суббота, 17 декабря 2011 г.

Эрх чөлөөний эцсийн хязгаар буюу “ТАХИР СОЁОТ”


horigdolХоригдлууд салхилж байгаа нь
-БИД ХҮН АЛСАН ЯЛТНУУД БОЛОХООС ЦИРКИЙН ҮЗҮҮЛБЭР БИШ-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 405 дугаар хорих ангийг урт хонгилоор давхар  хамгаалжээ. Энд тэндгүй төмөр хаалга тар няр хийн чихарч  "Гараа ардаа аваад цаашаа хараад зогс" хэмээн албан хаагчдын чанга дуугаар хэлэх нь сонсогдох.

Нэг давхрын баруун талаасаа гурав дахь өрөөнөөс малгайтай хар хүрэм өмссөн тавь орчим настай болов уу гэмээр нэгэн хоригдлыг гаргаж байгаа харагдав. Тэр хүн "Хон-Хэрэйд"-ийн Б.Энхбат байлаа. 405 дугаар хорих ангийн албан хаагч нар хуваарийн дагуу хоригдлуудыг нэг  цаг гадаалгад гаргаж байгаа нь энэ аж. Эндээс уншигчид  та бүхэн ойлгож байгаа байх.  Эрүүгийн элементүүдийн хэлдгээр Монголын хамгийн чанга дэглэмтэй, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ясаа тавьдаг "Оргил" шорон гэгдэх "Тахир соёот"-ын хорих анги буюу гяндангаас сурвалжлага хийлээ.
Өглөө эрт хотоос хөдөлж Дархан, Сэлэнгэ рүү явдаг замаар хэсэг давхиад "61"-ийн гарам орлоо. Тэндээсээ зүүн тийш салж шороон замаар давхив. Хотын ойролцоо өнөө жил  их  цас орсон нь харагдаж байлаа. Бидний сууж явсан машин цасан дундуур хий эргүүлэн явсаар арай гэж нэг гүвээ давсан юм. Зүүн тийшээ өгссөн уулын амны эхэнд хэдэн байшин харагдах аж. Тэнд бидний очих гэж буй "Тахир соёот"-ын хорих анги байрладаг юм байна. Ийнхүү уулын амыг өгсөж явсаар 405 дугаар ангийн гадаа ирлээ. Нэлээн том торон хашаа татсанаас өөр ямар нэгэн хашаа байсангүй. Харин хорих ангийн гурван давхар саарал байшингийн гадуур төмөр сараалжин таван давхар хашаа татжээ. Энэ хашаа мэдээж өндөр хүчдэлтэй. Мөн өргөстэй төмөр утас хэд хэдэн газар хэрээстэй байсан юм. Ингээд тус ангийн Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга ахмад Э.Бямбадорж манай сурвалжлах хэсгийг хүлээж авч уулзлаа. Тэрээр "За та нар манай ангийн үйл ажиллагааг сурвалжлах гэж явна уу. Бидэнд нуугаад байх зүйлгүй, үзэж сонирхох гэж байгаа зүйлээ бүгдийг нь хэлээрэй. Харин нэг асуудал байгаа шүү. Хоригдлууд яриа өгөхгүй байх. Бид хүн алсан хүмүүс болохоос циркийн амьтад биш. Хүн алсан хүн юугаа ярих юм бэ гээд хавьтуулдаггүй юм" гэв. Ингээд шууд "Зоон руу орох уу. Нэг давхрынхан гадаалгад гарах гэж байгаа. Зураг хөргийг нь авч болохгүй шүү" гээд гяндан руу алхав. Хоёр төмөр хаалгыг албан хаагч онгойлгож өглөө. Төмөр сараалжин  хашааны цаана том биетэй сүрдмээр нохойнууд танихгүй хүн орж буйг мэдэж байгаа бололтой араа шүдээ ярзалдуулан боргож, төмөр хашааны цаанаас дүүлэн дайрах аж. Албан хаагчдаас гадна  эдгээр нохой гянданд хоригдож буй хоригдлуудыг  манадаг. Ингээд дотогшоо ортол үүдэнд нь нэг албан хаагч өрөө болгоны камерийг хараад сууж байлаа. 