понедельник, 3 декабря 2012 г.

Дорно зүгт чиглэсэн Оросын геоулстөрийн шинэ бодлого

Өрнөд тийш хандсан Оросын бодлого, Транс-Атлантын харилцаа эрх ашгийн эсрэг тэсрэг байр суурьтай, үл ойлголцох байдалтай явж ирсэн. Харин Зүүн Хойд Азийн бүс нутагт эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн нийлүүлэлт зэрэг давуу талаа ашиглан геоулстөрийн хувьд нөлөөлөх шинэ боломжийг ОХУ-д нээж өгч байна. Түүнчлэн тус бүс нутаг дахь АНУ-ын цэрэг, зэвсгийн төвлөрөл нь Москваг Ази-Номхон далайн бүс нутагт илүү анхаарал хандуулахыг шаардаж байгаа юм.



Олон улсын харилцаан дахь үл итгэлцэл, ялангуяа Умард Атлантын гэрээний байгууллаг/НАТО/-ын дорно зүгт тэлж байгаа байдал, Америкийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем зэрэг нь Москва-Вашингтоны харилцаа, түүнчлэн АНУ-ын түнш, НАТО-гийн гишүүн орнууд болон ОХУ-ын харилцааг ихээхэн хүндрүүлэх боллоо. Эдийн засгийн хамтын ажиллагаанд ч энэ мэт эрх ашгийн зөрчилт нөхцөл байдал үргэлжилж байна.

Европын том эдийн засаг болох Герман, Франц улсуудтай стратегийн түншлэл байгуулах ОХУ-ын оролдлогод тодорхой ахиц гарсангүй. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болох ОХУ-ын олон жилийн чармайлт нилээд саад бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд дөнгөж 2011 онд л уг байгууллагын гишүүн болсон билээ.
     Америкийн дэлхийг ганцаар ноёлж, хегемон үүрэгтэй байх эрмэлзэлтэй нь Москва огтхон ч санал нийлдэггүй юм.

2007 онд Мюнхенд болсон олон улсын аюулгүй байдлын чуулга уулзалтан дээр Владимир Путин АНУ-ын бодлогыг хурц шүүмжилсэн. Москва - Транс-Атлантын харилцаан дахь бодлогын ялгаатай байр суурь нь нөхцөл байдлыг улам хурцатгаж, хоорондын зөрчилдөөнд хүргэсээр байна. Тиймээс Евро-Азийн их гүрэн гэгдэх Орос улс Ази-Номхон далай бүс нутагт анхаарлаа хандуулж эхэллээ.


    ЗХУ задрал газар нутгийн дисинтеграц, эдийн засгийн сүйрэл, олон улсын тавцан дахь байр сууриа алдах, дотоодын улс төрийн хямрал зэрэг олон сөрөг үйл явдлыг араасаа дагуулсан. 2000 онд В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр “сонгогдон” эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлснээр гадаад бодлогоо шинээр  харах болж, эрчим хүчний эх үүсвэрийн асар их нөөцдөө тулгуурлан дахин  их гүрэн болох, цаашлаад дэлхийн улс төрийн том тоглогчийн байр сууриа сэргээж эхэлсэн билээ.

Байгалийн хий, газрын тосны экспортоос олон арван тэрбум долларын орлого олж буй Москва эрчим хүчний бодлогоо өнөөг хүртэл ерөнхийдөө Европын орнууд руу чиглүүлж байв. Харин сүүлийн үед Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг Зүүн Хойд Азийн орнууд руу эрчим хүчний экспортоо чиглүүлэх болов. Эдийн засгийн өсөлт нь зогсонги болсон, хязгаарлагдмал, ханаж байгаа Европын зах зээлийг бодвол энэ бүс нутгийн тогтвортой өсөн нэмэгдэж буй зах зээл Орос улсад илүү боломж олгоно гэж тооцоолж байгаа аж.


