтээлгэхээр итгэмжлэн зарсан байна. Хувьсгалын долоон нөхөд уван цуван явсаар 1920 оны VIII сард Эрхүү хотноо хүрэлцэн иржээ. Тэд Монгол Ардын Намын нэрийн өмнөөс Зөвлөлт Орос Улсын Засгийн газар хандаж нэгэн бичиг боловсруулсан байна. Энэ бичигт Монгол орны үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөний хэрэгт Зөвлөлт Орос Улсаас тусламж эрээд, Монгол ардын харилцан туслалцах хоршоо байгуулахад дэмжлэг хүссэн нь чухам Чагдаржавын санаа байлаа. Хувьсгалчид өөрсдийнхөө пундаас С.Данзан, Д.Чагдаржав, Лосол нарыг Москвад илгээж, Зөвлөлт Засгийн газар хандан тусламж гуйлгахаар тогтжээ. Гэвч Лосол Омскоос буцаж, Данзан, Чагдаржав нар Москвад очиж, Зөвлөлт Засгийн газарт асуудлаа танилцуулсан байна. Тэд энэ үед Ленин, Троцкий нартай уулзсан хэмээх мэдээ тааралддаг. Ингэж тэд зорьсон хэргээ амжилттай бүтээжээ.
Ийнхүү Чагдаржав бол Данзангийн хамт Зөвлөлт Засгийн газрын тэргүүнтэй Монголоос анх удаа уулзсан түүхт хүн болж байна. Москвад очиж Чагдаржав нарын төлөөлөгчид Эрхүү хотноо эргэж ирэв. Тэд Эрхүү хотноо түр үлдэж, Зөвлөлт Орос Улсын тавдугаар армиар дамжуулан буу зэвсгийг хүлээн авах ажлыг гүйцэтгэжээ. Удалгүй Чагдаржав нутагтаа ирж, Чойбалсангийн хамт Сумъяа бэйсийн хошуунаас цэрэг элсүүлэх ажлыг зохион байгуулав. Улмаар тэд модон хөл харуулаар хил нэвтрэн Хатанбаатар ван, Дайчин вангийн хошуу, Заяын шавь, Эрдэнэ зуу, Баруун хүрээ зэрэг газраар явж, орон нутгийн янз төлөвийг мэдэж, олон хүнтэй учирч уулзан, өөрсдийн зорилго бодлогоо таниулжээ. Мөн ардын журамт цэрэгт олон хүнийг элсүүлсэн байна. Чагдаржав нар өөрийн төрөлх Өнжүүл нутгаар дайран, тагнуул туршуулаас болгоомжлон зүсээ хувилган, Нийслэл хүрээнд орж ирээд, Бодоо, Дэндэв нартай уулзсан байна. Чагдаржав нарын энэ удаагийн явалт хятадын цэргийн харгис дэглэм, дайн самуунаас болж, үйл ажиллагаа нь бараг тасраад байсан намын үйл ажиллагааг төв, хөдөөд сэргээж өгсөн юм.
Үүнд Чагдаржавын танил тал олонтой байдал, хүнтэй харьцах эв дүй, элдэв явдалд хутгалдсан амьдралын туршлага томоохон нөлөө үзүүлжээ. Монгол оронд гэмин, цагаантны харгислал ширүүсч, нөхцөл байдал хүндэрсний улмаас зэвсэгт тэмцлийг хойшлуулшгүй эхлэхээс аргагүй болжээ. Эл тэмцлийг удирдах төв - Монгол Ардын Засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газрыг 1921 оны III сарын 13-нд байгуулж, тэргүүлэгч даргаар Чагдаржавыг сонгосон байна. Ийнхүү түүнд Ардын Түр Засгийн газрын анхны тэргүүн болох амаргүй хувь тохиосон юм. Чингэх хэд хэдэн шалтгаан байв. Учир нь Чагдаржав бол хувьсгалын долоон нөхдөөс насны хувьд харьцангуй ахмад, ид эр тавирсан 41 насандаа яваа, юм үзэж, нүд тайлсан, боломжийн боловсролтой, аливаад овсгоотой нэгэн байв. Архивын баримт бичгээс үзэхэд, Д.Чагдаржав 1921 оны III сарын 13-19-нд Засгийн газрын дарга, мөн сарын 19-нөөс хойш Засгийн газрын Ерөнхий сайд хэмээн тэмдэглэгдсэн байна.
