пятница, 1 апреля 2011 г.

Бидний мэдэх бас сайн мэдэхгүй Монголын казах гэж хэн бэ?


Тэд 19-р зууны дунд үеэс монгол нутагт суурышсанаар бидэнтэй амь нэгтэйгээр амьдралаа холбосон байдаг. Монгол оронд Манжийн захиргаа устаж, тусгаар улс байгуулагдсан учир казахууд Монгол улсад дагаар орох хүсэлтээ Богд гэгээний засгийн газарт гаргасан бөгөөд түүнийг нь ёсоор болгон 1917 оны 3-р сарын 23-нд казахууд Монгол улсын жинхэнэ харьяат болж. Хошуу сумын зохион байгуулалт хийж, тэдгээрийн толгойлогчдод зэрэг хэргэм, тамга олгон, хошуу нутаг захируулах болгожээ.

1920-оод оны үед Октябрийн хувьсгалаас дүрвэсэн оросын цагаантнууд баруун хязгаарт үрлэж, үймээн самуун дэгдээхэд казахын ард түмэн Монгол ардын Хувьсгалын хэрэгт хүчин зүтгэж Монгол Ардын Журамт Цэрэг, Зөвлөлт Орос Улсын цэргийн хамт нийтийн дайсан цагаантныг даран сөнөөхөд идэвхтэй оролцжээ. Ардын хувьсгалын ялалтын дараа орон нутагт ардчилсан захиргаа байгуулахад казах хошууд шинэ зохион байгуулалттай болсон байна.
Монголд буй казах түмэн Чингисийн үе дэх Хэрэйд аймгаас шууд гаралтай байдаг ч зарим түүхчид үүнийг эрс үгүйсгэж тэр үеийн Хэрэйд аймаг одоогийн казах үндэстэн доторх керей /хэрэйд/ аймаг биш мэтээр маргадаг нь үнэндээ төөрөгдөл юм. Тэгвэл керей овог биш байлаа гэхэд бүр керейт / хэрэйд/ гэсэн өөр нэг овог казах дотор бас бий.
Дээрх керей ба керейт гэсэн хоёр овог нэг байсныг казахын эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Тэгэхээр Монголын казахын үндсэн овог болох керей /хэрэйд/ овог нь Чингисийн үеийн хэрэйд овог аймаг мөн байсан гэвэл казах, монгол үндэстнүүд эрт дээр үеэс гарал үүслийн хувьд ихээхэн ойр байжээ гэж үзэх үндэслэл байна. Нууц товчоонд нэр нь гардаг олхонууд, жалайрд, хонгирад, мэргид, хэрэйд, найман овгууд бүгд одоогийн казах үндэстний бүрэлдэхүүнд бий.
Өнөө цагт бид өөр хоорондоо ихэд тэмцэлдэж бие биесээ үзэн ядацгаах болов. Энэ бол хамгийн эмэгнэлт хувь заяаны эхлэл билээ. Монголчууд өөр хоорондоо муудалцаж, тэмцэлдсэнээр гадныхны “зууш” болж байсныг түүх гэрчилнэ. Саяхан нэгэн сайтад “Хажууд чинь Аллах акбар” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна. Уг нийтлэлд монгол дахь казахуудыг терорист мэтээр бичсэн байв. Доор нь бичигдсэн сэтгэгдэлд янз бүрийн үзэл бодол харагдана. Гэхдээ энд нэг зүйл их тодорхой харагдаж байлаа.
Бид хэзээнээс казахуудыг терорист гэж гадуурхаж байлаа. Уг нь тэд 1921 оны ардын хувьсгалд гар бие оролцож бидэнтэй адил зовлон зүдгүүрийг туулсан юм.Үүх түүхээ хөөж үзвэл нэг л угсаа гарвалтай ард түмэн билээ. Ардын хувьсгал, хэдмэгдүүлэлт, Халх голын тулалдаан, бүтээн байгуулалт, ардчилсан хөдөлгөөн гээд 20-р зууны Монгол улсын түүхийн бүхий л нугачаанд хамтдаа байсныг он цагийн хуудсууд гэрчилнэ. Толбо нуурын тулалдаан, Гөлөгт манхны дайралт, Налайхын уурхайн гүнд тэд бидэнтэй мөр зэрэгцэж, хөлс, цусаа урсгаж явсан.
Гэтэл бид өнөөдөр казахуудыг терорист гэж цоллож, залуу үеэ тэднийг үзэн ядах хүмүүжлээр тэтгэж байна. Ойрхи дорнод, арабын ертөнцөд гарч байгаа дуулиан шуугиан тэднийг ийм зүйл хийж магадгүй гэсэн болгоомжлолыг бий болгож байгаа биз. Гэхдээ энэ бол үзэн ядах, өөр хооронд нь өдөөн турхирах шалтгаан биш юм. Бүтэн зууны турш эв нэгдэлтэй, ахан дүүсиин ёсоор аж төрж ирсэн казахууд өөр хоорондоо байнга тэмцэлдэж зөрчилдөж ирсэн ойрхи дорнодын мусульман шашинтнуудаас ялгаатай байлгүй яахав.