Ази-Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн эдийн засгийн шинэ хандлага
Зүүн Хойд Азийн бүс нутаг нь Оросын хувьд зөвхөн эрчим хүч экспортлох шинэ боломж, шинэ зах зээл төдийхөн бус Зүүн Сибирь, Алс Дорнодыг бүс нутгаа эдийн засгийн харилцаанд татан оролцуулах, тэгснээр алс хязгаар нутгаа хөгжүүлэхийг зорьж байгаа төлөвлөгөөний нэг хэсэг юм. Маш их хэмжээний байгалийн хий, газрын тос, нүүрс болон бусад ашигт малтмалын нөөц бүхий Оросын Алс Дорнодын бүс нутаг нь тус улсын эрдэнэсийн сан хөмрөгт тооцогддог.

Олон жилийн турш энэ хязгаар нутгийн хаягдмал, сул хөгжсөн  байдал нь Оросын улс төр, эдийн засгийн хамгийн эмзэг хэсэг болоод байна. “Дорно зүгт гарах хаалга” гэж Оросын Эзэн Хаан 2-р Александр үүсгэн байгуулж байсан Владивосток хот өнөөдөр ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн эдийн засаг, нийгмийн сул талыг харуулах жишээ болоод байгаа билээ. Ойролцоогоор 580, 000 оршин суугчидтай тус хотын хүн амын тоо улам багасах хандлагатай байна.

Хүн амын шилжилт хөдөлгөөн, ажилгүйдэл, амьжиргааны түвшин доогуур байгаа зэрэг нь нөхцөл байдал сайнгүй  байгааг харуулж байна. Гэвч хэдэн жилийн өмнөөс Владивосток хотыг өөрчлөн байгуулахаар томоохон зорилт тавин их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлснээр өнөөдөр их бүтээн байгуулалт өрнөж байна. “Оросын” гэдэг арал руу тавьж байсан гүүр ашиглалтанд орж, том хурлын танхимтэй цогцолбор барилгууд, онгоцны буудлын өргөтгөл ашиглалтанд ороход бэлэн болсон байна.

2012 оны 5-р сард Алс Дорнодыг хөгжүүлэх сайдаар өмнө нь 1991- 2009 онд Хабаровскийн захирагч байсан Виктор Ишаевийг томилов.
2012 онд Владивостокт болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт Олон тэрбумын хөрөнгөөр хийгдэж байгаа Владивосток хотын шинэчлэлт, цаг хугацааны хувьд нилээд шахуу хийгдэж байна.

2012 онд ОХУ анх удаа АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэ нь Владимир Путинд зүүн бүс нутгаа эдийн засгийн хувьд шинэчлэх, Зүүн Хойд Азийн эдийн засгийн нэгдсэн орон зайд оруулах Москвагийн шинэ бодлогыг танилцуулах сайхан боломж олгосон. Оросын өмнөх улстөрийн удирдагчид энэ зорилтыг биелүүлж чадаагүй.

Гадны хөрөнгө оруулалт, шинэ технологи нь Алс Дорнодын бүс нутгийн хөгжилд түлхэц болно гэж Путин найдаж байна. АПЕК-ийн энэ удаагийн уулзалт  бүс нутагт геоулстөрийн ямар ерөнхий бүтэц, хандлага гарах, Орос улс энэ бүс нутгийн гол төлөөлөгчид болох Хятад, Япон, Өмнөд Солонгос улсуудтай ямар харилцаатай байх, Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засагт оролцохдоо Москва ямар боломж, хязгаарлалт, орон зай бий болгох, Зүүн Хойд Азид ямар шинэ геоулстөрийн нөлөөлөл үзүүлэх зэрэг бүс нутагт ОХУ-ын үүрэг оролцоо ямар байх бол гэсэн олон асуулт эндээс урган гарч ирлээ.


Зүүн Хойд Азид эрчим хүч нийлүүлэгч Орос улс
Дэлхийн эдийн засгийн гол урсгал Ази – Транс-Атлант/Америк-Европ/-аас Ази-Номхон далай руу шилжиж байна. Энэ ач холбогдолтой хөдөлгөөний төвд Зүүн Хойд Ази байгаа юм. Энэ бүс нутаг /Америк, Канадыг оролцуулаад/ дэлхийн ДНБ-ний 50-иас илүү хувийг, мөн дэлхийн валютын нийт нөөцийн 40 хувийг дангаараа эзэлж байна. Ялангуяа Хятадын эдийн засгийн өсөлт нь газрын тос, байгалийн хий, түүхий эдийн их хэмжээний нийлүүлэлтийг өдөөхөд хүргэжээ.