Чагдаржав тэргүүтэй Ардын Түр Засгийн газар юуны өмнө, Хиагтыг чөлөөлж, хувьсгалын голомт нутгийг бий болгоход гол анхаарлаа төвлөрүүлсэн юм. 1921 оны III сарын 18-нд Хиагтыг чөлөөлснөөр Ардын Түр Засгийн газар Хиагтад нүүж иржээ. Энэ тухай партизан Б.Дамбадаржаа: "Хиагт хотыг чөлөөлсний маргааш ... гудамж зээлээр наах ухуулах элдэв олон зүйлүүдээ моринд ачин, Ар Хиагтаас мордож, хоёр талаар нь 5-6 хүн жагсаж, Билигсайхан, цэцэг Шагдар (Чагдаржав) нар голлох ёслолын ямбаар явж, Хиагт хотод ирэв. Түр Засгийн газрын хуучин Хятад яам байрлан байсан байшинд байрлуулав" хэмээн дурсан бичжээ. Д.Чагдаржавын тэргүүлсэн Ардын Түр Засгийн газар Хиагт хотод гарсан түймрийг унтраах, ард иргэд, худалдааны хэргийг илбэн тохинуулах ажлыг дав даруй хийв. Чингээд уг Засгийн газар Монгол улсын газар нутгийн 1,1 хувь буюу 17,419 хавтгай дөрвөлжин км нутаг дээр үйл ажиллагаагаа явуулах болжээ.
1921 оны III сарын 24-ны өдрийн хуралдаанаараа Ардын Түр Засгийн газар Дотоод, Цэрэг, Сангийн яам байгуулж, Сангийн яамыг Ерөнхий сайд Чагдаржав өөрөө удирджээ. Түүний толгойлсон Засгийн газар чөлөөлөгдсөн нутагт ёс журам сахиулах, бичиг үсгийн чадвартай хүмүүсийг татан ажиллуулах, ардын журамт цэргийн эгнээг өргөжүүлэх, улс орны шинэ эдийн засгийн суурийг бий болгох, тухайлбал гадаадын худалдаа, аж үйлдвэрийн газруудад түрээслэн олгох орон байшин, хадлан тариалангийн газраас түрээс хураах зэрэг шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхэлжээ. 1921 оны IV сарын 16-нд Д.Чагдаржавыг Ардын Түр Засгийн газрын Ерөнхий сайд бөгөөд Сангийн яамны сайдын албан тушаалаас чөлөөлж, Хөвсгөл, Урианхайн хязгаарыг тохинуулах Ардын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ. Тэрээр дагалдах хүмүүсийн хамт Эрхүүгээс Красноярск хүртэл галт тэрэг, улмаар Енисей мөрнөөр усан онгоц, цаашид Тагнын Хэмчиг хошуу дамжин, Урианхай нутгийн гүн рүү оржээ.
