понедельник, 24 декабря 2012 г.

“Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл: Дэлхий сөнөхөөс өмнө би гэрээ зэхсэн

oyungerelСүүлийн үед майячуудын тооллын нэгэн цикл буюу тоолол дуусч байгаатай холбоотойгоор 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөнө.
Гурван шөнө харанхуй болж, 70-80 хэм хүрч хүйтэрч хүн төрөлхтний уушги хөлдөнө. Наран дээр дэлбэрэлт болно гэх мэт мэдээлэл монгол төдийгүй дэлхий нийтэд тархсан. Энэхүү цуурхалд “Монголын бөөгийн холбоо”, “Манукол” академийн ерөнхийлөгч, физикч, философич, доктор З.Бат-Отгон нар өөр өөрийн байр сууриа ийн илэрхийлж байсан билээ.
Харин тухайн үед “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэлтэй холбогдож, “Бумбын эрин”-ий талаар сонирхсоноо хүргэж байна.


-Сайн байна уу. Мэдээ.мн сайтаас ярьж байна. Та сүүлийн үед “Бумбын эрин ирнэ” гэж ярих болжээ. Энэ талаар яриа өрнүүлмээр байна?
-Би “UBS” телевизийн “Цай юу, кофе юу” нэвтрүүлэгт оролцсон. Бумбын эриний шил­жилтийн тухай яриад сэтгэл их зовсон байсан учраас соронзон туйлын өөрчлөлттэй холбоотой асуудлаар ярьсан. Түүнээс хойш нийгэмд нэлээд чимээ шуугиантай л байна. Хүн бүр өөрийнхөө үзэл бодол, ойлголт, мэдлэг, сэтгэлийн хэмжээнд л хүлээж авсан байна лээ. Одоо би тайван баймаар байна.
-Та “2012 оны 12 сарын 21-нд дэлхий сүйрнэ” гэж ярьж байсан. Энэ талаар эрдэмтэн судлаачидтай уулзаж санаа оноогоо солилцсон уу?
-Мэдээж санаа оноогоо хуваалцалгүй яах вэ. Зарим нь ойлгож байхад, зарим нь Аргогийн араас орсон шизотой авгай гэж бодоод байх шиг байна. Тэр өдөр хэн нь үнэн хэлсэн, хэн нь худал хэлснийг тунгаагаад өгөх биз ээ. Би 1984 онд Ломоносовын их сургуулийг химич мэргэжлээр төгссөн. Суралцаж байхдаа физик, квант физик, хими, байгалийн шинжлэх ухааныг маш сайн судалсан л даа. Одоо би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй байна. Бурхан надад агуу их хишиг, авшиг буянаа хайрласан ч нийгмийнхээ хувьд хүлээн зөвшөөрөгддөггүй, есөн шидээр доромжлуулдаг хүн болсноо ойлгож, өөрөө л уншиж судлаад л, өөрийнхөөрөө тунгаагаад л, ганцаардалдаа дасан зохицож амьдрах болсон. Энэ амьдрал бол хувь хүний хувьд нэг их хүсэх зүйл биш юм даа. Далд хүчний чадвараа олон жил нууцалсан.
-Чухам Бумбын эрин гэж юу юм бэ?
-Бумбын эрин бол оюун ухааныг дээдлэн, шим тэжээл өгөхийн зэрэгцээ, эвсэн зохи­цох, өвчин зовлон, уур бу­химдлаас ангижрах, оюун ухаанаа төгс хөгжүүлэн хүсэл мө­рөөдлөө биелүүлэхэд туслах хийгээд бүхнийг номын гэрлээр ариусгах эрин гэж ойлгож болно. Энэ эринийг хүн төрөлхтөн 26 мянган жил хүлээсэн. Хуучнаар бол коммунизм, дутагдаж га­чиг­дахын зовлонгүй, дайн ту­лаангүй, өшөө хорсолгүй, өвчингүй, атаа жөтөө, атгаг са­наагүй хүмүүсийн аз жар­гал, хайрын эрин гэж олон эрдэмтэд тодорхойлсон байдаг юм билээ. Энэ эринийг бурхан хүмүүсийн эрин зуун гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бодол биелэх эрин. Хүн бодол хүслээ материаллаг болгох чадвартай болох үе. Зарим хэв­лэлүүд миний яриаг хэтэр­хий гуйвуулж, дэлхий сөнөх юм шиг юм бичээд байх юм.