Дэлхийн эрчим хүчний хамгийн томоохон хэрэглэгчид бол Хятад, Япон хоёр байгаа бол харин Зүүн Хойд Азийн эрчим хүчний түүхий эдийн гол нийлүүлэгчийн үүргийг Орос улс аажмаар эзэлж эхэллээ. Ялангуяа Арабын орнууд, Персийн булан, Төв Азиас эрчим хүчний экспорт тасалдах үед, эсвэл Хятад, АНУ-ын харилцаа муудах, АНУ Малаккагийн хоолойн усан замыг хаах зэрэг нөхцөл байдал үүсвэл эрчим хүчийг эх үүсвэрийг ОХУ хуурай газраар нийлүүлэх боломжтой учир ихээхэн ач холбогдолтойд тооцогдох болжээ.


Оросын хувьд эрчим хүч эх үүсвэрийн түүхий эд нийлүүлэгч үүрэгтэй болохоос Ази-Номхон далайн бүс нутгийн үйлдвэрлэгчдийн хооронд солбилцсон нарийн сүлжээ, түүнтэй холбоотой интеграцийн хувьд гол оролцогч болж хараахан чадаагүй байна. Хямд ажиллах хүчний нөөцтэй Хятадын аж үйлдвэрийн салбар, өндөр технологи нийлүүлэгч Япон, Өмнөд Солонгосыг бодвол Орос улс бүс нутгийн эдийн засагт тиймч том үүрэг гүйцэтгэдэггүй.Тиймээс ч эдийн засгийн чөлөөт  бүсийн гишүүн болоогүй. Мөн хөрөнгө оруулагчдыг хамгаалах гэрээнд  нэгдээгүй юм.


Зөрчилдөөн дагуулах геоулстөрийн бүтэц
Ази-Номхон далайн геоулстөрийг цөмийн зэвсэг эзэмшэгч Хятад, Америк хоёрын харилцаа, байр суурийн өөрчлөлтүүд тодорхойлдог. Номхон далайн бүс дэх тэдний өрсөлдөөн, давуу байдал олж авах санаархал нь бүс нутгийн түгшүүртэй орчин, зөрчилдөөн  үүсэх шалтгаан болж байна. Энэ бүс нутагт Хятад-Америк-Орос гэсэн гурван цөмийн зэвсэг эзэмшигч улсууд өөд өөдөөсөө нүүр тулж байна.

Цэрэг зэвсгийн болзошгүй мөргөлдөөн нь Солонгосын Хойг дээр төвлөрч болзошгүй юм.  Пхеньян цөмийн болон цөмийн цэнэгт хошуу тээгч пуужингийн цуврал туршилтууд хийсээр байгаа нь Өмнөд Солонгос, Япон хоёрыг зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргах болов. Үүний зэрэгцээ газар нутгийн маргаан бүс нутгийн харилцааг хүндрүүлж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараах Зүүн Хятадын Тэнгис дэх Япон-Хятад,  Япон тэнгис дэх Япон-Өмнөд Солонгос, Куриллын арлуудын талаарх Орос-Японы маргаан, мөн түүнчлэн Орос-АНУ хоёрын Берингийн Хоолой дахь далайн хил зэрэг газар нутгийн маргааныг дурдаж болох юм.


Ашигт малтмалын нөөц ихтэй Хойд Туйл шинэ хэрүүлийн алим болох нь
Хойд Туйлд байгаа эрдэс баялгийн нөөц улс орнуудын хооронд зөрчилдөөн үүсгэж байгаа нь ажиглагдах боллоо. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс болж Хойд Мөсөн далайн дийлэнх хэсгийн мөсөн давхарга хайлна гэж үзэж байгаа бөгөөд ингэснээр Хойд Азид далайн тээврийн шинэ замууд бий болохын хажуугаар түүхий эд (газрын тос, байгалийн хий, нүүрс) олборлох боломж гарна.