Гэвч Урианхайн асуудал тун ярвигтай байлаа. Урианхайн лам ноёд Монгол ардын засагт төдий л таагүй хандсан байна. Ийм үед Чагдаржав тэдэнд сүр далайлгах, заримыг нь банздах зэргээр ширүүн дориун аашилсны улмаас Урианхай дахь ажил үйлс бүтэмжгүй болсон байна.Тэгээд Чагдаржав 1921 оны VII сард Хөвсгөл нутагт ирж, Дархадын хүрээнд буудаллажээ. Энэ нутагт Оросын цагаантан Шубины цэрэг эзэгнэн сууж байв. Чагдаржав Ардын Засгийн бодлогыг ухуулан сэнхрүүлж, цэрэг элсүүлэн боомт чухал газруудыг сэргийлэн суусан нь эл нутгийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой болжээ. Энэ үед 1921 онд үндэсний ардчилсан хувьсгал ялж, Ардын Засгийн газар ид улс орноо илбэн тохинуулж эхэлсэн байлаа. Ийм нөхцөлд Ардын Засгийн газар Чагдаржавыг Хөвсгөл нутгаас дуудан авчирч, Ерөнхий сайд Бодоо Монгол Ардын Харилцан Туслалцах Хоршоог байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг өгчээ. Ийнхүү Чагдаржавын олон жил бодож санаж байсан хэрэг нь биелэлээ олж, нийгмийн янз бүрийн анги, бүлгийн 100 гаруй хувь нийлүүлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн Монгол Ардын Харилцан Туслалцах Хоршоог 1921 оны X сарын 2б-нд байгуулсан байна.
Богд хаан, Эх дагина хоёр хүртэл хувь нийлүүлжээ. Чагдаржав шинэ байгууллагынхаа зорилгыг дэлхий дахины аль ч улстай харилцан ашигтай худалдаа хийх явдал гэж үзэж байв. Гэтэл тус байгууллагын орос сургагч Шишино, буриад Балданжав нар 1921 оны XII сарын эхээр Чагдаржавыг учир зүггүй шүүмжилж, Монголын Харилцан Туслалцах Хоршооны даргын албанаас халахыг Засгийн газарт шаарджээ. Энэ нь хувьсгалын долоон нөхдийг ээлж дараагаар намнах Элбэгдорж Ринчиногийн холын муу санаатай явууллагын эхлэл байлаа. Энэ явдлыг эсэргүүцэж, тус Хоршооны ерөнхий хорооны хэргийг түр хавсарсан бэйс, бөөгийн хэмээх Шагдаржав, гүн Цэдэвсүрэн, гэлэн Бүтэмж, зайсан Сүрэнбилэгт нараас Засгийн газар өргөсөн бичигтээ: "Орос Шишино, буриад Балданжав нар Засгийн газрын тушаал дүрмийг эвдэж, манай Монголчуудыг эзэрхэгээр дарлаад хэлмэрч дор гүтгэж сургасныг үзвэл эд нар даанч тэнэг, огт ёс мэдэхгүй. Үх Зөвлөлт Орос Улсын нэр дор ичгүүртэй, Монгол дор жигшүүртэй хүн нар болох тул... байцаан шийтгэж, татан буцаах өөр үнэнч шударгуу сургагчийг олж хэрэглүүлбэл болох эсэхийг заан тушаах ажаамуу" хэмээн тэмдэглээд, Чагдаржавыг тус хоршооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хүсчээ.
Гэвч Чагдаржавыг эл албан тушаалаас нь өөрчилж, 1921 оны эцсээр Богд хааны дэргэдэх шадар сайдаар томилсон байна. Ерөнхий сайд Бодоо түүнийг шадар сайдаар томилохдоо урьдын цагт лам явж, шашин номын зэгсэн мэдлэгтэй болсон, Ардын Засгийн хэрэгт бүр эхнээс нь тууштай зүтгэснийг харгалзан үзжээ. Гэвч Элбэгдорж Ринчино "Чагдаржавыг шадар сайдаар томилохдоо Монгол Ардын Намын Тэргүүлэгчидтэй зөвлөөгүй" гэх зэргээр буруутгаж эхэлсэн байна. 1922 оны эхээр элдвээр өөнтөглөж, Богд хааныг татгалзсаар байтал Чагдаржавыг шадар сайдын албанаас зайлуулсан байна. Чингээд Чагдаржав хөдөөлж, төрөлх Өнжүүл нутагтаа очиж, нэгэн хаврыг өнгөрүүлжээ. Элбэгдорж Ринчиногийн явуулгаар Бодоо, Данзан нарын зөрчил хурцдаж, Бодоо Ерөнхий сайдын албанаас чөлөө гуйж, "энгийн ардын эрх"-ийг эдлэхийг хүсчээ. Д. Бодоо, Д.Чагдаржав нар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн боловч, ардын Засгийн бодлого, Элбэгдорж Ринчино, Данзан нарын явууллагыг олны дунд чөлөөтэй шүүмжлэн ярьж байв.