-Хэзээ энэ эрин рүү шил­жих вэ?
-Ертөнцийн жамын дагуу хүн төрөлхтөн 2012 оны 12 дугаар сарын 21-нд Алтан бумбын эрин рүү шилжинэ. 1999 оны 08 дугаар сарын 11-нд Бумбын эрин рүү шилжих нэлээн огцом шилжилт хийгдсэн гэж үздэг. Энэ өдөр нар хиртсэн. Дэлхий өөрийн энергиэ тэглэсэн. Тэгээд дэлхий цоо шинэ дэлхий болж дахин төржээ. Дэлхий энергигүй болохоор амьд бүхэн бөхнө гэж эрдэмтэд айж байтал нар хиртэлтийн дараа дэлхий өөрөө дахиж эргэлтэд орсон. 1999 оны 08 дугаар сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүд бүгд индиго хүүхдүүд. Тэд зургаа дахь соёл иргэншлийн буюу Алтан бумбын эриний иргэд гэж үзэж байгаа юм. 12 дугаар сарын 21-нд ямар үйл явц болох вэ гэхээр бүх од гаригс нэг шугам дээр жагсах юм. Нарны аймгийн бүх од эрхсийн төдийгүй Ертөнцийн бүх гараг, эрхсийн жагсаал гэж нэрлээд байгаа.
-Тэр өдөр дэлхийд соронзон орны өөрчлөлт болно гэсэн үг үү?
-Далай тэнгисийн ус 90 хэм босч ирээд хуурай газар руу асгарна. Япон, Хонконг, Сингапур алга болно. Европт л гээд байгаа юм, их хүйтэн мөсөн тив үүснэ. 80 цаг харанхуй нөмөрнө. Цахилгаан, холбоо, гар утас, тээвэр юу ч ажиллахгүй. Соронзон туйл өөрчлөгдөхөөр наадуул чинь ажиллахгүй.
-Пөөх, нар 80 өдөр гарах­гүй байхаар дэлхий сүйрнэ биз дээ?
-Дэлхий сөнөхгүй ч дэлхийн шинэ эзэд нь монголчууд байх болно. Дэлхийн бүх хү­мүүсийг монголчууд бид захирч, Тэнгэрийн эзэнт гүр­­нийг байгуулах сайхан ца­гийг хүлээсэн. Одоо тэр сай­хан юмаа нүдээрээ харах цаг ирлээ. Гэхдээ монгол гэр монголчуудыг аварна.
-Та яг одоо хаана байна вэ. Хэзээнээс монгол гэрт амьдарч байна?
-Эгч нь яг одоо Дорноговь аймагт амралтын журмаар ир­чихээд байж байна. Миний аав Монгол улсад төрсөн хам­гийн сүүлд жанч халсан Говийн шаврон хутагт Гомбосүрэн хувилгаан гэж хүн байсан. Аав, ээж хоёр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат. Би өөрөө хотод төрсөн. Монгол гэрт төрж, өсөөгүй монгол хүн ховор болов уу. Монгол гэр хамгийн аюулгүй, авсаархан сууц. 2012 оны 12 сарын 21-ний үйл явдлаас өмнө гэрээ зэхсэн байгаа.
-Харин монголчууд энэ өдөр ямар бэлтгэлтэй байх ёстой вэ?
-12 дугаар сарын 21-нд энергийн их өөрчлөлтөд орно. Монгол түмэн “Сайхан сэтгэлийн үзүүрт тос”, ”Санаа зөв бол заяа зөв”. “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэдэг. Тэр л цаг үе ирнэ. Сэтгэлгээгээ өөрчилж, зөв хүн болох явдал байгалийн ч, оюуны ч шалгаралд таныг авраад л гарна. Хүнд гомдсон гомдол ДНХ-ийн түвшинд мэдээлэл болж кодлогдоно. Сэтгэлийн шаналал, гутрал, бухимдал, атаа жөтөө, хорон санаа, итгэл алдрах байдал, гомдол, өшөө хорсол эд бүгд сөрөг сэтгэлгээнд ордог. Бумбын эриний шилжилт нь оюун санааны шинэ түвшинд шилжих шилжилт юм. Бодол, сэтгэл, үг, үйлдлээ цэгцэлж, зөв хүн байх нь шилжилтийг давах цорын ганц шалгуур гэж шууд ойлгож болно. Уг нь нэг их хэцүү шалгуур биш байгаа биз дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Комментариев нет:

Отправить комментарий