Хойд туйлын эрчим хүчний анхдлагч эх үүсвэрийн нөөц ойролцоогоор дэлхийн нийт нөөцийн 25 хувийг эзэлдэг гэж Америкийн Геологийн Яам тооцоолжээ. Тиймээс Хойд мөсөн далайг хуваан эзэмших өрсөлдөөн хэдийнэ эхэлсэн агаад хойд туйлын бүсэд орших улсууд болох Орос, Канад, АНУ, Норвеги, Дани, Грийнланд гэсэн улсууд энэхүү өрсөлдөөнд татагдан орж байгаа төдийгүй Хятад, Япон, Өмнөд Солонгос улсууд өөрсдийн ашиг сонирхлоо оруулахаар чармайж байна.

Тиймээс Хойд туйл нь улс орнуудын стратегийн сонирхлын төв болж байгаа бөгөөд эзэмшлийн бүсээ цэргийн хүчээр байгуулахыг үгүйсгэх аргагүй.
Хамгийн урт газраар Хойд Мөсөн далайтай холбогдож байгаа нь ОХУ юм. Эндээс үүдэн Орос ойролцооргоор 1.2 сая км хавтгай дөрвөлжин орон зайг эзэмшилдээ авахыг санаархаж байна.

2008 оноос хойш Газпром компани Францын Тотал, Норвегийн СтатОйл компанитай, 2011 оноос Оросын Роснефть, Америкийн Эксон Мобил компани зэрэг гадаадын газрын тосны компаниудтай хамтран Хойд Туйлд хайгуул, олборлолтын ажил эхлээд байна. Хойд Туйлын нөөц, байгалийн баялгийг ашиглан Европ-Номхон далайн эрчим хүчний их гүрэн гэсэн байр сууриа улам бэхжүүлэн, баталгаажуулна гэдгээ Оросын эрх баригчид шийдэмгий илэрхийлэх болов.


Орос бол Ази-Номхон далайн бүс нутгийн идэвхтэй тоглогч биш
ОХУ батлан хамгаалах болон цэрэг-улстөрийн бодлогын хувьд Ази-Номхон далайн бүст идэвхтэй үүрэг гүйцэтгэхгүй байна. ЗХУ задран унасны дараа Ази дахь байр сууриа алдаж эхэлсэн билээ. 2002 онд Вьетнамын Самран дахь тэнгисийн цэргийн баазаа татан буулгаснаар Владивостокоос Сингапур хүртэлх их орон зайд Оросын байр суурь нилээд суларсан.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама стратегийн бодлогоо Ойрх Дорнодоос, Номхон далайн бүс рүү чиглүүлж байгаа нь Орос улс Зүүн Хойд Ази дахь геоулстөрийн бодлогоо эрчимжүүлэн, Номхон далай дахь тэнгисийн цэргийн хүчээ зузаатган сайжруулахыг зорьж байгаа ба энэ хүрээнд тэнгисийн цэргийн сургуулилтыг 2012 оны 4-р сард Хятадтай хамтран хийлээ.


ОХУ бол Ази Номхон далайн бүсийн улстөрийн тавцанд нөлөө бүхий хэд хэдэн холбоо, эвслүүдийн гишүүн улс билээ. 1994 оноос “АСЕАН”-д, 1998 оноос “АПЕК”-т, 2005 оноос “АСЕАН+Орос” зэрэг бүс нутгийн томоохон байгууллагуудын гишүүн юм. Гэвч гишүүн улсын хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь төдийлөн харагдахгүй байна. АПЕК -ийн уулзалтын үеэр л Москва эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс, Ази-Номхон далайн бүст нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэдгээ илэрхийлсэн.


Орос-Хятад
Бүс нутагт Хятад-Оросын харилцаа нилээд чухал үүрэг гүйцэтгэдэг. 2011 оны байдлаар Хятад-Оросын худалдааны эргэлт 80 тэрбум ам.долларт хүрснээр  Хятад улс Оросын гол худалдааны түнш болж байгаа юм. Хоёр орны худалдаанд нэгдүгээрт: эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн нийлүүлэлт, хоёрдугаарт зэвсгийн экспорт орж байна. Хятад улсын хувьд Оросын эрчим хүч, эрдэс баялгийн худалдаанд тусгай эрх эдлэхийг хүсч байна.