70 гаруй камерт байгаа хоригдлуудын үйлдэл болгоныг эндээс давхар хянадаг аж. Ийнхүү дөнгөж хорих ангийн хаалгаар ортол нэг давхрын төмөр хаалга энд тэндгүй тар няр хийн  албан хаагч нар "Гараа ардаа аваад цаашаа хараад зогс. Ямар нэгэн илүү үйлдэл хийж болохгүй шүү" хэмээн сануулаад  камер болгоноос хоригдлуудыг гаргаж эхлэв. Дээл, куртик, хөвөнтэй цамц гээд янз бүрийн хувцастай хоригдлууд гарч ирэх нь тэр. Баруун талаасаа гурав дахь өрөөнөөс малгайтай хар хүрэм өмссөн тав орчим настай болов уу  гэмээр нэгэн хоригдлыг гаргалаа. Газар шагайх аятай нүд нь тогтож ядан гөлөгнөх тэр хүн "Хон-Хэрэйд"-ийн Б.Энхбат байлаа. Бидний бараанаар хүрэмнийхээ малгайг хурдхан өмсөөд хана руу харан зогслоо. Сахал нь ургаж, царай нь нэлээдгүй харлажээ. Хаалгаар гарч ирэхдээ ямар нэг юм амандаа хэлсэн бөгөөд тэр үед уруулынх нь цаанаас шүд бус буйл цухуйж харагдсаныг сүүлд нь хянагчаас лавлахад "Өрөөний чийгнээс болоод бараг бүх шүд нь унасан" гэж тайлбарласан юм. Түүний гарч ирсэн өрөөний наад талын өрөөнөөс гарч ирсэн өндөр залууг хэн болохыг хянагчаас  асуув. Тэгтэл "Мэндхүү л байна" хэмээн товчхон хариулав. Нэрийг нь сонсоод л  "BSB сервис" ХХК-ийн нягтланг хууран мэхэлж, 40 сая төгрөгийг нь дээрэмдэн хөнөөгөөд Төв аймгийн Жаргалант суманд цогцсыг нууж байсан онц ноцтой хэргийг үйлдэж цаазын ялаар шийтгүүлсэн Мэндхүү болохыг төвөггүй танив. Мөн Мэндхүүгийн наад талын өрөөнөөс Дорноговь аймгийн Улаан-Уулын застав дээр дарга нараа буудаж хөнөөдөг дөрвөн хилчний нэг Оюунболд гарч ирсэн байв. Энэ мэт арав гаруй хоригдлыг гадаалуулахаар гаргалаа.
Хорих ангийн баруун талд хоёр хүн зөрөхөөргүй нарийхан хашаан завсар хоригдлуудыг  зогсоочих юм. Бүгд л тэнгэр лүү хараад  зогсох аж. Урт урт амьсгаа аваад л бүртийх ч үүлгүй тэнгэр лүү  ширтээд байх. Хаа нэгтээ л болжмор дээгүүр нь эрх чөлөө ийм байдаг гэдгийг мэдрүүлэх гэж байгаа юм шиг нисэлдэнэ. Ийнхүү арав гаруй минут зогсоод хоригдлууд даарч байгаа бололтой бээвийгээд, чичирч байгаа нь ажиглагдав. Дулаан байранд өдөржин байдаг болохоор хүйтнийг тэсвэрлэж чадахгүй болчихдог байна. Ингээд эхнээс нь оруулж эхэллээ.