Гэтэл үүнийг нь ашиглан, тэднийг урвасан хулгай Дамбийжанцан, Америкийн консул зэрэг дайсан этгээдтэй холбоо тогтоон, Ардын Засгийг устгаж, хятадын харъяаны автономитыг тогтоох гэсэн хэмээх хэрэгт холбогдуулан, уг хэргийг хянаж шийдвэрлэх комиссыг түүнтэй сөргөлдөгч гол хүч Данзангаар удирдуулан байгуулав. Чагдаржав нарыг байцаасан байцаалтын протоколоос үзэхэд тэдэнд холбогдуулан үүсгэсэн хэрэг нь баримтыг илт мушгин гуйвуулсан, дэндүү зохиомол шинжтэй байжээ. С.Данзан тэргүүтэй комисс үүдэн бий болгосон зохиомол хэргээ, баталгаа, нотолгоотой болгон үзүүлэх гэж улайран зүтгэсэн байна. Тэднийг хатуугаар эрүүдэн байцаасаар хилс ял тулган 1922 оны VIII сарын 31 -ний үүр шөнийн заагаар амь насыг нь хороожээ. Ардын Засгийг үүсгэн тэрлэхээс эхлэн амь насаараа дэнчин тавин зүтгэсэн Чагдаржав, Бодоо нарын 14 хүн тэр л засгийнхаа онилсон сум, далайсан сэлэмд гэм зэмгүй атлаа өртсөн гунигт түүх ийм буюу.
Д.Чагдаржав бол Ардын Түр Засгийн газрын анхны тэргүүн, Монголын харилцан туслалцах Хоршоог үндэслэгч, Монгол оронд эдийн засгийн шинэ харилцаа, тусгаар тогтнолыг бий болгохын төлөө тууштай тэмцэгч, шинэтгэн ардчилагч, Монгол төрийн томоохон зүтгэлтэн байсан юм. Тэрбээр хүний хувьд аливаад авхаалжтай сэргэлэн, чин шударга, зорин тэмцэж яваа үйл хэргийнхээ төлөө улс төрийн зоримог алхам хийж чаддаг зүтгэлтэн байлаа. Д.Чагдаржав дөнгөж 42 насалжээ. "Дөч хүрсэн эр, дөрөв дарсан ат" хэмээн ярьдаг. Тэрээр ид хийж бүтээх, эр тавирсан 42 насандаа зүй бусаар хан хорвоогоос хальжээ. Аугаа их гүн ухаантан Цицерон: "Амьдрал богинохон, гэхдээ алдар нэр мөнхийн байж болно" хэмээжээ. Энэхүү суут хүний онч мэргэн үг чухам Чагдаржав шиг хүмүүст л нийцэн тохирно. 1990 онд МАХН-ын Төв Хороо Д.Чагдаржавыг намын гишүүнийг сэргээжээ. Өдгөө түүний алдрыг мөнхжүүлэх талаар их зүйлийг хийх цаг нэгэнт болжээ. Ядаж Төрийн ордонд хөргийг нь залахсан. Үхэвч, үрэгдэвч алдар нь мөнхийн хутгийг олно гэж энэ буюу.
Их сайхан мэдээлэл байна.
ОтветитьУдалить