Стратегийн аюулгүй байдлын үүднээс Бээжин  эрчим хүчний эх үүсвэрийн ашигт малтмалыг хуурай газраар дамжуулан авах сонирхолтой байгаа юм. Африк, Араб, Персийн булангийн орнуудаас далайн тээврээр авч байгаа газрын тосны импорт нь АНУ-тай харилцаа муудсан тохиолдолд найдвартай биш гэж үзэж байна.
 Орос дахь Хятадын хөрөнгө оруулалт байнга өсч байна. 2012 оны 4-р сард Москвад болсон уулзалтын үеэр тухайн үед Хятадын ирээдүйн засгийн газрын тэргүүн болно гэгдэж байсан Ли Кекян 15 тэрбум ам.долларын төсөлд гарын үсэг зурсан.


Урьдын зөрөлдөөн, хилийн маргаан (2004 онд) зэргийг сөхөлгүйгээр Москва-Бээжин хоёр нягт хамтран ажиллах сууриа тавилаа. Алс Дорнодод аажмаар газар авч байгаа Хятадын цагаач иргэдийн асуудлыг Москва сөхөхөө болив. Хүн ам сийрэг суурьшсан Оросын Алс Дорнодын хязгаартай хүнд аж үйлдвэрлэл болон дэд бүтэц нилээд сайн хөгжсөн, Хятадын 100 гаруй сая хүн амтай 3 муж хил залгаж байна.

Энэ нэг талаасаа аюулгүй байдлыг эрсдэл бодиттой байгааг харуулах боловч Оросын Алс Дорнод, Номхон далай хавийн эдийн засгийн болон дэд бүтцийн шинэчлэлт Хятадын хөрөнгө оруулалтгүйгээр бараг боломжгүй зүйл юм. Гадаад бодлогын тал дээр ч гэсэн  Москва, Бээжин хоёр нийтлэг ашиг сонирхолтой байна. Үүнд Америкийн дэлхийд ноёлох байр суурийн эсрэг олон туйлт дэлхийн бодлого, Ойрх Дорнод, Төв Азийн улстөрийн тогтвортой байдал (Исламын салан тусгаарлах үзэл), Солонгосын Хойгийн намжмал байдал  (Умард Солонгосын цөмийн зэвсэг)  зэргийг хамруулан ойлгож болно.

Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагын хүрээнд нэгдэж буй Орос-Хятадын хоёрлосон холбоо нь Зүүн болон  Дундад Азид явуулах Америкийн бодлогыг хязгаарлах гол үүргийг гүйцэтгэж байна.


Орос-Япон
Дэлхийн 3 дахь том аж үйлдвэрийн улс Япон эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн импортоосоо бараг бүрэн хамааралтай ба түүний 90 хувийг Араб, Персийн булангаас авдаг. Харин атомын цахилгаан станц нь тус улсын эрчим хүчний 1/3-ийг бүрдүүлдэг. 2010 онд болсон Фүкүшимагийн цөм станцын ослоос хойш Япончууд цөмийн эрчим хүчинд маш шүүмжлэлтэй хандах болсон.

Нийгмийн дунд бий болсон цөмийн энергийг эсэргүүцэх хандлага ирээдүйд тус улсыг эрчим хүчний өөр эх үүсвэр хайх, эрчим хүчний талаар баримтлах стратегидээ нилээд өөрчлөлт хийхэд хүргэж болзошгүй. Үр дүн нь тус улсын  шингэрүүлсэн байгалийн хий (LNG) болон газрын тосны итпортоо нэмэгдүүлэх шаардлага гарах болно. Энэ нь Оросд их ашигтай хувилбар бөгөөд Зүүн Хойд Азийн эрчим хүчний анхдагч эх үүсвэр нийлүүлэгчийнхээ байр суурийг улам бататгах боломж олгох юм.