Хэсэг хугацааны дараа хоёр дахь  ээлжнийхэн эхнээсээ гарч эхлэв. Булган аймгийн Тэшиг суманд 13 настай охиныг гэртээ ганцаараа байхад хаалгыг нь эвдэн орж, хээр аваачин хүчирхийлж, 40 гаруй удаа заазуурдан амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн "Махан толгой" хочит Тулгаа, Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт хүний толгойг хэрцгийгээр тасдаж, их биеийг нь муу усны нүхэнд хийж, толгойг нь гудамжинд хаясан аймшигт хэрэг үйлдсэн Увс аймгийн харьяат А.Энхээ, эхнэр, нөхөр хоёрыг тамлаж гэртэй нь шатаасан хэргийг үйлдэж байсан Д.Цэрэндорж гээд нийгмийг айдаст автуулж байсан онц ноцтой гэмт хэрэгтнүүд гарч ирлээ. Тэднийг гаргахын тулд тус ангийн албан хаагчид маш сонор сэрэмжтэй байдаг юм билээ. Биднийг ямар нэг илүү үйлдэл,  хийсэн хоригдлууд руу ойртохгүй байхыг алхам тутамд сануулж байлаа. Тэд өдөрт ердөө 30 минут л нар харах эрхтэй. Өдрийн цагаар орон дээрээ хэвтэх эрхгүй. Бас хэнтэй ч юм ярих боломжгүй бөгөөд зөвхөн өөрөө өөртэйгээ л өдрийг өнгөрүүлдэг. Хамгийн багадаа 25 жил өөртэйгээ л байна гэсэн үг. 
М.ТУЛГА, Г.ЛХАГВАЖАВ НАР ЗЭРГЭЛДЭЭ ӨРӨӨНД ХОРИГДОЖ БАЙНА
Дээшээ хоёр давхраар явлаа. Биднийг харсан хоригдол шууд л цаашаа хараад зогсчих юм. Тэгсэн мөртлөө бидэн рүү нууцханаар харж, ямар нэг юм ярихыг хүсэж буй нь илт. Хүний мөрөөсөл болсон амьтад.  Ганцаараа байгаад байхаар хүн рүү эгцэлж харж чадахгүй болчихдог бололтой юм. Мөн тэд гадны хүмүүст өөрийгөө харуулах дургүй байгаагийн нэг илрэл энэ гэсэн.
Гянданд хоригдож байгаа ялтнуудыг байгалийн гэрэл тусахгүй чийгтэй өрөөнд нэг чийдэн асаагаад л байлгаад байдаг юм байх хэмээн бодсоор ирсэн юм. Ер нь энд анх ирж байгаагүй хүн бүр л тийм бодолтой ирдэг байна. Тэгтэл яг газар дээрээ шал өөр юм билээ. Камерууд хүний толгой багтахааргүй жижигхэн цонхтой аж. Энэ цонхоор л гадаад ертөнцөд юу болж байгааг мэдэрдэг. Гэхдээ зөвхөн тэнгэр бүүдгэр байгаа цас, бороо зэргийг л харж болно. Жилд хоёрхон удаа ар гэрийнхээ хүмүүстэй уулзах эрх эдэлдэг байна. Мөн "аквариумд"-аа ор, сандал, биеэ угаах хувин гэх зэргээс өөр  эд хогшил гээд байх юм байхгүй аж. Өөр янз бүрийн зүйлс оруулах хориотой байдаг байна. Ингээд эзэнгүй нэг камераар орлоо. Төмөр сараалжин хаалган дээр Дорнод аймгийн харьяат, Д.