…1980-аад оны сүүлчээр Хятадын тусгай албадынхан тагнуулын сүлжээгээр дамжуулан олж авдаг онцгой чухал мэдээллээс гадна аливаа харийн улс орны талаарх 80 хувь хүртэлх мэдээллийг мэдээллийн жирийн нээлттэй эх үүсвэрийг ашиглах замаар олж авч болох юм гэдгийг ойлгожээ. Үнэндээ үүний тулд янз бүрийн хэрэгслээр хүлээн авч байгаа үй олон мэдээ, баримтаас хэрэгтэйг нь шүүж, боловсруулан, нэгтгэж, дүгнэлт гарган, цаг тухайд нь дээд удирдлагадаа мэдээлэл авч байхын тулд мэдээлэл-шинжилгээний албаны ажлыг бий болгон, зохион байгуулах, тохирох арга хэрэгслүүдийг ашиглах шаардлагатай байлаа. Мэдээллийн дайнд өнөөдөр Хятадын тал улам бүр өндөр амжилтад хүрч байна. Хятад улс мэдээлэл цуглуулахад асар их нөөц, хөрөнгийг харамгүй зарцуулж байгаа юм.
Хятадын тусгай албадын тагнан турших ажиллагааны давуу тал бол урьд өмнө цэргийн албанд зүтгэж, халагдсаныхаа дараа бизнес эсвэл улс төрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс юм. Тэдний дундаас хамгийн гол бай нь холбоо, тагнуулын хэлтсүүдэд алба хааж байсан хүмүүс байдаг. Ингэхдээ Хятадын тагнуул “хараацай”, “хэрээ”, “зөгийн балан урхи”” гэх мэт өөрийн талд элсүүлэх бүхий л аргуудыг ашигладаг болов.
“Хараацай” гэдэг нь шувуу биш, харин онцгой даалгавар авсан тагнуул бөгөөд ихэвчлэн эмэгтэй хүн байдаг. Энэ бүх хугацаанд хамгийн ихээр нэрд гарсан “хараацай” бол Мата Хари гэх бүжигчин эмэгтэй юм. Боловсруулалтын объектод нэвтрэхэд хамгийн хэцүү тэр газар “хараацай”- эмэгтэйчүүдийг ашиглах нь ТТГ болон УАБГ-ын хамгийн дуртай арга нь байсан юм. Энэ аргыг чухам БНХАУ-ын тусгай албаныхан ч гол зэвсгээ болгон ашиглаж эхэлжээ. Өнөөдөр ч гэсэн эмэгтэйчүүдийн хүчин зүйл орчин үеийн Хятадын тагнуулын ажиллагаанд улам бүр чухал үүргийг гүйцэтгэж байна. Тухайлбал, саяхан Тайванийн тагнуулынхан тэдний агаарын зэвсэгт хүчний бараг бүх томоохон баазуудын ойр хавьд эх газрын Хятад улсаас ирсэн эмэгтэйчүүд харагдах болсныг анзаарсан байна. Эдгээр баазууд нь хөдөө орон нутагт байрладаг бөгөөд тэндхийн эрчүүдэд хүртэл сүйт бүсгүй олоход хэцүү байдаг газар. Тэгэхээр Хятад улс энэ байдлыг ашигласан байх нь. Тайвань улсад Хятадаас үй олон сүйт бүсгүйчүүд бөөнөөрөө орж ирээд усан онгоц, нисэх хүчнийг сонирхож, хөөрч, бууж байгаа онгоцнуудын зургийг авч байгааг Тайванийн сөрөг тагнуулынхан олж мэджээ.
