понедельник, 28 марта 2011 г.

Ю.Цэдэнбал 24 настайдаа Сталинд гүрж коньяк хундагалсан нь

Зөвлөлтийн дипломатууд Монголын удирдагчидтай уулзаж байсан тухай Вячеслав Молотовын дурсамж номноос Оросын нэгэн хэвлэл иш татсаныг толилуулья.

“Зөвлөлтийн димломатчид гадаадын удирдагчдыг “өөрийн”, “хүний” гэж ихэд ялгадаг байж. Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Зөвлөлтүүдэд “өөриймсөг” сэтгэгдэл төрүүлж байсан нь Монголын удирдагчид юм. Тэднийг дээд хэмжээнд хүлээн авч, бараг гэр орондоо дайлж цайлна.

Юмжаагийн Цэдэнбал  30 жилийн турш Монголыг удирдсан юм. Тэрээр 1940 онд анх Сталин болон түүний тойрон хүрээлэгчидтэй хэрхэн танилцсан түүхээ нэг бус удаа ярьсан байдаг.

Залуухан Цэдэнбал тэгэхэд тухайн үеийн Монголын удирдагч, маршал Хорлоогийн Чойбалсаны хамт Сталинтай уулзжээ. Албан ёсны уулзалтын дараагаар зочдыг зөвхөн удирдагчдын хүрээнд оройн зоогт урьсан байна. Монголыг энэ оройн зоогт Чойбалсан, Цэдэнбал төлөөлсөн бол ЗХУ-ыг Сталин, Молотов, Берия нар төлөөлжээ. Ирээдүйн генералиссимус зоог барихын өмнө “Нөхөр Чойбалсанг бид сайн мэднэ. Тэр бол шалгагдсан сайн нөхөр. Харин Цэдэнбал бол шинэ хүн. Тэгэхээр түүнийг өөрийгөө хэрхэн таниулахыг харцгаая. Тэр бидэнд өөрийнхөө хүссэнээрээ хундагалаг!” гэж хэлжээ.

Цэдэнбалын дурссанаар бол зоогийн ширээн дээр коньяк, дарс, архи...жижиг, том хундаганууд гээд бүгд байж. Тэр удаан бодолгүйгээр гүрж коньякийг сонгон том хундаганд бүгдэд нь дүүртэл хийнж өгсөн гэдэг.

Үүний дараа Сталин “Маш сайн, Цэдэнбал бол манай үнэнч нөхөр юм байна. Лаврентий, чи түүнийг бүү оролдоорой!” гэжээ. Хожим үнэхээр Бериятай ямар ч асуудал үүсч байгаагүй тухайгаа Цэдэнбал дурссан аж.

Мөн Монголын удирдлага солигдсон мөчийн тухай гуч гаруй жилийн дараа Вячеслав Молотов ингэж дурсжээ. “Чойбалсанг сайн санаж байна. Тэр соёл муутай ч гэсэн ЗХУ-д үнэнч хүн. Түүнийг өөд болсны дараа хэн нэгнийг оронд нь томилох хэрэгтэй байлаа. Самбууг томилох санал ирж байсан. Би тэр Самбууг хараад Цэдэнбалыг томилохоор шийдсэн юм. Тэр бидэнд сайн ханддаг байсан...Цэдэнбал Эрхүүгийн санхүү, эдийн засгийн их сургуулийг дүүргэсэн. Тэнд сурч байхдаа орос бүсгүйтэй гэрлэсэн. Гэртээ номын сантай. Уух дуртай. Чангахан юманд дуртай” гэж В.Молотов дурсжээ.

Сонирхолтой нь, Цэдэнбал 1940 онд ердөө 24 настайдаа Сталинтай анх уулзжээ. Гэхдээ тухайн үед л Монгол Ардын Хувьсгал Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болчихсон байсан юм. Харин 1952 онд Чойбалсанг нас барсны дараа тэрээр Монголын удирдагч болсон юм...” гэж бичсэн байна.

Р.Гэгээ

1 комментарий:

  1. Төсөөлдөө, 24-хөн настай залуу агуу зөвлөлтийн их удирдагчид хундага дүүрэн коньяк өгч байна гэж ... Шууд нүдэнд дүр зураг нь бууж байна. Блог хөтлөгчид амжилт хүсье! Like товч байдаг хэд хэд дарчмаар л блог доо ...

    ОтветитьУдалить