Цэрэндорж гээд үйлдсэн хэргийнх нь зүйл ангиудыг эгнүүлээд бичсэн байлаа. Энэ өрөөний эзэн бол ойрын хамаатан эгчийгээ нөхөртэй нь хөнөөгөөд шатаасан хэрэг үйлдэж байсан гэмт хэрэгтэн. Түүний өрөөний орон дээр багахан хэмжээний хивс тавьсан байгаа харагдав. Мөн нэг ээлжийн хувцсаа нямбай гэгч нь эвхээд тавьжээ. Ханан дээрээ  хөлбөмбөгчдийн зурагт хуудсуудыг наасан байна лээ. Харин түүний хажуу талд дөнгөж хорь гаруй настай болов уу гэмээр нүд хөмсөг болсон цагаан царайтай залуу хаалга руу хараад зогсож байлаа. Хаалган дээр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум 1992 онд төрсөн М.Тулга хэмээн бичжээ. Нөгөө Дорноговь аймгийн Улаан-Уулын застав дээр дарга нараа буудаж хөнөөдөг дөрвөн хилчний нэг М.Тулга ийн зогсож байгаа нь энэ. Амьдралын сайн сайхан баяр жаргалыг мэдэрч чадалгүй хайран залуу насаа торны цаана, бүр гянданд сууж байгааг нь харахаар харамсалтай санагдаж байлаа. Гэхдээ шүүх түүнд зохих ялыг нь өгсөн. Эмээ, ээж хоёр нь М.Тулга дээр ирдэг гэсэн. Одоо түүнд  28 жил гянданд ял эдлэх хугацаа үлдээд байгаа. Хажууд нь мөн л түүний хамсаатан болох Г.Лхагважав байсан. Хүнтэй огт юм ярихгүй байгаа болохоор сэтгэл зүйн хувьд өөрчлөлтөд ордог бололтой юм билээ. Юу ч ярихгүй л өмнөөс ширтээд л зогсоод байсан. Харин энэ хоёр залуугийн хажуу талын өрөөнд найз охиныхоо аав, ээжийг хөнөөсөн Г.Хатанбаатар хоригдож байна лээ. Монголын шоронгийн түүхэнд 30 жил хоригдоод энэхүү ганцаардлын ялын газраас амьд гарч байсан хүний түүх байхгүй. Тэгэхээр дөнгөж 20 насны босгыг алхаж яваа эдгээр  хоригдлууд  ирээдүйн тухай бодохгүй байхыг хичээдэг байна. Мэдээж тэдний  ирээдүй харанхуй, өөр зүйл хүлээж байгаа гэдгийг сайн мэдэж байгаа. Тэдэнд хоног өдрүүд, цаг, минут таг зогсчихсон юм шиг л байдаг нь мэдээж биз. Өглөө босоод л маргааш хурдан болоосой хэмээн хүлээх хүлээлтээр цагийг өнгөрөөж байна.
"Хон-Хэрэйд"-ийн Б.Энхбат: "ХАШИРДАГГҮЙ ЭР", МОНГОЛ ХҮНСНИЙ ТУХАЙ НОМОО ХЭВЛЭЛТЭД ӨГНӨ
Энэ хорих ангид  72 хоригдол ял эдэлж байна. Тэдэнд жирийн дэглэмтэй хорих ангийн хоригдлууд хоол унд хийж өгдөг байна. Өдөрт хоёр удаа хоол  идэх нормтой. Ингээд хоол хийж буй өрөөгөөр яваад орлоо. Тарган малын цувдайгаар хийсэн ногоотой шөл 40 гаруй литр болов уу гэмээр хоёр бетон тогоонд мэлтэлзэж байв. Заримдаа цуйван, махаар хийсэн бууз зэрэг хоол хийж өгдөг гэсэн. Мөн хоригдлуудын дансанд ар гэрээс нь мөнгө шилжүүлбэл тэд бэлэн гоймон, чихэр зэргийг захиалж идэх боломжтой гэсэн.                                 