“Хараацайны” сацуугаар “зөгийн балан урхи” нэртэй өөр нэг тагнуулын аргыг хослуулан ашиглах нь бий. Энэ нь тун ч энгийн атлаа бас үр ашигтай үр дүн өгдөг. Энэ нь өөрийн талд элсүүлэх зорилгоор сонгож авсан объектыг дур булаам, тачаангуй эмэгтэйгээр урхидуулж, улмаар тэдний ойр дотно харилцааг зургийн аппарат, эсвэл видеокамераар зургийг нь нууцаар авч, дараа нь шууд дарамталж эхэлнэ. “Зөгийн балан урхи”-ийг БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яам маш идэвхтэй ашигладаг. Тусгайлан бэлтгэгдсэн хятад бүсгүйчүүдийг Хятадад ирж буй гадаадын олон бизнесмэн, улс төрч хийгээд сэтгүүлчдэд илгээдэг. Эндээс хамгийн гол бай бол АНУ, Өмнөд Солонгос болон Тайванийн төлөөлөгч нар билээ.
Тухайлбал, саяхан АНУ-ын сөрөг тагнуулын алба “зөгийн балан урхинд” орчихсон Холбооны мөрдөх товчооны ажилтан асан Жеймс Смитийг баривчилжээ. Тэрбээр тагнуулын хэрэгт сэжиглэгдэж байсан хятад бүсгүйтэй янаг амрагийн холбоотой болсон байна. Холбооны мөрдөх товчооны агент байхдаа л Смит “хоёр талын тагнуул” хэмээн сэжиглэгдэж байсан өөрийн мэдээ дамжуулагч бүсгүйтэйгээ хайр сэтгэлийн асуудалд орж байсан аж. Жеймс Смит өөрийн талын тусгай албадад худал хэлж, тэдний хооронд ямарваа нэгэн “онцгой” харилцаа үгүй хэмээн баталж байлаа. Смит болон Катрин Лэюнь хоёрын янагийн явдал хорин жилийн турш үргэлжилсэн гэнэ. Энд Лэюнь тодорхой нууц мэдээлэлд хүрэх боломжтой байсныг ХМТ олж тогтоосон байна. Тэгтэл бүсгүйн өмгөөлөгч нар мөрдөлтийн явцад түүнд гол гэрч болох Жеймс Смиттэй уулзуулахыг зөвшөөрөөгүй гэдгийг батлаж чадсан тул Лэюний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөлтийг зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Лэюнь 20 жилийн өмнөөс буюу АНУ-ын иргэн болоод Холбооны Мөрдөх товчоотой хамтран ажиллаж эхэлсэн байна. Тэрээр үе үе Хятад руу ажлаар явдаг байв. АНУ-ын тусгай албад түүнийг хоёр талд ажиллагч, өөрөөр хэлбэл Америк, Хятадын тагнуулын албадын аль алинтай нь хамтран ажиллаж байсан гэж үзэж байгаа юм.
Саяхан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “хараацай” болон “зөгийн балан урхи”-ны тусламжтайгаар хятадууд католикийн гэгээн лам нарыг дарамтлах дуртай болсон талаар мэдээлэл гарч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, гэгээн ламтан нар ариун сахил санвараа умартан биеэ үнэлэгч нартай янаг амрагийн ажил хийж байгаа зургийг нь Хятадын тал хальснаа буулган авдаг аж. Ингээд тэдгээр лам нарыг нэг бол БНХАУ-ын Алсын аюулгүй байдлын яамтай хамтран ажилла, нэг бол тэдний зургуудыг Ватикан руу илгээнэ гэж сүрдүүлдэг байна.
Заримдаа БНХАУ-ын тагнуулын алба нь өөрийн зорилгод хүрэхийн тулд ижил хүйстнүүдийг ч ашигладаг. Үүнийг тагнуулын хэллэгээр “хэрээ” гэнэ. Гэхдээ бүх зүйл тухайн объектын төрөлх улс оронд энэхүү гаж сексэд хэр ханддагаас бүх зүйл шалтгаалдаг.
* * *
Тагнуулын салбарт хятадуудын гаргасан хамгийн чухал шинэлэг зүйлүүдийн нэг нь “хуайцяо” буюу “Хятадын энхийн элчүүдийг” хэрэглэх явдал. Хилийн чанадад байгаа ч эх орондоо үнэнч хятадууд шинжлэх ухаан хийгээд цэргийн тагнуулын салбарт улс орондоо идэвхтэй нь аргагүй тусалж, цоо шинэ технологийг хулгайлах төдийгүй бусад үй олон үйлчилгээг үзүүлдэг. Цагаачлах явдлыг Улсын Аюулгүй байдлын яамнаас далдуур урамшуулан дэмждэг гэдгийг Бээжин төдийлөн нуудаггүй.