“Сахалин 2” төсөл дээр Газпром, Роял Датч/Шелл компаниудын зэрэгцээ Японы Мицүи, Мицүбиши (хамтаараа 22,5 хувь эзэмшдэг) пүүсүүд оролцож байна. Энэ (LNG) шингэрүүлсэн байгалийн хийн хоолойн төслийн эцсийн бүтээгдхүүний дийлэнхийг Япон улс хэрэглэх юм. Орос-Япон хоёр улсын нийт худалдааны эргэлт 2010 оны байдлаар 24 тэрбум ам.долларт хүрчээ.

Өнгөрсөн түүхийн улбаа энэ хоёр улсын харилцаанд ихээхэн саад тотгор болдог. Дэлхийн Хоёрдугаар дайн дуусахын өмнөхөн  Зөвлөлт Холбоот Улс Японы Куриллын зарим арлуудыг эзэлсэн.  Японы талаас арлуудыг буцааж өгөхийг шаардаж байгаа нь Токио-Москвагийн харилцааг хүндрүүлж байгаа юм. 2010 онд ОХУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Д.Медведев Өмнөд Куриллын арлуудад очиж байсан нь Зөвлөлт-Оросын удирдагч нараас анх удаа энэ аралууд дээр морилсон явдал болсон бөгөөд 2011 онд арлууд дээр Оросын Номхон далайн флотын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд “газар-агаар” төрлийн пуужинг байрлуулсан нь хоёр орны харилцааг ихээхэн муутгасан. Гэвч Токио Хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөллийг бууруулахад Оросыг чухал үүрэг гүйцэтгэх түнш гэж үздэг юм.


Орос-Өмнөд Солонгос
Эдийн засгийн болон геоулстөрийн нөхцөл байдал Оросын бодлогыг Солонгосын Хойгт чиглүүлэх болж Москва энэ хойг дахь өөрийн нөлөөгөө нэмэгдүүлэхийг оролдох болсон. Умард Солонгосын газар нутгаар дамжуулан Өмнөд Солонгос руу байгалийн хий нийлүүлэх төлөвлөгөө нь Оросын хувьд хэд хэдэн зорилго агуулж байгаа юм. Үүнд:   
                                                                                         
•    Оросын байгалийн хийг Өмнөд Солонгос руу хямд тээвэрлэх,
•    Харилцан үүрэг хүлээж, хамтран ажилласнаар хоёр Солонгосын цэргийн улс төрийн зөрчилдөөнийг намжаах,
•    Солонгосын хойгийг бүхэлд нь Оросын төмөр замын сүлжээтэй холбох гэсэн асуудлууд орж байна.                                                                                     

Орос Өмнөд Солонгос хоёрын худалдааны эргэлт 2010 оны байдлаар 11 тэрбум ам.долларт хүрсэн нь Өмнөд Солонгос нь Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь Оросын 3 дахь том түнш гэж тооцогдож байна. Гэвч хоёр орны гадаад худалдааны төрөл хязгаарлагдмал, экспортын  тэнцвэргүй байдал ажиглагдаж байгаа юм.

Учир нь Оросоос Өмнөд Солонгост гаргаж байгаа нийт экспортын 2/3-ыг зөвхөн эрчим хүчний ахндагч эх үүсвэр, түүхий эд, цөмийн цахилгаан станцын ураны түлш бүрдүүлж байна. 1990 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Өмнөд Солонгосын ихээхэн хэмжээний шууд хөрөнгө оруулалт хийгдэж, худалдаа хэмжээ нэмэгдэнэ гэж найдаж байсан нь тиймч хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байна.

Өмнөд Солонгосын компаниуд Оросын Төв болон Дорнод хэсгийн зах зээлийг гэхээсээ Европын хэсгийг илүүд үзэж хөрөнгө оруулалтаа чиглүүлж байна. (Санкт-Петербург Хюндай автомашины үйлдвэр г.м.) Харин дорнод хэсэгт хэрэгжүүлсэн цорын ганц төсөл нь Приморскийн хязгаарт Дэйвүү компанийн барьсан усан онгоцны үйлдвэр юм.