Тэд бол Монгол нутгийг эх орноо хэмээн нэрийддэг, хайрлаж дээдэлдэг үндэстэн билээ. Казахуудын дундаас маш олон алдартнууд төрөн гарсныг миний бие мэдэх юм.
Цагаан сарын өмнө Баян-Өлгий аймгаас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавъяат цолтнуудыг Төрийн ордон, парламентийн үйл ажиллагаатай танилцуулахад УИХ-ын гишүүд хэрхэн талархалтай хүлээн авч баяр хүргэж байсныг хараад олон арван жилийн тэртээ улс орны хөгжилд хүч хөдөлмөрөө шингээсэн буурал казах, урианхай, тува өвгөдөөр бахархаж байсныг энэ өгүүлэх нь зүй биз.
Монголчууд олон зууны тэртээгээс баруун монгол, халх монгол, өвөрмонгол хэмээн өөр хоорондоо дайсагнаж ирсэн. Галдан хаан халх монголчуудаа дайлаар мордож байсан нь өдгөө ч халх, баяд, дөрвөд түмний хэрүүлийн “алим” болж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй.
Тэр цагаас хойш олон зууныг ардаа үлдээсэн ч үндэстэн, ястан, шашины үзэл бодлоор зөрчилдөх үзэл 21-р зууны шинэ монголын үр садын цусанд хэвээрээ байна гэж үү. Хоёр бөх нь барилдсан ч халх дөрвөдөөр тачцана. Дуугарвал дуу нэг. дугтарвал хүч нэг байж Монгол эх нутгийнхаа төлөө халх, дөрвөд, баяд, казах, буриадаар нь ялгалгүй чин сэтгэлээр зүтгэвэл бид хэзээ мөдгүй хөл дээрээ бат зогсох нь дамжиггүй юм.
Энд казахуудынуугуул нутаг болох Казахстаны талаар дурьдахгүй өнгөрч болохгүй мэт. Манайхан хол ойроостуршлага судалж жишээ татах дуртай улс. Америк, Япон, Герман гээд туршлага судлах улс орон ер мундахгүй олон бий. Гэвч тэд нэгэнт гараанаас аль эрт гарч хөгжчихсөн орнууд. Бидэнд заримдаа нэг гараанаас зэрэг гарсан орны туршлага хэрэгтэй юм шиг. Биднийг хол ойрын туршлага судалж, 15 жил тасралтгүй улс төр ярьж хийж байх хойгуур тэдний эрхийг нь ямар хүлээж байх биш, нэгэнт гараандаа гарчээ.
Энэ бол холын биш ойрын хөрш Казахстан юм. Эхэндээ эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь мэдээж нефть байсан боловч дан ганц нефть дээр тулгуурласан явцуу эдийн засагтай байхаас татгалзаж, бүх салбарт бүтээн байгуулалт өрнөх болжээ. Үр дүнд нь тус улс нийт эдийн засгийн хэмжээгээрээ Төв Ази дахь бусад дөрвөн улсын эдийн засгийг нийлүүлснээс ч илүү эдийн засагтай болж, гадаад өрөө бүрэн барагдуулж, цаашид зээл авах биш, зээл өгөх орны хэмжээнд хүрчээ.
Нэгэн үе ижил гараанаас гарч байсан Төв Азийн дөрвөн орондоо зээл олгох хэмжээний юм ярих болсон нь үнэхээр том амжилт мөн. Хэдхэн жилийн дотор улсынхаа нийслэлийг шилжүүлж социалист маягийн хэвшмэл хөлдүү дизайнтай хотыг цоо шинэ орчин үеийн хот болгон өөрчилж чаджээ. Арван жилийн өмнөх нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ ердөө 700 ам.доллар байсан бол одоо 3500 ам.доллараас давах болжээ.
Өдөр ирэх тусам хүчирхэгжиж байгаа ийм улс оронтой бид ойр дотно харилцаатай байж, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь юу юунаас чухал билээ. Тэрнээс монголын казахуудыг гадуурхаж, тэднийг оюун санааны террор хийж байна гэж шуугилдах хэрэг байна гэж үү.

Х.Оч

1 комментарий:

  1. Танд их баярлаа. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон

    ОтветитьУдалить