Саяхныг хүртэл УАБЯаманд энэ чиглэлийг генерал Цзя Чуньван хариуцан ажиллаж байлаа. Хүмүүсийн эх оронч үзлийг ашиглан Хятадын тусгай албад тэдгээр хүмүүсийг тагнуул хийхийг үе үе албаддаг. Гэхдээ тэд гол төлөв “олноор нь чихэх” аргыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн компьютерийн иж бүрдлийг “агнахын” тулд АНУ руу сайн бэлтгэгдсэн нэг ажилтныг илгээхийн оронд үй олон хятадуудыг бөөнөөр нь явуулдаг. Харин хувийн ажил хэргээр хилийн чанад руу явах гэж байгаа иргэдтэй Хятадын тусгай албад заавал ярилцлага хийж, юунд чухал анхаарлаа хандуулах ёстой вэ гэдгийг сайтар тайлбарлаж өгдөг. Түүнээс гадна хятадууд сонирхол татсан улс орны газар нутаг дээрээс шинэ агентуудыг урвуулан авдаг.
Хилийн чанад руу явж байгаа хятад оюутан хийгээд эрдэмтдийг УАБЯам зайлшгүй зорилгодоо ашигладаг бүлэг мөн билээ. Энэ бодлогыг хэрэгжүүлэгч газар бол Хятадын элчин сайдын яамны дэргэдэх боловсролын хэлтэс билээ. Боловсролын хэлтэст ажилладаг зарим албан тушаалтнууд Улсын аюулгүй байдлын яамнаас ирсэн байдаг. Эдгээр хүмүүс нь Хятадын шинжлэх ухааны академи болон их сургуульд ажиллаж байгаа багш нар болон суралцагчдыг хянах тал дээр асар их туршлагатай. Эрдэмтэд болон оюутнууд эдгээр албан тушаалтнуудыг “багш” гэж нэрлэх бөгөөд шууд л удирдлагад нь захирагддаг. Учир нь хэрэв сургуулиа төгсөөд Хятаддаа эргээд ирсэний дараахан сайн ажилтай болохыг хүсвэл тэд Боловсролын хэлтсээс сайн тодорхойлолт авсан байх хэрэгтэй билээ. Эцэст нь чухам эдгээр оюутнууд л оюутны зөвлөл, мэргэжлийн бүлгэм байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар Боловсролын хэлтсээс дэмжлэг авдаг юм..
Зарим нэг эх сурвалжаас харахад Улсын аюулгүй байдлын яам өндөр боловсролтой хүмүүсийг Хятадаас гарахад нь тусалж, тэр байтугай шинэ газар суурьшихад нь мөнгө санхүүгийн дэмжлэг ч үзүүлдэг байна. Үүний нууц гэвэл тун энгийн: тэднээр дамжуулан БНХАУ-ын тагнуулын алба олон улс орны төрийн аппарат, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон төрийн байгууллагуудад нэвтэрдэг юм. Чухам ийм л учир харийн оронд, тэр тусмаа АНУ мэтийн хүчирхэг гүрэнд Хятадад ашигтай нийгэм, улс төрийн шийдвэр гаргахад амархан нөлөөлж чаддаг юм. Эдүгээ АНУ-д хууль ёсоор 17 сая хятад оршин сууж байгаа бол хууль бусаар амьдрагчид хэдийнэ тоогоо алджээ.
Түүнээс гадна гадаад дахь хятадууд эх орон руугаа олон саяын валютыг оруулж ирдэг. Түүхт эх орондоо орж ирж байгаа валютын урсгалыг хянах ажлыг мөн л УАБЯам гүйцэтгэнэ. 1990 оноос Англи, Герман, Францад оршин суух хятадуудын тоо нэг аравны тав дахин нэмэгдсэн байх юм. Гадаадын улс оронд төвхнөсөн Хятадын иргэн болгон яваандаа араасаа хэдэн арван хамаатан садан, найз нөхдөө татдаг. Тэр байтугай лалын улс орон болох Арабын Эмират, Оман, Катар, түүнчлэн Израиль, ӨАБНУ, Латин Америкт ч хууль бусаар хятадууд суурьшсаар л...