Орос-Умард Солонгос
Орост Умард Солонгос худалдааны түншийн хувьд ямарч үүрэг гүйцэтгэдгүй. Худалдааны нийт эргэлт 2010 оны байдлаар дөнгөж 62 сая ам.доллар байжээ. Харин Умард Солонгос Оросоос 8.8 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг,  техник  зээлээр авсан байна. Энэ их өрийг эргүүлэн төлөх болон өрийг хүчингүй болгох асуудал Пхеньяны цөмийн бодлогод ОХУ-ын зүгээс нөлөөлөх боломж олгодог. 


ОХУ-ын төлөвлөгөөнд байгаа тус улсын нутаг дэвсгэр дээгүүр шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэх хоолой (нийт урт 1100 км урт, түүний 700 км Умард Солонгосын нутгаар явна) 2017 оноос эхлэн жилд 10 сая куб.метр шингэн хийг Өмнөд Солонгос руу нийлүүлж эхэлнэ. Пхеньян байгалийн хийг өөрийн нутаг дэвсгэрээр транзит тээвэрлэснийхээ төлбөрт 100 сая орчим ам.доллар авна.

1990 онд Москва-Сөүл дипломат харилцаатай болсон нь Умард Солонгосын хэрэгт оролцох Оросын оролцоог нилээд багасгасан юм. 1991 онд Пхеньян-Москва хоёрын хооронд баталсан энхтайван, найрамдлын гэрээг 2000 оны 2-р сард шинэчлэхдээ, дайны үед харилцан туслалцана гэсэн заалтыг хассан байдаг. Умард Солонгосын оршин тогтнолын байр суурь нь Хятадын дэмжлэгтэй гэдгийг Пхеньян  сайн мэдэж байгаа. Умард Солонгос-Оростой хамтран ажилллаж байгаагийн зүрилго нь Хятадаас хэт их хамааралтай байгаа байдлаа багасгах гэсэн оролдлого байж болох юм.


Хойд Туйл-Владивостокийн ирээдүй
Одоохондоо Алс Дорнодыг хөгжүүлэх Оросын бодит төлөвлөгөө илэрхий харагдахгүй байна. Бүс нутагт авч хэрэгжүүлэх Оросын бодлогын төсөөллийг Сергей Араганов, Димитрий Пренин нар дараах байдлаар гаргажээ. Тэд ирээдүйн Алс Дорнодын хөгжлийн цөм нь Находк-Владивосток-Хабаровскийн  хооронд баригдах дамжин өнгөрөх тээврийн хонгилыг (transit corridor) тойроод бий болох чөлөөт эдийн засгийн бүсүүд, логистик-үйлдвэрлэлийн том зангилаанууд гэж тодорхойлжээ.

Энэ хонгил дээр бүс нутгийн бусад орон зайнууд ч холбогдоно. Урт хугацаанд эрчим хүчний анхдагч эх үүсвэр ханган нийлүүлэгч байсан Алс Дорнодын хязгаар нутаг аажмаар хүнсний үйлдвэрлэлийн (мах, үр тариа) бүс болж өөрчлөгдөнө.


     Энэ төслийн шүүмжлэлтэй тал нь Алс Дорнод зөвхөн хоёр чиглэлд транзит тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэхээс биш аж үйлдвэрлэлийн үйл явцад оролцох боломж хязгаарлагдмал юм. Түүнээс гадна Япон, Хятад, Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүний эргэлтийн логистик, тээврийн бүтэц аль хэдийн байгуулагдан  ажиллаж байгаа нь Оросын шинэ төслийн ач холбогдлыг бууруулж байна.

Харин далайн тээврийн шинэ боломж Хойд Мөсөн Далайд нээгдэж эхэллээ. “Зүүн Сибирь/Алс Дорнодын” төсөл одоо болтол хэрэгжихгүй байгаагийн шалтгаан нь Алс Дорнод дахь хоцрогдсон дэд бүтэц, эрх зүйн найдваргүй орчин, хүнд суртал, авлига, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн сүлжээ зэрэг хөрөнгө оруулалтанд сөргөөр нөлөөлдөг асуудлуудаас үүдэлтэй юм.