Хоригдлууд өдөрт гурван цаг телевиз үзэх эрхтэй. Тэдний өрөө болгоны урд байх ханан дээр 12 инчийн телевизор байрлуулсан байдаг юм билээ. Биднийг ийн явж байтал нэг хоригдол өрөөнөөсөө "Дарга нараа бидэнд ТВ9 үзэх боломж олго л доо. Бөх үзмээр байна" хэмээн чангаар хашгирав. Батцэнгэл гэх хоригдол ийнхүү хашгирчээ. Биднийг очтол мөн л цаашаа хараад зогсчихов. Гурван өрөөг нэг хянагч 24 цагаар манадаг байна.  Тэдний хэлж буйгаар хэрэг нь таслагдаад ирж буй ямар ч  хоригдол энд  ирээд  хоёр хонолгүй галзуурах дөхдөг гэсэн. Уйлаад л, амиа хорлох гэж оролдоод л эсвэл хана мөргөөд л албан хаагч нарыг сандаргадаг байна. Энэ үед хана, тааз, шал нь зөөлөвчтэй өрөөнд номхоруулах цамц өмсгөөд оруулчихдаг байна. Хамаг чадлаараа тийчилж байгаад л тайвширдаг гэсэн. Мөн гяндангийн хоригдлууд ямар нэгэн зөрчил гаргах гээд байдаг муу зуршилтай. Тэд ямар нэгэн зөрчил гаргалаа гэхэд дэглэм нэмэгдэхгүй. Сахилгад хэд хоног суугаад өнгөрөх учир 405 дугаар хорих ангийн албан хаагч нартай зүй бусаар харилцаж, хэл амаар доромжлох асуудал гардаг байна. Харин хорих ангийн зүгээс эдгээр хоригдлуудад хүндэтгэлтэй ханддаг юм билээ. Мөн олон жил болсон хоригдлын зарим нэг нь сэтгэцийн өвчтэй болдог. Эсвэл босч чадахгүй суунга болчихдог гэсэн. Хөдөлгөөн дутагдсанаас болоод л ийм байдалд хүрдэг бололтой. Хоригдлуудын зарим нь эмэгтэй хүний мөрөөсөл болдог байна. Хорих ангийн сувилагч, эмч нарт үзүүлэх гэж худлаа өвддөг гэсэн. Мөн хянагч болон гаднаас ирж байгаа хүмүүсийг цохих, нүүрэнд нь гэмтэл учруулж мөрдөнд очиж хүмүүстэй хамт нэг өрөөнд хоригдох хүсэлтэй этгээд цөөнгүй байдгийг дурдаж  байсан. Тиймээс хоригдлуудад хэт ойртож болохгүй гэдгийг дахин дахин анхааруулдаг аж. 
Камер болгоны үүдээр явсаар  "Хон-Хэрэйд"-ийн Б.Энхбатын хоригдож буй газар ирлээ. Түүнээс яриа авч болох эсэхийг лавлахад тэрбээр юу ч хэлсэнгүй. Удтал тааз ширтэн бодлогоширч зогссоноо нам дорой дуугаар "Хэдэн ном бичиж дуусаад байгаа. Хамгийн сүүлд "Хаширдаггүй эр", Монгол хүнсний тухай ном гаргахаар бэлдэж дуусаад байна. Түүнийгээ л хэвлэлтэнд өгнө дөө. Өдөржин л ном зохиол уншиж, санаандаа орсон юм болгоноо цаасан дээр буулгаж байгаа. Тэгж байж л цагийг хурдан өнгөрүүлж байна. Жил гаруй хугацааны дараа дэглэм буурна" гэв. Түүний өрөөнд энд тэндгүй цаас эмх цэгцтэй хураасан байгаа харагдсан. Тэрээр хамгийн сайн хоригдол гэсэн. Б.Энхбат гянданд уран бүтээлдээ шамдуухан орсон гэсэн. Өдөржин л зохиол бичиж өнгөрөөдөг байна. Одоогоор зургаан жүжиг бичээд байгаа аж. Түүний   "Хаширдаггүй эр" жүжиг нь өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн юм байх. Тэрээр хорих ангийн нийгмийн ажилтан болоод христийн байгууллагын ажилтанд "Ах нь нэг жүжгээ дуусгачихлаа. Энд ийм л юм хийх юм бол цаг өнгөрөх юм байна" гэсээр уулздаг байна. Мөн түүний бие үе үе чилээрхдэг гэсэн.  
Ингээд хоригдлуудын "тайвширдаг" газар луу орлоо.
Үргэлжлэл бий
Э.ХҮРЭЛБААТАР Х.ЦЭНД-АЮУШ

Комментариев нет:

Отправить комментарий