Хятадаас дүрвэгч Чэнь Юнлинь нэгэн удаа мэдэгдэл хийхдээ АНУ-ын газар нутаг дээрх БНХАУ-ын төрийн байгууллагуудын үйл ажиллагааны дийлэнх хэсэг нь тагнан турших зорилготой гэсэн байдаг. Хилийн чанадад ажиллаж буй БНХАУ-ын төрийн ажилтнуудад АНУ-ын талаар ”өчүүхэн жижиг ч бай” бүхий л мэдээллийг цуглуулахыг тушаасан байдаг. “Нэгэн удаа Хятадын тагнуул АНУ-аас нэлээд хэмжээний маш нууц баримт бичгүүдийг олж авсан бөгөөд үүнийг Хятадын улсын далайн компани ачааны усан онгоцоор Хятадад аваачсаныг би сайн мэднэ” хэмээн Чэнь баталж байгаа юм. Энэ бичиг баримтууд нь нисэх хүчинд хамаатай байсан бөгөөд БНХАУ-ын зэвсэгт хүчинд “нэн чухал” ач холбогдолтой байжээ.
Хэрэгтэй мэдээллийг олж авахын тулд БНХАУ-ын тагнуулууд янз бүрийн заль мэх гаргадаг. Холбооны мөрдөх товчооны архивт тэр байтугай маш инээдэмтэй тохиолдлууд ч бүртгэгдсэн байдаг юм.
Тухайлбал, хятад, япончууд цасан цагаан нусны алчуураа Америкийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цех дотор албаар унагаж, тэнд байх тоосны дээжийг авахыг хичээдэг гэнэ. Бас лаборатори дотор байх шингэнүүдэд санаандгүйгээр зангианыхаа үзүүрийг ч дүрдэг бололтой.
Аж үйлдвэрийн тагнуул болон Хятадад технологийн нууцыг дамжуулах ажлын цар хүрээ улам хүрээгээ тэлж байна хэмээн Орос, АНУ-ын мэргэжилтнүүд үзэж байна. “Хуайцяо” олон улс орнуудад үй олон үүрэг гүйцэтгэдэг ч тэдний ерөнхий нэг зорилго бол Орос, АНУ-ын эмзэг сул газрыг олж түүнд нь нөлөөлөхийг оролдох явдал билээ.
Хэтэрхий их хүн амтай Хятад улс өнөөдөр цагаачдыг нийлүүлэгч гол эх үүсвэр болоод байна. Өнөө үед ОХУ дахь Алс Дорнод хийгээд Сибирь дэх хятад иргэдийн тоо нэг саяас хол даваад байгаа бөгөөд Европт ч хятадууд идэвхтэй нэвтэрч, тэр тусмаа Румын, Унгар улсуудад илүү их хэмжээгээр төвлөрөөд байна.
Баруун Европын улс орнуудад хятадууд Оросоор дамжин нэвтэрдэг. Хамгийн гол төвлөрдөг газар нь Москва бөгөөд тэндээс цагаачдыг Украин руу гаргаж, тэнд хуурамч паспорт олгон улмаар Унгар, Румын, Франц гэх мэт улс орнууд руу гаргадаг. Сайнаар хэлэхэд энэ шүү дээ. Эмгэнэлт тохиолдлууд ч олонтаа гарна. Тухайлбал, саяхан Английн Дувр хотод гаалийн ажилтнууд нэгэн ногоо ачсан бүхээгтэй тэргийг саатуулан зогсооход дотроос нь 58 хятад цагаач иргэдийн цогцос гарч байв. Тэд бөгчим ачааны бүхээгт бүтэж үхсэн байв. Тэдний бичиг баримтаас харахад тэд Бельгиэс замдаа гарсан мэт боловч зарим нэг нас барсан хууль бус цагаачдын биеэс Владивосток, Омск тэр байтугай Санкт-Петербургээр дамжин өнгөрсөн бичиг баримт ч олдсон байна.
Хятадын өмнөд хэсгүүдэд хүмүүс завь урлаж, түүгээрээ Япон, Хонконг, Сингапур, тэр байтугай Австрали руу хөвдөг. Ингэхдээ тэдний тал нь замдаа далайн шуурганд осолдож, эсвэл аварга загасанд идүүлдэг ажээ.
АНУ-ын хувьд хятад иргэд улс төрийн тал дээр гайхамшигтай амжилтад хүрээд байна. Тухайлбал, саяхан Америкийн хятад гаралтай иргэн Лон Цзяхэй Вашингтон хотын амбан захирагчаар сонгогдсон байх юм /Тус мужийн нийслэл нь Сиэтл хот бөгөөд хятадуудын хувьд Америкт цагаачлах гол хаалга юм/ Москва хотын даргаар мөн л хятад хүн сонгогдвол танд ямар санагдах бол?
БНХАУ-ын тагнуулын албаны зохион байгуулдаг хүчирхэг лоббины ачаар Хятад улс Европ, АНУ болон ОХУ-ын газар нутаг дээр үй олон стратеги зорилтуудыг шийдвэрлэж байна. Тухайлбал, Хятадын хямд бараануудыг нийлүүлж, эх газрын Хятадаас аль болох олон цагаачдыг гаргах ажлыг зохион байгуулж, Хятадын аж үйлдвэрт зориулж хамгийн тэргүүний технологи болон шинжлэх ухааны боловсруулалтыг хулгайлан олж авч байна. Америкийн газар нутагт Хятадын хүчирхэг хүн ам байгаа нь төрийн болон хууль сахиулах байгууллага, банк болон мэдээллийн бүтцэд нэвтрэх боломжийг олгож байгаа юм.
Гадаадад хятадуудыг олноор гаргах нь бас өөр хэд хэдэн зорилготой. Тухайлбал, хятад гаралтай хүмүүсийг өөр улс орны газар нутагт шахан гаргах нь тухайн улс орны дотоод хэрэгт оролцох нөхцлийг бүрдүүлнэ. Үймээн самуун, зөрчилдөөн дэгдээх бас нэгэн хувилбар бол хүн амын багагүй хэсгийг эх орондоо буцааж авчрах ажлыг зохион байгуулах. Иймэрхүү арга хэмжээ явуулах туршлага Хятадад аль хэдийнэ бий билээ.
Зарим хүмүүс, тэр тусмаа цэргийн мэргэжилтнүүд 1962-1963 оны үед Шинжааны зуун мянган оршин суугчдыг нүүлгэн суурьшуулсан алдарт үйл явдал бол Хятадын тусгай албадын оролцоотой хийгдсэн хэмээн үздэг.
* * *
Ер нь бол Хятад бусад улс орнуудтай зөрчилдөөнд орохгүй байхыг илүүд үздэг атлаа өөрийн “чимээгүй түрэмгийлэх” стратегийг ашигладаг. Энэ нь ОХУ, АСЕАН-ы орнууд, АНУ болон бусад улс орнуудын жишээн дээрээс харагдаж байна. Хятад улс дээрх улс оронд нэвтрэх үйл явцын эхний шат бол тэнд янз бүрийн жижиг пүүс, дунд жижиг үйлдвэр төдийгүй томоохон пүүс, банкуудыг байгуулах явдал байв. Хятадын хөлсний ажилчид, тариачид, “жуулчид” зэрэг нь хил орчмын бүсүүдийг дүүргэж, бага багаар зах зээлийг өөрийн мэдэлд оруулах төдийгүй хүн амын нөхцөл байдлыг ч өөрчилж эхлэв. Энэхүү үйл явц бүхий л улс орнуудад маш идэвхтэй явагдаж байгаа гэдэг нь хэнд ч илэрхий. Учир нь гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аль хэдийнэ тэдний “эдийн засаг, хүн амын түрэмгийлэлд” санаа зовниж эхлээд байна. “Известия” сонины америк, орос хавсралт болох “Бид” сонинд” чимээгүй түрэмгийллийн үйл явц үнэхээр явагдаж байгаа, гэхдээ хэтэрхий чимээгүй, үл мэдэгдэхүйц явагдаж байгаа учир тоогоор дүгнэн илэрхийлэх боломжгүй байна” гэж бичсэн байна.
“Чимээгүй түрэмгийллийн” бодлогыг туршиж үзэх газраар БНХАУ-ын засгийн эрхийнхэн Зүүн Өмнөд Азийг сонгоод байна. Энд Хятадын өөрийнх нь мэдэлд байдаг Хонконг, Тайвань, Аомэниэс гадна тус бүсэд орших улс орнууд хамаарагддаг бөгөөд тэнд ойролцоогоор 30 гаруй сая хятад гаралтай хүн амьдарч байгаа нь эдгээр улс орны хүн амын гуравны нэгийг эзлэж байгаа юм. Ингэхдээ Хятадын унаган иргэд Зүүн Өмнөд Азийн улс орнуудын үндэсний баялгийн ихэнх хэсгийг шууд хянаж байдаг. Олон судлаачдын дүгнэж байгаагаар Малайзид 70 хүртэлх хувь, Тайландын 80 хувь, Индонезид 70 гаруй хувь, Филиппинд 50-иас багагүй хувийг хятадууд хянадаг. Сингапурын эдийн засаг нь бараг тэр чигтээ хятадуудын хяналтад байдаг гэж үздэг. Хятадын иргэдийн эзэмшиж байгаа хөрөнгийн хувь энэ бүс нутагт ойролцоогоор нэг триллионд хүрч байгаа нь Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц болжээ. Энэ нөр их нөөцийг Хятад улс улс орныхоо хөгжилд ашигладаг байна.
БНХАУ-ын гаргасан онцгой амжилтын дүнд Хонконг, Сингапурын томоохон банкуудыг хяналтандаа авсан юм. Чухам Хонконгийг Хятадын тагнуулын алба “бохир” мөнгө угаах голомт болгож, тэндээсээ эх газрын Хятад руугаа шилжүүлдэг болжээ. /Шинжээчдийн үнэлж байгаагаар БНХАУ-ын эдийн засагт хөрөнгө оруулсан санхүүгийн хөрөнгийн 75-80 хувь нь чухам Хонконгоор дамжсан байна. Чухам энэ зорилгоор Хятадын өмнөд зүгт Эдийн засгийн тусгай бүс гээчийг байгуулсан байна/
Улсын Аюулгүй байдлын яамны ажлын бас нэгэн шинэ чиглэл бол өөрийн тагнуулын сүлжээгээр дамжуулж Зүүн Өмнөд Азийн улс орнуудын төрийн болон хууль тогтоох байгууллагууд, арилжааны худалдааны бүтцэд янз бүрийн бүтцэд өөрийн офицеруудыг өргөнөөр нэвтрүүлэх явдал юм.
Энд Хонконгийн бизнесмэн Ли Ка Шиний хэрэг онцгой анхаарал татдаг. ТТГ анх Ли Ка Шиний талаар 1998 онд олж сонссон бөгөөд түүнийг Панамын сувгийг хяналтандаа авахаар зэхэж байна гэсэн мэдээлэл авчээ. 1996 онд түүний Hutchison Whampoa нэртэй компани нь /эдүгээ Panama Ports Со. нэртэй болсон/ Панамын Засгийн газраас Атлантын болон Номхон далайн талаас хамгийн гол боомтуудыг 50 жилийн хугацаагаар түрээслэх эрх авчээ. АНУ-ын Засгийн газар энэхүү хэлэлцээрийг “хууль бус”, “хээл хахуульд идэгдсэн” хэмээн зарласан юм. Түүнээс гадна Америкийн тусгай албад Ли Кан Шинийг Панамын сувгийг “Баруунаас Хятад руу технологи нэвтрүүлэх гэсэн, мөн АНУ-ын газар нутагт зэвсэг нийлүүлэх зорилгоор” ашиглахыг завдсан хэрэгт буруутгасан юм.
Зарим нэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Ли Ка Шинийг 1997 онд Хятадын хамгийн хэрцгий, хүчирхэг дээрэмчид түүний хүүг хулгайлснаас болж БНХАУ-ын Улсын аюулгүй байдлын яаманд элсэхэд хүрсэн гэж таамагладаг. Ли Ка Шин хүүгээ авахын тулд 205 сая доллар төлж, харин Хятадын газар нутагт нуугдсан дээрэмчний бүлгийн араас БНХАУ-ын тусгай албад жинхэнээсээ мөрдөж эхэлжээ. Эцэст нь 1998 оны нэгдүгээр сард Хятадын өмнөд зүгт байх Гуанжоу хотоос Хонконгийн 43 настай оршин суугч Чеунгмо Тзе Кеунгээр толгойлуулсан 35 хүний бүрэлдэхүүнтэй дээрмийн бүлэг тэр чигтээ баривчлагдсан байна. Дээрх бүлгэмийнхнийг баривчлахад БНХАУ-ын тусгай албад асар их үүрэг гүйцэтгэсэн тул Ли Ка Шин энэ ачийг мартах нь юу л бол.
Түүнээс гадна 2000 оны гуравдугаар сард Ли Ка Шиний хүү Ричард Ли Хонконгийн үүрэн утасны Cable&Wireless HKT компанийг 38 миллиард доллараар худалдан авсан. Гэхдээ Хятадын эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр хэзээ ч ийм наймаа болохгүй байсан. Америкчуудын үнэлж байгаагаар одоогийн байдлаар Ли Ка Шин болон түүний хүү Хонконгийн хөрөнгийн зах зээл дээр эргэлдэж байгаа бүхий л хувьцааны гуравны нэг хэсгийг хянадаг ажээ.
Гадаадын мэдээллийн олон агентлагуудын мэдээгээр “1996 оны сүүлээр Хонконгийн захиргааны тэргүүнээр сонгогдсон далайн тээврийн “Ориент Оверсис интернэйшнл” компанийн эзэн Тун Чжихуа нь Хятадын УАБЯамны ажилтан байжээ. Энэ томоохон компанийн халхавчин дор Хятадын тагнуулын алба 70-аад оны сүүлээс Зүүн Өмнөд Азийн бүсэд үйл ажиллагаа тун амжилттай явуулж байгаа аж. Чухам тэр үед Шанхай хотын унаган иргэн Туныг 120 сая долларын хөнгөлттэй зээл авахад нь тусалж дампуурлаас аварсан гэнэ. Үүний үр дүнд УАБЯам нь Хонконгийг эх газрын Хятадтай нэгтгэх үйл явцад аливаа үймээнээс зайлсхийж чадсан юм.
Хятадын тусгай албад аль дээрээс л бусад улс орны засгийн эрхэнд нэвтрэх онцгой стратеги бодлогыг эргэн тойрныхондоо огт анзаарагдалгүй ашиглаж эхэлсэн билээ. Тухайлбал хэтийн төлөв сайтай улс төрийн нам болон удирдагч нарыг нууцаар санхүүжүүлэх, аливаа улс төрийн зүтгэлтнүүдийн хамаатан саднуудад эдийн засгийн талаар томоохон хөнгөлөлт үзүүлэх мэтээр. Хэдийгээр Хятад энэхүү нууц дайнд асар богино хугацаанд үр дүнд хүрэхийг эрмэлзэхгүй байгаа ч тэд алс ирээдүйг харж, эдгээр хэтийн ирээдүйтэй улс төрийн удирдагчдын нэг нь төрийн албанд чухал байр суурь эзлэх байх гэж найддаг. Хятадууд бүр эрт дээр үеэс л олон жилээр төлөвлөж сурсан ард түмэн билээ.
үргэлжлэл бий
Комментариев нет:
Отправить комментарий