Түүхий эдээр баялаг Номхон далайн бүс нь Оросын “Ахиллесийн өсгий” буюу хамгийн эмзэг хэсэг байсан, ирээдүйд ч хэвээр байх болно.  Зүүн Хойд Азийн хөгжлийн эдийн засгийн интеграцийн үйл явцад оролцох асуудал боль Алс Дорнодыг шинэчилж, хөгжүүлэх боломжийг Орост олгох болно гэж тооцоолж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн экспорт Оросын гол хөзөр болж, Ази Номхон далайн бүст эдийн засгийн нөлөө үзүүлэх боломжийг бий болгоно.

Гэвч Орос эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай болох нь эрсдлийг бас дагуулна. Дэлхийн эрчим хүчний  анхадагч түүхийн эдийн үнийн уналт Оросын төсөв бүрдүүлэлтийг багасгаж, тэгснээрээ эдийн засгийн шинэчлэлтийг удаашруулах аюултай.


Шинэ геоулстөрийн хандлагын төсөөлөл
Дорно зүгт чиглэсэн Москвагийн хандлага нь тус улсын Номхон далайн бүст байр сууриа хүчтэй болгоход чиглэгдэж байна. Энэ нь Европ руу нуруугаа харуулж байна гэсэн үг биш юм. Баруун нь эдийн засгийн хувьд цаашдаа ч Оросын стратегийн гол түнш хэвээр байх болно. Европ бол Оросын хувьд чухал худалдааны түнш, хөрөнгө оруулагч, шинэ технологи нийлүүлэгч хэвээр үлдэнэ.

Европоос Номхон Далай хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан их гүрний хувьд зөвхөн Баруун Европ руу чиглэсэн нэг талын бодлого явуулахын оронд илүүтэй тэнцвэртэй байдлыг бий болгох зүүн тийш чиглэсэн бодлого бас явуулж эхэллээ.


     Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг эрчимтэй, тогтвортой өсч  эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа нь дэлхийд онцгой үүрэг гүйцэтгэх  болсоны зэрэгцээ олон улсын геоулстөрийн сонирхлын уулзвар болж энд зөрчилдөөн үүсэх нөхцөл бүрэлдэж байна. ОХУ Зүүн Хойд Ази дахь өөрийн газар зүйн байршлаа өнөөг хүртэл ашиглаж чадаагүй боловч тус бүс нутаг өнөөдөр энэ улсад тааламжтай боломжуудыг нээж өгч байна.

Номхон далайн хойд бүст онцгой үүрэгтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар Орос улс хүчний шинэ хуваарилалтанд шийдвэрлэх нөлөөлтэй байх нөхцөл бүрэлдлээ.
     Дэлхийд бүхэлдээ эрчим хүч нийлүүлэгчдийн байр суурь, үүрэг оролцоонд өөрчлөлт орох хандлага ажиглагдаж байна. Саудын Араб болон ОХУ хоёр газрын тосны гол нийлүүлэгчид билээ.

Дэлхийн хэмжээнд газрын тосны нөөц багасч байгаагаас мөн  ирээдүйд экологийн хувьд цэвэр, байгалийн хийн хэрэгцээнд ач холбогдол өгөх хандлага нэмэгдэж байна. ОХУ-Иран хоёр дэлхийн байгалийн хийн нийт нөөцийн 60 гаруй хувийг эзэмшиж байгаа. Судалгаанаас харахад энэ хэмжээний нөөц нь дэлхийн байгалийн хийн хэрэглээг энэ зууныг дуустал хангах боломжтой байгаа юм.
Иймээс ирээдүйд газрын тос өөрийн байр сууриа байгалийн хийд алдах нь тодорхой болжээ. Энэ бол Орос улсад  Баруун Европ руу эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэхийн зэрэгцээ Дорныг мөн хангаснаар, Европоос Номхон далайн бүс хүртэл нөлөөтэй байр суурийг эзлэх түүхэн онцгой боломж юм.

Eurasisches Magazin герман хэлнээс орчуулсан:
Т.Д.Даш, GRW Consulting.

2 комментария: